Коммунист Бохемиан

 

 




Le Havre (2011) . Францын Le Havre хотын усан онгоцны зогсоол дээрх чингэлэг дотроос хүний дуу чимээ гарч, Францын хилийн харуул, тус хотын цагдаа нар чингэлэгийг зэвсэглэн бүслэх бөгөөд дотроос нь Африкийн Габон улсын хууль бус цагаачдыг олж илрүүлнэ. Нэгэн настай цагаачийн овжин байдлын ачаар Idrissa хэмээх өсвөр насны хүүг зугтаалгаж амждаг (үнэндээ цагдаа буудах боломжтой байсан ч бууддаггүй). Ингээд хот даяар эрэл хайгуул болж,  хэвлэл мэдээллээр хүүг эрэн сурвалжилж байна гэсэн мэдээ гарч эхэлнэ. Харин Idrissa хүү зугтааж яваад анх тааралдсан хүн нь Marx гэх жар орчим настай эр байх агаад Marx-г загас барьж байхад тэд таарч, ухаалаг, сайхан сэтгэлтэй Marx хүүд идэх юм өгөөд зогсохгүй цагдаа сэргийлэхэд хэлж мэдэгдэхийн оронд гэртээ орогнуулан нууна. Marx бол залуудаа бохемиан явсан, зохиолч болохоор олон жил зүтгэсэн ч хүсэлдээ хүрч чадаагүй, одоо харин эхнэр Arletty-ын хамт эгэл даруухнаар амьдрах бөгөөд харамсалтай нь тэд хүүхэд олоогүй билээ.

Marx-ын амьдралын хэв маяг тун энгийн; өдрийн цагаар гутал тослох бол орой гэртээ эхнэртэйгээ хамт хооллочихоод гэрийнхээ ойр орших бааранд хөгжим сонсонгоо найз нөхөдтэйгөө дарс юмуу пиво ууж сууна. Marx-ын хөршүүддээ хүндтэй, ойр хавийнхаа дэлгүүр хоршооны итгэлтэй үйлчлүүлэгч бөгөөд тэд бүгд бие биедээ туслан, үргэлж эелдэг харилцан эвтэй хамт амьдарна. Цагдаагийн газраас Idrissa-г олохын тулд хамгийн шилдэг мөрдөгч болох Monet-г илгээнэ. Харин хүүд туслахын төлөө Marx болон түүний хөршүүд чадах бүхнээ хийнэ. Idrissa-ын аав нас барсан ч ээж нь Лондонд байгаа, хэрэв хүүг ямар нэгэн аргаар Лондон хүргэж чадвал хүүгийн амьдрал аюулгүй болно гэдгийг Marx нэлээд эрж сурсны эцэст олж мэдэх ч хүүг Лондон явуулахад багагүй мөнгө хэрэгтэйг мөн ухаарна. Idrissa-г Marx-ын гэрт ирсэнтэй зэрэгцэн Arletty-ын бие гэнэт учир тодорхойгүй өвдөж эмнэлэгт хүргэгдэнэ. Эмч Arletty--д эдгэх эсэх нь тун эргэлзээтэйг хэлдэг, харин Arletty нөхөртөө энэ тухайгаа хэлдэггүй. Айхтар сүрхий мөрдөгч Monet ч шиншиж явсаар Marx-г олоод ирнэ. Энэ үед харин Marx Idrissa-г Лондон явуулах мөнгө олохын тулд хандивын рок тоглолт хийхээр хөршүүдтэйгээ ярилцан бэлтгэж, уг тоглолтын гол баатар Little Bob байх ёстой байлаа. Тоглолт болох болов уу? Мөрдөгч хүүг болон Marx-г барьж чадах уу? Arletty эдгэх болов уу?... 

