Камертай хүмүүс буюу шилдэг зураглаачид

 




Хүмүүс сайн зураг авалтыг "гоо үзэсгэлэн" гэж андуурдаг ~ Roger Deakins. Кино зураглал үргэлж киноны хэл байж ирсэн, кино зураглаачид нь үргэлж дүрслэх орчныг өндөрт өргөж ирсэн яруу найрагчид байсан билээ. Кино зураглаачид гэдэг дүрслэлийн өгүүлэмжийг онцгой түүхтэй холбох шинэлэг арга барилыг бүтээж, үүгээрээ цэвэр ид шидийн агшинуудыг бий болгодог артистууд юм. Эдгээр кино урлагийн аваргуудад хүндлэл үзүүлж, кино урлагийг анх бий болсон цагаас эхлэн анхдагчдаас хувьсгал өөрчлөлтийг энэхүү урлагт авчирсан, нэг үгээр кино урлагийг өөрчилсөн манай гаригийн хамгийн шилдэг 10 кино зураглаачийг товч танилцуулж байна.

Жагсаалтад ороогүй боловч алдар цуутай кино зураглаачид бол James Wong Howe, Vilmos Zsigmond, Christopher Doyle нарын эрхмүүд хаана байна, яагаад оруулсангүй гэж та эсэргүүцэж болох ч эдгээр доор жагсаасан (эрэмбэлээгүй, он дарааллаар нь оруулав) эрхмүүд бол ямар ч эргэлзээгүй бүх цаг үеийн шилдэг кино зураглаачид юм. Тэд сая сая хүмүүсийг камертай нөхөрлүүлж, ертөнцийн гоо сайхныг камертаа буулгах урам зориг өгсөн билээ. Алдарт кино зураглаач Kazuo Miyagawa "Шовагийн эринд мэргэжлийн, судлах техникийн бичиг баримт байдаггүй байлаа, зураглаачид суралцахын ахмад үеийнхнийхээ техникийг хулгайлахаас өөр аргагүй байдаг байв. Гэхдээ би өөрийнхөө зураг авалтыг сайжруулахыг хүсч, зөвхөн Miyagawa-ын гэх хэв маягийг бий болгохыг хүссэн. Ингэхийн тулд ганц л арга байсан нь маш их кино үзэж, судлах юм. Би тоо томшгүй олон гадаадын кино үзэж анализ хийдэг байсан" гэж нэгэнтээ хэлж байж. Тэрээр нэмж хэлэхдээ "технологийн систем өөрчлөгдөж болох ч дүрслэлийн илэрхийлэмж өөрчлөгдөхгүй. Механик үйлдэл ямар нэгэн зүйлийг, тэр дундаа кино зураглалыг бий болгож чадахгүй. Хүн үүнийг зүрх сэтгэлээсээ бүтээх ёстой. Киноны кадр бүрт кино багийнхны ур ухаан, хүсэл тэмүүлэл шингэсэн байдаг. Кино урлагийн артистик мөн чанарыг өнөөг хүртэл дэмжиж ирсэн зүйл бол кадр болгонд сэтгэлээ зориулж буй кино багийнхны харилцаа юм" гэжээ. Энд танилцуулах 10 камертай эрхэм таны кино урлагийг, кино зураглаачийн гайхалтай ажлыг илүүтэй ойлгоход дөхөм болох буйзаа.

 


Billy Bitzer (1872 -1944). Америкийн кино зураглаач Billy Bitzer үргэлж кино зураглаачийн хувьсгалын анхдагчдын нэгээр дурсагдана. Түүний D. W. Griffith-тэй хамтран бүтээсэн "The Birth of a Nation" (Bitzer өөрийнхөө мөнгөнөөс уг киноны төсөвт өгч байсан), "Intolerance"  зэрэг кинонуудыг кино урлаийнг нялх үеийн хамгийн оргил бүтээлүүдийн жишээ гэж бүгд хүлээн зөвшөөрдөг. Bitzer замналынхаа туршид туршилт хийж, шинийг бүтээсээр байсан. Түүний камерийн техник ирээдүйн кино зураглаачын гарын авлага болсон ба тэрээр уусгах, айриш кадр зэргийг зохион бүтээсэн ажээ.


