Барселонад нэг удаа

 


All About My Mother (1999) . Аргентинаас ирсэн Manuela Испаний нийслэлд нэгэн эмнэлэгт сувилагчаар ажиллах бөгөөд олон жилийн тэртээ тэрээр сонирхогчийн театрт жүжигчинээр ажилладаг байсан. Manuela зохиолч болох хүсэлтэй өсвөр насны Esteban хэмээх хүүтэй ба нөхрөөсөө салаад удаж буй. Manuela, Esteban хоёрын дуртай кино бас байнга үздэг жүжиг нь алдарт "A Streetcar Named Desire" бөгөөд Esteban-ын 17 хүрдэг төрсөн өдрөөр нь тэд театрын жүжгийг нь үзэхээр явцгаана, учир нь уг жүжигт Esteban-ын дуртай жүжигчин Huma гол дүрд тоглож буй. Жүжиг дуусаад үзэгч, театрын ажилчид тарж байх үеэр Esteban Huma-аас гарын үсгийн зуруулах гэж араас нь хөөж яваад машинд мөргүүлж үхдэг тэр шөнө Manuela-ын амьдралд эргэлт гарна. Manuela-ын энэлэн шаналан хэр байсныг асуух хэрэггүй бөгөөд хүүгийнхээ зүрхийг өөр хүнд шилжүүлж, өөр хүнд амьдрал бэлэглэх санаачлагыг зөвшөөрч, хүүгийнх нь зүрхийг суулгасан хүнийг даган Барселона руу явахдаа тэнд ажилд орж амьдралаа шинээр эхлүүлэхээс гадна хүүгийнхээ эцэгтэй уулзахыг зорино. Esteban-ын эцэг, Manuela-ын экс нөхрийг Lola гэдэг, олон жилийн өмнө эрэгтэй хүн байсан, одоо бол трансжендер эмэгтэй ба Lola хүүтэй байснаа огт мэдээгүй, учир нь Manuela түүнд ерөөсөө хэлээгүй болно. Барселонад Manuela эртний найз, бас трансжендер биеэ үнэлэгч Agrado гэгчтэй уулзан дахин нөхөрлөх болсноор хэд хэдэн шинэ найзтай болно; үүнд, Rosa гэх хүчирхийлэлд өртсөн биеэ үнэлэгчдэд тусалдаг нийгмийн ажил эрхэлдэг хүүхэн, Esteban-ын шүтдэг байсан жүжигчин Huma, мөн түүний хамтран тоглогч бас амраг нь, найгүй хар тамхичин Nina нартай танилцаж, нөхөрлөж, бас амьдралдаа оруулна. Эдгээрээс Rosa-д Manuela илүүтэй анхаарна, учир нь Rosa Lola-аас жирэмсэн болоод зогсохгүй түүнээс ДОХ туссан байдаг. Rosa-г халамжлахын хажуугаар Manuela хар тамхинд донтоод ажлаа хийхгүй болсон Nina-г орлож Huma-ын хамтаар "A Streetcar Named Desire" жүжигт тоглоно. Rosa хүү төрүүлээд амьсгал хураах бөгөөд эцэг эх нь хүүхдийн аав трансжендер бас ДОХ-той хүн байсныг мэдээд хүүхдээс татгалзсанаар Manuela хүүг өргөж аваад Esteban хэмээн нэрийднэ. Киноны эцэст Manuela Lola-тай уулзаж үхсэн Esteban-ын зургийг болон бяцхан Esteban-г танилцуулах агаад удахгүй үхэх нь тодорхой болсон Lola үхсэн хүүгээ ч амьд хүүгээ ч нулимс дуслуулан ширтэнэ. 

