Фемме фатал гэдэг ойлголт бүр анх хүн төрөлхтөн үүссэн цагаас эхтэй бөгөөд уруу татсан, ёс суртахуунгүй, сексий эмэгтэй хүний симбол нь Адам, Ева хоёрын түүхээр анх гарч ирсэн гэж хэлж болно. Фемме фатал нь уран зохиолоос дуурь хүртэл урлагийн өргөн хүрээний сэдэв болсоор ирсэн ч кино урлагт илүү түгээмэл болж, төгөлдөржсөн байдаг. Фемме фаталыг шууд утгаараа "аюултай эмэгтэй" гэж ойлгож болохоос гадна заримдаа цус сорогч, шулам гэж нэрлэх нь бий; ерөнхийдөө бол үзэсгэлэнтэй, нууцлаг бөгөөд уруу татагч дүр агаад сэтгэл татам байдлаараа амрагуудаа буулгаж авах юмуу үхлийн урхинд оруулагч эмэгтэй юм. Энэ бол уран зохиолын, урлагийн архетип юм. Бүр эртний түүхүүддээ энэ дүр нь хохирогчоо ховсдох, илбэдэх чадвартайгаар (supernatural) дүрслэгддэг байсан; тиймээс өнөөдрийг хүртэл Фемме фаталыг илбэчин, уруу татагч, шуламтай адилхан хүчтэй, эрчүүдийг эрхшээгч гэж тодорхойлдог. Фемме фатал нь ихэвчлэн хорон санаатай юмуу ёс суртахууны хувьд хоёрдмол шинжтэй ба үргэлж нууцлаг, түгшүүрийн мэдрэмжтэй холбогдсон байдаг. Мөн энэ дүр нь гоо үзэсгэлэн, сэтгэл татам төрх, сээтэгнүүр гэх мэт эмэгтэйлэг чанараа ашиглан далд зорилгодоо хүрэхийг оролддог ба ихэнх тохиолдолд секс-д хандах хандлага нь сонирхолгүй, хөнгөн болоод далд санааг агуулдаг. Зарим тохиолдолд энэ дүр нь сэтгэл татам байдлаа ашиглахаасаа илүүтэй худал хэлэх юмуу хүч хэрэглэдэг. Эртний түүхүүдэд ид шидийн хүч хэрэглэдэг бол орчин үеийн хувилбарт нойрсуулагч гэх мэт зэвсэг хэрэглэх нь бий; мөн зугтах чадахгүй нөхцөлд орсон үедээ өөрийгөө илчлэх юмуу хохирогч болж чаддаг. Фемме фаталын залуухан юмуу насанд хүрээгүй хувилбарыг "аюултай охин" гэж нэрлэдэг. 20-р зууны эхэн үеийн Америкийн кинонуудад Фемме фатал дүрийг шулам гэж нэрлэдэг байсан буюу энэ нэр нь Philip Burne-Jones-ын The Vampire уран зураг болон Rudyard Kipling-ын 1897 оны сүүл үеийн шүлгээс үндэслэлтэй юм. Фемме фатал архетип нь орон соёлын үлгэр домог, ардын аман зохиолд оршдог.
