Сүүлчийн охин

 


Halloween (1978) . Америкийн кино найруулагч, аймшгийн төрөл жанрт үнэтэй хувь нэмэр оруулагч John Carpenter-ын бие даасан, slasher жанрын бүтээл. Уг киног Alfred Hitchcock-ын Psycho (1960) болон Bob Clark-ын Black Christmas (1974) аймшгийн кинонуудаас санаа авч бүтээсэн ба кино гарсан даруй шүүмжлэгчид Carpenter-ын найруулга, мөн хөгжмийн зохиолыг магтаж байсан бол өнөөдөр эл бүтээл бүх цаг үеийн хамгийн ашигтай бие даасан киноны нэг болжээ. Гол дүрүүдэд Donald Pleasence, Jamie Lee Curtis нар тоглож, кино зохиол дээр John Carpenter-тэй хамт Debra Hill ажилласанаас гадна мөн продюсерээр ажиллажээ. Кинонд 6 настай хүү Halloween-ын баярын орой өсвөр насны эгчийгээ харгисаар хөнөөж сэтгэц мэдрэлийн өвчтнүүдийн шоронд орох бөгөөд 15 жилийн дараа хүү болох Michael Myers эмнэлэг - шоронгоосоо оргож, төрөлх хот руугаа буцаж очоод аймшигт аллагаа үргэлжлүүлнэ. Анхны Halloween кино 1978 онд гарснаас хойш үргэлжлэл хийгээд дахин хийх маягаар 11 кино хийгдэж, алдартай franchise болж чадсан ба энэ онд Halloween Kills, 2022 онд Halloween Ends зэрэг кинонууд гарахаар төлөвлөгдөөд байна. Уг киноноос видео тоглоом, комик ном, уран зохиолын бүтээлүүд урган гараад байна. Ингээд алдарт Halloween-ын ертөнц руу нэвтрэн орцгооё. Миланы кино наадмаар Carpenter-ын Assault on Precinct (1976) киног үзсэнийхээ дараа бие даасан киноны продюсер Irwin Yablans болон санхүүжүүлэгч Moustapha Akkad хоёр хүүхэд асрагчийг хөнөөдөг сэтгэцийн өвчтэй алуурчны тухай өгүүлэх киног Carpenter-аар найруулахаар болжээ. 

Yablans "Би хоррор жанрт утга учиртай бүтээл хийхийг бодож байсан бөгөөд миний хийхийг хүсч байсан зүйл бол The Exorcist шиг нөлөө үзүүлэхүйц кино хийх байв" хэмээжээ. Carpenter киногоо найруулахаас гадна зохиолыг нь бичиж, бас хөгжмийг нь зохиох бүрэн удирдлагыг хүссэнээр кино найруулагчийн суудлыг авчээ. Debra Hill тухайн үед түүний найз охин байсан агаад тэд хамтран The Babysitter Murders гарчигтай кино зохиол бичиж эхэлжээ. Yablans киноны үйл явдлыг Halloween-ын шөнө болж байгаагаар тохируулж, киноны нэрийг Halloween болгохыг санал болгожээ. Carpenter суурь концептийнхаа талаар "Halloween-ын шөнө; ийм сэдэвтэй кино хэзээ ч байгаагүй, харин миний санаа бол хуучны хий үзэгдэлтэй байшинтай кино хийх байлаа" гэжээ. Кино зохиолыг ойролцоогоор 10 хоногт бичсэн бөгөөд хэдий бүх эрх мэдэл Carpenter-д байсан Yablans, Akkad хоёр хэд хэдэн санал гаргажээ. Debra "Yablans кино зохиолыг 10 минут тутамд цочоодог радио шоу шиг бичихийг хүссэн" гэж хэлээд Debra-ын дурсаж байгаагаар бол кино зохиолын 3 долоо хоногт бичсэн бөгөөд зохиолын санаа Halloween-ын баяртай адилхан Кельтийн уламжлалт Samhain наадмаас үүдэлтэй ч яг зохиол дээрээ Samhain наадмын талаар дурддаггүй ажээ. Debra энэ талаар "Та муу талыг устгаж чадахгүй гэсэн санаа байсан бөгөөд бид түүхээ ингэж л эхлүүлсэн. Бид эртний Samhain-ын санааг авсан, ингэснээр Halloween-ын шөнө бүх сүнс амьтай бүхнийг сүйтгэхээр гарч ирнэ. Эндээс хамгийн хорон муу санаатай хүүгийн тухай түүх бий болсон. 

