Албин

 


Fanny and Alexander (1982) . Шведийн домогт кино найруулагч Ingmar Bergman-ын зохиолыг нь өөрөө бичиж найруулсан түүхэн драм. Кинонд бид, 10 настай Alexander хүүгийн нүдээр 20-р зууны эхэн үеийн Шведийн хөрөнгөтөн нэгэн гэр бүлийн баяр жаргал хийгээд зөрчил тэмцлийн гэрч болох бөгөөд найруулагч маань уг кинондоо өөрийн онцгой кино хэл болсон уйтгар гуниг, сэтгэл хөдлөлийг баяр цэнгэл болоод эротик мэдрэмжтэй хослуулсан нь тэр жилийнхээ Оскарын наадмаас 4 шагнал хүртсэн дотор шилдэг гадаад хэл дээрх кино багтсан. TSPDT сайтын шалгаруулсан хамгийн шилдэг мянган киноны 53-р байрт эрэмбэлэгдэж буй уг гайхамшигтай сод бүтээлтэй танилцацгаая. Энэ кино нь Bergman-ын "хунгийн сүүлчийн дуу" нь болох ёстой байсан буюу уг киногоо дуусгаад зодог тайлахаар зэхэж байв. Мөн түүний хамгийн дулаахан кино гэж шүүмжлэгчид дүгнэдэг ба хагас намтарчилсан кино гэдгээрээ онцлог. Тухайлбал, кинонд гарах Alexander-ын дүр, түүний эгч Fanny болон хүүхдүүийн хойд эцэг Edvard нарыг Bergman өөрийнхөө амьдралаас сэдэвлэн бүтээсэн буюу Alexander түүний бага наснаас үүдэлтэй бол Fanny-ын дүрийг төрсөн эгч Margareta-аас санаа авсан гэж үздэг, харин Edvard-ын дүрийг төрсөн эцэг Erik Bergman-тай нь холбохоос гадна өөртэй нь ч холбож үздэг.

 Анх мини цуврал бүтээл хэлбэрээр хийсэн ч 312 минутын хугацаатай цомхотгол хийгдсэн хувилбар бэлэн болсон; дараа нь 188 минут үргэлжлэх хувилбарыг кино театрт зориулан бэлэн болгосон агаад аль аль хувилбар нь кино театрт гарчээ. 312 минутын хувилбар нь түүхэн дэх хамгийн урт киноны нэгээр нэрлэгддэг. Bergman 1980 онд From the Life of the Marionettes кинон дээрээ ажиллаж байхдаа уг киноныхоо санааг олжээ. Түрүүн хэлсэнчлэн тэрээр эл бүтээлээрээ кино урлагаас холддохыг хүссэн ч дараа нь хэд хэдэн кино зохиол бичиж, телевизийн найруулагчаар ажилласан байдаг. "Надад сэтгэлзүйн хувьд ч, бие махбодийн хувьд ч тэнхэл байхгүй болсон учир би зодог тайлахаар шийдсэн" хэмээн тэрээр хэлж байв. Кино зохиол нь анхнаасаа хагас намтарчилсан байсан ба хүүхэд насныхааа хамгийн онцгой бөгөөд жаргалтай дурсамжуудыг "хөрөглөхийг" зорьсон гэдэг. 

Түүнд эмээгийнх нь гэртээ холбоотой дурсамжууд онцгой урам зориг өгчээ. Хүүхэд насныхаа тухай тэрээр "Юу нь фантааз, юу нь бодитой гэдгийг ялгахад хэцүү байсан. Хэрэв би хичээвэл бодит байдлыг бодит хэвээр нь байлгаж чадах байсан байх. Гэхдээ, сүнс, хий үзэгдэл байсан байвал би яах ёстой байсан бэ?" гэж байжээ. Bergman мөн 10 настайдаа нагац эгчээсээ шидэт дэндүү авч байсан дурсамжаа уг бүтээлдээ багтаажээ. Гэвч кинон дээр гарах Ekdahl гэр бүлийнхэн Bergman-ын гэр бүлийнхтэй яв цав нийцдэггүй ба найруулагч маань эгч Margareta-тай харилцах хүүхэд насны харилцааг Fanny-ын дүрээр дамжуулан дүрсэлсэн ажээ. Хэдийгээр Fanny-ын нэр киноны нэрэнд орсон ч кино дээр Alexander шиг том байр суурь эзэлдэггүй. Bergman-ын аав Erik лютеран шашны пастор байсан. Edvard-ын дүрийг ааваасаа санаа аван бүтээсэн бөгөөд Edvard Erik шиг олон эмэгтэй хүний дунд өсчээ. Edvard Alexander хоёр шиг амьдрал дээр ч Bergman аавтайгаа үнэн ба шударга ёсны талаар байнга маргадаг байж. Alexander-ын циркт зарагдсан тухай түүх нь Bergman-ын хүүхэд байхдаа ярьж байсантай ижилхэн байдаг. "12 настай Alexander бол миний алтер-эго юм. Гэхдээ энэ кино тэр чигээрээ үнэн биш. Би Alexander-аас илүү хамба Edvard-тай илүү адилхан. Тэр бол өөрийнхөө чөтгөрт хараагдсан хүн юм" гэж Bergman ярьсан буй. Анхлан киноны гол дүрүүдэд Liv Ullmann, Max von Sydow болон Erland Josephson нар тоглохоор яригдаж байжээ. Sydow хамбын дүрд тоглохоор болоод байсан ч цалин мөнгөнөөс болоод тоглох боломжгүй болсон бол Ullmann ажлын хуваариас болж татгалзсан ч хожим харамссан байдаг.

