Being There (1979) . Америкийн нийслэлд эзнийхээ гэрээс гарч үзээгүй Chance гэгч дундаж насны, энгийн төлөв байдалтай цэцэрлэгч эр хөгшин эзэнээ нас барсны дараа гэрээс гарч, аргагүй эрхэнд гадаад ертөнцтэй холбогдоно. Тэрээр бүхий л амьдралаа гэрт болон цэцэрлэгийн хашаандаа цэцэг тарьж өнгөрүүлсэн бөгөөд түүнийг гадаад ертөнцтэй холбодог ганц зүйл бол зурагт болно. Харин хоол ундыг нь баян эзэнийх нь үйлчлэгч тодорхой цагт өгдөг байлаа. Chance-ын мэддэг бүхэн зурагтын кино, нэвтрүүлэгтэй холбоотой агаад зурагтаар үзсэнээ л даган дуурайхаас гадна уншиж, бичиж үл чадна. Chance биеэ сайхан авч явах ч хүүхдэрхүү зан авиртай буюу шулуун шударга ярьж, бусдыг ихээхэн энэрэн ойлгоно. Очих газаргүй болсон Chance хотоор зорилгогүй тэнэж яваад нэгэн зурагтын дэлгүүрийн өмнө зурагт үзэж зогсож байгаад улс орны нөлөө бүхий баян эрхэм болох Rand-ын машинд мөргүүлчихнэ, машин Rand-ынх ч Rand машин дотроо байсангүй харин эхнэр болох дажгүй бас нөхрөөсөө олон насаар дүү Eve машин дотроос гарч ирээд сүйд майд болсноор Chance-г гэртээ аваачиж хувийн эмчдээ үзүүлэхээр болно. Chance хөнгөхөн бэртсэн байлаа.
Харин Rand гэгч нас өндөр, лагшин тун маруухан болсон нэгэн байх агаад эхнэр, нөхөр хоёрт Chance-ын энгийн, бодь бөгөөд ухаалаг соёлтой, шударга яриа бас хандлага ихээхэн таалагдаж гэр буюу орд харшдаа хэд хоноод явахыг санал болгоно, Chance ч зөвшөөрнө. Тэд Chance-ын нэрийг Chauncey гэж буруу сонссоноос гадна Gardnener буюу "цэцэрлэгч" гэж хэлснийг нь Gardiner гэж эндүү сонсдог ба дампуурсан бизнесмэн гэж бас л ташаа ойлгоно. Chance огтхон ч худлаа хэлэх юмуу жүжиглэхийг хүсээгүй, харин ч үнэнээ хэлээд байхад л тэд түүнийг буруугаар ойлгоод байх болно. Rand нэгдсэн улсын ерөнхийлөгчийн хүндтэй зөвлөх бас дотно найз байв. Ерөнхийлөгч нэгэн бүрхэг өдөр Rand-ынд морилон саатаж найзтайгаа зөвлөлдөх үед одоо хэдийнээ Rand-ын итгэл хүн, ерөнхийдөө Rand-ын итгэлт хүн болоод буй Chance мөн тэнд байж ерөнхийлөгчтэй танилцаж бас ярилцана.
Chance-ын ярих ургамал, цэцэгс, байгалийн тухай яриаг ерөнхийлөгч давхар утгатай улс төрийн идеа гэж ойлгоод харьсан хойноо зурагтын нэвтрүүлэгт орохдоо; дотно найз Rand-ын гэрт Chauncey гэгч ухаалаг эртэй танилцсан бөгөөд түүнээс сонссон ухаалаг үгс чухам манай улсад хэрэгтэй байгаа зүйлсийг хөндөж байлаа гээд баахан магтаал урсгаж гарна. Ингээд маргааш нь гэхэд Chance улс даяар танигдаж, түүнийг зурагт радио ярилцлага өгөөч хэмээн гуйж, хамгийн хүндтэй үдэшлэгүүдэд урьж, улс төр нийгмийн хүрээнд гэнэт л хамгийн алдартай, сонирхолтой хүн болчихно. Энэ зуур Eve түүнд бие болон сэтгэлээр татагдаж, үүнийгээ ч ний нуугүй илэрхийлж эхлэх агаад өнөө маргаашгүй болсон Rand эхнэрийнхээ хүслийг хараад хүслээр нь тавьдаг. Мөн ерөнхийлөгч туслахууддаа, гэнэт гарч ирсэн энэ ухаалаг эрийн өнгөрсөн түүхийг судалж олж өгөхийг тушаах ч туслахууд нь яаж ч хичээгээд Chauncey Gardiner гэдэг хүний өнгөрсөн түүх, ер нь хэн гэгч болохыг олж мэдэж чаддаггүй, тэр ерөөсөө оршиж байгаагүй мэт л байв. Харин Chance энэ бүх улс төр, сонин зурагт, тэр бүү хэл Eve-ын сэтгэлийг ч ойлгохгүй юмуу сонирхохгүй байлаа. Түүний ганц хүсэл нь зурагт үзэх юм.