Carpenter нэгэн цагт амьдарч байсан муу ёрын нууцлаг хотын түүхийг энэхүү үлгэртэйгээ холбосон буюу муу ёрын хорон санаат буцаж ирж байгаа нь уг киног амжилттай бүтэхэд нөлөөлсөн" гэж хэлжээ. Debra өсвөр насандаа хүүхэд асрагчаар ажиллаж байж, тэрээр киноны ихэнх эмэгтэй дүрүүдийн харилцан яриаг бичсэн ба Carpenter харин Michael Myers-ын энэрэлгүй сэтгэлийн тухай доктор Loomis-ын яриаг бичжээ.  Гар бичмэлийн ихэнх нарийн ширийн зүйлсийг Carpenter, Debra хоёрын амьдрал болоод замналынх нь эхэн үеэс авчээ. Illinois мужийн HaddonField хэмээх зохиомол хотыг Debra-ын өссөн New Jersey мужийн HaddonField хотоос санаа авч бүтээжээ. Laurie Strode гэдэг нэр бол Carpenter-ын экс найз охиных нь нэр байсан бол Michael Myers гэх нэрийг таньдаг Англи продюсерийн нэр байв. Мөн Tommy Doyle, доктор Loomis зэрэг дүрүүдийн нэрийг Rear Window (1954), Psycho зэрэг Alfred Hitchcock-ын классик кинонуудаас санаа авч нэрлэсэн бол Jamie Lee Curtis нь Psycho кинонд Marion Crane-ын дүрд тоглосон Janet Leigh-ын төрсөн охин байсан билээ. Киноны хорон муу санаатан Michael Myers-ын түүхийг зохиохдоо Carpenter Америкийн олон жижиг хотуудад түгээмэл тархсан байдаг "Хий үзэгдэлтэй байшин"-ын талаарх ардын аман үлгэрээс сэдэвлэсэн ба "ихэнх жижиг хотуудад иймэрхүү төрлийн үлгэр байдаг, ядаж л өсвөр насных нь үүнд итгэдэг бөгөөд үргэлж хэн нэгэн алуулсан, эсхүл галзуурсан тийм байшин байдаг шүүдээ" гэж тэрээр хэлж байж. 

Michael Myers-г илтгэсэн "чөтгөрийн" санаагаа Carpenter оюутан байхдаа Kentucky-ын сэтгэл мэдрэлийн эмнэлэгт ангийнхантайгаа зочлох үедээ олж авсан гэдэг ба хамгийн ноцтой, хүнд өвчтнүүдийн дунд "шизофрений харцтай" нэгэн өсвөр насны хөвгүүн байсан гэдэг. Michael Myers 6 удаа буудуулаад тагтанаас унаж алга болж байгаа төгсгөлийн хэсэг үзэгчдийн төсөөлөлд айдас бий болгох зорилоготой байв. Michael Myers гэж үнэндээ хэн болох, яагаад огт байгаагүй мэт алга болов, ер тэр хүн мөн үү, магадгүй ад чөтгөр юмуу гэсэн тааварыг үзэгчдэдээ үлдээхийг найруулагч маань хичээжээ. Киноны гол дүрүүдэд ахмад жүжигчин Donald Pleasence болон тухайн үед олонд танигдаагүй байсан Jamie Lee Curtis нар сонгогдсон бөгөөд төсөв багатай байсан тул Carpenter том жүжигчид хөлслөх боломжгүй байжээ. Доктор Loomis-ын дүрд тоглох саналыг Christopher Lee-д тавьсан ч тэрээр татгалзсан агаад хожим замналынхаа хамгийн том алдааг хийснээ Carpenter-д хэлж байжээ. Жүжигчин Pleasence уг кинонд тоглох болсон шалтгаан нь ач охин нь Carpenter-ын Assault on Precinct 13 киноны хөгжимд дуртай байснаас үүдэлтэй ажээ. Carpenter "Laurie-ын дүрийн анхны сонголт Jamie Lee байгаагүй. Би түүний хэн болохыг огт мэддэггүй байсан. Тухайн үед тэр 19 настай, зурагтын шоунд л оролцдог байсан, харин би зурагт үздэггүй байлаа шүү дээ" гэж хэлсэн байдаг. Debra Jamie Lee-г Psycho-д тоглож байсан Janet Leigh-ын охин болохыг олж мэдээд түүнийг тоглуулвал кинонд нь сайхан сурталчилгаа болохыг Carpenter-д ойлгуулсан байна.

