Загалмай цуглуулагч

 

 


Soy Cuba [1964]. Уг бүтээл нь Куба улсын ард түмний зовлон зүдгүүр болоод тэдний түүхэн хариу үйлдлийг харуулсан дөрвөн богино хэмжээний киноноос бүрдэх бөгөөд идэвхгүй гайхшралаас партизаны хөдөлгөөн хүртэл янз бүрийн байдлыг дүрсэлжээ. Эхний түүх. Куба улс дахь Америкчуудын эрхлэн явуулдаг тансаг казиногийн хэсэг газрыг Кубын олонхын ядуу хэсэгтэй харьцуулан харуулснаар эхний хэсэг эхлэх бөгөөд үйл явдал Maria хэмээх үзэсгэлэнтэй хүүхнийг тойрон өрнөнө. Maria Хаванагийн захад орших ядуу хотод амьдрах ба шөнийн цагаар Америкчуудын эрхэлдэг Казиногийн газарт баян Америкчуудад Betty гэх нууц нэрээр биеэ үнэлэн амьдарна. Тэрээр эл амьдралдаа туйлын сэтгэл дундуур байх ч амьдрахын эрхээр хоёрдмол амьдралаа үргэлжлүүлсээр л байна. Maria-ын найз залууг Rene гэнэ, Rene гудманд жимс зарж амь зууна, мөн тэд гэрлэх мөрөөдөлтэй.

 Нэг орой Maria ээлжит үйлчлүүлэгчээ гэртээ аваачина. Гэр гэж үнэндээ овоохой байх ба өглөө нь үйлчлүүлэгч Maria-ын зүүдэг загалмайг худалдаж авъя, би загалмай цуглуулдаг гэж хэлээд мөнгө өгч байтал гаднаас Rene ороод ирэх агаад Maria сандарсандаа хөнжлөөрөө цээжээ л халхалж амжих бол шөнө ирсэн үйлчлүүлэгч замбараагүй ядуусын хорооллоос хэрхэн гарахаа мэдэхгүй бүр төөрч орхино. Хоёрдахь түүх. Дараагийн түүх бол хамгийн том чихрийн нишингийн тариалантай Pedro-ын түүх болно. Pedro настай хүн бөгөөд хүү, охин хоёртойгоо аварга том тариалангийн талбайд ажиллах буюу үнэндээ газрын эзэн нь өөр баян эрхэм юм. Нэг өдөр газрын эзэн Pedro дээр ирээд газраа Америкийн компанид зарсан, одоо чиний хэрэг үгүй, эндээс яв гэж хэлнэ. Pedro энэхүү гайт мэдээг хүүхдүүддээ хэлэхгүй бөгөөд харин ч мөнгө өгөөд хотод очиж наргиж цэнгэ хэмээгээд явуулчихна. Харин өөрөө тэднийгээ явсны дараа тариан талбай, байшин зэргээ шатааж, өөрөө утаанд нь хордож үхдэг. Гуравдахь түүх. Энэ түүх хамгийн урт камерийн зураглалтай.

 Хаванагийн их сургуулийн оюутан Enrique болон түүн шиг бусад бослого гаргагч оюутнуудын түүх энд гарна. Enrique жижиг сажиг оролдлого нь олигтой нөлөөлөл үзүүлэхгүй байгаад бухимдаж нөхдийн хамт дорвитой ажиллагаа хийхийг зорино. Тэд цагдаагийн даргын хөнөөхийг төлөвлөж, уг аллагыг Enrique өөрөө үйлдэхээр болно. Цаг нь болоход Enrique бууны гохоо дарж чадахгүй, учир нь, цагдаагийн даргыг эхнэр, хүүхдүүдтэйгээ байгааг хараад өрөвч сэтгэл нь түүнд хориг тавина. Уг явдлын дараа хувьсгалчид ухуулга хуудас тарааж байгаад цагдаа нарт баригдаж, босогч оюутнуудын зарим буудуулж үхнэ. Үлэмж хэмжээний жагсаал үймээний үеэр Enrique буудуулж үхэх ба үйл хэргийнхээ төлөө бахархалтайгаар үхсэн түүний цогцсыг нөхөд өргөн явдаг. Дөрөвдүгээр түүх. Киног төгсөх хэсэгт хувьсгалт цэрэгт элсэн дайнд явахаас татгалзаж байгаа Mariano-ын тухай өгүүлнэ. Цэргүүд Mariano-г яаж ч ятгаад нэмэргүй байдаг, бүр ирээдүй, үр хойчынхоо төлөө энэ дайнд оролцоож гэхэд Mariano татгалзаж, зүгээр л амар амгалан амьдрахыг хүсэж байна гэж хэлдэг. Үүний дараахан засгийн газрын бөмбөгдөгч онгоцнууд тухайн газруудыг бөмбөгдөж эхэлнэ. Ингэснээр Mariano-ын гэр бүл алагдах агаад эцсийн эцэст тэрээр босогчидтой нэгдэж хувьсгалыг тунхагласан ялалтын жагсаалыг Хавана руу хөтөлдөг. ЗХУ-ын найруулагч Mikhail Kalatozov-ын найруулж, Yevgeny Yevtushenko-той хамтран зохиолыг бичсэн антологи драм жанрын кино. 

