Иуда эмэгтэй байсан

 

 




La Bête Humaine (1938). Кино Эмиль Золагийн "Rougan-Macquart" цувралын ишлэлээр эхэлдэг буюу сайхь ишлэл нь гэр бүлийн үе дамжсан архидах өвчинтэй холбоотой энд өгүүлэх киноны баатрын хувь тавиланг онцолж буй билээ. Дашрамд уг кино Золагийн зохиолын нэгээхэн хэсгийг төлөөлдөг бөгөөд Золагийн натуралист фатализмын үндсэн сэдвээс хазайдаг билээ. Архидан согтуурах зуршилтай, согтохоороо толгойнд нь ямар нэгэн юм болохоо больж, улмаар эмэгтэйчүүдтэй харгис хэрцгий харьцдагаасаа болоод амьдралынхаа ихэнх хугацааг ажилдаа буюу галт тэргэнд өнгөрүүлэх Lantier бол төмөр замчин, галт тэрэгний жолооч юм. Галт тэргээ засах зорилгоор тэрээр Le Havre хотод зогсох ба энэ үеэрээ хуучин найз хүүхэн Flore-тэй уулзана.

Тэд төмөр зам даган алхаж явж байгаад тэврэлдэж, гэнэт Lantier хүүхнийг багалзуурдан аваад алдагийн даваан дээр хажуугаар нь галт тэрэг зөрж өнгөрсөнөөр ухаан орж хүүхнийг тавьдаг. Энд бид Lantier-г түр орхиод станцын орлогч дарга Roubaud болон түүний үзэсгэлэнтэй, хорон эхнэр Severine нартай танилцана. Хартай Roubaud эхнэрийгээ баян хөгшин загалмайлсан эцэгтэйгээ нууцаар явдагийг олж мэдэх бөгөөд загалмайлсан эцгийг галт тэргэнд явж байхад нь хутгалж хөнөөнө. Ингэхдээ станцын дарга хажуудаа Severine-г зориуд байлгаж хам хэрэгтэн болгосноор хажуудаа үүрд байлгах "эрхтэй" болж авна.  Гэтэл хоосон гэж санаж байсан тэр галт тэргэнд Lantier байж таараад зогсохгүй аллагын гэрч болчихно.

 Ингээд баларлаа гэж бодтол Lantier тэднийг цагдаад хэлж өгсөнгүй, бүр харин эсрэг мэдүүлэг өгч аварна. Lantier энэ байдлаа ашиглан Severine-тэй дотно болж авах агаад тэрээр хүүхэнд аль хэдийн дурласан бол хүүхэн ч угаасаа аальгүй тул тэгсгээд тэд янаг амрагууд болно. Харин Roubaud энэ үед хийсэн хэрэгтээ гэмшин сэтгэлийн зовлон эдэлнэ. Roubaud-ын ааш, төрх эрс өөрчлөгдөх болсонд айсан Severine нөхрийг нь алахгүй бол биднийг мөд алах нь байна гэж Lantier-д хэлнэ. Lantier эхлээд хатуу эсэргүүцэж байсан ч эцэстээ хүүхний үгэнд орж нөхрийг нь, өөрөөр хэлбэл даргыгаа алахаар шийддэг ч анхны оролдлогоороо л хийж чадашгүй гэдгээ ухаардаг.

 Уг явдлаас хойш Severine Lantier-аас бага багаар хөндийрч өөр нэгэн залуутай маасагнаж эхлэнэ, харин Roubaud бүр хүний тооноос гарсан байлаа. Галзуурах дөхсөн, угийн сэтгэлзүйн асуудалтай Lantier өөрийн гараар Severine-г хөнөөчихөөд галт тэргэндээ суун Парис руу явна. Замдаа тэрээр хамт ажиллагч найздаа юу хийснээ хэлээд найз руугаа дайрч алахыг завдах боловч гэнэт болиод галт тэрэгнээс үсрээд амиа егүүтгэж үхдэг. Францын аугаа кино найруулагч Jean Renoir 1937 онд Grand Illusion болон 1939 онд The Rules of the Game бүтээлүүдээ хийсэн он жилүүдийнхээ хооронд буюу 1938 онд Эмиль Золагийн "Bete Humaine" хэмээх сургаальт зохиолыг олон талт, хар бараан сэтгэлзүйн драм жанрын кино болгон өргөжүүлсэн нь өнөөдөр анхны нуар жанрын киноны нэг гэж үзэхэд хүргэдэг ажээ. Энэхүү яруу найраглаг реализм нь ажилчин ангийн цөхөрсөн хатуу хөдөлгөөнийг багтааж, уг үйл явц дотор ажилчин ангийн тэмцлийн дүр төрхийг бий болгосон ба TSPDT сайт уг киног бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 885-р байрт жагсаажээ. Киноны гол дүрүүдэд алдарт Jean Gabin, Simone Simon нар тоглосон. Jean Gabin галт тэрэгтэй кинонд тоглохыг хүсчээ.