 Jamie Lee Curtis эхэндээ тус дүрийг бүтээж чадна гэдэгтээ эргэлзэж байж, учир нь тэрээр дүр шигээ даруухан, дарамтлуулсан охин биш байсан тул санаа нь зовж байсан гэдэг. Масктай Michael Myers-ын дүрд Carpenter-ын их сургуулийн найз Nick Castle тоглосон ба энэ киноноос хойш Nick кино найруулагч болж хэд хэдэн кино бүтээжээ. Харин киноны төгсгөлд гардаг маскгүй Michael Myers-ын дүрд Tony Moran гэгч тоглосон агаад тэр сайхь хэсэгт тоглосныхоо төлөө $250 авч байжээ. Тэгвэл залуухан, маскгүй Michael Myers-д Will Sandin гэгч тогложээ. Симфони хөгжимгүй, төгөлдөр хуурийн аялгуугаас бий болсон уг киноны хөгжим нь маш алдартай бөгөөд киногоо бүрэн илэрхийлнэ. Carpenter хөгжмөө William Friedkin-ын The Exorcist болон Dario Argento-ын Suspiria классик хорроруудын хөгжмөөс санаа авч зохиосноо хүлээн зөвшөөрдөг. Carpenter киноныхоо хөгжмийг бүрэн бэлэн болгоход 3 өдөр шаардагджээ. Түүний зохиосон хөгжим киног хаана ч таних чухал хэсэг болсон ба судлаачид хөгжим нь киноныхоо хамгийн хүчтэй хэсэг гэдгийн хүлээн зөвшөөрдөг. "Би бараг бүх даралтад хөгжмөөр тоглож чадна, гэхдээ би ноот бичиж, уншиж чадахгүй" гэж Carpenter нэгэнтээ ярьж байсан бөгөөд тэрээр Dan Wyman гэх их сургуулийн хөгжмийн профессороос тусламж авсан гэдэг. Америкийн кино хүрээлэн шилдэг 100 триллер жагсаалтынхаа 68-р байрт "Halloween"-г жагсаасан бол Чикагогийн кино шүүмжлэгчдийн холбооноос хамгийн аймаар киноны 3-р байрт нэрлэсэн байна.

 Empire сэтгүүл бүх цаг үеийн хамгийн шилдэг 500 киноныхоо тоонд багтаасан бол Complex сэтгүүл хамгийн шилдэг slasher жанрын киногоор нэрлэжээ. Мөн LA Weekly сонин Michael Myers-ын дүрийг бүх цаг үеийн хамгийн шилдэг slasher жанрын хорон муу санаатнаар тодруулжээ. "Halloween" хоррор жанрт маш их нөлөө үзүүлсэн; уг кино 1980-аад онд slasher жанрыг олон нийтэд таниулж, slasher жанрыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан. Уг бүтээл олон бэлгэдэл болсон сэдвийг slasher жанраар дамжуулан олонд алдартай болгосон буюу "сүүлчийн охин", хүчирхийлэгч юмуу сексийн замбараагүй явдалтай дүрүүд нь алуулдаг сэдвийг дурдаж болохоос гадна үндсэн хөгжмөө алуурчинд зориулсан гэдгийг хэлж болно. Carpenter мөн хурцадмал байдлыг бий болгохын тулд олон сцэнийг алуурчны харах өнцгөөс хийсэн. Олон түүхчид эдгээр элементүүдээс улбаалж 1980-аад оны үед үүссэн хоррор жанрын шинэ давалгааны эхлэлийг "Halloween"-тэй холбож үздэг. Уг кино нь цаашдын олон хоррор кинонд, тухайлбал Friday the 13th болон A Nightmare on Elm Street зэрэг хорроруудын хэв маягт нөлөөлж, бүр Scream зэрэг егөөдөлт комединуудад ч нөлөөлсөн. "Halloween"-аас өмнө The Texas Chain Saw Massacre (1974), Black Christmas (1974) зэрэг slasher жанрын онцлох элементүүдийг агуулсан кинонууд байсан; бүлэг өсвөр насны залуусыг үл таних этгээд алдаг, сүүлчийн охины сэдвийг энд хэлж байна. Гэсэн хэдий ч "Halloween"-г түүхчид хоррор шинэ давалгааг эхлүүлсэн гэж үздэг бөгөөд сүүлчийн охины дүрийг ашигласан байдал, субъектив өнцгөөс авсан кадр болон үйл явдлыг баяраар тохируулсан зэрэг нь аргагүй энэ жанртаа тэргүүлэгч болгоно гэж үздэг ажээ. Шүүмжлэгч Rockoff "Уг кино бол бүх slasher кинонд зориулсан төсөл зургаас гадна дараагийн бүх киног шүүх загвар юм" гэж хэлжээ.

