Залуу насны гоо үзэсгэлэн, эсэргүү зан, эрч хүч болоод гэнэн цагаан чанарыг дэлгэцнээ төгс гаргаж ирсэн Америкийн жүжигчин Natalie Wood бол маргаангүй кино урлагийн хамгийн үзэсгэлэнтэй авъяастнуудын нэг байсан билээ. Бүхий л амьдралаа кино урлагт зориулсан Natalie 4 Алтан бөмбөрцөгийн шагнал хүртэж, Оскарт 3 удаа нэр дэвшиж байсан ба дөнгөж 43 настайдаа учир битүүлгээр амиа алдсан. Ингээд гайхалтай бөгөөд эмгэнэлтэй Орос сарнай буюу Natalie Wood-ын замналыг толилуулж байна. Natalie Wood буюу Natalie Nikolaevna Zakharenko 1938 оны 7-р сарын 20нд San Francisco хотод балетчин Maria Stepanovna Zudilova, хаалгач Nikolai Stepanovich Zakharenko нарын охин болон төржээ. Natalie_ын аав нь Оросын иргэний дайны үед большевикуудын эсрэг дайтаж явсан шоколадны үйлдвэрийн ажилчин байв. Харин өвөө нь 1918 оны ухаантнууд ба цагаантаауудын гудамжины тулаанаар амь үрэгдсэн байдаг аж.
Намтар судлаач Warren Harris-ын үзэж буйгаар Maria өөрийнхөө биелээгүй хүсэл мөрөөдлөө охиндоо шилжүүлсэн байх магадлалтай аж. Ээж нь бяцхан Natalie-г дагуулан кино театрт олонтоо очдог байсан, Natalie-ын цорын ганц мэргэжлийн сургалт бол холливуудын оддыг ээжийнхээ өвөр дээрээс үзэж суралцах байсан гэдэг. Natalie хожим энэ талаараа дурсахдаа " Paramount-ын киноны төгсгөлд зураглаач дурангаа үзэгчид руу харуулахад ээж маань энэ бол чиний зургийг авч байгаа хэрэг, чи инээмсэглэж, пооз ав гэдэг байсан, би ээжийнхээ хэлсэн бүхэнд итгэдэг байсан" гэж хэлж байж. Natalie San Francisco-д төрсний дараахан гэр бүлээрээ Santa Rosa руу нүүжээ. Santa Rosa хотод болж байсан зураг авалтын үеэр кино багийн нэг гишүүн Natalie-г олж анзаарсан бөгөөд удалгүй ээж нь охиныхоо жүжигчиний замналыг эхлүүлэхийн төлөө Los Angeles хот руу гэр бүлээрээ нүүжээ. Ингээд Natalie бага балчираасаа жүжигчиний замналаа эхлүүлж, түүнтэй гэрээлсэн RKO студийн захиралууд Sam Wood кино найруылагчаас санаа аваад нэрийг нь Natalie Wood болгон өөрчилжээ. Natalie-ын охин дүү Lana Wood бас алдартай жүжигчин болсон байдгийг дашрамд дурдах нь зүйтэй болов уу. 5 насныхаа төрсөн өдрөөс хэдхэн долоо хоногийн өмнө 1943 онд Natalie Happy Land киноны жижигхэн хэсэгт тоглов. Хэдий богинохон хэсэг байсан ч найруулагч Irving Pichel-ын анхаарлыг татсан ба охиныг нь Los Angeles хотод сонгон шалгаруулалтад оруулахыг хүссэн мэдээ Maria-г хэмжээгүй жаргалд автуулж, Natalie-ын аав эсэргүүцэж байсан ч Maria-ын охиноо од болгох туйлын хүсэл нь дийлэн гарчээ. Natalie 7 настайдаа дэлхийн хоёрдугаар дайны дараах Германд амьдарч буй өнчин охины тухай өгүүлэх Tomorrow Is Forever кинонд Orson Welles-ын хамтаар тоглосон. Natalie уйлж чадахгүй байх үед ээж нь түүнийг уйлуулахын тулд нүдэн дээр нь эрвээхэй тасдан хаядаг байсан ба хожим Orson Welles "Natalie бол төрөлхийн жүжигчин хүн байсан" хэмээжээ. 1947 онд тэрээр Pichel-ын The Bride Wore Boots болон Gene Tierney-ын хамтаар The Ghost and Mrs. Muir гэсэн кинонуудад тоглов. 1947 онд тэрээр Maureen O'Hara-тай хамт Miracle on 34th Street кинонд тоглосон нь хүүхэд насных нь хамгийн алдартай бүтээл гэгдэх болсон агаад Natalie киноныхоо ачаар нэгдсэн улсын хамгийн алдартай хүүхдийн нэг болж, харин эдүгээ тус кино нь зул сарын классик гэгдэх болжээ.
