Виктор Хюго "Шоовдор хүмүүс"

 


"Шоовдор хүмүүс". Францын их зохиолч Виктор Хюгогийн 1862 онд анх хэвлэн нийтлүүлж байсан уг түүхэн романыг 19-р зууны хамгийн аугаа романы нэгд тооцдог. 1815 онд эхлээд 1832 онд Парист болсон бослогоор өндөрлөсөн түүхэн явдлыг суурь дэвсгэрээ болгосон уг романд хэд хэдэн дүрийн амьдрал, харилцан нөлөөллийг дүрсэлдэг буюу ингэхдээ ялтан асан Жан Вальжаны тэмцэл болоод нүглээ наманчилж буй амьдралыг тусган харуулдаг. Хууль ба нигүүслэлийн мөн чанарыг судалсан уг роман нь мөн Францын түүх, Парисын архитектур, хот байгуулалтын загвар болон улс төр, ёс суртахууны философи, анти-монархизм, шударга ёс, шашин, гэр бүлийн болоод романтик хайрын мөн чанарыг нарийвчлан авч үздэг үлэмж нүсэр сэдэв, бүтэцтэй роман болой. "Шоовдор хүмүүс" романыг олон удаа кино, телевиз, театрын бүтээл болгож хөрвүүлж байснаас тайзны мюзикл хувилбар нь хамгийн алдартай билээ.
ҮНДСЭН САНАА. Хюго "Шоовдор хүмүүс" романдаа хайр, энэрэх сэтгэл бол хүн хүндээ өгдөг хамгийн чухал бэлэг, эдгээр чанарыг үргэлж харуулах нь амьдралын хамгийн чухал зорилго байх ёстой гэж дүрсэлдэг. Вальжан үзэн ядалтаар дүүрсэн, догшин гэмт хэрэгтнээс нэр хүндтэй буянтан болж хувирч байгаа нь Хюгогийн хайрыг онцолж байгаагийн илрэл ба Вальжан бусдыг хайрлаж сурсанаар өөрөө илүү сайн хүн болох юм. Вальжан бусдын төлөө хичээл зүтгэл гаргаснаар өөртөө зайлшгүй бэрхшээл дууддаг ч урьд өмнө хэзээ ч мэдэрч байгаагүй сэтгэл ханамж, аз жаргалыг мэдэрдэг. Вальжан бусдыг хайрлах, нэн ялангуяа Козеттийн хайрласнаар хүнд хэцүү амьдралаа үргэлжлүүлэхэд хүргэдэг. Бусдыг хайрлах нь хэцүү ч гэсэн үргэлж ач мэддэггүй үйл хэрэг биш гэдгийг Хюго мөн тодорхой хэлж, мөн хайраас хайр, нигүүлсэлээс энэрэх сэтгэл гардагийг Вальжан, Фошелевент хоёроор дамжуулан харуулжээ. Вальжан Фошелевентийг аврахаар үзэгчдийн дундаас үсэрдэг бол олон жилийн дараа Фошелевент Вальжаны эр зоригийн хариу болгож түүнийг Пети-Пикпус хийдэд хоргодохыг санал болгодог билээ. Уг романд хайр болон энэрэх сэтгэл нь бараг халдвартай бөгөөд нэг хүнээс нөгөөд дамжиж байгаагаар дүрслэгддэг. Мириэл Вальжаныг итгэл, сайхан сэтгэлээр өөрчилсний дараа Вальжан энэхүү хайр энхрийллээ Козеттэд шилжүүлж, Козеттийн Тенарьечуудын ялзарсан харгислалаас авардаг. Мариустай гэрлэснээр Козеттийн хайр биеллээ олдог бол тэдний бие биенээ хайрлах хайр нь Вальжаныг өнгөрсөн амьдралаа уучлахад хүргэж байна. 