 Ингээд Edvard-ын оронд Jan Malmjso тоглосон. Alexander-ын дүрд тоглохдоо Bertil Guve 10 настай байлаа. Bergman түүний нэгэн телевизийн цувралаас олж харж сонгосон агаад харин Guve Bergman гэж хэн болохыг ч мэддэггүй байсан гэдэг. Guve тоглох гэж байгаа киноныхоо талаар ямар ч ойлголтгүй сонгон шалгаруулалт өгсөн; "би дараа нь Bergman-аас яагаад намайг сонгосон юм бэ гэж асуухад тэрээр намайг нүдээрээ жүжиглэдэг болохоор чинь гэж хариулсан" гэж Guve ярьсан буй. Fanny-ын дүрд Pernilla Allwin тоглосон ба Guve Allwin хоёр анх танилцаж хамтран тоглохоосоо эхлээд л бие биенээ өрсөлдөгчид гэж харсан гэдэг. Harriet Anderson, Gunnar Bjornstrand болон Jarl Kulle зэрэг бусад жүжигчид өмнө нь Bergman-тай хамтран ажиллаж байжээ. Bjornstrand альцгеймерийн өвчинтэйгээ тэмцэж байсан ч өөрийн дүрээ амжилттай бүтээсэн бол Helena-ын дүрд тоглосон Gunn Wallgren хорт хавдартайгаа тэмцэж байсан ч шүдээ зуугаад мөн л дүрээ гайхалтай бүтээсэн билээ. From the Life of the Marionettes, Thirst болон Scenes from a Marriage зэрэг Bergman-ын кинонуудын адилаар уг кино нь гэрлэлтийн-драм болоод гэр бүл гэсэн сэдвийг хуваалцдаг. 1960-1970 оны сэтгэлзүйн хоррор жанраасаа салсан ч Bergman сүнс, телепати зэрэг элементүүдийг кинондоо багтаасан гайхам хэрэг гэж судлаачид онцолж байсан. 

Зарим судлаачид; хоёр кино бол нэг гэр бүлийн гишүүдэд хамаарахаас драматикийн хувьд салангид бүтэцтэй ба үзэгчдэд дулаахан мэдрэмж өгч байгаа туяа нь зөвхөн гаднах давхаргаас л гардаг буюу гол цөмд нь  Bergman-ын сэтгэл хөдлөм зохиомж оршин гэж дүгнэсэн буй. Alexander-ын авга ах болох Gustav Ekdahl-ын дүрийг шашингүй үзэлтэн, Alexander ер бусын болоод муу муухай дүүрэн ертөнцөд амьдардаг гэж дүгнэдэг. Киноны үлгэрийн мэт хэв маяг бол Alexander-ын мэдэрч буй үлгэр ба домгийн төсөөллийн бүтээгдэхүүн юм. Өөрөөр хэлбэл Alexander өдөр тутмын бодит амьдралын хажуугаар сүнс юмуу төсөөллийн мэдрэмжтэй байдаг ба төсөөллийн эдгээр үзэгдлүүдийн ач холбогдол чухал юм. Edvard-ын өмнөх гэр бүл хэрхэн үхсэн талаар, үхэгсдийн сүнс гэрт нь хорогдож буй тухай түүхийг Alexander хойд эцэг хамба ламд ярихад Edvard хүүгийн төсөөллөөс айж эхэлдэг. Тэгвэл Alexander-ын төсөөллийг уран бүтээлч хүнээс л гарах зүйл гэж судлаачид үзэх нь бий. Мөн Alexander өөрийг нь хүрээлэн буй бодит байдлаас илүүтэй жинхэнэ, тогтвортой бодит байдлыг бий болгоход оролцож байна гэж үздэг. Киноны төгсгөлд Gustav-ын ярианаас бид энэ гэр бүл амьдралын утга учрын талаар нээх боддоггүй болохыг харна. Дүрүүд овог, нэр Хенрик Ибсений "зэрлэг нугас" жүжгээс үндэстэй болохыг судлаачид анзаарсан байдаг. Киноны нэрэнд хоёр хүний нэр байгаа ч үнэндээ кинонд Alexander буюу эрэгтэй хүний төсөөлөл давамгайлдаг ба Alexander киноны үйл явдалд насанд хүрэгч дүрүүдээс бага оролцоотой байдаг ч ерөнхий өгүүлэмжийн гол сэдэв байсаар байдаг билээ. Кинонд Alexander-ын ойлгож байгаа юмс бол үнэхээр л болж байгаа юмс юм. Ид шид байгаа бол, сүнс байгаа бол байгаа л гэсэн үг юм гэж Roger Ebert бичсэн байдаг ба тэрээр цааш нь, Bergman кинондоо ер бусын зүйлс олонтаа ашигладаг, мөн өөр утгаараа уг кино дээрх бүхэн хүүхдүүдийн дурсамж байж болно, хагас мартагдсан, хагас ойлгогдсон үйл явдлууд тэдний тайлбараар шинэ үлгэр болон гарч ирсэн гэж тэрээр бичжээ. 

