Хүн болж зүүдэлсэн нь

 



 

The Fly (1986) . Авъяас чадварлаг ч этгээд хачин  эрдэмтэн Brundle өөрийнх нь ажил үйлсийг санхүүжилдэг компаний үдэшлэг дээр шинжлэх ухааны сэтгүүлийн сэтгүүлч Ronnie хэмээх хүүхэнтэй танилцаж буйгаар кино маань эхэлнэ. Brundle аятайхан залуу байсан учир Ronnie түүнийг дагаж гэрт нь очихоос цааргалаагүй шиг Ronnie сэтгэл татам хүүхэн байсан учир зожигдуу эрдэмтэн маань түүнийг гэртээ аваачихыг хүснэ. Brundle-ын гэр нь байрны агуулахыг бүрэн эзэлсэн нэг том лаборатори байв. Тэнд Ronnie түүний зохион бүтээсэн телепод хэмээх зүйлтэй танилцана; тодруулбал энэ нь шкав шиг хоёр зүйлээс бүрдэх буюу телеподуудыг компютерээр удирдана.  Brundle хүүхэнд ид шид үзүүлье гээд шилэн оймсыг нь нэг телепод-д хийгээд компютерт заавар өгөхөд шилэн оймс нөгөө телеподоос гарч ирэх буюу тухайн зүйл шилжиж байлаа. Ronnie харсан зүйлээ сэтгүүлдээ нийтлэнэ гэхэд Brundle энэ бүх нээлтээ бүрэн төгс болох хүртэл нь нууцлах бодолтой байгаа, харин чи надтай хамтраад миний туршилтуудыг камерт бичиж баримтжуулаач хэмээн ятгаж, хүүхэн ч зөвшөөрнө.

Дараа өдрөөс нь Ronnie камертай ирээд Brundle-ын туршилтуудыг бичиж эхэлнэ, тэд эхлээд сармагчин буюу амьд биет шилжүүлэх гэж оролдтол туршилт бүтэлгүйтэн телеподоос амьд биш харин ердөө сармагчины махан таташ шилжин гарч ирнэ. Туршилт бүтэлгүйтсэн ч эрдэмтэн болон сэтгүүлч хоёрын хувийн харилцаа улам бүр ойртон дотносож, Ronnie гэрт нь буюу лабораторид нь хааяа хамт хонодог болно. Нэг өдөр Brundle телепод-доо стэйк хийж туршиж үзэх ба зүгээр шарж болгосон стэйкээс телепод-д шилжиж гарч ирэн шарж болгосон стэйкийн амт заваан байх агаад телепод-д орсон зүйл синтетик болж гарч ирж байгааг ойлгоно. Тийнхүү учрыг ойлгосон эрдэмтэн маань компютертээ хэдэн тохиргоо хийснээр дараагийн удаа телепод-д орсон сармагчин амьд, зүв зүгээр гарч ирнэ. Энэ зуур Ronnie экс найз залуу болох өөрийнх нь ажилладаг сэтгүүлийн захирал Stathis-аас харилцаагаа нэг мөр таслах гэж үйл тамаа үзэх бөгөөд Stathis өөрийг нь эгнэгт орхиод нэг муу ядуу эрдэмтэнтэй явж байгааг олж мэдээд уурлана, харин Ronnie аргагүй эрхэнд бас гэнэн хандаж Brundle-ын нээлтийн талаар аль эрт ам алдчихсан даа сэтгэл түгшинэ. Brundle дээрх явдлыг олж мэдээд бухимдан,  хамгийн гол нь Ronnie-г экстэйгээ явалдаж байна хэмээх хардаж ганцаараа ууж зоригжоод хэзээнээс нууцхан бодож явсан телепод-д хүн шилжүүлж үзэх хүслээ өөрөөрөө биелүүлэн гүйцэтгэхээр шийдэх бөгөөд тэрээр телепод-д нүцгэн ороод амьд мэнд, зүв зүгээр нүцгэн гарч ирнэ.