Хюго романаараа 19-р зууны Францын шударга бус анги дээр суурилсан нийгмийн бүтцийг буруушааж, ийм нийгэм нь сайн, гэм зэмгүй хүмүүсийг гуйлгачин, гэмт хэрэгтэн болгож байгааг дахин дахин харуулсан. Хюго шинэчлэл хийх шаардлагатай 3 салбарт төвлөрдөг; боловсрол, эрүүгийн эрх зүй болон эмэгтэйчүүдэд хандах хандлага юм. Тэрээр харгис нийгэмд цөхрөнгөө барж, үхэж буй олон сайн боловч баларч гүйцсэн эмэгтэйчүүдийн симбол болсон Фантины дүрээр дамжуулан санааныхаа ихэнхийг гаргадаг ажээ. Язгууртан амраг Толомьес нь Фантиныг хаясны дараа тэрээр хууль бус хүүхэдтэй болж нэр төрд нь арилашгүй сэв суудаг. Үүнийгээ нуух гэсэн оролдлого нь боловсролгүй нь улмаас бүр баларч дуусдаг буюу Фантины өмнөөс захиаг нь бичдэг хүн уг нууцыг хот даяар дэлгэж орхидог билээ. Егөөтэй нь, Фантиныг самар самуун хэмээн үйлдвэрээс хөөх хүртэл тэр биеэ үнэлсээр л байдаг. Фантины дүрээр Хюго охидыг боловсролтой болгож чаддаггүй, Фантин шиг эмэгтэйчүүдийг хавчин хяхдаг мөртлөө Толомьес зэрэг эрчүүдийг хөхүүлэн дэмждэг нийгмийн хоёр нүүртэй байдлыг харуулжээ. Хюго хууль сахиулах байгууллагыг маш хүчтэй шүүмжилдэг. Вальжаны дүрээр Францын эрүүгийн эрх зүйн тогтолцоо энгийн талхны хулгайчийг гэмт хэрэгтэн болгон хувиргаж байгааг харж болно. 

Вальжан 19 жилийг гав гинжтэй өнгөрүүлсний үр дүнд зальтай, хэрцгий нэгэн болж байхад эсрэгээрээ Мириэлийн эелдэг зөөлөн байдлын нөлөө Вальжаныг бараг нэг шөнийн дотор өөрчилж зөв замд оруулж байна.  Вальжаны хүнд бэрх байдлын өөр нэгэн эсрэгцэл бол Парисын цагдаа нар Патрон-Минеттийн гэмт хэргийн бүлэглэлтэй харилцаж байгаа байдал бөгөөд Вальжанаас ялгаатай нь Патрон-Минеттийн бүлэглэл үлэмж тооны хулгай хийж, бүр хүн амины хэрэг үйлддэг жинхэнэ гэмт хэрэгтнүүд боловч тэдэнд хэдхэн жилийн хорих ял өгдөг. "Шоовдор хүмүүс" роман дахь Францын нийгмийн шударга ёс булингартай байдаг. Хамгийн муу хэрэгтнүүдийг шийтгэсэн болоод л өнгөрч байхад багахан гэмт үйлдэл гаргагч хүмүүсийн амьдралыг үгүй хийж байдаг. Хюго уг романдаа 18-р зууны сүүлч, 19-р зууны эхэн үед Францад болсон олон тооны хувьсгал, бослого, цааз авах явдлын нийгэмд үзүүлэх нөлөөг дүрсэлсэн. Наполеоны мандалт ба уналтаас Бурбоны хаант засаглалын сэргэлт ба уналтыг он цагийн дарааллаар өгүүлснээрээ Хюго уншигчдад улс төрийн үйл явдлууд өдөр тутмын амьдралд төгсөшгүй тодорхойгүй байдлыг өгч байсныг мэдрүүлнэ. Хэдий Хюго хаант засаглалаас илүүтэй бүгд найрамдах хөдөлгөөнийг таашааж байгаа ч 1789 оны Францын хувьсгалаас хойших бүх дэглэм нийгэмд тогтсон шударга бус байдлыг үр дүнтэй шийдвэрлээгүй, Францад тогтсон хатуу ангийн тогтолцоог арилгаагүй гэж шүүмжилдэг. Жишээлбэл, Хюго Ватерлоогийн тулалдааныг нарийн тодорхой дүрсэлсэн байдаг ч сүрлэг тулалдааны төгсгөлд нийгмийн хуучин зовлон зүдгүүр хэвээр байсаар байгааг уншигчдад сануулдаг. Үүний нэгэн адилаар бэхлэлт болсон тулалдаан баатарлаг хэдий ч үр дүнгүй байдаг; цөөхөн цэрэг үхсэн бол босогчдын ихэнх хядуулсанаас өөрөөр амжилт олсонгүй. Хюгогийн өмгөөлж буй хувьсгал бол шунал болон ялзарч доройтсон хуучин тогтолцоог энэрэн нигүүлсэхүйгээр сольсон ёс суртахууны хувьсгал юм. Хэдий Наполеон болон бэхлэлтэд байгаа оюутнууд Францын хаадуудаас илүүтэйгээр дээрх үнэт зүйлсэд ойрхон очсон ч хүчирхийллээр тулгаж болох үнэт зүйлс биш юм. Тиймээс ч Хюго Наполеон болон бэхлэлтэд байгаа оюутнууд хаант засаглал шиг амархан нурж унадаг гэдгийг харуулж байна. 

