The Travelling Players (1975) . Грекийн суут кино найруулагч, продюсер, кино зохиолч Theodoros Angelopoulos-ын энэхүү эрээ цээргүй эсэргүү бүтээлд иргэний дайны галд шатсан улс орныхоо гэрч болж буй хэрмэл жүжигчдийн түүхийг өгүүлэх бөгөөд зүүний үзэлтэн Angelopoulos нацистуудын эзлэн түрэмгийллээс Маршал Marcel Papagos-ын дарангуйлал хүртэлх он цагийн аялалыг улс төр ба театрын хооронд асар их сэдэвчилсэн нарийн түвэгтэй байдлаар үзүүлэхдээ үзэгчээсээ ихээхэн тэсвэр тэвчээр болоод урлагийн мэдрэмж шаардана. Гэсэн хэдий ч ямар ч хүн түүний дээд зэргийн үзэсгэлэнтэй зураглалд алмайрах бөгөөд Angelopoulos байгалийн тансаг бас сүрдэм зураглалын эсрэг зэвэрсэн, хоосон гудамж, барилгын гашуун дүрслэлийг жинхэнэ кино урлагийн дээд түвшинд зэрэгцүүлэн буулгаж чаджээ. Angelopoulos киноныхоо зохиолыг өөрөө бичсэн ба киноны үйл явдал 1939-1952 оны хоорондох Грекийн улс төр түүхийг дүрсэлсэн агаад кино урлагийн түүхэн дэх хамгийн гайхамшигтай суут бүтээл хэмээгдэж байна. Японы домогт кино найруулагч Akira Kurosawa уг киног өөрийнхөө хамгийн хайртай киноны нэгээр нэрлэсэн байдаг, мөн нээлтээ хийсэн даруй олон улсад болон Гректээ өндөр ашигтай байсан уг бүтээлийг эдүгээ Грекийн шинэ кино давалгааны хамгийн шилдэг бүтээл ба 20-р зууны дундуур кино урлагт тохиосон хамгийн чухал киноны нэг гэж үзэх болжээ. 2012 онд Sigth & Sound сэтгүүлийн санал асуулгаар тус кино нь бүх цаг үеийн хамгийн шилдэг кино жагсаалтын 102-р байрт бичигдсэн бол TSPDT сайт уг киног бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 204-р байрт эрэмбэлээд байна. Angelopoulos-ын олон киноны нэгэн адилаар "Хэрмэл жүжигчид" нь удаан үргэлжилсэн, статик зураг авалтыг замтай зураглал болоод ландшафтын зураглалтай хослүүлан сюрреалист орчин ахуйг бий болгожээ.
Киноны кадрууд хугацаа нь дотор ямар ч анхаарал өгөлгүйгээр урагшаа, хойшоо шилждэг бөгөөд томоохон сцэний дараа үзэгчдэд саяхан болсон зүйлсийг эрэгцүүлэн бодох хугацаа олгодог. Киног бүхэлд нь 80 орчим кадрт хийж гүйцэтгэжээ. "Хэрмэл жүжигчид" нь 1974 онд Хурандаа нарын дэглэм дуусаад Грек улс буцаад демократ засаглалтай болсны дараа нээлтээ хийжээ. Гэсэн хэдий ч Angelopoulos дарангуйллын хүч хэвээр байсан 1974 онд уг бүтээл дээрээ ажилласаар байсан бөгөөд бүтээлээ эрх баригчдаас нууж байлаа. Үргэлжлүүлэн ажиллахын тулд тэрээр дэлхийн хоёрдугаар дайны үеийн Грекийг эртний Грекийн Orestes-ын домгийн хувилбар дээр гаргаж ирэхээр зорьжээ. Түүнд Хурандаа нарын хунта киноных нь санааг өгсөн гэж хэлсэн байдаг агаад хуучин социалист сонинд кино шүүмжлэгч байсан Angelopoulos уг бүтээлээрээ хоёр зүйлд анализ хийхийг хүссэн; нэгдүгээрт, Грекийн түүхийг зүүний үзэлтний мэдрэмжээр харах бол хоёрдугаарт, Грект демократ засаглал байгуулах яагаад тийм хэцүү байсан тухай ажээ. Яруу найраг, уран зурагт тун ойртон очих уг цэвэр кино хэл, өгүүлэмжтэй бүтээлийн үйл явдлыг товчхон хүргэж байна. Арваад хүнээс бүрдсэн бүлэг хэрмэл жүжигчид "Хоньчин бүсгүй Гольфо" нэртэй эмгэнэлт жүжгээ Грек улсаараа аялан тоглож байна. Киноны эхний түвшинд үзэгчид тэдний 1893 оны үйл явдлыг харуулсан жүжгээ бэлтгэх, сурталчлах, тоглож байхыг харуулах бөгөөд эл жүжигт хайр, урвалт болон үхлийн тухай өгүүлнэ.
