Даган дуурайгч

 

 


All About Eve (1950) . Энэ түүх нэгэн хүйтэн шөнө театрын тайзны ард, амралтын өрөөнд эхэлнэ. Театрын алдарт од, дөнгөж сая 40 нас хүрсэн, үүндээ зовох болсон Margo бол ааштай, ихэмсэг, дайчин хартай хүүхэн юм. Margo тоглолтоо дуусгаад амарч байх агаад дэргэд нь туслах нь, бас үйлчлэгч нь болох Birdie, Margo-ын дотно ганц найз Karen, мөн Karen-ын нөхөр болох театрын алдартай зохиолч Lloyd болон Margo-ын хайртай залуу буюу холливуудын найруулагч Bill нар байх ба тэд дөнгөж сая Karen-ын дагуулж орж ирсэн Eve-ын ярих яриаг чих тавин өрөвдөнгүй сонсоно. Eve үдэш болгон Margo-ын тоглолтыг алгасагалгүй үздэгийг олж мэдсэн цагаасаа хойш Eve-г шүтээнтэй танилцуулахыг бодож явсан нь энэ орой биеллээ олжээ. Eve өөрийгөө багаасаа жүжигчин болох хүсэлтэй байсан ч амьдралын хатуу ширүүн хувь тавилан үүнд саад болоод зогссонгүй, хайртай нөхрөө дайнаар алдсанаас хойш сэтгэл санааг нь ганц тэтгэж тэжээдэг зүйл нь Margo-ын тоглолт болон театр болжээ. Одоо ажилгүй, бас гэр оронгүй түүнийг гэх хүн үгүй ба үнэндээ зовж яваа залуухан, сайхан хүүхэн болох нь ярианаас нь илхэн. Бүгд түүнийг өрөвдсөний дотор Margo ихээхэн өрөвдөж, хажуудаа авч туслахаа болгохоор болно, мэдээж үүнд Eve-ын сэргэлэн зан, санаачлагатай байдал тун нөлөөлнө. Ингээд тэр үдэшээс хойш Eve Margo-ын дүү, хамгаалагч, зарц, зөвлөгч нь болно. Ажил хэргийн зохицуулах, найз залуугийнх нь төрсөн өдрийг сануулах гэх мэтээр нэг мэдэхэд Eve үгүй бол Margo бараг амьдрах аргагүй болсон байна. Мэдээжээр Birdie шахагдаж, бараг хэрэггүй шахуу болсон ч хөгшин авгайгийн хурц хараа Margo-ын хараагүйг харсан буюу Eve бүх талаараа Margo-г дуурайж, аажмаар маш их эрх мэдэлтэй болсныг, мөн их дураараа болоод зогсохгүй Bill-д санаархаад байгааг анзаараад эзэгтэйдээ хэлж, Margo-ын нүдийг нээж өгнө. Margo Eve-ээс эвтэйхэн салахын тулд Max гэдэг продюсер найзаасаа Eve-г ажилд авахыг хүснэ. Гэтэл Eve урьтаад буюу Karen-ын толгойг эргүүлж байгаад, хамгийн гол нь Margo-д мэдэгдэлгүйгээр Margo-ын орлон тоглогчийн ажлыг авсан байлаа. Энэ юу гэсэн үг вэ гэвэл, хэрэв Margo ямарваа байдлаар тоглолтод оролцож чадахгүй болвол Eve түүнийг орлох ёстой болно гэсэн үг. Ийм явдал болсонд Margo маш ихээр уурлаж, Bill-ын төрсөн өдрийн үдэшлэгээр Karen-д, Eve-д болон Eve-тэй ойроос тун их хардах болсон Bill-д агсам тавьчихна. Уг явдалд Karen ихээхэн гомдох агаад тэрээр Eve-г дотно найзаа гэж бодож тусалсан байв. Karen шартай хүүхэн тул Margo-г нэг сайн чадахыг хүснэ. Ингээд хүссэндээ хүрч Margo-д мэдэгдэлгүйгээр түүнийг тоглолтоос нь зориуд хоцроосноор Eve-г анх удаа тайзан дээр гарах боломжийг олгоно. Karen алдаа хийснээ тэр дороо ухаарах ч Margo-д хэлж зүрхлэхгүй бол Eve гай болж Karen-ын сэдсэн тоглоомыг олоод мэдчихнэ. 