МОТИФ. "Шоовдор хүмүүс" романд өнчин хүүхдүүд болон энгийн бус бүтэцтэй гэр бүлүүд түгээмэл дүрслэгддэг нь тухайн үеийн Францын нийгэм, улс төр хичнээн буруу муухай байсны тод илрэл юм. Вальжан, Фантин, Козетт, Мариус, Гаврош, Понмерси, Гилленорманд нар бол эдийн засаг юмуу улс төрийн шалтгаанаар гэр бүл, хайртай хүмүүсээсээ салсан хүмүүс юм. Мариус, Понмерси, Гилленорманд нарт улс төрийн гамшигт нөлөө туссан байдаг бол нийгмийн тогтворгүй байдал болоод ядуурлаас болж Козетт, Вальжан, Фантин, Гаврош нарыг өнчирсөн. Гэр бүлийн амьдрал нь сүйрсэн, ганцаараа байхдаа илүү дээр байдаг Гаврошийг эс тооцвол эдгээр дүрүүд нь эцэг эхээсээ хагацсан ба тусламж хэрэгтэй үед хандах хүнгүй тул ганцаардмал, аз жаргалгүй байдаг. Романы хэд хэдэн дүр нууц нэрээр юмуу зүсээ хувиргах хэлбэрээр ажиллах ба энэхүү санаатай өөрчлөлтүүд нь гэмт хэргийн ертөнцийн онцлог байдлыг тодотгодог. Тенардье бол хамгийн том жишээ юм; романы нэгэн хэсэгт тэрээр Жондретт нэрээр зүсээ хувиргадаг ба тэрээр нэгэн зэрэг олон нууц нэртэй болохыг бид харж байна. 

Гэмт хэргийн амьдралаа үргэлжлүүлэхийн оронд өнгөрсөн амьдралаа нуун дарагдуулах гэж нууц нэр ашигладаг Вальжан нь өөрийн хувьссан эгодоо шигдэн амьдардаг. Вальжаны зүсээ хувиргасан нь Тенардье шиг нэр хүндээ алдсан хэрэг бус харин амь зуух гэсэн арга ба Козеттийг нөхөрт гарсны дараа Вальжаны хийсэн хамгийн анхны зүйл бол шинэ гэр бүлийнхээ өмнө хуурамч нэрээ хаях явдал юм. Нууц нэр, зүсээ хувиргах зэрэг нь романы баатруудын амьд үлдэх гэсэн оролдлого боловч  амьдрал нь зөвхөн тэсэж үлдэхээс илүү чухал гэж Хюго үздэг. Эцсийн эцэст, шударга дүрүүд болон гэмт хэрэгтнүүдийн хоорондох хамгийн ялгаа бол шударга дүрүүд өөрсдийн хувьссан эго-гоо хойш тавиад өөрсдийнхөө жинхэнэ төрхийг илчлэх хүсэл эрмэлзлэл юм. "Шоовдор хүмүүс" романд дүр нь амьдралын талаарх том сургамж авах үед энэхүү сургамж нь голдуу бие махбодийн сэхээрэлттэй хамт ирдэг. Вальжан хамгийн олон сэхээрэлтийг туулдаг ба тухай бүрд тэрээр хуучин ёс суртахууны доройтлоосоо холдож байдаг. Вальжан сэхээрсэн цор ганц дүр биш; Мариус бэхлэлтэд шархдаад.6 сарын дараа эдгэхдээ тэрээр хайранд автсан тулалдах гэж явж байсан хүнээс тэс өөр болсон байдаг. Хэдий тэрээр цоо шинэ хүн болоогүй ч өвөөтэйгөө эвлэрч, Козетт-тэй амжилттай янаглахаасаа өмнө зүйрлэлт үхлийг мэдрэх хэрэгтэй болдог. 

СИМБОЛ. Мириэлийн лааны суурь нь уг роман дахь энэрэх сэтгэлийн хамгийн тод симбол болдог бөгөөд үргэлж хайр, итгэл найдварыг авчирдаг гэрэл гэгээг илтгэнэ. Романы эхэнд Хюго гэрэл ба харанхуйг ашиглан ёс суртахуунтай иргэн Мириэл болоод хайрлах чадваргүй Вальжан хоёрын ялгааг онцлон харуулдаг. Мириэл Вальжанд мөнгөн лааны тавиураа өгөхдөө түүнд үнэнч шударга хүн болно гэж амлах ёстой гэж хэлснээр энэхүү гэрэл нь дамжуулагдаж байна. Хожим лааны тавиур нь Вальжаныг үүргээ биелүүлхийг нь сануулж байнга гарч ирдэг. Вальжаныг үхэх үед лааны суурь нүүрэн дээр нь тод гэрэлтдэг нь түүнийг хайр, энэрэх сэтгэлийн зорилгодоо хүрснийх нь симбол илэрхийлэл юм.

Comments