Brundle Ronnie хоёр эвлэрцгээнэ. Харин Brundle сахар маш ихээр идэхээс гадна аажмаар бие махбодь нь маш тэсвэртэй, хүчтэй, мөн сексийн ханаж цадашгүй хүсэлтэй болж өөрчлөгдөж эхлэх ба энэ үйл явцаа тэрээр телеподийн ач, биеийг нь ариутгасан гэж үзнэ. Ronnie түүний хачин түрэмгий аашлах, галзуу мэт авирлах байдлыг анзаарч, биеэр нь үс ургаж таньж мэддэг Brundle нь нүдэн дээр шал өөр хүн болж байгаад сэтгэл зовж, үүнийгээ хэлэхэд нь шинэ биедээ хачин хайртай байх болсон галзуу эрдэмтэн маань сонсохыг ч хүсэхгүй.  Ингээд тэд хэрэлдэж Brundle түүнийг өөртэйгөө адилхан болгох гэж телепод-д ор хэмээн шаардсанаар уурлаж эсэргүүцсэн Ronnie гэртээ буцаж, харин секс хүслээ барьж дийлэхээ больсон Brundle баар орж хүүхэн чихдээр явна. Удсангүй Brundle-ын хумс унаж, бусдыг энэрэх, ойлгох ухамсарт сэтгэл нь үгүй болох бөгөөд энэ мөчид тэрээр биед ямар нэгэн буруу юм болоод байгааг ухаарна. Телепод-д ордог өдөр юу болсныг буюу телепод-д өөртэй нь хамт юу байсныг шалгаад үзэхэд түүнтэй хамт телепод-д ялаа байх ба өөрөөр хэлбэл тэрээр ялаатай нэгэн цул бие болсноо ойлгоно. Одоо дахиж Brundle гэж байхгүй, харин Brundlefly болсон байлаа. Нөгөө талд харин Ronnie Brundlefly-аас жирэмсэлсэн байна. 

"Би юун дээр ажиллаж байна вэ гэж үү? Би энэ ертөнцийг, бидний мэддэг хүмүүний амьдралыг өөрчлөх зүйл дээр ажиллаж байна" хэмээн David Cronenberg-ын эл шинжлэх ухааны, сэтгэлзүйн, body хоррор шедевр кино маань эхэлдэг ба энэ бол нэгдлийн буюу хүн ба шавьжны нэгдэл болоод эрэгтэй ба эмэгтэй хүмүүсийн сэтгэл хөдлөл, бие махбодийн нэгдлийг зовиуртайгаар үзүүлсэн бүтээл юм. Киноны гол дүрд тоглосон Jeff Goldblum, Geena Davis нарын харилцан тоглолт гайхалтай сайн бол дотор муухайрам Chris Wales-ын тусгай эффэктийн ажлыг өнөөдөр ч биширсээр байна. Киног George Langelaan-ын 1957 онд бичсэн ижил нэрт богино өгүүллэгээс сэдэвлэсэн бөгөөд 1958 онд ижил нэртэй кино мөн гарч байсан байдаг. Киноны хөгжмийг Howard Shore бичсэн агаад кино нээлтээ хийгээд үзэгчид, кино шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан; кино маань ердөө 9 саяар бүтээд 60 саяын ашиг олсон нь Cronenberg-ын замналын хамгийн их ашигтай ажилласан бүтээл болжээ.


1980-аад оны эхээр классик шинжлэх ухааны хоррор жанрын The Fly киног дахин хийхээр болж кино зохиолчоор нь C. E. Pogue ажиллахаар болов. Pogue эх өгүүллэгийг огт уншиж байгаагүй агаад продюсер Stuart Cornfeld-д хамтран ажиллах санал тавихад Cornfeld тэр даруй зөвшөөрчээ. Тэд эх өгүүллэгтэй төстэй тойм бичсэн ч мангас нь тэр дороо биш аажмаар хувиран бий болдогоороо өөр байв. Тэдний төслийг дэмжиж мөнгө өгсөн 20th centery fox кино компани гар бичмэлийг уншаад сүртэй юм биш байна гээд төслөөс татгалзжээ. Кино төсөлд Brooksfilms кино компаний эзэн Mel Brooks шинэ продюсерээр орж ирэв. Cornfeld Brooks хоёр дотно найз байжээ, тэд хамтдаа David Lynch-ын The Elephant Man кинон дээр ажиллаж байсан ба тэд төслөөсөө Pogue-г хасаад оронд нь өөр хүн авах гэж оролдсон ч тухайн хүн нь энэ миний хийх юм биш байна гэснээр найзууд төсөлдөө Pogue-г буцааж авчээ. Найруулагчийн хувьд тэдний эхний срнголт нь Cronenberg байсан ч Cronenberg тухайн үед Total Recall кинон дээр ажиллаж байсан учир саналаас татгалзсан байна.  