Эртний
үлгэр юмуу домгуудаас жишээ авбал; Lilith, Clytemnestra, Leabia болон Visha
Kanyas нарыг дурдаж болох бол классик цаг үеийн түүхэн жишээнүүд гэвэл
Cleopatra, Messalina, түүнчлэн Библийн Delilah, Jezebel нар байдаг, харин
Хятадын уран зохиол, уламжлалт түүхээс Daji-г жишээлж болно. Фемме фатал нь
дундад зууны Европт нийтлэг дүр байсан бөгөөд голдуу эмх замбараагүй сексийн
амьдралтай эмэгтэйг дүрсэлдэг байж. Дундад зууны өмнөх үе нь Библийн Евагаас
өвлөн авсан ёс суртахуунгүй, уруу татагч шидтэн Morgan Le Fay шиг дүрүүдийн
дүрсэлдэг байсан; харин соён гэгээрлийн үед энэ Фемме фатал нь илүү чимээгүй
оршихуйг илтгэх болсон нь Моцартын "Шидэт лимбэ" бүтээлийн шөнийн
хатан хаанаар илрэн гардаг. Фемме фатал нь романтик эрин үед цэцэглэн хөгжсөн
буюу John Keats-ын шүлэг, яруу найрагт ихээхэн тусгагдаж байсан бол The Monk
хэмээх готик романы Matilda гэх дүрээр улам тодорсон байдаг. Энэ бүтээл Эдгар
Аллан Погийн зохиол бүтээлд нөлөөлсөнөөс гадна The Monk-г Маркиз де Сад биширдэг
байсан ба түүнийхээр Фемме фатал муу муухай дүр биш, харин ч эмэгтэй хүний сайн
чанаруудыг бэлгэддэг гэж үздэг байсан; тиймээс ч түүний Juliette романыг Фемме
фатал дүрийг ялгуусан байдлаар дүрсэлсэн анхны зохиол гэж ч үзэх нь бий. Харин
Raphael-ын өмнөх үеийн зураачид Фемме фаталыг сонгодог хүнчилсэн сэдэв болгон
ашигладаг байсан. 19-р зууны сүүлч, 20-р зууны эхэн үеийн барууны соёлд Фемме
фаталыг илүү загварчлан дэгжинээр илэрхийлэх болсон ба эл шинжийг Edvard Munch,
Gustav Klimt, Gustave Moreau нарын бүтээлээс харж болно. 1891 онд Оскар Уайлд
Salome жүжгээрээ Фемме фатал дүрийг шат ахиулж, хожим энэ жүжиг нь Strauss-ын
дуурийн сэдэв болсоноос тайз, дэлгэц, бүр тайчих урлаг хүртэл тоо томшгүй олон
хувилбараар алдаршжээ. Мөн 19-р зууны сүүлч, 20-р зууны дуурийн гол дүр гэгдэж
байсан агаад Richard Wagner, Georges Bizet, Alban Berg нарын бүтээлээс бид харж
болдог. 1920-оод онд Dashiell Hammett-ын үүсгэсэн гэмт хэргийн зохиолын дэд
жанр hard-boiled буюу "ширүүн" жанрт Фемме фатал дүр нь гарч ирэх болсон
ба үүнээс хойш Фемме фатал нь детектив зохиол бүтээлийн чухал хэсэг болов.
Тухайн үеийн кинонд хорон санаатнуудыг ихэвчлэн гадаадынх, ингэхдээ Ази юмуу
зүүн Европоос гаралтай гэж
дүрсэлдэг байв. 1940-1950-аад оны нуар жанрын эрин үед Америкийн кино урлагт
Фемме фатал дүр ид цэцэглэж, бараг шилдэг гэсэн бүхий л эмэгтэй жүжигчид
"бузар эмийн" дүрд тоглож байлаа. Үүнд The Maltese Falcon киноны Mary
Astor, Gilda киноны Rita Hayworth, Double Indemnity киноны Barbara Stanwyck
нарын дүрийг онцлох ёстой билээ. Илүү орчин үеийн Фемме фатал дүрүүдээс
онцолвол; Blade Runner - Sean Young, Blue Velvet - Isabella Rossellini, Gone
Girl - Rosamund Pike болон Inception - Marion Cotillard нар маргаангүй энд
дурдагдах ёстой. Ингээд хамгийн аюултай бөгөөд онцлууштай 10 Фемме фатал дүртэй
модерн киног танилцуулж байна.
Cruel Intentions (1999) ~ Kathryn Merteuil. Эцэг өөртэй ах дүү Kathryn (Sarah Michelle Gellar) болон Sebastian нар Нью Иоркийн дээд зиндаанд хамаарагдах ба эцэг эхээсээ хараат, мөнгө төгрөгөөр дутна гэж үгүй. Sebastian давуу талаа ашиглан залуу охидыг даанч амархан өвөртөө оруулах бол Kathryn өөрийгөө өө сэвгүй, нийгмийн элит оюутан болгон харагдуулдаг. Энэхүү өөрийн Байхаасаа уйдсан Kathryn Sebastian-тай айхтар "том" мөрий тавих ба уг мөрийний эргэн тойронд оролцсон хүн болгон уг явдалд нягтаршин орооцолдоно. Kathryn бол манипуляци болон садизмаас таашаал авдаг Фемме фатал, харин нөгөө талаар тэрээр дотоод хоосрол, уй гашуугаа гаднах боловсролтой, дээд зиндааны дүр эсгэлтээрээ далдлагч юм. Уг киног Pierre Choderlos de Laclos-ын "Les Liaisons Dangereuses" классик романаас сэдэвлэжээ.
