Иван Гончаров "Обломов"

 



 

"Обломов". Оросын их зохиолч Иван Гончаровын 1859 онд анх хэвлэн нийтлүүлсэн, түүний хоёр дахь роман юм. Илья Ильич Обломов бол романы гол баатар бөгөөд 19-р зууны Оросын уран зохиолын симболик дүр болох "илүүдсэн хүний" туйлын биелэл болж дүрслэгдсэн дүр болно. Обломов нь чухал шийдвэр гаргах юмуу ач холбогдол бүхий үйл ажиллагааг гардан явуулах чадваргүй мэт харагддаг залуухан, өгөөмөр язгууртан билээ. Романы туршид тэрээр өрөө болон орноосоо бараг холддоггүй агаад эхний 50 хуудсанд тэрээр зөвхөн орноосоо сандал руу л шилждэг. Уг романыг Оросын сэхээтнүүдийн талаарх элэглэл ч гэж үзэх нь бий. Роман олонд хүрсэн даруй алдартай болж, зарим дүр, арга барил нь Оросын соёл болон хэл ярианд ул мөрөө үлдээжээ.

  БҮТЭЭХ БА ХЭВЛЭХ. Гончаров 1840-өөд оны дундуур "Жирийн нэг явдал" хэмээх анхны романаа хэвлүүлснийхээ дараахан "Обломов"-г бичих талаар анхлан бодох болжээ. 1849 онд тэрээр "Дуусаагүй роман: Обломовын мөрөөдөл" хэмээх богино өгүүллэг бичсэн нь уран зохиолын "Sovremennik" сэтгүүлд хэвлэгдэн гарчээ. Тухайн үед Гончаров роман дээрээ дөнгөж ажиллаж эхлээд байсан бөгөөд "Обломов"-г арван жилийн дараа "Обломовын мөрөөдөл"-ийн хамт нэг дэвтэр есөн бүлэгтэйгээр хэвлүүлжээ. Обломов болох дүр анх 1838 онд Гончаровын бичсэнээр Майковын гар бичмэлийн сэтгүүлд "Лихайа болест" зохиолын гол дүрүүдийн нэг болж гарч иржээ. Никон Устинович Тиажелемко буюу Обломовын өмнөх Обломов бол залхуу ч сэтгэл татам эр гэж дүрслэгдсэн байдаг аж. "Обломовын мөрөөдөл" хэвлэгдсэн хэдий ч "Обломов" роман дээрээ Гончаров үргэлжлүүлэн ажилласаар байсан ч эхлээд эх нь нас барж, дараа нь өөрөө тэнгисийн цэргийн "Паллас" хөлөг онгоцоор дэлхийг тойрох аялалд оролцохоор шийдсэнээр хэсэг завсарлажээ. 1854 оны 8-р сард "Паллас" Оросын зүүн хязгаарт аялалаа дуусгаж, харин Гончаров дахин хагас жилийг Сибирьтэй танилцаж өнгөрүүлчихээд зугуухан Санкт-Петербург руу буцжээ. 



Хэдийгээр тэрээр урт удаан үргэлжилсэн аяллынхаа үеэр "Обломов" роман дээрээ ажиллаагүй байсан ч романыхаа тухай байнга бодож байсан нь гэр рүүгээ бичсэн захидлуудад "Обломов"-ын нэр олонтаа дурдагдсан байдгаас нь харагддаг. Тэрээр 1855 оны 2-р сард дахин бичиж эхлэх гэж оролдсон боловч эрч хүчгүй болж, хоцрогдсоноо ядарч туйлдсан  бөгөөд цензурын шинэ, илүү эрэлт хэрэгцээтэй ажил хийж байсантайгаа холбож тайлбарласан байдаг. 1857 оны зун Гончаров Чехэд ганцаараа байхдаа эцэст нь нэг "онгодоо" олж романаа бүрэн дуусгасан. Ингээд 8-р сарын сүүлч гэхэд роман бэлэн болсон бөгөөд дараа жил нь тэрээр "Обломов"-г "Отечественные записки"-д цувралаар хэвлүүлэх хүртлээ бүтээлээ дахин хянаж, засварласаар байв. 1862 онд хэвлэгдсэн хувилбарт Гончаровын хэд хэдэн өөрчлөлт орсон байдаг ба 1887 оны хэвлэлд мөн 1859 оныход текстийн засвар орсон агаад энэ бол сүүлчийн хүлээн зөвшөөрөгдсөн хувилбар юм. Эрдэмтэд аль текстийг нь хүлээн зөвшөөрөгдсөн үндсэн хувилбар гэдэг дээр маргаантай байдаг аж.