Энэхүү амжилтынхаа дараа тэрээр хэд хэдэн гэр бүлийн тухай кинонд тоглосон; тухайлбал James Stewart-ын хамт 1950 онд The JackPot болон Bette Davis-ын хамт 1950 онд The Star зэрэг олон кинонд тоглохдоо голдуу гол дүрийн хүүхдийн дүрийг бүтээж байлаа. Natalie бүр балчир наснаасаа жүжигчин болсон тул анхан шатны боловсролоо студийн зүгээс авдаг байв. California-ын хуулиар жүжигчин хүүхэд 18 нас хүртлээ өдөрт дор хаяж 3 цагийг боловсролд зориулах ёстой бөгөөд Natalie онц сурлагтан байсан, ялангуяа арифметиктай гарамгай хүүхэд байсан гэдэг. Найруулагч Joseph L. Mankiewicz "Би бүхий л амьдралаа кино урлагт зориулсан, гэхдээ хэзээ ч Natalie шиг ухаалаг дэгжин охинтой учирч байгаагүй" гэж хэлсэн байдаг. Natalie тэр үеэ дурсан санахдаа "кино багийнхан миний хичээл дуусахыг хүлээж байгааг мэдэх үедээ би үргэлж өөрийгөө буруутай мэт боддог байлаа, багш явангуут л би зураг авалтын талбай руу хамаг хурдаараа гүйдэг байсан" гэжээ. Natalie-ын ээж охиныхоо замналын эхэн үед чухал үүрэг гүйцэтгэсээр байсан буюу Natalie агентуудтай болсон ч гэсэн ээж нь охиныхоо менежер, дасгалжуулагчаар ажилласаар л байлаа. Natalie-г 9 настай байхад Parents сэтгүүл оны хамгийн сэтгэл хөдөлгөм өсвөр насны кино одоор шалгаруулж байв. 1953-1954 оны хооронд тэрээр багагүй тооны телевизийн цувралд тоглосноос гадна 1955 онд The Silver Chalice ба One Desire бүрэн хэмжээний кинонуудад тоглов. 1955 онд алдарт найруулагч Nicholas Ray-ын эсэргүү өсвөр насны залуусын тухай өгүүлэх Rebel Without a Cause кинонд James Dean-ын хамтаар тоглож шуугиан тарив. Natalie эл бүтээлээрээ Оскарын наадмын шилдэг эмэгтэй туслах дүрийн шагналд нэр дэвшсэн ба тэрээр хожим "энэ бол миний анхны эцэг эхээсээ зөрж, яг өөрийнхөө хүссэн дүрийг авсан кино байсан" гэж хэлсэн буй. Дараа жил нь тэрээр домогт John Ford-ын The Searchers кинонд жижиг ч чухал дүр бүтээсэн. Харин A Cry in the Night кинонд гол дүр бүтээжээ. 1956 онд Natalie Van Nuys их сургуулийг төгссөн.