Golden Eye (1995) ~ Xenia Onatopp. "Алтан нүд" хэмээх дэлхийг устгах боломжтой супер зэвсэгийн нууц кодыг буцааж авах зорилгоор James Bond (Pierce Brosnan) ээлжит адал явдалдаа гарна. Кодыг Оросын засгийн эрхэнд гарахыг санаархагч генерал эзэмшсэн бөгөөд 007-ын замд Оросын тагнуулч Xenia хөндөлсөнө. Xenia бол Bond-ын эсрэг талын шулам юм. Тэрээр хурдан машин, мөрийтэй тоглоомонд дуртай агаад байнга тамхи татна. Тэрээр цэргээр бэлтгэгдсэн, хүйтэн цустай, тулааны урлагийн мастер бөгөөд сексийн үед уг эрдэм ээ гаргах нь олонтаа буюу түүний хоёр хөл нь хохирогчдоо кобра могой л гэсэн үг.
Fatal Attraction (1987) ~ Alex Forrest. Нью Иоркийн амжилттай хуульч Dan Gallagher (Michael Douglas) бол өхөөрдөм охин, сайхан эхнэрийн хамт амьдардаг, нэг үгээр тун сайн нөхөр бас аав. Нэг гайтай өдөр тэрээр Alex (Glenn Close) гэгч ганц бие хүүхэнтэй танилцаж нэг шөнийг хамт өнгөрүүлнэ. Dan үүгээр хязгаарлахыг хүсэх бол Alex шал өөр бодолтой байлаа. Alex Forrest гэдэг дүр бол сексийн дур хүсэлдээ автсан Фемме фатал юм. Эхэндээ тэрээр бие даасан, чанга эмэгтэй шиг өөрийгөө харагдуулдаг боловч төдөлгүй энэ дүр төрх нь нурж, жинхэнэ дүр төрх нь гарч ирдэг. Тэрээр өөрийгөө тогтворгүй, эмгэгтэй талаа чадварлаг нууж чаддагийн зэрэгцээ түрэмгийлэл, хистериагаа давхар харуулж байдаг. Хэн нэгэн түүнийг үл тоомсорловол түүний "өвчин" улам нэмэгдэж, эзэмшээгүй зүйлээ устгахыг хүсдэг.
Original Sin (2001) ~ Julia Russell/Bonnie Castle. Кубын баян газрын эзэн Luis (Antonio Banderas) өөртөө тохирох эхнэр хайж яваад нэгэн бүсгүйтэй шуудангаар танилцана. Хөлөг онгоцны буудал дээр шуудангаар танилцсан ирээдүйн эхнэр Julia Russell-тэй (Angelina Jolie) анх уулзаад зургаасаа өөр, илүү үзэсгэлэнтэй хүүхэн болохыг харна. Luis яаж ч хичээгээд эхнэрийнхээ бүх нууцад нэвтэрч чадахгүй хэдий ч эл төлөвлөсөн гэрлэлт нь аажмаар жинхэнэ хайр сэтгэлийн галаар асаж эхэлнэ. Нэгэн өдөр хувийн мөрдөгч Julia-г хайж эрэх үед Julia бүх мөнгөө аваад алга болсон байна. Уур, үзэн ядалт Luis-ын эхнэрээ гэх сэтгэлийг унтраасангүй, харин ч өөрөө түүнийг эрж олохоор шийдэж, өнгөрсөнийг нь илүү ихээр мэдэхээр зориг шулуудана. Bonnie Castle буюу Julia Russell нь төрөлхийн худалч ба олон жил жүжигчинээр ажиллаж байсан учир аливаа дүрд сайн тоглох нь гайхах зүйл биш юм. Эцэг эхгүй гудамжинд өссөн тэрээр амьдрахын тулд хулгайч болсон бөгөөд гоо сайхнаараа баян эрчүүдийг хулхидаж гаршсан нэгэн юм. Bonnie хэдий замд нь саад болсон хэнийг ч өршөөлгүй үгүй хийдэг ч бусад Фемме фатал дүрүүдээс ялгаатай нь тэрээр нөхөртөө дурлаж, өнгөрсөн үеэсээ салж чаддаг.