Киноны хоёрдугаар түвшинд хэрмэл жүжигчид
маань 1939-1952 оны хооронд Грект болж буй түүхэн үйл явдлүүдын гэрч болж
байгааг болон зочилсон газрууддаа нөлөө үзүүлж байгааг харуулна. Ингэхдээ
Ioannis Metaxas-ын (1936-1941 он хүртэл Грекийн ерөнхий сайд байсан) авторитар
засаглалын дарангуйллын сүүлийн жил, Италийн эсрэг дайн, Нацистуудын
эзэрхийлэл, чөлөөлт, засгийн газар ба коммунист босогчдын хоорондын иргэний
дайн хийгээд Грекийн хэрэгт оролцох Америк, Их Британий оролцоог тусгажээ.
Дараагийн түвшинд баатрууд маань өөрсдийн атаархал, урвалтын жүжигтээ амьдрах
буюу энэ нь эртний Atreus-ын домгоос үүсэлтэй болно. Бага Азиас ирсэн Грек
дүрвэгч Agamemnon нь 1940 онд Италийн эсрэг дайнд оролцож, Германчуудыг
эсэргүүцэх хөдөлгөөнд нэгдэж, мөн Clytemnestra, Aegisthos нарын урвалтын дараа
цаазаар авхуулахаар болжээ. Clytemnestra-ын хайрт Aegisthos бол Германы эзлэн
түрэмгийлэгчтэй хамтран ажилладаг тагнуулч бас мэдээллэгч юм. Agamemnon,
Clytemnestra нарын хүү Orestes зүүнтнүүдийн талд тулалдаж, өөрийнхөө ээжийг,
бас Aegisthos-г алж эцгийнхээ өшөөг авдаг. 1949 онд тэрээр партизаны дайныхаа
төлөө баривчлагдаж, 1951 онд шоронд цаазлагджээ. Түүний эгч Electra зүүний
үзэлтнүүдэд тусалж, урвагсад буюу
Aegisthos болон ээжээсээ өшөө авахад нь ахдаа тусалдаг. Orestes үхсэн ч
тэрээр хэрмэл жүжигчнийхээ ажлыг үргэлжлүүлхээс гадна Pylades-тэй үргэлжлүүлэн
үерхдэг. Electra-ын дүү охин Chrysotheme эзлэн түрэмгийллийн үеэр Германчуудтай
хамтран ажиллаж, түрэмгийллийн үеэр биеэ үнэлдэг бөгөөд чөлөөлөлтийн үеэр Их
Британийнхантай хамт байж, дараа Америк хүнтэй гэрлэдэг билээ. Orestes-ын дотны
найз Pylades бол Metaxas-ын дэглэмд цөллөгдсөн коммунист бөгөөд партизануудтай
нэгдсэн ч баригдан дахин цөллөгдсөн. Эцэст нь, тэрээр барууны үзэлтнүүдийн
түүнд үзүүлсэн эрүү шүүлтийн дараа зүүний үзэлтнүүдийн эсрэг бичигт гарын үсэг
зурдаг. Тэрээр 1950 онд шоронгоос суллагдсан болой.
Comments
Post a Comment