Дараа нь Warner brothers-той гэрээ байгуулсанаар олон кинонд найз охины дүр бүтээсэн ч хожим үүндээ сэтгэл дундуур үлдсэн байдаг. Тухайн ондоо Top Hunter-тэй хамтран 2 кинонд тоглосон боловч амжилт олоогүй. Судлаачид түүнийг Rebel Without a Cause, Searchers, Morningstar кинонуудаараа жүжиглэх чадварынхаа цар хэмжээг харуулсан гэж үзээд энхрий зөөлөн охины дүрийг 1950-аад оны залуусын омголон чанартай хослуулсан өвөрмөц тоглолтыг үзүүлж байна хэмээн онцлох болсон. 1958 онд Frank Sinatra-тай хамт Kings Go Forth кинонд тоглосон бол 1960 онд Cash McCall кинонд тоглов. Тухайн онд All the Fine Young Cannibals кинонд тоглосон нь амжилтгүй болсоноор Natalie эрч хүчээ алдсан ба хүүхэд насных нь тогтвортой байсаар ирсэн замнал энэ үеэс ганхаж, унаж босох болов. Намтар судлаачдын үзэж буйгаар Natalie-ын замналын эргэлтийн цэг Elia Kazan найруулагчийн A Streetcar Named Desire киног үзсэнээс эхэлжээ. Natalie эл бүтээлийг үзээд өөрчлөгдсөн, тэр Elia Kazan-ын найруулга, Vivien Leigh-ын тоглолтыг шүтсэн ба Vivien Leigh-г даган дуурайх моделоо болгожээ. Баахан олиггүй киноны дараа түүний замналд шийдвэрлэх үе ирэв. Natalie Elia Kazan-ын Splendor in the Grass бүтээлд Warren Beatty-тэй хамтран тоглов. Kazan хожим түүний талаар "кино урлагийн "мэргэдүүд" түүний тархийг угаасан байсан" гээд цааш нь; би түүнийг харахад цөхрөнгөө барсан залуухан эхнэр харагдсан, би түүнтэй чимээгүйхэн, илүү хувийн байдлаар ярилцсан, би түүнд байгаа материал, түүний доторх хүнийг олж мэдэхийг хүссэн. Тэр надад сэтгэлзүйн эмчилгээнд явж байгаагаа хэлсэн" гэжээ. Natalie Kazan-ын кинонд тоглосноор замналаа эргүүлэн сэргээв.
Тэрээр өмнөх үеийнхээ хүүхдийн гэнэн цайлган дүрээс давсан илүү боловсорсон, авъяас шаардсан дүрд тоглож чадна гэдгээ мэдэрч байлаа. Kazan түүнийг кинондоо тоглуулах болсон шалтгаанаа "түүний зан чанараас нийгмийн дарамтад автсан, жинхэнэ үнэнч чанарыг олж харсан бөгөөд тэр нүдээрээ ямар нэгэн юмнаас зуурдаг, энэ чанар бол онцгой сэтгэл татам" хэмээжээ. Method жүжиглэх техникт хэзээ ч суралцаж байгаагүй Natalie-ын хувьд Kazan-тай хамтран ажилласанаар замналынхаа хамгийн оргил сэтгэл хөдлөлд хүрч чадсан буюу Splendor in the Grass киногоороо тэрээр дотоод чөтгөртэйгөө нүүр учирсан гэдэг. Kazan-г түүнийг дахин нээсэн шидтэн гэж судлаачид дүгнэснээс гадна тэдний хамтралыг төгс буюу ийм үзэсгэлэнтэй бүсгүйгээс тийм гайхамшигтай тоглолтыг гаргаж чадсан эрхэм гэж магтаж байжээ. Natalie тус киногоороо Оскарт нэр дэвшээд Алтан бөмбөрцөгийн шилдэгээр шалгарсан. Түүний дараагийн кино нь 1961 оны Jeremy Robbins ба Robert Wise нарын домогт мюзикл West Side Story байлаа. Кинонд тэрээр Пуэрта Рикогийн омоглон охины дүрийг бүтээв. Судлаачид түүний энэхүү дүрийг нь Rebel Without a Cause киноных нь дүртэй харьцуулдаг буюу энэ хоёр кино 1950аад оны Америкийн залуусын уур хилэн, залуу насны танхайрал, өсвөр насныхны алдаа бурууг рок н ролл хөгжмийн хамт үзүүлдэг ба мөн энэ кинонууд бол модерн Ромео, Жульетта юм гэжээ. West Side Story түүний замналын сор ажлын нэгээр нэрлэгддэг бол кинон дээр түүний дуулдаг хэсгийг Marni Nixon гэгч ам барьж дуулжээ.