Alexander-ын аав цагаан хувцастай байхад хойд аав нь хар хувцастай байдаг; энэ нь сайн ба мууг илтгэнэ. Alexander-ын аав Oscar сайхан сэтгэлтэй, хайраар дүүрэн ч идэвхгүй хүн бол Edvard хатуу чанга сүмийн, шашны хүн болно. Edvard сэтгэл хөдлөлийн дутагдлаа мундаг сүсэг бишрэлээрээ халхладаг агаад тэрээр өөрийн чин бишрэлийг хөгжөөж байхдаа өөрийн итгэл үнэмшлээ үнэндээ алдсан байж магадгүй юм. Oscar-г үхсний дараа Alexander-ын ээж Emilie хамбатай гэрлэхээр шийддэг нь тэрээр өөрийгөө хоосон, хөндий хүн гэдгээсээ айдгаас болсон мэт байдаг. Уг кино нь Шекспирийн "Гамлет" жүжгээс олонтаа иш татдаг. Oscar үхэхээсэа өмнө "Гамлетийн" сүнсэнд тоглож, дараа нь өөрөө сүнс болж гарч ирдэг билээ. Мөн Alexander шинэ хүчирхийлэгч эцэгтэй болж байгаагаас үзвэл энэ нь театр болон бодит байдлыг ялгаагүй мэт болгож байна. Emilie-ын дүр нь "Гамлетийн" Gertrude шиг үнэнч биш дүр юм. Bergman-ын кино зохиол дээр түүнийг үнэнч бус эхнэр гэж дүрсэлсэн байдаг буюу Alexander-ын төрсөн эцэг нь Oscar биш ажээ. Helena-ын хэлснээр хүү нь Fanny-г төрсний дараа бэлгийн сулралтай болж, Emilie нууц амрагтай болжээ. 

Шүүмжлэгчид Edvard-ын дүрийг хаан-хойд эцэг гэж тодорхойлсоноос гадна Alexander-ын төсөөллийг уран сайхны болоод сексийн чөлөөлөлттэй холбосон. Alexander хойд эцгээ үзэн ядах, төрсөн эхдээ татагдах нь Эдип хааны үлгэр шиг болно. Уг кинонд Эдип хааны сэдэв өргөн тархсан бөгөөд Alexander ээжийнхээ хайрыг ганцаараа авахыг төлөө төрсөн болон төрөөгүй өрсөлдөөнийг үгүй хийдэг билээ. Alexander-ын циркт зарагдсан түүхээс бид түүнийг ээждээ тоогдох гэж хичээж байгааг олж харна. Alexander мөн эцэг эхийнхээ яриаг чимээгүйхэн сонсохоос гадна үйлчлэгч Maj-ын өвөрт унтдаг нь түүнд ээжийнх нь болоод сексийн хүслийнх нь биелэл болж байна. Киноны өгүүлэмжинд улирлын мөчлөгө чухал үүрэгтэй байдаг; өвөл нь үхлийг, хавар нь дахин сэргэлтийн бэлгэдэл, домог, уур амьсгалыг дүрсэлдэг. Edvard өөрийнхөө итгэл үнэмшлийг хуурамч баг гэдгийг хүлээн зөвшөөрдөг бөгөөд шатаж үхэж байгаа нь хуурамч багийг махан биенээсээ салгаж авахгүй бол арилахгүй гэж хэлж байсных нь толин тусгал болж байна.

Comments