Жорж Оруэлл "1984"

 




"1984". Английн зохиолч Жорж Оруэллийн 1949 онд хэвлэн нийтлүүлсэн дистопиан - нийгмийн шинжлэх ухааны уран зөгнөлт роман. Уг бүтээл нь Оруэллийн 9 дэх, мөн амьд ахуйдаа хэвлүүлсэн эцсийн ном ба сэдвийн хувьд; тоталитаризм, олон нийтийг тандах, нийгмийн зан авир болоод хүмүүсийг дарангуйлан журамлах үр дагаварыг тусган үзүүлнэ.  Ардчилсан социалист үзэлтэн байсан Оруэлл романдаа тоталитар засгийн газрыг Сталинист Орос ба Нацист Германаар загварчилжээ. Илүү өргөн утгаар авч үзвэл уг романд улс төр дэх үнэн ба бодит баримтын үүрэг буюу тэдгээрийг хэрхэн манипуляци хийж байгаа аргыг судалсан болно. "1984" нь өнөөдөр улс төр болон дистопиан уран зохиолын сонгодог жишээ болжээ.

  Мөн романд хэллэгддэг "бодлын цагдаа", "шинэ хэл", "бодлын гэмт хэрэг", "2+2=5", "пролууд", "Том ах" зэрэг үгсийг нийтийн хэрэглээнд оруулсанаас гадна "Оруэллиан" гэдэг нэр томьёо ч бий болжээ. Романы сэдэв болон тоталитаризм, олон нийтийг тандах, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд халдах зэрэг бодит амьдрал дээрх жишээнүүдтэй зэрэгцүүлэн бичжээ. Time сэтгүүл уг романыг 1923-2005 оны хооронд Англи хэл дээр бичигдсэн шилдэг 100 романы жагсаалтад багтаасан бол 2003 онд BBC-ээс явуулсан The Big Read судалгааны жагсаалтын 8-р байрт бичигджээ. Ингээд "1984" хэмээх гайхамшигтай романы сэдэв, агуулгыг задлан үзье. "1984" нь барууны орны уншигчдад тоталитар засгийн газрын аюулаас сэрэмжлүүлэх зорилготойгоор бичигдсэн улс төрийн роман юм. Испани, Оросын тоталитар засгийн газрууд өөрсдийнхөө өсөн нэмэгдэж буй хүч чадлаа хадгалан үлдэхийн тулд ямар аймшигтай урт замыг туулсан болохыг нүдээрээ үзсэн Оруэлл романаа коммунизмын мандалтад хэрхэн хандахаа мэдэхгүй байгаа барууны орнуудад түгшүүрийн дохио болгон туурвьжээ. 1949 онд хүйтэн дайн хараахан хурцадмал болоогүй байсан ба Америкийн олон сэхээтнүүд коммунизмыг дэмжиж байсан агаад ардчилсан болон коммунист улсуудын хоорондох дипломат харилцаа хоёрдмол маягтай байв.

 Америкийн хэвлэлүүд, Зөвлөлт холбоот улсыг ёс суртахууны томоохон туршилт хэмээн бичиж байжээ. Оруэлл коммунист орнуудад ажиглагдаж байсан харгислал, дарангуйлалд ихээхэн санаа зовниж, мөн дарангуйлагч засгийн газрууд иргэдээ хянаж, удирдах боломжийг олж авахын тулд технологид анхаарч буйг ажиглажээ. "1984" романд, Оруэлл орчин үеийн туйлын эрх мэдэлтэй засгийн газрыг хамгийн туйлын төсөөллийн ойлголтыг өгдөг буюу төгс тоталитар нийгмийг дүрсэлжээ. Романы гарчиг нь 1949 оны уншигчдад энд өгүүлэх түүх ойрын ирээдүйд бодитоор бий болох боломжтойг харуулах зорилготой байв; хэрэв тоталитаризмыг эсэргүүцэхгүй бол уг гарчгийн санал болгож буйгаар романд дүрслэгдсэн янз бүрийн ертөнц 35 жилийн дотор бодитой болох боломжтой ажээ. Оруэлл хүний амьдралын бүхий л талыг хянаж, удирддаг, тэр байтугай үнэнч бус бодолтой байх нь хүртэл хууль зөрчсөнд тооцдог төрийг дүрсэлсэн. Романы үйл явц ахих тусам ноомой босогч Уинстон Смит намын эрх мэдлийн хязгаарыг сорихоор зорьдог ч харъяатуудаа удирдаж, боолчлох чадварыг л зөвхөн олж илрүүлдэг. Уншигчид Уинстоны нүдээр ойлгохдоо нам нь иргэдээ хянах хэд хэдэн арга техникийг ашигладаг ба тухай бүр нь уг романы чухал сэдэв  болдог. 