Испаний цуутай кино найруулагч Pedro Almodovar үргэлж хүч чадал, хүсэл тэмүүлэл, хошин шогийг онцолдог мэдрэмжээрээ кино урлагт өөрийнхөөрөө амьдарсан бүх эмэгтэйчүүдэд киногоо зориулж, бас тэднээс урам зориг авч ДОХ, гомосексуал, итгэл үнэмшил, экзистенциалист зэрэг асуудлыг хөндсөн уг киноныхоо зохиолыг бичиж, найруулжээ. Оскарын наадмаас шилдэг гадаад хэл дээрх кино шагналыг хүртсэн эл бүтээл нь хэдий бие махбодийн шаналал байлаа ч хүнд үргэлж шинэчлэгдэх, зовлонт бүхнээ ардаа орхих найдвар байдгийг үзүүлдэг ба Almodovar өмнө жүжигчин байхыг бурханлаг хэлбэрээр үзүүлж байсан ч уг кино дээр хамгийн гоо сайхан, гэрэлтсэн байдлаар дүрсэлсэн. Almodovar уг киногоо жүжигчин байсан бүх эмэгтэйчүүдэд, жүжиглэж буй бүх эмэгтэйчүүдэд, мөн эмэгтэй дүрд тоглосон бүх эрчүүдэд, ээж болохыг хүсдэг бүх эмэгтэйчүүдэд, эцэст нь, Ээждээ уг киногоо зориулсан байдгаас гадна Bette Davis, Gena Rowlands, Romy Schneider нарт тусгайлан зориулжээ. Кинонд дурдагддаг бүх зохиолчид; Truman Capote, Tennessee Williams, Federico Garcia Lorca нар нь Almodovar шиг ижил хүйстнүүд юм. Almodovar ослын сцэнээ John Cassavetes-ын "Opening Night" киноноос авсан бол Agrado-ын монологи бодит амьдралаас үүдэлтэй ажээ. TSPDT сайт уг киног бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 313-р байрт жагсаагаад байна. Киноны гол дүрүүдэд; Cecilia Roth, Marisa Paredes, Candela Pena, Antonia San Juan, Penelope Cruz  Rosa Maria Sarda нар тоглосон. Киноны ихэнх зураг авалт Барселона хотод авагджээ. Киноны постерийг Oscar Marine гэгч артис хийсэн бөгөөд энгийн, үзэсгэлэнтэй, эмэгтэйлэг байдлыг илтгэхийг постероороо зорьжээ. 

The New York Times сонин уг киног Almodovar-ын хамгийн шилдэг бүтээл, одоогоор гээд энэхүү кино Douglas Sirk-ын бүтээл шиг уйлуулж, George Cukor-ын бүтээл шиг импатитай эмэгтэйлэг мелодрам гэж дүгнэжээ. Roger Ebert "Та уг кино үзэж байхдаа өөрийгөө хаана байрлуулахаа мэдэхгүй, киноны үйл явдлыг нухацтайгаар хүлээж авах уу, эсхүл дүрүүд шиг хурц тод өнгөтэй гоёл чимэглэлийг анзаараад өнгөрөх ёстой юу, эс бөгөөс Tennessee Williams ба All About Eve киног хүндэтгэсэн дуурайлтыг үзээд өнгөрөх үү" гэж хэлээд цааш нь "Almodovar эхэн үеийн кинонууддаа дүрүүдээ манипуляци болгон ашигладаг байсан, харин уг кинонд гэнэтийн, санамсаргүй, мелодрамыг ашиглахыг хүсчээ. Almodovar дүрүүдээ эцэст нь өрөвдөлтэй байдалд хүргэж байгаа ч дүрүүд хүчтэй, бодитой байдаг буюу тэдний зовлон абсурд санагддаг ч тэдний зовлон шаналал хангалттай бодитой байдаг" гэжээ. San Francisco Chronicle "Өөр хэн Испани кино найруулагч шиг кино хийдэггүй" гээд нэмж "Аль ч дүр нь муухай юмуу булингартай харагдаггүй, энэ кино яг загварын сэтгүүл шиг гялгар, тод бас дур булаам бөгөөд энэ кино савангийн дуурь шиг сэтгэл хөдөлгөх боловч бүхий л талаараа чин сэтгэлийнх юм" гэжээ. Variety "Энэ кино сэтгэл хангахуйц сэтгэл хөдөлгөм ба жүжигчид нь гайхалтай тоглосон" гээд нэмж "сэтгэл хөдлөлийн өнгө аяс нь голдуу бараан, зөрчилдөөнтэй байдаг" гэжээ. 2018 онд BBC уг кино хамгийн шилдэг гадаад хэл дээрх 100 кино жагсаалтынхаа 32-р байрт эрэмбэлжээ.

Comments