Inception (2010) ~ Mal Cobb. Dom Cobb (Leonardo DiCaprio) бол дэлхийн тэргүүлэх олборлогч юм. Тэрээр хохирогчдынхоо зүүдэнд нэвтрэн ороод бизнесийн чухал нууцыг нь олж мэдээд, дараа нь тус нууцаа баян боссуудад өөрт ашигтайгаар зарагч ба тиймээс том корпорацуудын хар жагсаалтад орсон тул амьд байх хугацаа нь найдваргүй. Cobb-г эхнэрээ алсан хэрэгт сэжиглэж байгаа тул Америкт буцаж очих боломжгүй ч хүүхдүүд дээрээ очихын төлөө тэрээр юуг ч хийхэд бэлэн. Баян Saito түүнд хүүхдүүд дээрээ эргэж очиж чадах боломжийг олгосон сүүлчийн ажлыг санал болгох агаад Cobb болон түүний багийнхан том корпорацийн өв залгамжлагчийн зүүдэнд орж далд ухамсарт нь манипуляци хийх хэрэгтэй болно. Бүх зүйл болж байтал Cobb-ын нас барсан эхнэр Mal-ын (Marion Cotillard) сэтгэцийн цуурай тэднийг аймшигтай аюулд оруулна. Mal бол мах, цуснаас бүтсэн, нэг үгээр хүн-Фемме фатал дүр биш. Тэр зөвхөн ухамсартайгаар гэмшиж буй баларч гүйцсэн хүний далд ухамсарт оршдог. Тэр хайр татам болоод мэдрэмтгий байдаг шигээ огцом ааштай, манипуляцитай байдаг. Mal нь Cobb-ын үлдсэн дурсамжуудын төлөвлөгөөнд амьдардаг бөгөөд Cobb-ын боловсруулагдаагүй бодит байдалд баригдаж оршино. Mal амьд байхдаа нөхөртэйгөө ижилхэн хүсэл тэмүүлэлтэй байсан. Тэд мөрөөдлийнхөө ертөнцөд гүн шигдэж, бодит байдлыг хачирхах болсон ба тэрээр өөрийгөө хөнөөвөл "жинхэнэ" бодит байдалдаа сэрнэ гэж итгээд амиа хорлодог.
Femme Fatale (2002) ~ Laure Ash/Lily Watts. Канны кино наадам бол гялалзсан тансаг үйл явдал. Царайлаг Laure нарийн аргаа ашиглан гэнэн тэнэг эмэгтэй одын хамаг үнэт эдлэлийг хулгайлна. Гэвч төгс гэмт хэрэг төгсгөл дээрээ бүтэлгүйтдэг буюу түүний хамсаатан баригдаж азгүйтдэг. Гэсэн хэдий ч Laure бүх олзоо аваад зугтааж чадаад зогсохгүй Америкт дүрвэнэ. 7 жилийн дараа Laure Америкийн элчин сайдын эхнэрийн дүрээр Парист ирнэ, одоо түүнийг Lily гэж бүгд дуудна. Гэтэл Nicolas гэх сэтгүүлчийн авсан гэрэл зураг сонины нүүрийг чимсэнээр шинэ дүр төрхтэй болсон хулгайч маань эрсдэлд орж эхэлнэ. Олзоороо баяжиж, гадаад руу гарсан Laure бол үнэнхүү ёс суртахуунгүй нэгэн. Гэвч тэрээр эцэст нь ёс суртахууны өөрчлөлтөд орж байгааг бид харна.
Chinatown (1974) ~ Evelyn Mulwray. Лос Анжелес хотын амжилттай хувийг мөрдөгч Jake Gittes (Jack Nicholson) нөхрийг нь тагнаач гэсэн энгийн гэр бүлийн асуудал мэт хэргийг авснаар заваарсан том хэрэгт татагдан орно. Харин хартай эхнэрийн захиалга өгөгч ерөөсөө биш, хүний нэрээр бөөн хэрэг үүсгэсэн болохыг удалгүй Gittes олж мэднэ. Жинхэнэ эхнэр Evelyn (Faye Dunaway) шүүхдэнэ энэ тэр гээд наян юм болдог ч Gittes энд нэг л болохгүй юм байна гэж мэдрээд хэргийг үргэлжлүүлэн мөрдсөөр байдаг. Энэ хэрэг яван явсаар орон нутгийн баячуудын оролцоотой бас аюултай хэрэг болж хувирна. Evelyn эхнээсээ дуустал таамаглашгүй, нууцлаг бөгөөд үргэлж аймшигтай эмэгтэй байдаг. Тэрээр Gittes-д аажмаар итгэж, өнгөрсөн үеэ зугуухан нээдэг. Тэр бол ганц эртэй удаан хамт байж чаддаггүй нэгэн ба тэрээр классик Фемме фатал дүрээс "сайн муу эмэгтэй" болж хувирдаг. Тэр бол хамгийн дотно хүндээ хүчирхийллүүлсэн, хорон манипуляциар гэхээсээ илүү эмгэнэлт дүр юм.