Gregg Toland (1904 - 1948). Orson Welles-ын "Citizen Kane", William Wyler-ын "The Best Years of Our Lives" болон John Ford-ын "The Grapes of Wrath" зэрэг шедеврээрээ Gregg Toland аугаа кино зураглаачдын сэнтийд өөрийн суудлаа бататгасан. Тэрээр бидний эргэн тойрон бидний нүдэнд хэрхэн харагддагыг харуулахын хоёр хэмжээст хүрээн дотор орон зайг бий болгохын тулд гэрэл, сүүдрийг туршиж, үүгээрээ хувьсгал хийсэн юм. Toland "би кино зураглаач байх дуртай. Киноны продакшныг бүрдүүлдэг бүх хүмүүсээс өөрийгөө чөлөөтэй сэтгэлгээтэй гэж хэлж чадах цорын ганц хүн бол зураглаач юм. Тэр бол мэдээж хамгийн бага хориглогдсон хүн. Продюсер, найруулагч, эвлүүлэгч, жүжигчид бүгд бие биенийхээ бүтээлч сэтгэлгээг шалгаж байх үүрэгтэй байдаг"


Freddie Young (1902 - 1998). Их Британий кино зураглаач Freddie Young нь David Lean-ын "Lawrence of Arabia", "Doctor Zhivago" болон "Ryan's Daughter" гэсэн гурван киногоороо Оскарын шилдэг зураглаачийн шагнал хүртсэн байдаг. CinemaScope-д кино хийсэн анхны Их Британий кино зураглаач Young замналынхаа туршид 130 гаруй төсөл дээр ажиллаж, үе үеийн кино бүтээгчдэд нөлөөлсөн. Нэг удаа Steven Spielberg түүн дээр очоод "Lawrence of Arabia" кинон дээрх гайхалтай ажиллагаа тань намайг кино урлагт хөл тавихад түлхэц өгсөн гэж хэлж байжээ.


Kazuo Miyagawa (1908 - 1999). Японы кино зураглаач Kazuo Miyagawa-г мастер Akira Kurosawa-тай хамтран олон шедевр кино бүтээснээр нь дэлхий мэднэ. Түүний "Rashomon" кинон дээрх замтай кадрыг өнөөг хүртэл кино урлагийн оюутнууд судлан үздэг. Мөн тэрээр Kenji Mizoguchi, Yasujiro Ozu зэрэг Японы аваргуудтай хамтран ажилласан. Германы экспрессионизмаас урам зориг авсан Miyagawa кино урлагийн чиглэлээр замналаа үргэлжлүүлэхээр шийдсэн агаад асар нөлөө бүхий артист болжээ. Тэрээр мөн бүдгэрсэн тойруу гэгддэг хувьсгалт техникийг зохион бүтээгч гэж үздэг. Miyagawa "би кинонд маш их дуртай болохоор амьдралынхаа 60 жилийг кино зураглахад зориулсан. Зураглаачийн ажил гэдэг камертайгаа нэгдэж, түүнтэйгээ хамт бүжиглэж тухайн субьектийг буулгаж авах явдал юм. Өөрөөр хэлбэл, энэ ажил биеийн хүчний ажил шаарддаг"

 


Jack Cardiff (1914 - 2009). Их Британий кино зураглаач Jack Cardiff кино урлагт гарсан технологийн дэвшлийг дагаад артист болж хөгжсөн. Дуугүй киноноос эхлэн ажилласан тэрээр кино өнгөтэй болоход хүртэл чадварлаг шилжиж чадсаныхаа ачаар замналынхаа төгсгөлд хүндлэгдсэн кино зураглаач болжээ. Тэрээр Alfred Hitchcock, John Huston, Powell болон Pressburger зэрэг суутнуудтай хамтран ажиллаж байсан бөгөөд "Black Narcissus", "A Matter of Life and Death" гэх мэт үлгэрийн мэт өнгөт кинонуудын зураг авалтаараа алдартай. Тэрээр нэгэн ярилцлагадаа уран зурагт дурлах нь өөрийнх нь кино урлагийг харах байдалд хэрхэн нөлөөлсөн талаар "уран зургаас миний олж авсан хамгийн чухал зүйл бол гэрэл байсан. Гэрэлтүүлгийн үүрэг бол чухал хэсэг юм. Тиймээс үүнийг задлан шинжилж, юу сайн харагдаж байна, юу болж байна гэдгийг тодорхойлоход хялбар байдаг. Цорын ганц ялгаа нь кино бол тунгалаг буюу ил тод байдаг, харин холливууд бүгдийг дур булаам, гял цал харагдуулдаг тул арын гэрэлтүүлэг их ашигладаг" гэж хэлжээ.


Sven Nykvist (1922 - 2006). Шведийн кино зураглаач Sven Nykvist бол бүх бүх цаг үеийн хамгийн аугаа кино найруулагчдын нэг Ingmar Bergman-ын хамтрагч байсан манай гаригийн хамгийн сор кино зураглаач гэдгээрээ дэлхийд алдартай. Тэднийг мөрөөдлийн баг гэж нэрлэдэг бөгөөд тэд олон шедевр хамтран бүтээснээс "Fanny and Alexander" киногоороо Sven Nykvist Оскар хүртсэн байдаг. Nykvist, Bergman хоёр яагаад тийм олон сайн кино хийсэн бэ гэвэл тэдний уран бүтээхүйн төсөөлөл, хараа болоод техникийн элдэв хэв маягаас илүүтэй энгийн натурилзм, нягт нямбай байдлыг адилхан эрхэмлэдэг байсантай холбоотой юм. Алдартай зураглаач маань мөн Woody Allen, Roman Polanski, Louis Malle зэрэг томчүүдтай хамтран ажиллаж байв. 2003 онд түүнийг олон улсын кино зураглаачдын холбооноос бүх цаг үеийн хамгийн нөлөө бүхий 10 зураглаачийн тоонд оруулсан.