Eve дорхноо л мандаж эхлэнэ. Нийтлэлч, шүүмжлэгч, нөлөө бүхий эрхэм Addison түүнийг ивээлдээ авч, Eve-ын талаар баахан магтаалын шүүмж бичиж, харин Margo-г хөгширсөн, одоо зайгаа тавих болсон зэргээр сонингоор дэвсэлнэ. Энэ үеэр Eve Bill-тэй ганцаарчилан уулзаад янагийн сэтгэлээ шууд илчлээд бүх зүйл дээр хамтаръя гэхэд Bill; би Margo-д л хайртай, чи бол жинхэнэ хорт могой байна гэж хэлчихээд орхиод явна. Ингэлээ гээд Eve зүгээр суусангүй, Karen-аар дамжуулан Lloyd-д нөлөөлж шинэ жүжгийнх нь гол дүрийг Margo-оос булаахыг оролдоно. Lloyd Addison-ын нийтлэлд автсан байх бол Karen энэ удаа хуучин найзынхаа талд зогсож, гэмээ цайруулах үүднээс нөхөртөө Eve-тэй хамтарвал "ална" шүү гэж сүрдүүлдэг. Ингээд Margo, Karen, Bill, Lloyd 4 уулзаж оройн хоол идэхээр болно. Хоолны үеэр Margo Bill хоёр гэрлэх гэж байгаага хэлнэ. Яг энэ үед хажуудах ширээнд Eve Addison хоёр ирж суух бөгөөд Eve Karen-тэй аминчлан уулзах хэрэг байна гэсээр хүүхнүүд хамт эмэгтэйчүүдийн өрөө орно. Eve эхлээд баахан уучлалт гуйж байснаа эцэст нь шинэ жүжгийн гол дүрийг надад өг гэж нөхөртөө хэл, ятга үгүй бол чиний тэр тоглоом болох тэр нэгэн өдөр Margo-г зориуд тоглолтоос нь хоцроох аргыг зохион байгуулсан, тэгсэний ачаар өнөөдрийн Eve төрж, Margo бүдгэрэн байгааг бүгд хэлнэ шүү гэж сүрдүүлдэг. Karen ширээндээ цонхийчихсон ирэхэд Eve Addison дээр ялгуусан баатарлагаар очдог. 

Америкийн кино урлаач Josep L. Mankiewicz-ын найруулж, Mary Orr-ын богино өгүүллэгээс сэдэвлэсэн драм. 1950-аад онд байхын зовлон, од байснаар сэтгэлийн эмгэгтэй болдог гэсэн санааг дэвшүүлсэн хоёр киног дэлхийн нийт хүлээн зөвшөөрсөн байдаг, эл бүтээлүүд бол Sunset Boulevard болон энд өгүүлж буй кино юм. Эдгээр хоёр кино нарциссизм, хоёр нүүрт байдлыг хурцаар үзүүлдэг, гэхдээ Mankiewicz-ынх эмэгтэй хүн жүжигчин байхын зовлон бэрхшээлд илүүтэй төвлөрдөг. TSPDT сайт уг киног бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 129-р байрт эрэмблэж байгаа бол кино гарсан тэр жилдээ Оскарт 14 төрөлд нэр дэвшсэнээс 6 төрөлд (шилдэг найруулагч, шилдэг кино төрөлд ялсан) ялалт авсан ба Америкийн кино хүрээлэнгээс гаргасан хамгийн шилдэг 100 америк кино жагсаалтад 16-р байрт бичигджээ. Киноны гол дүрүүдэд; Bette Davis, Anne Baxter, George Sanders, Celeste Holm, Thelma Ritter, Gary Merril, Hugh Marlowe болон Marilyn Monroe нар тоглосон. Сонирхолтой нь, гол дүрийн бүх (4) эмэгтэй жүжигчин нь Оскарт нэр дэвшсэн цорын ганц кино болой. Киноны зохиол Mary Orr-ын өгүүллэг болон жүжигчин Elisabeth Bergner-ын түүхтэй холбоотой аж. Жүжигчин Bergner бодит амьдрал дээр өөрийнхөө залуухан шүтэн бишрэгчийг гэр бүлдээ авч, туслахаараа ажиллуулах болсон ч хожим шүтэн бишрэгч нь түүний өгөөмөр сэтгэл руу ус цацсан гэдэг түүх байдаг аж.