L.A. Confidential (1997) ~ Lynn Bracken. Зул сарын хүйтэн өдөр, сахиусан тэнгэрийн хот буюу Лос Анжелес-д нэгэн хоолны газарт олон хүнийг алсан хэрэг гарна. Уг хэрэг хар тамхитай тэмцэх хэлтэсийн ажилтан Vincennes (Kevin Spacey) гэх мэдээлэл зардаг бохир цагдаа, Bud White (Russell Crowe) гэх ууртай, нударгаар асуудлыг шийдэгч болон Edmund Exley гэх замналынхаа хэтийн төлөвийг хардаг, дандаа зөв ажилладаг гэсэн 3 цагдааг хамтран ажиллахад хүргэнэ. Bud White холливуудын дуудлагын охин Lynn Bracken (Kim Basinger) гэгчтэй танилцаж улмаар тэд дурлалд живцгээнэ. Энэ бол холливууд хэрхэн охидыг биеэ үнэлэгчид болгож буйг үзүүлсэн кино. Lynn Bracken-ын дүр оршуулга шиг чимээгүй байдаг нь тийм учиртай ба тэр бол жинхэнэ дарамтлуулагч, хүчиндүүлэгч юм.
The Last Seduction (1994) ~ Bridget Gregory. Bridget Gregory (Linda Fiorentino) бол ухаалаг, үзэсгэлэнтэй хүүхэн ба баян эмч Clay (Bill Pullman) гэгчтэй гэрлэсэн. Clay эхнэрийнхээ хүслийг хүлцдэг ч гэмт хэрэгт оролцуулахад тэвчээр нь алдарч эхэлдэг. Bridget Gregory нөхрийнхөө ажлыг ашиглан хар тамхи наймаалагчтай "харилцаад" Америкийн хаа нэгтээ нуугдчихна. Clay үлэмж хэмжээний өрөнд ороод цөхрөлөө барна. Тэрээр алга болсон эхнэрээ олохын тулд мөрдөгч хөлслөдөг. Харин Bridget замдаа нөхрөө алж байж л өөрийнхөө асуудлыг нэг мөр шийдэхийг ухаарна. Ингээд тэрээр тосгоноос Mike хэмээх залууг өөртөө татаж, өөрийнхөө утсан хүүхэлдэй болгодог. Bridget бол зөвхөн хувийн ашиг сонирхолдоо төвлөрсөн бизнес эрхлэгч модерн Фемме фаталын дүр ба тэрээр голдуу эрчүүдийг зорилгодоо хүрэх хэрэгсэл болгон ашигладаг учраас эрчүүдийг сонирходоггүй мэт харагдана.
Basic Instinct (1992) ~ Catherine Tramell. Алдартай рок од орон дотроо аймшигтайгаар алуулсан байдалтайгаар олдоно. Тэрээр секс хийж байх үедээ мөс бутлагчаар бүлүүлж үхсэн нь тодорхой байна. Уг хэрэгт Catherine Tramell (Sharon Stone) хэмээх зохиолч хүүхэн сэжиглэгдэх бөгөөд уг хэргийг мөрдөгч Nick Curran (Michael Douglas) мөрдөж эхэлнэ. Catherine алдартай рок од мөс бутлагчаар алуулсан тухай ном бичнэ, гэсэн хэдий ч түүнийг алуурчин гэх хангалттай үндэслэл олдохгүй. Харин ч тэрээр бүр дараагийн номоо бичиж эхлэх бөгөөд шинэ номынх нь сэдэв буруу эмэгтэйд дурлаж, дараа нь алагдсан цагдаагийн тухай агаад энэ нь мөрдөгч Nick-ын түүхтэй тун төстэй байх болно. Catherine бол дурламаар сайхан Фемме фатал юм. Тэр зохиолч, сэтгэлзүйч, нэг үгээр сүрхий боловсролтой учир маш аюултай агаад мөн тун харгис хэрцгий, хүсэл тачаалдаа автагч юм. Тэр хэзээ ч барьц алддаггүй. Түүний хувьд эрчүүд зүгээр л зугаа, тоглоом төдий байдаг. Тэр амрагууд болон аллагынхаа үйлдлийг зохиолынхоо загвар болгон ашигладаг бөгөөд мэдрэмжиндээ хөтлөгддөг учир түүнд сэдэл, урам зориг л чухал байдаг билээ.
Comments
Post a Comment