Номхотгох хантааз

 


Shock Corridor (1963) . Алдар хүндтэй, эд хөрөнгөтэй болохын төлөө там руу ч ороход бэлэн асар амбицтай сэтгүүлч Barrett Пулитцерийн шагнал авахын төлөө сэтгэл мэдрэлийн эмнэлэгт гарсан хүн амины хэргийг илрүүлэх нарийн төлөвлөгөө боловсруулна. Төлөвлөгөө чухамдаа ийм; Barrett хамгийн сайн сэтгэлзүйчийн тусламжийг аваад хэрхэн галзуу солиотой хүн шиг аашлах, биеэ авч явахыг, мөн галзуу солиотой хүмүүсийн дунд хэрхэн байхыг сурч аваад саяхан галзуурсан хүний дүрд хувиран эмнэлэгт хүргэгдэх  ба түүнд мөн найз хүүхэн нь ихээхэн тус хүргэх ёстой байлаа.

Сэтгэл татам тайчигч Cathy бол Barrett-ын найз хүүхэн бөгөөд ирээдүйн нөхрийнхөө галзуу зорилгыг эсэргүүцэж байсан ч зөрүүд занд нь дийлдэн хамтран ажиллахаар болно. Тэгвэл Cathy яаж туслах вэ гэвэл; Cathy Barrett-ын эгчийн дурд хувирах бөгөөд Barrett эгчтэйгээ бэлгийн харилцаанд орохыг хүсэгч ухаанаа алдсан галзуу гаж донтон болж Cathy дүүгийнхээ хүчирхийллийг тэсэхээ болиод цагдаад хандсанаар Barrett хүссэн газар руугаа саадгүй явах боломж бүрдэнэ, өөрөөр хэлбэл энэ бол хангалттай итгэж болохуйц жүжиглэлт бас хэрэг юм. Үнэн учрыг Barrett, Cathy, сэтгэлзүйч Fong болон Barrett-ын захиралаас өөр хүн мэдэхгүй. Ингээд Barrett сэтгэл мэдрэлийн эмнэлэгт буюу Sloan хэмээх өвчтний нууцлаг үхэл болсон газарт ирнэ. Хэрвээ тэр сэргэлэн, үнэн мэт ажиллаж чадвал түүний нийтлэл Пулитцерийн шагнал хүртэх нь эргэлзээгүй юм. Шинэ газар, шинэ орчин Barrett-г ч бас бусад өвчтнүүдийг ч гайхшруулах агаад олон жигтэй сонин явдал тохиолдсоноос хэсэг бүлэг нимпоманиак хүүхнүүд түүнийг золтой л "идчихгүй" өнгөрнө. Хүн амины хэрэгт Barrett гурван эрэгтэй хүнийг сэжиглэнэ, эдгээр хүмүүс бүгдээрээ дайн, ялгаварлан гадуурхал, цөмийн бөмбөгийн аюулаас айх юмуу сэтгэл зовох байдлаасаа болж сэтгэл мэдрэлийн өвчинд нэрвэгсэд байна. 

Эхнийхийг нь Stuart хэмээх бага балчираасаа ялгаварлан гадуурхагдаж ирсэн тариачин байна. Stuart Солонгосын дайнд явж, тэнд олзлогдоод улмаар тархиа угаалган коммунист болсон бөгөөд хоригдол солилцоогоор эх орондоо ирэхэд олон нийт түүнийг урвагчаар хүлээж авсан нь түүний өвчний үндсэн түүх юм. Одоо галзуурсан Stuart өөрийгөө нэгдсэн улсын генерал гэж төсөөлнө. Barrett-ын түүнээс олж мэдсэн мэдээлэл бол алуурчин эмнэлэгийн ажилтан агаад цагаан хувцастай хүн байжээ. Sloan-ын аллагын хоёрдахь сэжигтэн бол нэгдсэн улсын анхны хар арьстай оюутны нэг Trent гэгч болно. Маш их дарамт, доромжлолыг сургуульдаа амссанаасаа болж галзуурсан Trent одоо өөрийгөө Ku Klux Klan-ын гишүүн гэж төсөөлөн бодож, эмнэлэгийн ажилтнуудад хамгийн их түвэг удна. Ингээд гуравдахь буюу эцсийн сэжигтэн бол цөмийн бөмбөгийн эрдэмтэн байсан, харин одоо 6 настай хүүхдийн сэтгэхүйтэй болчихсон Boden гэгч ба тэр цаг үргэлж цөмийн дайн болно гэх айдсаасаа болж галзуурчээ. Эдгээр галзуу хүмүүсийн дунд нар, саргүй байж,  адилхан галзуу юм шиг аашлан, мэдээлэл олж авах гэж аль байдгаараа хичээх Barrett шөнө хачин аймаар зүүд зүүдэлж, өдрөөс өдөрт өөрийгөө танихаа больж ирэх боловч ямартай ч цуглуулсан мэдээлэл дээрээ түшиглэн алуурчин бол эмнэлэгийн ажилтан Wilkes гэгч байх тун магадлалтайг олж мэднэ. 