Нам нь харъяатуудынхаа бие даан бодох оюун ухааны чадварыг дарах зорилгоор сэтгэлзүйд нь нөлөөлдөг ба иргэн бүрийн өрөөнд байдаг аварга том теледэлгэц нь намын алдаа, бүтэлгүйтлийг ялгуулсан амжилт мэт харагдуулах зорилгооор байнгын пропаганда нэвтрүүлэг цацдаг. Теледэлгэцүүд мөн зан авирыг хянаж байдаг буюу иргэд хаана ч явсан эрх мэдэлтнүүд тэднийг шалгаж байгаагаа "Том ах чамайг харж байна" гэсэн газар сайгүй байршуулсан тэмдэгээр сануулж байдаг. Нам нь залуу тагнуул гэж нэрлэгддэг байгууллагадаа хүүхдүүдийг элсүүлэх замаар гэр бүлийн бүтцийг алдагдуулдаг агаад ингэснээр хүүхдүүд тархиа угаалгуулж, эцэг эхээ тагнаж, намд үнэнч бус аливаа явдлыг мэдэгдэхийг уриалдаг. Нам нь мөн хувь хүний сексийн дур хүслээ тэвчихийг шаарддаг бөгөөд секс бол зөвхөн намын шинэ гишүүн бүтээх нөхөн үржихүйн үүрэг гэж үздэг. Нам хүмүүсийн далд бухимдал, сэтгэл хөдлөлийг намын улс төрийн дайснуудыг үзэн ядахад ашигладаг. Тус дайснуудыг ихэнхийг чухам энэ зорилгоор тусгайлан зохион бүтээсэн. Мөн нам нь оюун ухааныг хянахаас гадна харъяатуудынхаа бие махбодийг ч бас хянадаг. Нам үнэнч бус байдлын өчүүхэн шинж тэмдэгийг ч ажиж байдаг бөгөөд Уинстоны ажигласанаар нүүрний өчүүхэн татвалзалт баривчлагдахад хүргэж болзошгүй юм. Хүний мэдрэлийн систем өөрийнх нь хамгийн том дайсан болдог. 

Нам нь гишүүдээ бөөнөөр нь биеийн татганалт нэртэй өглөөний дасгал хийхийг шаардаж, төрийн байгууллагад урт удаан, хэцүү ажил өдөржин хийлгэж хүмүүсийг байнгын ядарч туйлдсан байдалтай байлгадаг. Намыг эсэргүүцсэн хэн боловч системтэй, хэрцгийгээр эрүүдүүлэн шүүлгэх замаар шийтгэгдэн "дахин хүмүүждэг". Хэдэн долоо хоногийн турш ийм харгис эмчилгээ хийлгэсэний дараа Уинстон өөрөө бие махбодийн зовлонгоос илүү хүчтэй зүйл гэж үгүй, үүнийг сэтгэл хөдлөлийн үнэнч байдал ч, ёс суртахууны итгэл үнэмшил ч давж чадахгүй гэж эцэст дүгнэдэг. Хохирогчдынхоо оюун санааг бие махбодийг нь эрүүдэн шүүж шийдсэнээрээ нам бодит байдлыг хянах чадвартай болж, 2+2=5 гэдэгт харъяатууддаа итгүүлж чаддаг. Нам нь мэдээллийн эх сурвалж бүрийг хянаж, бүх сонин хийгээд түүхийн агуулгыг өөрийн зорилгын үүднээс удирдаж, бас дахин бичдэг. Нам нь хувь хүмүүст гэрэл зураг, бичиг баримт гэх мэт өнгөрсөн үеийнх нь бүртгэлийг хадгалахыг зөвшөөрдөггүй. Үүний үр дүнд дурсамжууд нь төөрөгдөм, найдваргүй болж, иргэд намын хэлсэн бүхэнд итгэхэд бэлэн болдог. Одоог хяналтадаа байлгаснаар нам өнгөрсөнийг удирдах боломжтой болсон ба мөн өнгөрсөнийг хянахын тулд нам одоогийн бүх үйлдлээ зөвтгөж чадна. Хот даяар байршуулсан теледэлгэц, далд микрофон ашиглан нам нь гишүүдээ бараг бүх цаг хугацаанд хянах боломжтой байдаг. 