Америкийн нэрт кино найруулагч Hal Ashby-ын энэхүү егөөдөлт кино нь Jerzy Kosinki-ын ижил нэрт романаас сэдэвоэгдсэн ба Kosinki өөрөө кино зохиол дээр ажиллажээ. TSPDT сайт уг киног бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 590-р байрт эрэмбэлээд байгаа агаад Их Британий кино академийн шилдэг кино зохиол төрөлд ялагч болж байв. Киноны гол дүрүүдэд; Peter Sellers, Shirley MacLaine, Jack Warden болон Melvyn Douglas нар тоглож, Mervyn Douglas дүрээрээ Оскарын наадмаас шилдэг эрэгтэй туслах дүрийн шагнал хүртсэн байна. Уг егөөдөлт драм-д хоёр санаа хүчтэй туссан гэж үзэж болно; нэгдүгээрт, бидний реакц, хариу үйлдэл, аливаа асуултын хариулт зэрэг нь өгөгдсөн байдаг уу, буюу биднийг ингэж сургадаг уу? Өөрөөр хэлбэл биднийг адилхан мэдэрдэг, нэг л өнцгөөс хардаг, сонсдог болгож төлөвшүүлж, боловсруулдаг зүйл бол зурагт буюу хэвлэл мэдээллийн хэрэгсэл байж болох уу? Эсхүл бүр эсрэгээрээ огт уншиж, бичиж чаддаггүй Chance "цэвэр" оюун ухаанаараа байгаа нь бусдын анхаарлыг татаж, алдаршиж байгаагийн шалтгаан уу?
Хоёрдахь асуудал бол, хүн үнэнээрээ, өөрийнхөө байж, аливаад шударга хандах нь хэзээд бусдын дунд тодрон харагдаж, бусдад үнэлэгдэж, хүндлэгдэх үндсэн үнэт зүйл болохыг уг кино харуулахаас гадна бидний нийгэм, орчин тойрон, хүмүүс ямар их худлаа, хуурмаг хуурамч амьдардагийг харуулжээ. Жүжигчин Melvyn Douglas-ын ач охин Illeana Douglas-ын хэлж буйгаар кино зураг авалтын үеэр тэрээр байнга зочилдог байсан бөгөөд түүний хайртай жүжигчин нь Peter Sellers байж, мөн энэ кино түүнийг жүжигчин болоход хамгийн их нөлөөлсөн гэж хэлсэн байдаг. Мөн түүний дурсаж байгаагаар Sellers болон өвөө нь дэлхийн хоёрдугаар дайны үед танилцаж байснаа, дайны жилүүдэд хэрхэн дайтаж явснаа зураг авалтын үеэр үргэлж ярьдаг байжээ. Rand-ын дүрд Burt Lancaster, Laurence Olivier нарын нэрс яригдаж байж, Laurence Olivier тоглохоос татгалзсан шалтгаан нь киноны гар хангалгатай сцэн байсан гэдэг. Shirley MacLaine "Sellers өөрийгөө Chauncey гэдэгт итгэсэн байсан.
Тэр ерөөсөө надтай хамт өдрийн хоол идээгүй, зураг авалтын турш тэр цэцэрлэгч
Chauncey Gardiner байсан, гэхдээ тэр надтай хайр сэтгэлийн холбоотой гэдэгтээ
итгэж байсан" гэжээ. Кино нээлтээ хийгээд голдуу эерэг үнэлгээ авсан,
Sellers-ын тоглолт, Ashby-ын мэдрэмжтэй найруулгыг магтаж байлаа. Sellers уг
киноноос өмнө хэд хэдэн төсөлд оролцоод бүтэлгүйтээд байсан ба уг киногоороо
нэр хүндээ сэргээсэн гэж үздэг. Судлаач, шүүмжлэгчид; таныг инээлгэхээсээ илүү
гайхшралд оруулах ийм сэтгэл хөдөлгөм комеди маш ховор гэж байсан бол зарим нь
үзэсгэлэнтэй, гайхалтай жүжиглэлттэй хөгжилтэй боловч эмзэг егөөдөлт комеди
хэмээж байв. Киноны хошигнол нь хэзээ ч симбол болдоггүй шиг гашуун элэглэл нь
хэзээ ч хэрээс хэтэрдэггүй гэж нэгэн шүүмжлэгч дүгнэсэн бол өөр нэг нь , энэ
бол улс төрч нь улс төрчөө, бизнесмэн нь
бизнесмэнээ буюу бид бие биенээ юу гэж дотроо төсөөлдөгийг элэглэсэн бүтээл
хэмээжээ.
Comments
Post a Comment