 ХЭВ МАЯГ. "Обломов" романы хүүрнэгч нь нэлээд уламжлалт маягтай гуравдагч биеэс хүүрнэгч байдаг. Романы эхэнд хүүрнэгч үл үзэгдэгчийн зүгээс хандаж дүрүүдэд ярих боломж олгодог. Романы үйл явц ахих тусам тэрээр төвийг сахихаа болиод дүрүүдийг дүрслээд зогсохгүй  Обломовын гэр бүл Илья-г хүүхэд байхад нь хэтэрхий их хамгаалж, халамжилдаг байсныг шүүмжлээд, мөн Обломовын хуурамч найз нөхдийг "шимэгч хорхойнууд" гэх мэтээр тэднийг шүүж эхэлдэг. Хүүрнэгчийн сайтар хөгжсөн ёс суртахууны хандлага нь түүний шүүлтийг сулруулдаг хоёрдмол шинжтэй тайлбарт байнга самуурч байдаг. Хүүрнэгч нь хариултыг мэдэхийг хүсдэг ч мэдэхгүй гэдгээ хүлээн зөвшөөрөх хангалттай шударга нэгэн гэж санагдана. Гончаров романы төгсгөлд хүүрнэгчийг зохиомол дүр болгоод өөрийгөө хүүрнэгчээс ялгаатай байлгахыг хүсч байна. Гэсэн хэдий ч Гончаров хүүрнэгчийг хэн болохыг илчлэхдээ зөвхөн уншигчид романыг уншихад энэ нь нөлөөлөхгүй тохиолдолд л илчлэхийг сонгож байна. Хүүрнэгч өөрийгөө ер бусын чалчаа, сэдвээс хазайдаг, бүрэн дүүрэн "найдвартай" биш гэдгээ үе үе илчлэх нь бий. Гончаров бүтээлийнхээ хүрээнд их хэмжээний харилцан яриаг ашигласан ба тиймээс "Обломов"-ын дүрүүд зохиогчийн тун бага тайлбартайгаар, өөрсдийн яриагаараа өөрийгөө илчилдэг. 

ҮНДСЭН СЭДЭВ. Гончаров амьдралынхаа туршид гурван роман бичсэн; "Жирийн нэг явдал", "Обломов" болон "Ангал" гэсэн бүтээлүүд агаад роман бүр өөрийнх нь амьдралын янз бүрийн эрин үе, тухайлбал эхийн нөлөөнд байдаг нялх үе, бага нас; дараа нь "өсвөр насны сэрэх" үе, эцэст нь насанд хүрсэн үеийн Санкт- Петербургтэй холбоотой засгийн газар дахь ажил болоод гэрлэлтийн үеийг харуулсан намтарчилсан түүхэн материалд ихээхэн тулгуулажээ. Гурван романы гол баатрууд ижил төстэй олон чухал талуудыг хуваалцдаг; тэдний эцгүүд багад нь эзгүй байдаг юмуу энэ насанд нь бараг л ач холбогдолгүй байдаг агаад бага наснаасаа ээждээ л маш ихээр найдаж, их сургуульд байх үедээ Санкт- Петербург руу аялдаг. Гончаров өөрөө долоон настайдаа эцгээ алдсан бөгөөд Москвагийн их сургуулийг төгсөөд Санкт-Петербургт орчуулагчаар ажиллаж байжээ. "Жирийн нэг явдал" романы гол баатар Адуев ч мөн өөрийгөө бодит байдлаас тусгаарлаж, Обломовтой адил өөрийнхөө төсөөлөл дотроо амьдрахыг илүүд үздэг. Эдгээр сэдэвтэй холбогдсон баатруудаараа Гончаров "Обломов" бүтээлээ нөгөө хоёр бүтээлийнхээ дунд тохирно гэж үзсэн буюу сэдвийн хувьд эл романууд нь "трилоги" болно гэж төлөвлөжээ. Гончаров романуудаа нэг хүний өөр өөр тусгал гэж төсөөлсөн; "тэд бол нэг л том бүтэцтэй, жижиг гурван цаг үеийг тусгасан нэг толь юм; өнгөрсөн амьдрал, унтах, сэрэх". Тиймээс Обломов, Адуев болон Райский нар нь дараа төрөлдөө нэг л хувь хүн болно. Обломов нь Гончаровын төсөөллөөр "унтах" эрин үеийг төлөөлж байна. Гэсэн хэдий ч олон уран зохиолын шүүмжлэгчид Гончаровын алсын харааг учир дутагдалтай гэж дүгнэж байв. Гончаровын бүтээлүүдийн талаар алдартай шүүмж бичсэн Белински, Добролюбов нар "Обломов" ба Гончаровын бусад бүтээлүүдийн хооронд илүү өргөн хүрээтэй холбоос байгааг олж мэдээгүй байдаг.

