The Match Factory Girl (1990) . Юу юугүй уйлах гэж байгаа мэт царай төрхтэй, туранхай, шаргал үстэй Iris үргэлж тамхи татаж бас зурагт үзэн сууцгаах ээж болон хойд эцгийн хамт амьдарна. Iris хоол унднаас өгсүүлээд гэр орны хамаг ажлыг хийх ба ээж нь, хойд эцэг нь ч түүнийг ингэж байх ёстой гэж үзэхийн сацуу ажиллаж олсон цалингаа ч тэдэнд өгөх ёстой гэж үзнэ. Ажил гэрийн хооронд амьдрал нь өрнөх Iris чүдэнзний үйлдвэрт ажиллах агаад хааяа нэг бүжигт явахаас өөрөөр түүний амьдрал үнэндээ уйтгар гунигийн далай болой. Бүжигт явсан ч түүнийг хэн ч бүжигт урихгүй, баахан сууж ундаа, пиво ууж байгаад л гэртээ харина. Нэг удаа тэрээр гадаад төрхөө өөрчлөхөөр улаан даашинз худалдаж авна. Харамсалтай нь, гэрийнхэн нь түүнийг яг янхан шиг харагдаж байна, наадахаа буцааж өг гэж зэмлэх ч Iris буцаалгүй, харин ч өмсөөд бүжигт явна. Клубт түүнийг Aarne гэгч сахалтай өндөр залуу бүжигт урьж, тухайн шөнийг залуус хамт Aarne-ын гэрт өнгөрүүлнэ. Aarne улаан даашинзнаас нь болж Iris-г биеэ үнэлэгч гэж бодсон бөгөөд өглөө явахдаа мөнгө үлдээнэ, харин Iris түүнийг тэгж бодсоныг ухаараагүй тул явахдаа "надруу залгаарай" гээд зурвас үлдээж орхино. Iris-ын амьдралд гэрэл гэгээ хөгжилтэйгөөр эргэлдэж, цаг тутамд түүнээс дуудлага хүлээнэ. Гэтэл дуудлага огт ирэхгүй л байлаа.
Тэсгэл алдсан Iris гэрт нь давхиж очиход Aarne түүнийг гэртээ оруулалгүй үүдэн дээрээсээ буцаахдаө маргааш орой болзоё, гэрт чинь явж очно гэж хэлнэ. Товлосон өдөр, болзсон цаг ирэхэд Aarne Iris-ын гэрт байж байх агаад хүүхнийг дагуулаад оройн зоогт явна. Тансаг ширээний ард Aarne Iris-д хандан "дахиж чамтай уулзмааргүй байна, нүднээс далд ор" хэмээн хэлнэ. Iris тэр шөнөжингөө уйллаа. Удаж төдсөнгүй Iris жирэмсэн болсноо мэдэх ба "хүүхдээ хамт өсгөе, чамайг хүлээж байна, чи хүүхдээ хараад өөр болно" гэсэн асар дэврүүн, өөдрөг өнгө аястай утгатай захидал Aarne-д бичнэ. Хариу тэр дороо ирэх ба "наад хархаа авч хая" гэсэн товч захианы хамт мөнгө байлаа. Ухаан мэдрэлээ алдсан Iris гүйж яваад машинд дайруулж, улмаар хүүхдээ алдана. Түүнийг эмнэлэгт хэвтэж байхад хойд эцэг нь хүрч ирээд "чи ээжийгээ мөн ч их зовоож байна, манайхаас нүүгээрэй" гэж хэлнэ. Iris эмнэлэгээс гараад эрэгтэй дүүгийндээ нүүж очно. Түүний гутрал гомдол намжсангүй, харин ч нэмэгдэж байлаа. Ингээд тэрээр хархны хор худалдаж аваад устай холиод жижигхэн лонхонд хийгээд цүнхэлчихнэ. Iris Aarne-ын гэрт явж очиход нэг хүүхэн гэрээс нь дөнгөж гарч байх агаад Iris Aarne-д хандан "чамд дахиж түвэг удахгүй, энэ бол эцсийн уулзалт, тиймээс ганц юм хуваагаад уучихъя" гэнэ. Aarne ч ухаан тас зөвшөөрөх ба Iris нүдийг нь хариулж байгаад уух юманд нь хорноосоо хийчихээд гараад явчихна. Iris тэднийхээс гараад клуб орно, тэнд пиво ууж суутал нэг согтуу залуу хажууд нь ирж суух бөгөөд Iris мөн л уух юманд нь нөгөө хорноосоо хийчихээд яваад өгнө. Тэрээр цааш явсаар ээж, хойд эцгийнхээ гэрт зочилж, тэдэнд оройн хоол авч хийж өгөхөөр болно. Iris нөгөө хорноосоо тэдний уух юманд мөн л хороо дуустал хийж орхиод нөгөө өрөөндөө ороод сандал дээр сууж тамхи татан хүлээж эхэлдэг.
