Марк Твен "Хаклберри Финн"

 


 "Хаклберри Финн". Америкийн нэрт зохиолч Марк Твений анх 1884 оны 12-р сард Их Британид, 1885 онд 2-р сард Америкт хэвлэгдсэн роман бөгөөд "Хаклберри Финнийн адал явдал" ч гэж мөн нэрлэдэг. Америкийн аугаа уран зохиолын тоонд багтдаг уг бүтээл нь Англи хэлний хар ярианы хэллэгээр бичигдсэн Америкийн анхны томоохон уран зохиолоос гадна регионализм жанрынх гэдгээрээ тодорхойлогддог. Уг роман нь Марк Твений "Том Сойерын адал явдал" романы шууд үргэлжлэл юм. Энэхүү бүтээл нь Америкт "хүүхдийн уран зохиолыг өөрчилсөн", "хүүхэд насны амьдралыг гүн гүнзгий дүрсэлсэн" гэдгээрээ алдартай. Мөн Миссисипи мөрний эрэг дагуу амьдарч байсан хүмүүс болон газар нутгийг тод томруун дүрсэлсэнээрээ алдартай билээ. Романы үйл явдлын суурь дэвсгэр нь романыг хэвлэгдэхээс 20 гаруй жилийн өмнө оршин тогтнохоо больсон Америкийн Өмнөд нутгийн антебеллумын (иргэний дайны өмнөх) нийгмийн байдлыг харуулах ба "Хаклберри Финн" нь нийгмийн хандлагыг, тэгэхдээ арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн голлон хөндсөн егөөдөлт бүтээл ажээ. Уншигчдын дунд үргэлж алдартай байсан уг роман нь хэвлэгдсэн цагаасаа хойш уран зохиол судлаачдын үргэлжийн судалж ирсэн бүтээл юм. Ном худалдаанд гарсан даруй бүдүүлэг үг хэллэгийг үлэмж хэмжээгээр ашигласан хэмээн ихээхэн шүүмжлүүлж байсан. 

ҮНДСЭЭ САНАА. Хэдийгээр Твен "Хаклберри Финн" романаа Чөлөөлтийн тунхаг болон Иргэний дайн дууссанаас хойш хорин жилийн дараа бичсэн ч Америк улс, нэн ялангуяа Өмнөд нутгийнхан арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл, боолчлолын үр дагавартай тэмцсээр байв. 1880-аад оны эхээр Америкийг дайны дараа дахин нэгтгэж, чөлөөлөгдсөн боолуудыг нийгэмд нэгтгэх буюу Шинэчлэлийн төлөвлөгөө хараахан бүтэлгүйтээгүй байсан хэдий ч тогтворгүй байв. Твен уг роман дээрээ ажиллаж байх үед Иргэний дайны дараачаар зөв замдаа орж байсан арьс өнгөний харилцаа дахин хурцаджээ. Өмнөд нутгийн хар арьстнуудын эрх мэдлийг янз бүрийн шууд бус аргаар хязгаарлах зорилготой Жим Кроугийн хуулиудийн тулгалт нь дарангуйлах шинэ бөгөөд далд хүчин чармайлтын эхлэлийг авчирсан аж. Өмнөдийн шинэ арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл нь нэгдмэл бүтэц, бүхэллэг чанар дутмаг байсан тул тэмцэхэд бэрхшээлтэй байжээ. Хэдийгээр Твен боолчлолыг үгүй болгосны дараа бүтээлээ туурвисан боловч хэдэн арван жилийн өмнөх боолчлолын үеийг буюу тухайн үеийн бодит амьдралыг романдаа дүрсэлсэн байдаг ба Твений цаг үед ч Өмнөд нутгийнхны хар арьстнуудын аж амьдрал сайжраагүй л байлаа. 