Сайхан сэтгэл, ахан дүүсэг чанар, бусдыг хүндлэх, ойлгох тухай өгүүлсэн энэхүү хуманист киног Финландын нэрт кино найруулагч Aki Kaurismaki бүтээсэн ба Киноны гол дүрүүдэд Andre Wilms, Kati Outinen, Jean-Pierre Darroussin, Blondin Miguel болон Little Bob хэмээх Францын рок од өөрийнхөө нэрээр тоглосон. Кино тэр жилийнхээ Канны кино наадмаар анх олон хүрч, FIPRESCI шагнал хүртсэн. Kaurismaki далайн боомт хотын тухай трилоги хийхээр бодож уг кино анхных нь болсон. Түүний хүсэл бол дараагийн хоёр кино нь Испани, Германд, тухайн орны хэлээр бүтэх ёстой байв. Гэсэн ч дараагийн кино нь Хелсинк хотод үйл явдал нь өрнөх The Other Side of Hope кино болсон. Тэрээр продакшн эхлэхээс 3 жилийн өмнө Европт ирсэн Африк хүүхдийн тухай кино хийх санаатай байжээ. Түүний анхны зорилго бол үйл явдал нь газар дундын тэнгис дээр, болж өгвөл Испани, Италид болж буйгаар хийх байсан байсан ба харин санаанд нь тохирох хот олдохгүй байж. Kaurismaki-ын хэлж буйгаар Геноагаас Голланд хүртэл далайн эргийг бүхэлд нь шүүрдсэний эцэст Францын хойд хэсэгт орших Le Havre хотыг сонгожээ. Тус хотыг сонгох гол шалтгаан бол орчин ахуй болоод хөгжмийн орчин байжээ. Kaurismaki кино зохиолоо 2009 оны зун бичсэн бөгөөд Францын кино урлагийн домгуудад хүндлэл үзүүлж гол дүрүүдийнхээ нэрийг сонгосон; тухайлбал, Arletty бол Францын домог Leonie Marie Julie Bathiat-ынх бол Marx-ынх таны бодож байгаачлан Карл Марксаас улбаатай агаад мөн энэ дүр нь найруулагчийн 1992 оны La Vie Dr Boheme кинонд гардаг, Andre Wilms бас тоглодог ажээ. Мөрдөгч Monet-ын дүрийг Достоевскийн "Гэм Зэм" романы мөрдөгч Порфирий Петровичоос санаа авч бүтээжээ. Kaurismaki-ын гөлрөн комеди драм нь инээдтэй, гунигтай байдлыг нэгэн хэмжээгээр өргөдөг хэмээн тус киног шүүмжлэгчид өндрөөр үнэлсэн.

 Хэдий Финланд кино урлаач маань цоо шинийг бүтээгээгүй, харин ч бүр Robert Bresson, Marcel Carne, Jean-Pierre Melville нараас нөлөө авсан нь тодорхой байгаа боловч уг кино нь тасралтгүй цэнгүүлж бас гансруулах өөрийн гэсэн өнгө төрхтэйгөөрөө Kaurismaki-ын хамгийн оргил комеди бүтээл байж болох юм. Магадгүй уг бүтээл түүний хамгийн гэрэлтэй, гэгээлэг кино болов уу. Түүний бүтээлүүд голдуу комеди жанрын байдаг бөгөөд үзэгчдийн зарим нь үүнд төөрөлддөг бол зарим нь үндэслэлгүй татагдаж байдаг билээ. Киноны ихэнх дүр ажилчин ангийн пролетаричууд байдаг ба найруулагч заримдаа хэт сэтгэл хөдлөм өнцгөөс ханддаг хэдий ч цагдаа нараас илүү сул дорой хүмүүсийг энэрэх хандлагатай байдаг билээ. Африк хүүгийн сайн сайхны төлөө бүгд нэгдэн туслахад Marx-ын нохой Laika хүртэл ордог учир нохойны нэр киноны кредит дээр гардаг. Marx болон Arletty хоёрын бие биенээ гэсэн сэтгэл үнэхээр сайхан. Хэдий тэд хүүхэдгүй ч урт удаан, аз жаргалтай амьдарч, үргэлж биесээ хүндэлдэг. Энэхүү киноны үйл явдал харгис, энэрэлгүй ертөнцөд өрнөж байгаа ч хүнлэг, сайхан бүхнийг үзүүлж, хайр, гэрэлтэй бүхэнд урин дууддаг агаад энэ бол ямар ч булхай, увайгүй байдалгүй кино буюу танд дулаахан,  таатай сайхан мэдрэмж мэдрүүлэх бүтээл болой.

Comments