Түүнчлэн нам нь эдийн засгийн үйлдвэрлэл, мэдээллийн эх сурвалжид өргөн хүрээний хяналт тавих нарийн механизмыг ашигладаг агаад мөн дайснууд гэж үзэж буй хүмүүсийг эрүүдэн тамлах аймшигтай механизмыг ашигладаг. Ёс суртахууны сайн сайхны төлөө ажилладаг гэж ойлгогддог технологи нь уг бүтээлд хамгийн муу муухай бүхнийг дэмжих боломжтой гэдгийг харуулжээ. Оруэллийн "1984" бүтээлээрээ хүргэх гэсэн гол мессежүүдийн нэг бол хэл нь хувь хүмүүсийн бодлыг илэрхийлэн гаргаж, томьёолж, санаануудыг бүтээж бас хязгаарлаж байдгаараа хүн бодоход хамгийн чухал ач холбогдолтой юм. Хэрэв хэлийг хянаж улс төрийн агентлагт төвлөрүүлдэг байсан бол ийм агентлаг хэлний бүтцийг өөрчилж, дуулгаваргүй хүмүүс юмуу босогчдод тийм зүйл төсөөлөх ч боломж олгохгүй буюу учир нь тухайн зүйлсийг бодох үг байхгүй байх болно. Энэхүү санаа нь Англи хэлийг орлуулахын тулд намын нэвтрүүлсэн "Шинэ хэл"-ээр илэрдэг. Нам нь өөрсдийн үнэмлэхүй эрх мэдэлд эргэлзээ төрүүлэх аливаа зүйлийг хэн ч төсөөлж чадахгүй болгох зорилгоор "Шинэ хэл"-ийг байнга боловсронгуй болгож, сайжруулж байдаг. Сонирхолтой нь, Оруэлл хэлийг хүчээр хянах олон санааг колоничлолын өвтэй холбохыг хүссэн зохиолч, шүүмжлэгчид өөрчилсөн байдаг. Колоничлолын үед гадаадын улс гүрнүүд алс холын бүс нутгуудад улс төр, цэргийн хяналтаа тогтоож, өөрсдийн эзэмшлийн нэг болгосон газартаа өөрсдийн хэлийг засгийн газар, бизнесийн хэл болгожээ. 

Колоничлолын дараах үеийн зохиолчид хэл болоод соёлын алдагдал, түүхэн харилцаа холбоо тасарсаны улмаас орон нутгийн ард түмэнд учруулсан хохиролыг шинжлэн судалж, завсарладаг. "1984" романд, үнэнч байх цорын ганц зам бол намдаа л үнэнч байх явдал гэж гардаг. Уншигчид намын устгасанаас эхлээд хамгийн суурь болсон, хамгийн өчүүхэн хүртэлх бүх төрлийн үнэнч байдлын жишээг олж хардаг. Хөршүүд, хамтран ажиллагсад бие биенээ барьж өгдөг бол ноён Парсоны хүүхэд өөрийг нь бодлын цагдаад мэдэгддэг. Уинстон эхнэрээ хальт мульт санаж байгаа нь гэрлэлтэдээ үнэнч бус болж байгааг илтгэнэ. Уинстон-д эсэгргүүцэл, бие даасан байдлынхаа багажийг зарсан хүн нь бодлын цагдаагийн гишүүн байсныг Уинстон олж мэдсэнээр худалдан авагч, худалдагч хоёрын харилцаа хүртэл гажуудаж байгааг ойлгоно. Уинстон, Жулиа хоёрын харилцаа нь номын үйл явдлуудааар шалгагдсан хамгийн үнэнч харилцаа ба номын 7-р бүлэгт, Уинстон Жулиа-д хандан "Тэд намайг чамайг хайрлахыг зогсоож чадвал, тэр л ёстой жинхэнэ урвалт болно" гэдэг. Нам эцэст нь, Уинстоныг Жулиаг хайрлахыг оронд нь Том ахыг хайрладаг болгож, энэ бол үнэнч байх цорын ганц хэлбэр гэдгийг ойлгуулдаг. Романд, Уинстон намын эсрэг аажмаар эрсдэлтэй бөгөөд эсэргүүцэх арга хэмжээ авч байгааг шинжилдэг. Уинстон тэмдэглэл хөтлөх юмуу гоёл чимэглэлийн цаас худалдаж авах гэх мэт эсэргүү аашилсанаар жижиг үйлдлүүдээр бослогоо бий болгодог. 