 Уг кино, мөн энэхүү жанр нь сексийн харилцааг аюул заналхийлэлтэй холбож үздэг ба slasher киноны алуурчид нь "психосексуал уур хилэнгээс" үүдэлтэй буюу бүх аллага нь сексийн шинж чанартай байдаг гэж судлаачид дүгнэдэг. Мөн ийм жанрын кинонд галт зэвсэг хэрэггүй байдаг нь дээрх санааг нотлох мэт. Секс болон хүчирхийлэл нь уг жанрт ижил хэмжээний ач холбогдолтой байдаг аж; Laurie-ын хувьд хүүхэд асрагч хийх нь ууж наргих,  найз залуутайгаа зугаацах сайхан боломж байдаг агаад 6 настай Michael Myers эгчийгээ хөнөөх шалтгаан нь өөрийг нь халамжлахас илүүтэй секс-д анхаарч байгаагаас нь улбаатай гэж үздэг аж. Carpenter эдгээр тайлбаруудаас өөрийгөө холдуулж; "Намайг ямар нэгэн ёс суртахууны мэдэгдэл хийх гэж байсан гэж бодож байх шиг байна, надад итгээрэй, би тэгээгүй. Уг киноны дүрүүдийг би энгийн өсвөр насны хүүхдүүд л гэж хардаг" хэмээжээ. Мөн тэрээр уг киног нь ёс суртахууны жүжиг гэж харвал бүхий л утгаараа алдаа болно гэж хэлсэн байдаг. Феминист шүүмжлэгчид уг киноноос хойш эмэгтэйчүүдийг кино дээр доромжлох болсон гэж шүүмжилсэн. Laurie нь авъяас чадвараараа ч юмуу, сайн төлөвлөгөөний ачаар амь үлддэггүй, харин түүний хэн нэгэн ирж авардаг гэж маргаж байхад зарим нь харин ч "Halloween" болон бусад slasher кинонууд эмэгтэй дүрээ баатраар гаргаж ирдэг гэж үзсэн. Мөн уг киног Америкийн нийгмийг тэр дундаа эцэг эхчүүдийн хүүхдээ хайхардаггүй байдлыг шүүмжилсэн бүтээл ч гэж үздэг. Киноны туршид эцэг эхийн дүр бараг гардаггүйн уг санааг нотлох мэт. Хотын захын амьдралын аюул заналхийлэл нь "Halloween"-ын үндсэн томоохон сэдэв болдог,  мөн slasher жанрт ч адилхан үйлчилдэг. Уг жанрын кинонуудад хотын захын амьдралын доод, бурангуй талыг голчлон харуулдаг бөгөөд Michael Myers бол хотын захын хороололд төрөөд тэндээсээ сэтгэл мэдрэлийн эмнэлэгт хүргэгдсэнээ буцаад хотдоо ирж аллага үйлддэг буюу тэр бол хотын захын орчноос бий болсон "бүтээгдэхүүн" юм.

Comments