 Обломов насанд хүрсэн амьдралынхаа ихэнх хугацааг хүүхэд насандаа үлдээхийг хичээж өдөр хоногийг өнгөрүүлдэг бөгөөд ээжийнхээ халамж, хамгаалалтад байсан үеэ санан дурсаж явдаг. Түүний Обломовка эдлэн дахь хүүхэд насны дурсамж бол төрсөн өдөр, баяр ёслол, найр наадам л байдаг; хуучин хүмүүс өнгөрч шинэ хүмүүс гарч ирж, нялх хүүхдүүд өсөж томроод зохих ёсоор гэр бүлээ цогцлоогоод дараа нь үр хүүхэдтэй болдог, Обломовка эдлэнд амьдралын ийм л хэв маяг үргэлжилдэг. Түүний бага насаа өнгөрүүлсэн Обломовка эдлэнд төрсөн өдөр, үхэл, байгалийн улирал зэрэг мөчлөгт үйл явдлуудаар дамжуулан цаг хугацааг тэмдэглэдэг ба амьдралд тохиолдох үйл явдлуудын давтамжаар бүхэнд найдаж, амьдралд утга учир өгдөг. Обломовын нэр, овог болох Илья Ильич гэдэг нь хүртэл түүнийг зүгээр нь хүүгийн оронд эцгийнх нь давтамж дүр болохыг харуулж байна. Давтамжаар дамжуулан сэтгэл ханадаг арга нь Обломовыг хурдацтай өөрчлөгдөж нийгмийн хүлээн авах чадваргүй болгож байна. Насанд хүрэх нь Обломовын хувьд байнгын зориг мохоох мэдрэмж бөгөөд түүний гол хүсэл бол бага насныхаа аюулгүй цаг руу ухрах явдал юм. Тэрээр Обломовка эдлэнгийн ажил хийгээд үүрэг хариуцлагыг гардан авахыг оролддог боловч энэ бүхнээс шаардагдах хичээл зүтгэлийг ухамсарласнаар тэрээр амархан сөхөрч, зүйрлэвэл шууд утгаараа унтчихдаг.

 Эдлэн газар нь эмх замбараагүй болж, бөөн үүрэг хариуцлага болсон газар болж хувирсан тул Обломовка руу буцах хүсэл нь хүртэл биелшгүй болж байна. Түүний насанд хүрэх гол алхам Ольгагаар дамждаг буюу Ольга өөрийг нь хайрлах хайраар дамжуулж түүнд хариуцлагатай байх сэдлийг өгөхийг оролддог. Обломовын хувьд насанд хүрнэ гэдэг нь цаг хугацааны мөчлөгийн мэдрэмжээ өөрчилж, арагшаа биш үргэлж урагшаа тэмүүлэхийн нэр болно. Тэр хүүхэд насныхаа бүх зүйлийг хэвэнд нь үлдээх хүсэлдээ гацчихсан хэвээр байна; түүний Ольгаг хайрлана гэдэг нь өөрийн хүсэхгүйг хийх буюу Ольга түүнийг өөрчлөхийг хүсэж байгаатай адилхан биш байгаа ба түүний цаг хугацааны мэдрэмж нь ирээдүйн тухайн бодолд нь саад болж, Ольгатай гэрлэвэл насанд хүрч чадахгүй гэсэн үг юм. Стольц эсрэгээрээ нийгмийн насанд хүрсэн хүний хүлээлтийг урагш тэмүүлэх хүсэл эрмэлзлэлээрээ үлгэрлэдэг. 