 Bergner-ын энэхүү түүх нь Mary Orr-ын өгүүллэгийн суурь болсон ба Orr шүтэн бишрэгч охины илүү түрэмгий болгож, мөн хөгшин жүжигчний замналыг хулгайлж буйгаар дүрсэлжээ. 1949 онд, Mankiewicz хөгширч байгаа одын тухай кино хийх бодол төржээ. Тэгээд Orr-ын өгүүллэгийг уншаад ашигтай элементүүдийг тус өгүүллэгээс олж харсан ба санаагаа нэрт продюсер, уг киноны продюсерээр ажилласан Darryl F. Zanuck-д хэлснээр кино бүтэн шатандаа орсон байна. Mankiewicz гол дүрийн нэрийг өөрчилж, харин өгүүллэг дээрх ихэнх дүрийг хэвээр нь үлдээсэн байна. Гэхдээ Bill-ын дүрийг шинээр оруулж харин Margo-ын нөхрийн дүрийг хасчээ. Ингэх зорилго нь бол Margo-ын шинэ харилцааг тодотгох гэж, мөн Margo-ын мэргэжлийн болон хувийн амьдралд Eve-ын үзүүлэх заналхийллийг тодотгох үүднээс байв. Найруулагч Addison, Max, Birdie зэрэг хэд хэдэн дүрийг нэмж оруулжээ. Zanuck хүсэл эрмэлзлэлээр дүүрэн байсны дээр кино зохиолыг сайжруулах талаар олон санал дэвшүүлсэн байдаг; Mankiewicz-ын зохиолд зарим газраа хэтрүүлэгтэй, харин зарим газраа дутмаг байна гэж үзэж байв. 

Түүний нэг санал бол үзэгчдэд Eve-г муу санаатан гэж эрт мэдэгдүүлэхгүйн тулд Eve руу хандсан Birdie-ын атаархлыг багасгах явдал байв. Zanuck кино зохиолыг 50 хуудас болгож багасгасан ба киноны нэрийг ерөнхийд нь сонгожээ. Margo-ын дүрд олон жүжигчин яригдаж байсан ч Mankiewicz Susan Hayward-г яг тохирно гэж санаж байтал Zanuck хүүхнийг хэтэрхий залууд нь гэж үзээд болиулсан бөгөөд домогт Marlene Dietrich-г дэндүү Герман гээд орхижээ. Zanuck-ын хүсэл нь Barbara Stanwyck байсан ч жүжигчин хүүхэн завгүй байж таарч. Энэ дүрд мөн Ingrid Bergman хүртэл яригдаж байсан ч эцэстээ Bette Davis-д очсон ба тухайн үед Bette-ын замнал уруудаж байсан гэдэг. Bette зохиолоо уншаад л шууд зөвшөөрсөн бөгөөд түүний уншсан хамгийн шилдэг кино зохиол гэж хожим ярьсан байдаг. Margo гэдэг дүр уг нь бол эелдэг, хөгжилтэй дүр байж, харин Bette энэ дүрийг авсанаар Margo-г харгисдуу, чанга дүр болгон өөрчилжээ. Хожим Mankiewicz Bette-ын тоглолт болоод мэргэжлийн хандлагыг тун их магтсан байдаг. Eve-ын дүрд анх Jeanne Crain сонгогдоод байлаа. Гэтэл тэрээр жирэмсэн болсноос гадна өмнө бүтээж байсан сайн талын дүрүүд нь Zanuck-ын хүсч байсан тэр хорон гичийн төрхөд тохирохгүй байв. Ингээд Anne Baxter уг дүрийг авсан; Anne олон жил туслах дүрд тоглосон туршлагатай байсан, мөн 1946 онд Оскараас шилдэг туслах эмэгтэй дүрийн шагнал хүртчихсэн байлаа. Mankiewicz жүжигчин Thelma Ritter-г биширдэг байсан тул шууд кинондоо авсан бөгөөд энэ дүр нь Eve-г анхнаасаа шууд сэжиглэдэг киноны цор ганц дүр юм. Marilyn Monroe уг кинонд жижигхэн дүр бүтээдэг; цуурхалаар бол Zanuck түүнийг тоглуулах хүсэлгүй байсан байж, харин дөнгөж олонд танигдаж байсан Monroe агентуудаараа дамжуулан лоббидож тус дүрээ авсан гэж ярьдаг аж.\\