Финландын нэрт кино урлаач Aki Kaurismaki-ын энэхүү эгэл
жирийн, минималист хэлбэртэй ч хурц өнгө аястай бүтээл бол түүний "Ажилчин
ангийн трилогийн" сүүлийнх болдог буюу нөгөө хоёр нь Shadows in Paradise
ба Ariel бүтээлүүд юм. Bresson маягийн
өнгө аястай мэт боловч уг кино нь үнэндээ Fassbender-ын гутранги, ажилчин
ангийг радикал хэлбэрээр үзүүлдэгтэй илүү төстэй юм. TSPDT сайт уг киног бүх
цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 898-р байрт эрэмбэлээд байна. Гол дүрд
Kaurismaki-ын хэд хэдэн кинонд тоглосон жүжигчин Kati Outinen гайхалтай сайн
тоглосон бөгөөд Iris-ын дүр киноны нэг цаг найман минут үргэлжлэх хугацаанд
дөнгөж 25 дахь минутад л ярьж эхэлдэг. Roger Ebert уг киног ховсдуулсан мэт
үзсэн ба цөөхөн кино л ийм өө сэвгүй байдаг гээд киноны өнгө аяс бүхэлдээ нэг л
түвшинд байсан нь гайхалтай байсан буюу Iris доромжлол, харгислал, үл
тоомсорлолыг идэвхгүйгээр нэг л янзаар тэвчиж байгааг онцолжээ. Үзэгч бид
киноны эхний хагаст Iris-г өрөвдөх бол сүүлийн үлдсэн хэсэгт түүнээс айна.
Киноны нээлтийн хэсэгт үзүүлэх чүдэнз үйлдвэрлэх үйл явц яг л баримтад кино шиг
хийгдсэн, үйлдвэрийн дахин дахин давтагдах үйл явцаар Iris-ын өдөр тутмын
уйтгартай бөгөөд сэтгэл хөдлөлгүй амьдралыг илтгэсэн нь бишрэм. Kaurismaki-ын
дүрүүдээрээ биднийг чухам инээлгэхийг зорьдог уу, эсхүл уйлуулахыг хүсдэг үү
гэдэг тодорхойгүй ба тэр ихэнхдээ тусгаарлагдсан, гунигласан, зовсон онцгой биш
дүрийг дүрслэн харуулдаг. Түүний дүрүүд тэнэгдүү, ухамсаргүй, өөрийгөө хуурсан,
сэтгэцийн өвчтэй түвшинд байдаг. Iris чүдэнзний үйлдвэрт ажллидаг ч киноны
төгсгөл хүртэл огт тамхи татаж байгаагаар гардаггүй, харин өшөөгөө авч дуусаад
тэрээр тамхи асааж байгаа нь түүний өш хонзонгийн санааны дуудлага юм. Iris-д
баатарлаг шинж чанар огт байхгүй, мөн биднийг инээлгэх комедиан үйлдэл ч үгүй
бөгөөд тэр эцсийн үйлдлээрээ жаргалтай болоогүй ч сэтгэл ханамж авсан нь
илэрхий байдаг. Kaurismaki-ын камерийн ажиллагаа маш нягт нямбай байдаг, түүний
камер яг одоо байгааг л харуулдаг буюу энэ кинонд бид Iris-ын харцаар харна.
Кадр байна, бид харж байна, дүгнэлтийг
бид өөрсдөө хийх ёстой ба Kaurismaki бидэнд хариу үйлдэл үзүүлдэггүй. Нэгэн
кино наадмын үеэр сэтгүүлч Kaurismaki-аас таны камер яагаад тийм бага хөдөлдөг
юм бэ? Гэж асуухад тэрээр "Таныг шартсан байхад ингэх нь үнэхээр зовлонтой
шүүдээ" гэж хариулсан байдаг. Kaurismaki-г Robert Bresson-той маш ихээр
харьцуулдаг агаад Bresson-ын тусгаарлагдсан, ганцаардсан дүрүүдийг
Kaurismaki-чамтай харьцуулдаг. Гэхдээ Bresson-ын кинонууд маш их уян зөөлөн
сэтгэлтэй, оюунлаг, трансцендентал байдаг бол Kaurismaki-ынх "тэр хүний
түүх" гэж ханддаг буюу тэрээр дүрүүдээсээ салангид байдгаараа ялгаатай ч
гэж хэлж болно.
Comments
Post a Comment