Стольцын аав түүнтэй насанд хүрсэн шиг харьцаж, ололт амжилтын чухлыг зааж сургадаг байсан нь түүний хүүхэд насыг ихээхэн илэрхий болгож байна. Стольц Обломовоос ялгаатай нь амьдралыг шулуун шугам гэж үзээд тасралтгүй урагш тэмүүлэх хүсэлдээ хөтлөгддөг билээ. Обломовизм юмуу Обломовжих гэдэг үг нь романд харуулдаг үхлийн аюултай залхуурлыг илтгэх болжээ. Николай Добролюбовын 1859 онд бичсэн "Обломовизм гэж юу вэ?" эссэндээ энэ үгийг Оросын авосын салшгүй хэсэг гэж тодорхойлсон. Стольц Обломовын үхлийг "Обломовжихын" үр дүн гэж үздэг. Шүүмжлэгч Элейн Блэйр "Илья Ильич Обломовын аз жаргалтай богино амьдрал" өгүүллэгтээ Обломовыг ерөөсөө залхуу биш, манай баатар урт хугацааны таашаалаас богино хугацааны таашаалыг илүүд үзэгч гэж маргасан байдаг ба цааш нь; тэр өөрийгөө ямар ч балай хошин дүр юмуу Рабелайзимын бүдүүлэг элэглэлд хамаарахыг зөвшөөрдөггүй бөгөөд Обломовын хэлснээр хүн аливаа ажилд уусан шигдэвээс өөрийнхөө ямар нэгэн юмыг алдана; хүн зөвхөн тайван нөхцөлд л нэр төрөө бүрэн дүүрэн хадгалж чадна гэж бичжээ. Оросын түүхийн хүрээнд "Обломов"-ын байр суурь анх хэвлэгдэхээсээ л уран зохиол шүүмжлэгчдийн анхаарлын төвд орсон. Гончаров өөрөө уг романаа Оросын нийгмийн тайлбар гэхээсээ илүү хүний мөн чанарын судалгаа гэж боддог байсан ч Добролюбов Обломов болон Стольц хоёрыг нийгэм хийгээд этикийн эсрэг тэсрэг үзэл гэж дүгнэсэн; удахгүй хамжлагат ёсыг халах гэж байсан тухайн үед "Обломов" роман нь Оросын язгууртны илүүдсэн байдын тод зүйрлэл болсон юм. 

Хуучны язгууртны гишүүний хувьд Обломовын үхээнц, өөрчлөлтөөс айх айдас нь 19-р зууны туршид хэрэгжээгүй хуучин нийгэм, эдийн засгийн идеаг илэрхийлдэг. Стольц, Ольга хоёр Обломовыг орчин цагийн Оростой холбогчид боловч Обломов эцэст нь Агафьятай дэр нэгтгэж, амьдралынхаа үлдсэн хугацааг Обломовка эдлэнд өнгөрөөж байгаа нь тэдний төлөөлдөг орчин үеийн өөрчлөлтийг үгүйсгэж байна. Обломовын үлбэгэр байдлыг үл харгалзан Стольцын шинэчлэлтийн хүчин чармайлтаар Обломовка эдлэн орчин үеийн Оростой амжилттай нэгдэж байна. Стольц Обломовка эдлэнгийн тариачдад зориулсан шинэ дэд бүтэц болон боловсролыг нэвтрүүлж, мөн ашиг орлогыг нь ч нэмэгдүүлдэг. Орос улсад Обломовын байх орон зай үгүй болсон шиг нийгмийн өөрчлөлтийн удирдагч Стольц Орост байр сууриа хараахан олоогүй байгаа бөгөөд Стольц Орост бизнесийнхээ төлөө үлдэхийн оронд өөр өөр улс орнуудаар байнга аялж явдаг билээ. Тиймээс Ольга Обломовыг хайрлаж, дараа нь Стольцтой гэрлэж байгаа явдал нь Оросын өнгөрсөн ба ирээдүйг холбогч болж байна.

Comments