 Кино нээлтээ хийсэн даруй нэг онд гарсан Sunset Boulevard кинонтой харьцуулагдсан, гэхдээ сайнаар агаад тус хоёр киног олон талаараа ижилхэн гэж үзэгсэд өнөөдөр ч асар их бий. The New York Times "Zanuck-ын продакшн маш сайн, киноны хөгжим дээд зэргийнх бөгөөд энэ бол дээд зэрэглэлийн ёгтлолт кино" гэсэн байхад Variety "боловсорсон, насанд хүрэгчдийн кино" гээд "жүжигчдийн тоглолт тансаг" гэжээ. Харин Roger Ebert Bette Davis-г бүхий л замналынхаа хамгийн шилдэг тоглолтоо үзүүллээ гэж магтсан. Ерөнхийдөө уг киног зугаа цэнгэлийн салбарын буюу холливуудын ертөнцийн хайр найргүй хүсэл тэмүүлэл, зорилогыг дүрсэлсэн кино гэдэг ба энэ бол Америкийн кино урлагийн классик бүтээл юм. Шүүмжлэгчид хийгээд судлаач эрдэмтэд уг кино олон сэдвийг хөндөж байгааг тодорхойлсон. Тухайлбал, холливууд ба Bродвэй театрын зөрчил тухайн цаг үед илэрхий байсныг уг кинонд тусгасан байдгаас гадна хөгшрөлт, эгоизим, хорон муу санаагаар санасандаа хүрэх гэх мэт сэдвүүдийг эндээс харж болно. Roger Ebert нийтлэлдээ Eve-ын дүрийг "түгээмэл төрх" гэж бичээд уг кино нь хөгширч буй жүжигчнийг төвөө болгосноор Sunset Boulevard бүтээлтэй ижилхэн гэжээ. Харин The Daily Telegraph сонинд "шоу бизнесийн харанхуй булан руу өнгийсөн, эмэгтэй жүжигчиний хөгшрөлтийн талаарх бүтээл" гэжээ. Америкийн хүйтэн дайны үеийн соёлын хүрээнд ижил хүйстнүүдийн эсрэг үзлийг судалсан судлаач Robert J. Corber энэхүү киноны үндсэн сэдэв бол гетеросексуалын хэв хэмжээ хийгээд патриарх гэрлэлт, мөн эмэгтэй хүний сонголтын эрх чөлөө, ижил хүйстнүүдийн сорилттой тулгарч буй нь тухай гэж дүгнэсэн байдаг. Margo, Bill, Lloyd болон Karen нарын гетеросексуал харилцаа нь Eve, Addison хоёрын хайргүй харилцааны эсрэг байдаг ба Eve гоо үзэсгэлэнгээ ашиглан дээрх хосуудыг салгахыг оролддог ч бүтэлгүйтдэг бөгөөд Addison-ын хэт увайгүй чанар нь Eve-ын ирээдүйн загвар болж байна. Бусад судлаачид ч уг кинонд ижил хүйстний элемент байгааг хүлээн зөвшөөрч, Eve-ын лесбиан хандлага илэрхий байдгийг онцолсон байдаг. Харин Mankiewicz ижил хүйстнийдийг жигшдэг байсан гэдэг нь сонирхолтой юм. Хожим тэрээр нэгэн ярилцлагадаа "нийгэм ижил хүйстнүүдийн эсрэг өш хонзон өвөрлөхөө болих ёстой" гэж хэлж байжээ.

Comments