 

Нэгэн үймээн самууны дараа Barrett-д номхотгогч цамц өмсүүлээд тогоор цохиулах эмчилгээ хийснээр түүний ухаан санаа орж гарах юмуу заримдаа ярьж чадахаа ч байчихна. Мөн хааяа өөрийг нь эргэж ирэх Cathy-г төрсөн эгчээ гэж итгэх болсноор ирж байхыг нь болиулна. Алуурчин бол үнэхээр эмнэлэгийн ажилтан Wilkes гэгч байлаа. Тэр эмэгтэй өвчтнүүдтэй зүй бусаар бэлгийн харилцаанд ордог байсныг нь Sloan олж мэдсэн тул амиа алджээ. Barrett түүнийг алуурчин гэдгийг олны өмнө батлахын тулд зодоон үүсгэж, бөөн үймээний эцэст хүссэндээ хүрч чадна. Ингээд алуурчин илчлэгдэж, Barrett Пулитцерийн шагналт нийтлэлээ бичиж чадахаар боллоо гэтэл Barrett энэ бүхний эцэст хэзээ ч эдгэрэхээргүй сэтгэл мэдрэлийн өвчинд унасан байлаа. Америкийн нэрт кино найруулагч, продюсер, кино зохиолч Samuel Fuller энэхүү сэтгэлзүйн триллер бүтээлээрээ эрүүл ухаан ба галзуугийн хооронд ямархан нимгэн хана оршин зааглаж байдгийг гайхалтайгаар зураглажээ. Stanley Cortez-ын зоригтой зураглал болон кинонд хөндсөн арьс өнгөөр ялгаварлан үзэл юмуу аливаа ялгаварлах байдал хийгээд тухайн жараад оны Америкийн асуудлыг тултал нь үзүүлсэнээрээ энэхүү бүтээл өдгөө ч үлэмж нөлөөтэй байсаар байна. Fuller анх "Straitjacket" нэртэй кино зохиолыг найруулагч Fritz Lang-д зориулж 1940 оны сүүлээр бичжээ. 


Гэвч Lang гол дүрийг эмэгтэй хүн байхаар өөрчлөхийг хүссэнээр энэ төсөл зогсчээ. 1996 онд уг киног Конгрессын номын сан Америкийн үндэсний кино бүртгэлд хадгалуулахаар сонгосон ба TSPDT сайт уг киног бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 595-р байрт эрэмбэлээд байна. Кино шүүмжлэгчид киног өндрөөр сайшаан хүлээн авсан; шүүмжлэгч Andrew Sarris "өнөөдрийн Америкийн зүйрлэл" гэсэн байдаг бол Leonard Maltin "сэтгэл хөдлөлд хүчтэй нөлөөлөх хүнд мелодрам" гэж хэлж байжээ. Найруулагч Martin Scorsese 2010 онд "Shutter Island" киногоо бүтээхэд уг кино ихээхэн нөлөөлсөн гэж хэлсэн байдаг. Киноны гол дүрүүдэд; Peter Breck, Constance Towers, Gene Evans нар тоглосон. Киноны бага төсөв болон тайзны дууны хэмжээнээс болж Fuller эмнэлэгийн хонгилоор алхах хүмүүсийн хэсэгт намхан хүмүүсийг хөлслөсөн нь мөн үзэгчдэд гүн гүнзгий мэдрэмж төрүүлдэг байна. Киноны эхэнд доктор Menkin Barrett-г 14 настайдаа сонин зарж эхэлсэн гэж хэлдэг, энэ бол үнэндээ найруулагч Fuller-ын амьдралын толин тусгал юм. Киноны алдартай бороотой хэсэг кино продакшн дууссаны дараа хийгджээ. Сэтгэлзүйч Fong-ын оффисын хана нь дээр Фройд болон Юнгийн зураг өлгөөтэй байдаг.

Comments