Эцэст нь, Жулиатай секс хийснээр түүний бослого улам хурцадмал болдог ба энэхүү харилцаа нь дур хүслийн бодлын гэмт хэргийг багтаасан тул давхар бослого гэсэн үг юм. Уинстон өөрийнхөө болон бусдын үйлдэл энэ насанд нь намыг устгачихна гэдэгт итгэдэггүй бөгөөд гэвч бодлын цагдаад баригдахаасаа өмнө ирээдүйд эрх чөлөөт ертөнцөөс хэн нэгэн Уинстоны цаг үеийг олж харна гэдэгт итгэдэг. Намын эсрэг бодитой хувьсгал хийх Уинстоны хамгийн тодорхой найдвар бол пролууд гэж нэрлэгдсэн хотын нийгмийн доод давхаргынхан ба пролууд намынхнаас хамаагүй илүү олон тоотой бөгөөд тэднийг зохион байгуулалтад оруулж чадвал хувьсгал хийх хүчтэй болохыг Уинстон ажигладаг. Асуудал нь пролууд урт хугацааны туршид маш ядуу нөхцөлд байснаас болж амьд үлдэх зорилгоо олж харж чаддаггүй, ингээд илүү сайн сайхан ертөнцийг бүтээхийг оролдоно гэдэг ойлголт нь тэдний хувьд ахадсан зүйл юм. Эдгээр бүх ажиглалтаар хувьсгалын үр дүн болох намын цаад мөн чанарыг харуулсан бөгөөд Уинстоны хэлснээр нам нь 1960-аад оны дунд үед Британий нийгмийн дэг журмыг нураасан хувьсгалаар байгуулагджээ. Намын хувьсгал хараахан дуусаагүй байгаа бөгөөд бүгдийг бүрэн хяналтандаа авсанаар биелэгдэх болно. Намын ард түмнийг удирдах үндсэн хэрэгсэл нь түүхийг хянах боловч, тэд мөн бие даасан байдал, хувийн онцлог шинжийг ч хянадаг. Жишээлбэл, Уинстон болон Далайн улсын бусад иргэдэд хэн болохыг нь тодорхойлох үндсэн шинж чанарууд гэж байдаггүй. Уинстон хэдэн настай гэдгээ мэдэхгүй, гэрлэсэн эсэхээ ч мэдэхгүй агаад ээж нь амьд уу, үхсэн үү гэдгийг ч мэдэхгүй. Түүний хүүхэд насны дурсамжуудын аль нь ч найдвартай байдаггүй, учир нь, түүнд жинхэнэ дурсамжаас төсөөллийн дурсамжийг ялгаж салгах гэрэл зураг, бичиг баримт байдаггүй. 

Онцлог, өвөрмөц бие хүмүүс байхын оронд намын гишүүн бүр гаднаасаа ижилхэн харагддаг. Намын бүх гишүүд ижил хувцас өмсч, ижил тамхи татаж, ижил архи уудаг. Тиймээс хувь хүний онцлог шинж чанарыг мэдрэх нь сэтгэлзүйн хувьд төдийгүй логикийн хувьд хэцүү бэрхтэй байдаг. Уинстоны гаргасан чухал шийдвэрүүдийн ихэнх нь өөрийгөө тодорхойлох гэсэн оролдлого байдаг. Өөртөө өдрийн тэмдэглэл худалддан авч, өөрийн бодлоо бичиж эхлэхээр шийдэж байгаа нь дурсамж болоод түүх бүтээх гэсэн оролдлого ба цаасан бөмбөлөг худалдаж авах шийдвэр нь намаас өмнөх цаг хугацааг илтгэсэн өөрийн гэсэн ямар нэгэн зүйлтэй болох гэсэн хүсэл юм. Уинстон Жулиатай сексийн харилцаанд орж, хамтдаа байхын тулд байр түрээслэхээр шийдвэрлэж байгаа нь "1984" романы ертөнцөд бол аюултай гэмт хэрэг юм. Жулиатай харилцаатай болохоор шийдсэнээрээ Уинстон өөрийнхөө тусгаар тогтнолыг бататгаж, мөн намыг эсэргүүцэгчийн хувьд хувь хүн гэдгээ тодорхойлж байна. Эцэст нь, Уинстоны тусгаар бие даасан байдлаа хадгалж, онцгой бие хүн гэсэн шинж чанараа бүтээх гэсэн оролдлого нь намын хүсэлтэй тохирохгүй юм. Уинстоны Хайрын яаманд үзэж мэдэрсэн бүхэн нь түүний хувь хүн гэсэн бүх шинж чанарыг нь үгүй хийдэг ба нийгэмдээ буцаж орохдоо бие даасан байдал хийгээд онцгой шинж чанараа алдаж, намын нэг хэсэг болсон байна.

Comments