Энэ үүднээс авч үзвэл, уншигчид боолчлолыг устгасны дараа ч гэсэн Америкт хар арьстнуудын нөхцөл байдал тааруу байсныг Твен зүйрлэн үзүүлсэн болохыг ойлгоно. Боолчлол журамтай бөгөөд ёс суртахуунтай Жимийг цагаан арьстнуудын хяналтад оруулдаг шиг цагаан арьстнуудын нийгэм хичнээн доройтсон байсан ч Шинэчлэлийн төгсгөлд үүссэн далд арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл нь хар арьстнуудыг учир шалтгаангүй, хоёр нүүрт байдлаар дарамталдаг байв. Твен "Хаклберри Финн" романд боолчлолын хоёр нүүрт байдлыг илчлэхдээ арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл нь хэрхэн гажуудсан дарангуйлагчдыг бий болгодогийг харуулжээ. Үүний үр дүнд хатагтай Ватсон, Салли Фелпс зэрэг "сайн" цагаан арьстнууд боолчлолын шударга бус байдалд болоод Жимийг гэр бүлээс нь салгасан харгислалын талаар огт санаа зовж буйгаа илэрхийлэхгүй байгаагаас тэдний ёс суртахууны төөрөгдөл илэрч байна. "Хаклберри Финн" романд Хакийн боловсролд төвлөрч байгаагаараа хувь хүний төлөвшил, хөгжлийг дүрсэлсэн роман буюу "Bildungsroman" зохиолын уламжлалд нийцэж байгааг харуулж байна. 

Ядуу, боловсролгүй, өнчин хөвгүүн байсан ч Хак өөрийг нь хүчирхийллээс хамгаалж чаддаггүй нийгмийн ёс суртахуунд, зарчмуудад итгэж чаддаггүй. Нийгмийн энэхүү үл ойлгогдом байдал хийгээд Жимтэй хамт байснаар тэрээр арьс өнгөний ялгаварлал, боолчлолын талаар эргэлзэхэд хүргэнэ. Хак дүрмийг дагаж, өөрт нь заасан бүхнийг дагахын оронд энэ болгоныг "там руугаа тонил" гэдгийг сонгож буйг уншигчид нэг бус удаа уншина. Хак эдгээр шийдвэрүүдийг өөрийн туршлага, логик мэдрэмж, өсөн хөгжиж буй ухамсар дээрээ үндэслэн гаргадаг. Соёл иргэншлээс холдож, салан дээр явахдаа Хак нийгмийн дүрэм журмаас ангид байж, ямар ч хязгаарлалт үгүйгээр өөрөө шийдвэр гаргах чадвартай болдог. Гүн гүнзгий нягталсанаар тэрээр Өмнөдийн соёлийн хүлээн зөвшөөрөгдсөн буюу хоёр нүүртэй дүрэм журам болоод үнэт зүйлсэд үл автан өөрийн дүгнэлтийг гаргаж сурдаг ба романы төгсгөлд Хак эргэн тойрныхоо ертөнцийг "уншиж" сурдаг буюу сайн муу, зөв буруу, найз дайсан гэх мэт зүйлсийг ялгадаг болно. 

Түүний ёс суртахууны хөгжил нь адал явдалт романы нөлөөнд автсан Том Сойерын дүрээс эрс ялгаатай. Хак романы төгсгөлд Баруун руу явахаар төлөвлөж байхдаа цаашдын "хөгжил"-өөс бултахын тулд ердийн усанд орох, сургуульд заавал хамрагдахаас зайлсхийж байна. Романы туршид Твен логикийг үл тоомсорлосон, ялзарсан дүрэм журмын цуглуулга болсон нийгэм нь Хакийг өчүүхэн болгож байгаагаар дүрсэлдэг ба энэхүү буруу логик нь романы эхэнд хотын шинэ шүүгч Пап-д (Хакийн архичин эцэг) Хакийг асран хамгаалах эрхийг өгсөнөөр гарч ирдэг буюу шүүгч Хакийн сайн сайхны төлөө гэхээсээ илүү төрсөн эцэг гэдгээр нь Пап-д "эрхийг" олгодог билээ. Үүний зэрэгцээ, энэхүү шийдвэр нь цагаан арьстнуудын  "өмч" болох боол эзэмших эрх нь хар арьстнуудын сайн сайхан болоод тэдний эрх чөлөөнөөс дээгүүр тавигддаг тогтолцооны тухай тайлбар юм. Твен боолуудын зовлонг Папын гарт байгаа Хактай харьцуулахдаа боол эзэмшихийг зөвтгөдөг нийгэм хичнээн "соёл иргэншилтэй" гэж өөрийгөө тунхагласан ч шударга нийгэм байх боломжгүй гэсэн санааг илэрхийлж байна. Хак сайн хүн мэт харагддаг хүмүүстэй дахин дахин учирдаг, жишээлбэл Салли Фелпсийг дурдаж болох авч Твен хэт нэг талыг барьсан боолын эзэд болохыг харуулахыг зорьдог. Хак-д дахин дахин тулгардаг шударга ёсны энэхүү тогтворгүй мэдрэмж бол нийгмийн асуудлын гол цөм юм; аймшигт үйлдлүүд шийтгэл хүлээлгүй үлдэж байхад согтуугаар хашгирах зэрэг нь хүнд ял авахад хүрдэг. "Хаклберри Финн" романы нийгэмд нийтийн сайн сайхан байдлыг хадгалахын оронд хулчгар зан, логик үгүй хандлага болон хувиа хичээсэн байдал л ажиглагддаг. 