Gordon Willis (1931 - 2014). Харанхуйн Хунтайж гэгддэг Нью Иоркоос гаралтай Gordon Willis-ын ажлуудыг "дүрслэлээр хүүрнэх үеийн хамгийн чухал артист", "1970-аад оны кино урлагийг тодорхойлогчдын нэг" гэж үздэг бөгөөд ёс суртахууны хоёрдмол байдлыг гэрэл, сүүдрийг чагтласан хурц нарийн найруулгаараа нэгэн аравныг ноёлсон. Олон улсын кино зураглаачдын холбооноос түүнийг түүхэн дэх хамгийн нөлөө 10 кино зураглаачдын нэгээр нэрлэсэн. Francis Ford Coppola-ын "The Godfather" трилоги, Woody Allen-ын 8 бүтээлд тэрээр ажиллажээ. Francis Ford Coppola  түүнийг "Willis сэргэн мандалтын үеийн артистаас ялгаатай нь, тэр гоо үзэсгэлэн, бүтцийн талаарх төрөлхийн мэдрэмжтэй" гэж хэлж байжээ.


Vittorio Storaro (1940 -). Италийн кино зураглаач Vittorio Storaro-ын зураглал яагаад тийм сэтгэл татам байдгийг бид "The Conformist", "Apocalypse Now" болон "The Last Emperor" бүтээлүүдээс нь харж болно. Storaro-ын кино зураглаачийн арга барилд Гётегийн өнгөний онол ихээхэн нөлөөлсөн байдаг ба өнгө бол бидний ертөнцийг ойлгох сэтгэлзүйтэй гүн гүнзгий холбоотой ажээ. Шилдэг зураглаачаар 3 удаа Оскарт өнгөлсөн Storaro маргаангүй энэ жагсаалтад багтах эрхтэй. Storaro "хүссэн хүсээгүй кино бүр таны таны амьдралын нэг хэсэг гэж би боддог, учир нь таны ажиллах чинь, туурвих чинь өөрийг тань илэрхийлж байдаг. Алхам алхмаар өөрийгөө илэрхийлснээр хүн болдог бол үүнтэй адилаар хүн болох тусам өөрийгөө илэрхийлэх болно" хэмээжээ.

 


Raoul Coutard (1924 - 2016). Францын шинэ давалгааны салшгүй нэг хэсэг болсон Raoul Coutard нь онцгой замналынхаа туршид 75 гаруй кинонд ажиллаж, Jean-Luc Godard, Francois Truffaut болон Jacques Demy нарын домгуудтай хамтран ажилласан. Тэрээр кино урлагийг дахин шинээр тодорхойлохыг оролдсон Францын шинэ давалгаа хөдөлгөөний гол төлөөлөгчдийн нэг бөгөөд Godard-г цорын ганц жинхэнэ хувьсгалж гэж үздэг байлаа. Coutard "миний хувьд дижитал, дижитал камер, дижитал техникийг ашиглах нь яг л багаж хэрэгсэл шиг юм. Бид хар цагаанаас өнгөт кино руу, өнгөтөөс киноскоп руу шилжсэн. Сайн тал нь гэвэл та тийм ч их мөнгө төлөхгүй, учир нь та лабораторид очих шаардлагагүй, харин дараа нь продюсер цаг хожихыг хүсдэг. Гэхдээ мөнгө, цаг хэмнэх нь энд хамаагүй, хамгийн чухал нь зураглалын сэтгэл хөдлөлийг өсгөх чадах явдал юм" гэж хэлж байжээ.


Roger Deakins (1949 - ). Английн кино зураглаач Roger Deakins нь Denis Villeneuve, Sam Mendes, ах дүү Coen нартай хамтран ажилласанаараа дэлхий дахинд нэр хүндтэй болж, шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан. АКА түүнийг 13 удаа үгүйсгэсэн ч Deakins эцсийн эцэст "Blade Runner 2049" бүтээлд нь хүртэх ёстой шагналыг нь өгсөн. Тэрээр кино болгондоо киноны амин чанарыг тодорхойлохыг хичээж, дүрслэлийн хүүрнэлээрээ үйл явдлыг гайхалтай дэмжиж өгдөг.

 

 

 

Comments