1962 оны Gypsy кинонд Natalie анх удаагаа дуулжээ. Шүүмжлэгчид түүнийг "Холливуудын бүтээсэн хамгийн энгийн төрхтэй бүсгүй" гэж нэрлэж байв. 1964 онд, 25 насандаа тэрээр Love with the Proper Stranger кинонд бүтээсэн дүрээрээ 3 дахиа Оскарын наадмын шилдэгт нэр дэвшив. Ингэснээрээ тухайн үедээ хамгийн залуудаа Оскарт 3 удаа нэр дэвшсэн хүнээр Teresa Wright-ын хамтаар нэрлэгдэх болсон ч хожим уг амжилтыг Jennifer Lawrence, Saoirse Ronan хоёр эвджээ. Natalie дараагийн хоёр жилд Tony Curtis-ын хамт Sex and the Single Girl болон Jack Lemmon, Peter Falk нартай The Great Race гэсэн комдеи кинонуудад тоглов. Зарим кинонд тоглоход түүний Орос хэл жинтэй нэмэр болж байсан гэдэг. 1965 онд Inside Daisy Clover, 1966 онд This Property Is Condemned кинонд тоглов, түүний талаар нэрт найруулагч Sidney Pollack "Natalie зөв дүрдээ тоглолоо л бол түүнээс илүү хэн ч байхгүй" гэж хэлж байв. Энэ үеэр Natalie сэтгэл гутралд автаж, мэргэжлийн эмчилгээнд хамрагдах болов. Тэрээр Warner bros.-той гэрээгээ цуцлаад агент, хуульч, менежер гэх мэт бүх туслах багаа халсан байдаг. 1960аад оны дунд үе гэхэд холливуудад 3 том эмэгтэй жүжигчин байсан; Elizabeth Taylor, Audrey Hepburn болон Natalie Wood юм. Хэдий тэрээр олон амжилттай кинонд тоглож байсан ч давхар шүүмж их сонсож байлаа. 1966 онд The Harvard Lampoon түүнийг оны хамгийн муу жүжигчнээр тодруулж, харин Natalie уг шагналыг биеэрээ очиж авсан анхны хүн болж байв.
