Cléo from 5 to 7 (1962) . Залуухан бөгөөд сайхан төрсөн Cleo (Corinne Marchand) бол дөнгөж алдаршаад буй дуучин юм. Киноны маань гол баатар тэрээр ирээдүйн хувь заяагаа хөзрийн мэргэчээс асууж байгаагаар кино маань эхэлнэ. Хөзөрт эхлээд эмч, дараа нь яриасаг үл таних залуу үзэгдээд сүүлд нь үхлийг бэлгэдсэн хөзөр гарч ирсэнээр Cleo-ын өвчнийг илтгэх ба тэрээр өөрийгөө баларлаа гэж айна.
Ингээд найзууд нэгэн дуугүй кино хамт үзэх бөгөөд Cleo санамсаргүйгээр толио хагалчихна, тэгээд үүнийгээ муу ёр гэж айна. Dorothee-г гэрт нь хүргэж өгчихөөд Cleo цэцэрлэгт хүрээлэнд очно. Тэнд тэрээр Алжирын дайнаас түр чөлөө авч ирээд байгаа цэрэг Antoine (Antoine Boursiller) гэгчтэй танилцана. Antoine Cleo-г хэр амиа бодсон хүн болохыг нь хамт эмнэлэг орж Cleo-ын шинжилгээний хариуг аваад дараа нь хамт Antoine-г галт тэрэгний буудал хүргэж өгөх хүртэл хугацаанд ярилцахдаа таниулах буюу ухааруулна. Мөн замдаа Antoine Алжирын дайны утгагүй хоосон байдал хийгээд дэмий хоосон үхэхээс айдгаа ч ярьж амждаг. Тэднийг эмнэлэгт очиход эмч түр гарсан байх ч тэд хүлээх агаад эмч хүрч ирээд Cleo-г хорт хавдартай болж, хоёр сар эмчилгээ хийлгүүлнэ гэж хэлнэ. Үүнийг сонссон Cleo одоо л нэг тайвширч, бие болон сэтгэл нь уужран тавигддаг. Cleo "одоо миний айдас үгүй болж, би үнэхээр жаргалтай байна " гэж Antoine-д хэлэхэд цэрэг уйлж эхэлдэг. Францын шинэ давалгаа хөдөлгөөний загалмайлсан эх Agnes Varda-ын анхны өндөр амжилт үзүүлсэн бүрэн хэмжээний бүтээл бөгөөд уг киногоороо өөрийнхөө цаг үеийн тэргүүн эмэгтэй кино урлаач болохоо зарласан.
Кинонд үдшийн 5 цагаас 7 цаг хүртэлх дуучин бүсгүйн экзистенциал хямралыг харуулах агаад кино эхнээсээ л нүд гялбам үзэсгэлэнтэй байдаг; эмэгтэй хүн ертөнцийг хэрхэн харж, тодорхойлж байгааг эмэгтэйлэг өнцгөөс харсан байдлаараа өнөөдөр ч цаг үеийн шаардлагыг хангаж чадсан бүтээл гэгддэг. Парис хотыг эмэгтэй хүний дотоод ертөнцийн аяллын тусгал болоод дүрслэлийн төв болгосноороо Varda мухар сүсэгтэй эмэгтэйгээс зовлон шаналлыг мэдэрдэг импатитай эмэгтэй хүний хувьслын төрхийг гарамгай зуржээ. 2019 онд BBC эмэгтэй найруулагчтай хамгийн аугаа 100 киног шалгаруулахад уг кино маань дэд байрт шалгарч байсан ба TSPDT сайт уг киног бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 239-р байрт эрэмбэлж байжээ. Уг кинонд олон сэдэв хөндсөн байдаг; экзистенциализм, үхлийн тухай эрэгцүүлэл, оршихуйн цөхрөл гэх мэт, гэвч голлох сэдэв нь Францын феминизмд хамаарах феминист үзлийг хүчтэй тусгахдаа Францын нийгэм нь эмэгтэй хүнийг хэрхэн ойлгодог талаар онцгойлон авч үздэг.
Кинонд гарах толин тусгалууд бол Cleo-ын өөртөө хэт автсан байдлын илэрхийлэл ажээ. Киноны дуугүй кинотой хэсэгт Anna Karina, Jean-Luc Godard хоёр тоглодог бол уг киноны хөгжмийг бичсэн Michel Legrand төгөлдөр хуурчийн дүрийг бүтээжээ. Киноны үйл явдал Алжирын дайны нөлөө хүчтэй хэвээр байгаа үед өрнөдөг. Дайн 1950-1960аад оны үеийн Францад асар их хэмжээгээр нөлөөлсөн буюу колоничлолоос салахыг хүчтэй шаардаж байсан үе юм. Antoine-ын дүр Алжирын дайныг эсэргүүцэгч, үүгээрээ утга учиргүй үхэж буй хүмүүсийг илтгэсэн экзистенциализм сэдвийн тулгуур багана болно энэ кинонд. Мөн Cleo гэр рүүгээ таксигаар явж байхдаа гудманд дайныг эсэргүүцэж буй жагсаалыг хардаг билээ. Эл бүтээлд эрэгтэй хүн эмэгтэй хүнийг субъект л гэж хардаг, мөн эмэгтэй хүнийг ер нь л дарамтлах хандлагатай байдаг гэсэн хэвшмэл ойлголтыг авч үздэг.
Өөрийг нь эмэгтэй хүн
учраас хэн ч түүнийг чухалчлан боддоггүй, өвдлөө гэхэд эрчүүд худлаа анхаарал л
татах гэж жүжиглэж байна хэмээн боддог гэж Cleo киноны турш гомдоллодог билээ.
Cleo Францын ихэнх эмэгтэйчүүдийн нэгэн адилаар дээрх хэвшмэл ойлголтуудыг
дагаж мөрддөг мэт байдаг; "би үзэсгэлэнтэй л байвал амьд байна" гэж
хэлдэг нь гоё сайхан бол түүний хувьд бүх зүйл бололтой. 1940оод оноос эхлэн
Францын сэхээтнүүдийн дунд Экзистенциализм болох философийн хөдөлгөөн
давамгайлах болж, 1960аад он хүртэлх Францын бүхий л урлагт хүчтэй нөлөө
үзүүлсэн. Эл бүтээл ерөнхийдөө экзистенциал кино ба Cleo өөрийн оршин байхуй
хийгээд үхэж магадгүй гэсэн бодолтойгоо киноны турш тэмцэлддэг. Үхэж магадгүй
гэсэн бодол нь түүний оршихуйн талаарх эргэцүүлэллийг улам тэлэхдээ үзэгчдийг ч
бас хамт дагуулж байна.
Comments
Post a Comment