 Ингээд тэрээр кино зохиол бичиж, киногоо Jean Gremillon-оор найруулахыг хүсчээ. Харин Gremillon кино зохиол таалагдсангүй, оронд нь Золагийн "La Bete Humaine" зохиолыг кино болго гэж зөвлөсөн байдаг аж. Gabin 1937 онд Jean Renoir-ын Grand Illusion амжилттай тоглоод байсан учир Gremillon-г халаад Renoir-той хамтрахыг илүү үзсэн байдаг. Renoir саналыг зөвшөөрөөд 8-15 хоногийн дотор кино зохиолыг бэлэн болгосон. Renoir кино зохиолоо бичиж байхдаа Золагийн зохиолын уншаагүй 25 жил болсноо хүлээн зөвшөөрсөн байдаг; "зураг авалтын үеэр би Зола руу илүү ойртохын тулд зохиолоо байнга өөрчилж байсан" гэж хэлсэн байдаг. Мөн тэрээр цааш нь "Simone Simon-д өгсөн миний текст бараг бүхэлдээ Золагийн бичвэрийн хуулбар байсан. "Би маш хурдтай ажиллаж байсан, юуг ч орхигдуулахгүйн үүднээс шөнө болгон Золаг уншдаг байсан" гэж Renoir хэлсэн буй.   

 Бүх цаг үеийн хамгийн нөлөө бүхий кино найруулагчдын тоонд зүй ёсоор ордог Jean Renoir нь мөн эрч хүчийг төгс дүрслэгч гэдгээрээ алдартай байлаа. Түүний кинонууд хуманист шинжээрээ онцгой. Andre Bazin түүнийг "хамгийн аугаа уран зөгнөлийг, хамгийн аугаа реалзимыг нэгэн зэрэг илэрхийлэгч" гэж хэлсэн байдаг. Жүжигчин Jean Gabin дүрдээ бэлтгэж галт тэрэгний жолооч хийж байсан ажээ. Кино дээрх галт тэрэг, техник технологи нь хувь тавилан, фатализм ажиллаж байгааг харуулж байна. Машин техник нь үр ашигтай, дэвшилттэй зүйл ч энэ кинонд Америкийн индивидуализмыг, шинэ хот, зах хязгаар болон хязгаарлагдмал байдлыг төлөөлнө. Billy Wilder-ын Double Indemnity болон Alfred Hitchcock-ын хэд хэдэн кинонд галт тэрэг нь зайлшгүй ирэх үхэл, мөхлийг илтгэнэ. Жишээлбэл, Alfred Hitchcock-ын Rope (1948) киноны байрны архитектор нь галт тэрэгний бүтэцтэй байдаг билээ. 

Уг кино нь нуар жанрын анх үүсгэсэн гэдгээрээ дээрх мотифийн хойшдын хөгжилд голлох үүрэг гүйцэтгэсэн болж байна. Renoir-ын галт тэрэг ингээд зогсохгүй ба түүний ажилчин ангийн дүрүүд үүнтэй холбогдож, Золагийн натурализмд үнэнч байхын тулд төмөр зам нь ийм амьдралын хэв маягийг бий болгодог гэсэн хурцадмал байдлыг тусгаж байна. Lantier галт тэрэг дээрээ ахмад шиг байж, галт тэргийн зүтгүүрээ эмэгтэй хүний нэрээр нэрлэж, галт тэргэндээ татагддаг тухайгаа яг л романтик яруу найрагч шиг өгүүлдэг. Галт тэрэг хэдийгээр түүнийг тайвшруулдаг ч өмнө архичин байсан үеийн түгшүүр айдсыг нь илэрхийлсээр байдаг ба эцэстээ тэрээр галт тэргэнд зорчигчийн хувиар явж байгаад аллагын гэрч болоод зогсохгүй энэ нь амийг нь авч оддог билээ. Найруулагч Peter Bogdanovich-ын хэлснээр айдас, түгшүүр нь Renoir-ын хэв маяг биш, харин тус киногоо бүтээхийн тулд айдас, түгшүүрийн аргыг ашиглажээ. Мөн дайны өмнөх гэмт хэргийн тухай киноны хувьд айсуй фашизмыг илэрхийлсэн гэж үздэг. Lantier Severine хоёрын анх уулздаг, цаашлаад цагдаагийн галт тэргэнд болж буй хэсгийг Агата Кристийн хэв маягаас зээлдсэн гэж үздэг бол Severine дүр нь эхэн үеийн femme fatale дүр болох нь эргэлзээгүй болой.              

Comments