Хак романы туршид үе үе гэм буруу, ичгүүрийг мэдэрдэг бөгөөд эдгээр мэдрэмжүүд нь түүнд ёс суртахууны ноцтой асуултуудтай тулгаруулдаг. Хакийн гэм буруугийн мэдрэмж бэлэвсэн хатагтай Дугласаас сурсан шашны ёс суртахуунтай нягт холбоотой байдаг. Жимтэй хамт аялалд гараад удаагүй байхдаа тэрээр Жимийг зугтаахад тусалсанаараа Жимийн эзэн хатагтай Ватсонд хор хохирол учруулсан болохоо ухаардаг билээ. Хак ном төгсөх хүртэл зөрчилдсөөр байдаг агаад 31-р бүлэгт тэрээр залбирах боломжгүй болоход сүйрлийн эргэлт тохиодог. Хак сэтгэлийнхээ угт Жимийг боолчлолд буцааж өгөх ёстой гэдэгт итгэхгүй байгаагаа ухаардаг бөгөөд ингэж залбирвал "давхар тоглосон" болж, ингэснээр бурханд худлаа хэлсэн болох юм. Эцэст нь, тэрээр сүүлчийн удаа Жимийг зугтаахад туслах шийдвэр гаргасны дараа гэм буруугийн эцсийн үлдэгдлээс салж байна. Бусдыг ойлгох буюу импатигийн сэдэв нь гэм буруугийн сэдэвтэй нягт холбогддог. Хакийн импати мэдрэмж нь түүний ёс суртахууны хөгжлийг дэмжиж, хэн нэгний оронд өөрийгөө тавьж үзэх төсөөллийг олгодог. Хак Жимийн хамтаар сүйрсэн онгоц дээр хулгайчид орхисон талаар санаа зовох үед импатигийн сэдэв анх гарч ирдэг. Романд гарах импатигийн өөр нэг тод жишээ бол 23-р бүлэгт Хак Жимийг зүүдэндээ ёолж байхад сэрээх үед тохиолдох ба Хак түүнийг эхнэр хүүхдээ санаад сэтгэлээр унаж байна гэж боддог. Егөөтэй нь, номын нэрэнд адал явдал гэдэг үг байгаа ч романы "адал явдал"-ын сэдэв нь төлөвшөөгүй ба хүүхэд шиг төсөөлөлтэй гэсэн утгыг илэрхийлэх хандлагатай байдаг. 

Энэхүү ном өмнөх бүтээл болох "Том Сойерын адал явдал" роман болон Том Хак хоёрын баяжсан түүхийг өгүүлснээр эхэлдэг бол 2-р бүлэгт энэ төрлийн адал явдал үргэлжилнэ. Уг адал явдлын "сүнс" нь Санкт-Петербургээс цааш Хакийг дагадаг боловч Хак, Жим хоёрт тохиолдсон бодит нөхцөл байдал нь Том болоод түүний тоглоом шоглоом шиг санасан адал явдал биш гэдгийг байнга харуулдаг. Эдгээр нөхцөл байдлын эхнийх нь 12,13-р бүлэгт тохиолдох бөгөөд Хак сүйрсэн онгоц хараад догдолдог ч гадаа 3 жинхэн алуурчин нуугдаж байгааг олж мэдээд гялс зугтдаг. Мөнгө энэ номонд асуудлаас юу ч авчирдаггүй. "Том Сойерын адал явдал" романы төгсгөлд их хэмжээний мөнгөтэй болсноосоо хойш өөрийг нь "хөгжүүлэх" гэж зовоосон тухай Хак гомдоллодог. "Хаклберри Финн" романы эхний бүлгүүдэд Хакийн мөнгөний хамгийн том асуудлууд нь түүний аавтай холбогддог. Пап илүү их архи худалдаж авахын тулд Хакийн мөнгийг хүсдэг бөгөөд Хак татгалзсанаар аавынх нь уур хилэн, хүчирхийлэл тодрон гардаг. Хотын иргэдийн мөнгийг луйвардаж авдаг Гүн болон Дауфин нар гарч ирсэн даруй мөнгөтэй хамаатай нэмэлт асуудлууд үүсдэг. Тэдний заль мэх Хакийн сэтгэлийг түгшээж, тэдний очсон жижиг хотууд бүгд балрахад хүрдэг ба мөнгө нь аврах чадвартай юм шиг санагдах цорын ганц үе бол романы төгсгөлд Том Жим-д хойд нутаг руу буцахад нь дөчин доллар өгөхөд тохионо.