Зөвлөлт холбоот улс болон Кубын хамтран бүтээсэн энэхүү үзэл суртлын магтуу нь 1964 оноос Fidel Castro-ын хувьсгал хүртэлх үйл явдлыг гэнэнээр пропаганда хийхээсээ илүү зүйлсийг агуулдаг буюу нүд гялбам техник, монохром зураглалын яруу гоо үзэсгэлэнгээрээ халдашгүй классик статусыг хүртэх эрхтэй юм. Киноны кадрын дэглэлт нь баримтад хэв маягийн эффэкттэй нийлэн гайхалтай нэг удаагийн зураглалыг бий болгосон ба уг кино нь Оросын кино урлагийн хурц хэлэмжиийг Jean Vigo, Federico Fellini нарын эрч хүчтэй хослуулсан мэт санагдах буюу тэр ч байтугай Oliver Stone-ын хуйвалдааны онолын айдсын урьдач ч гэж таамагладаг. Кино анх гарахад Оросууд, Кубууд ч таатай хүлээж аваагүй, бараг дэлхийд мартагдаад байсан тус бүтээлийг 30 жилийн хойно Америкийн кино найруулагчид, тэр дундаа Martin Scorsese дахин олж нээн сэргээн завсарлах ажлыг эхлүүлсэн байдаг аж. Кино акробатик замтай кадрууд, өвөрмөц мизасцэнүүдээрээ аргагүй олны анхаарлыг татсан агаад кино хар-цагаанаар хийгдсэн ч заримдаа ЗХУ-ын армид хэрэглэдэг байсан хэт улаан өнгийг ашигласан нь кинонд гарах мод, чихрийн нишингийг барагалж цагаан болгохоос гадна тэнгэрийг нэлээд харанхуй ч нартай хэвээр байлгах хэтрүүлсэн тодотголийг бий болгоно. 

Ихэнх зураг авалт хэт өргөн өнцгөөр авагдсан байдаг бөгөөд камер субъект руу тун ойртдог боловч харин субъект нь камер руу шууд харахаас зайлсхийдэг. TSPDT сайт уг киног бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 361-р байрт эрэмбэлж байна. 1959 оны Кубын хувьсгал нь Америкийн дэмжлэгтэй Fulgencio Batista-ын дарангуйллыг түлхэн унагасны дараахан 1961 онд дипломат болон худалдааны харилцаагаа Америкаас тасалсан Социалист Castro-ын засгийн газар ЗХУ-тай түншлэл болсон буюу олон салбарт хамтран ажиллахаар болсны дотор кино урлаг багтаж байв. Олон улсад Социализмыг сурталчлах, шинэ холбоотонтойгоо танилцах зорилгоор ЗХУ-ын засгийн газар уг киног санхүүжүүлж, Кубын талтай хамтран тохиролцсон гэж үздэг. Куба болон ЗХУ-ын засгийн газраас ихээхэн тусламж үзүүлсэн уг киноны найруулагчид киногоо дуусгах бүрэн дүүрэн эрх чөлөө олгосон байдаг. Кинонд цоо шинэ зураглалын олон  техникийг ашигласан байдаг ба уг киноноос пропагандаг хасчихвал л бүх талаараа төгс кино дүрслэлтэй бүтээл юм. Анх уг киног Хаванад Кубчуудын хэвшмэл байдлыг харуулсан гэж шүүмжилсэн бол Москвад харин хангалттай хувьсгалч биш, Castro-ын өмнөх үеийн хөрөнгөтний амьдралыг хэт өрөвдсөн гэж шүүмжилж байжээ.

Comments