Тухайн ондоо Penelope хэмээх кинонд тоглож бүтэлгүйтсэнээр 3 жилийн хугацаанд амралт авлаа. 1969 онд сексийн эрх чөлөөний тухай Bob and Carol and Ted and Alice комеди жанрын киногоороо эргэн ирлээ. 1970 онд тэрээр жирэмслэж анхны хүүхдээ төрүүлсэн ба үүнээс хойш тэрээр хагас зодог тайлсан маягтай байж үе үе л кинонд тоглох болов. 1973 онд Affair телевизийн кинонд тоглосон бол 1976 онд Cat on a Hot Tin Roof бүтээлд тоглов. 1975 онд Peeper бүрэн хэмжээний кинонд Michael Caine-тай хамтран тоглосон. Ингээд дахин завсарлага авсны дараа 1979 онд Meteor гэх секс комеди кинонд Sean Connery-ын хамтаар тоглосон ч кино өүтэлгүйтэв. Natalie жүжигчин Robert Wagner-тай хоёр ч удаа гэрлэсэн. Анхных нь 1957 онд тохиож, 1962 онд хосууд салсан байдаг. Natalie салсныхаа дараа Warren Beatty, Michael Caine нартай болзож байгаад 1965 онд нэгэн гутлын үйлдвэрийн эзэнтэй сүй тавьсан. 1969 онд тэрээр Их Британий продюсер Richard Gregson-той хуримлаж, 1972 онд дахиад л салжээ. California-ын засаг дарга Jerry Brown-той богино хугацаанд романс үүсгэснийхээ дараа Natalie Wagner-тай эргэн нэгдэж сүр дуулиантай хоёрдахь хуримаа хийв. 2013 онд чөлөөндөө гарсан FBI-ын ажилтан Donald Wilson гэгч хүн 1973-1977 оны хооронд Natalie-тай явалдаж байсан гэдгээ олон нийтийн хэрэгслэлээр зарласан. Suzanne Finstad гэх намтар судлаач 2001 онд гаргасан Natalie-ын намтар номондоо Natalie 16 настайдаа нэр бүхий алдартай жүжигчид хүчиндсэн тухай бичиж шуугиан тарив. Харамсалтай нь Natalie-ын дотно найзууд үүнийг гэрчилсэн ба нэр бүхий алдартай жүжигчдийн дунд Dennis Hopper, Scott Marlowe нар байлаа. 45 жилийн дараа Natalie-г нас барсны хойно түүний дотно 5 найз Natalie-г гэр бүлтэй холливуудын од жүжигчид хүчиндэж, зэрлэгээр зодсон тухай олон ил болгов. Natalie уг явдлын ихээхэн нууцалж байсан агаад дараа нь шүтдэг байсан одынхоо нэрийг сонсоод л дагжин чичирч, үзэн ядах болсон гэдэг.
Natalie-ын дүү Lana Wood мөн үүнийг
баталж, уг хэрэгт Kirk Douglas оролцсон гэж үзсэн бөгөөд профессор Cynthia
Lucia-ын хэлсэнээр Natalie-г нүд халитрам хэрцгийлэн хүчиндсэн байсан гэдэг.
Natalie нөхрийнхөө моторт завиар Santa Catalina арал руу Brainstorm киноны
зураг авалтандаа орохоор явж байхдаа учир битүүлгээр нас барсан байдалтай
олдсон ба тэрээр 43 настай байв. Тэрээр живж үхсэн байдалтай олдсон ч олон
нөхцөл байдал одоо ч тодорхойгүй хэвээр байна. Wagner унтахаар хэвтэхэд Natalie
орондоо байгаагүй гэж мэдүүлсэн байдаг. Задлан шинжилгээний дүгнэлтэд түүний
гар, бие нь хөхөрсөн, хацар нь зулгарсан болох нь тогтоогдсон ч гэмтэл хэзээ,
хэрхэн үүссэн талаар тодорхой мэдээлэл байдаггүй. Хожим Wagner Natalie-г үхдэг
өдрийн үдэш түүнтэй хэрэлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн байдаг. Мөн задлан
шинжилгээгээр Natalie-ын цусан дахь спиртийн агууламж 0.14% байсан
тогтоогдсоноос гадна өвчин намдаах эм уусан болох нь тогтоогджээ. Шүүх эмч нар
түүнийг согтуу байсан тул хальтарч унаад улмаар живсэн гэж дүгнэсэн. Харин дүү
Lana нь эгчийгээ сэлж чаддаггүй байсан, бүх насаараа уснаас айж ирсэн, хэзээ ч
ганцаараа завиар явахгүй гэж хэлж байв. Цогцсыг олсон газрын ойролцоо байсан
хоёр гэрчийн мэдүүлгээр бол шөнийн турш эмэгтэй хүн тусламж гуйн хашгирахыг
сонссон байдаг. Natalie-г Los Angeles хотод оршуулсан ба оршуулганд нь Frank
Sinatra, Elizabeth Taylor, Gregory Peck, Gene Kelly, Elia Kazan нарын одод
оролцжээ.
Comments
Post a Comment