 МОТИФ. Хакийн хүүхэд нас нь түүний ёс суртахууны боловсролд чухал хүчин зүйл болдог; учир нь, зөвхөн хүүхэд л Хак шиг хөгжиж чадахуйц нээлттэй сэтгэл оюунтай байдгийг уншигчид мэдэрдэг. Хак, Том хоёр хүүхэд учраас тэдний нас нь өөрсдийнх нь үйлдэлд тоглоом шоглоомын мэдрэмж төрүүлдэг бөгөөд энэ нь тэднийг тодорхой утгаар зөвтгөхөөс гадна боолчлол, нийгмийн талаарх романы тайлбарыг гүнзгийрүүлдэг. Егөөтэй нь, Хак өөрт нь зохих гэр бүл, заавар зөвлөгөө өгөх хүмүүсээр дутмаг байдаг ч эргэн тойрноо насанд хүрсэн хүмүүсээс илүү сайн мэдэж байдаг. Твен мөн Хакийн хүүхэд нас болон Жимийн арьс өнгөний статус хооронд байнга холбоо бий болгодог; тэд хоёулаа хүчгүй ч Хак нь цагаан арьстай учраас Жимээс илүү эрх мэдэлтэй байдаг. Мөн өөр түвшинд хүүхэд насны тэнэглэл, цэвэр баяр баясгалан хийгээд гэнэн цагаахан шинж чанар нь "Хаклберри Финн" романд хөгжилтэй, хошин шогийн мэдрэмж өгдөг билээ. Хөндсөн сэдэв нь нилээд жинтэй хэдий ч уг бүтээл нь өөрөө хөнгөн өнгө аястай ба хүүхэд насны сэтгэл догдлол хийгээд түүх нь амьд, хөгжилтэй байдаг тул уншихад нэн таатай байдаг ажээ. "Хаклберри Финн" роман худал хуурмаг, луйвраар дүүрэн агаад энэ бүхэн голдуу Гүн болон Дауфин хоёроос гардаг. Энэхүү хууран мэхлэгчдийн заль луйвраас болж олон гэм зэмгүй хүн хохирсон нь ойлгомжтой юм. Гэсэн хэдий ч Хак өөрөө хэд хэдэн удаа худлаа хэлдэг бөгөөд Жимийг хамгаалахын төлөө худал үлгэр зохиодог; худал хэлэх нь зорилгоосоо шалтгаалаад сайнд хүргэдэг болохыг Хак ухаардаг. 

Түүний сурсан зарим дүрэм журам "зөв" мэт санагдах зүйлстэй зөрчилдөж байгааг олж мэдсэн тул энэхүү ойлголт нь Хакийн суралцах үйл явцын нэг хэсэг болдог аж. Худал ба хууран мэхлэх нь Твений романаар дамжин ёс суртахууны хоёрдмол байдлыг тодруулах үр дүнтэй арга болж байна. Жексоны арал дээр Хак Жимтэй танилцсанаас эхлээд роман төгсөх хүртэл Жим түүнд янз бүрийн мухар сүсэг, ардын үлгэр домог ярьж өгдөг. Жим эхэндээ ийм зөгнөл хийгээд мухар сүсэгт итгэдэг нь тэнэг санагдах ч түүний ихэнх итгэл үнэмшил нь удахгүй болох үйл явдлуудад ямар нэгэн байдлаар холбогддог нь хачирхалтай санагдана. Уншигч бидэнтэй адилаар Хак эхлээд Жимийн мухар сүсгийг утгагүй хэмээн үгүйсгэдэг ч Жимийн ертөнцийн талаарх гүн гүнзгий мэдлэгийг үнэлдэг бөгөөд энэ утгаараа Жимийн мухар сүсэг бол нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн сургааль хийгээд итгэл үнэмшлийг орлосон хувилбар болдог буюу нийтлэг ойлголтууд үргэлж зөв байдаггүй гэдгийг сануулдаг.

Comments