Ингээд тэд Английн залуухан найруулагч Robert Bierman-д хандав, гэтэл Bierman-ын гэр бүл өмнөд Африкт аялж яваад ослын улмаас охиноо үүрд алдав. Brooks, Cornfeld нар Bierman-д уй гашуугаа гэтэлгэх хугацааг удаа дараа олгож байсан ч Англи эр эцэст нь ажиллах боломжгүйгээ хэлж төслөөс нэг мөр гарчээ. Азаар гэхүү Cronenberg ажиллаж байсан төслөөсөө гараад байсан тул Cornfeld-ын саналыг кино зохиолыг өөрийнхөөрөө өөрчилнө гэсэн болзолтойгоор зөвшөөрсөн байна. Нүүр хувиргалт, тусгай эффэктээрээ Chris Wales, Stephan Dupuis нар энэ төрлөөрөө тухайн жилийнхээ Оскарын наадмын шилдэг болсон бөгөөд эцсийн Brundlefly амьтныг эхлээд зохион бүтээгээд дараа нь Brundle хэрхэн хувирч байгааг тэс дараагаар нь бүтээжээ. Хувирал нь хөгшрөлтийн үйл явцыг харуулах зорилготой байсан ба киноны төгсгөлд Brundle үс, шүд, хумс алдаж, арьс нь өнгө зүсээ алдаж, гуужиж байдаг билээ. Кино бүтээгчдийн зорилго бол Brundle-ын эрлийзжсэн аймшигтай амьтнаар хорт хавдар, өвчиндөө хөхөртлөө зовж үхэж буй хөгшрөлтийг үзүүлэх байв.


Brundlefly бол тэгш бус, гажиг хэлбэртэй бөгөөд амьдрах юмуу тэсч үлдэх чадвартай организм биш юм. Кино шүүмжлэгчид уг киног гараа дэлгэн угтаж авахдаа киноны тусгай эффэкт болон Goldblum-ын тоглолтыг сайшааж, өргөн дэлгэцийн найруулагч биш найруулагч Cronenberg энэхүү маргаантай, сэжгийн киногоороо үнэхээр анхаарал татлаа хэмээж байв. Үзэгчдийг сэжгийн тусгай эффэкт алмайруулахын хажуугаар киноны эмгэнэлт хайр түүх татаж байв. Шүүмжлэгчид уг кино бол ДОХ-ын зүйрлэл гэж үзэж байсанд Cronenberg үнэхээр гайхаж, киноны сэдвийн анхны зорилго бол өвчин, хорт хавдар, нэн ялангуяа хөгшрөлтийн үйл явц байсан гэжээ. Мөн Cronenberg өөрийнхөө хорророор дамжуулан дүрүүдээ маш боловсронгуй болгосон нь уг киног сэтгэл хөдөлгөм эмгэнэлт бас нэгэн зэрэг сэжгийн бүтээл болгож байна гэж судлаачид бичжээ. TSPDT сайт уг киног бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 592-р байрт жагсаасан бол Time сэтгүүл бүх цаг үеийн хамгийн аугаа 100 киноны жагсаалтадаа багтаажээ. Мөн маш олон сайт, сэтгүүл уг киног хамгийн шилдэг аймшгийн киноны жагсаалтад багтаасан байдаг. Кинон дээрх Brundlefly-ын бөөлжсийг зөгийн, өндөг болон сүүгээр хийжээ.

Comments

Post a Comment