Кино урлаг үүсэн бий болсноос хойш найруулагч нь киноныхоо гол дүрд эхнэрээ, юмуу амраг хайртаа тоглуулах, эсхүл гол дүрийн эмэгтэй жүжигчинтэйгээ суух, үерхэх, амраглах явдал энгийн үзэгдэл байсаар иржээ. Домогт найруулагч Josef von Sternberg - Marlene Dietrich, Roberto Rossellini - Ingrid Bergman нарын кино хосуудыг бид бүхэн мэдэх бол Louis Malle - Jeanne Moreau, Francois Truffaut - Stephane Audran нарын алдартай хосуудыг үргэлжлүүлэн дурдаж болно. Ерөөсөө найруулагч нь жүжигчинтэйгээ "явалдах" байх ёстой, бас байсаар байх үзэгдэл, сайн бүтээл төрөхийн нэгэн хэсэг болдог гэж үзэж болно. Сайн найруулагчид "заавал" хүсэл, санааг нь өдөөн бадраахын зэрэгцээ урлахуйн гунигт автуулдаг Муза буюу урлагийн охин тэнгэр байдаг, байх ч ёстой билээ. Тэгвэл дээрх найруулагч - жүжигчдийн хосуудаас 1950-аад оны Францын кино урлагийн шинэ давалгааны тэргүүлэх найруулагчдын нэг Jean-Luc Godard болон түүний Муза бас эхнэр байсан Anna Karina хоёрын амьдрал, уран бүтээл онцгойрох буюу тэдний хайр сэтгэл илүү олны анхаарлыг татсан, мөн илүү ээдрээтэй байсан ба мэдээж салалтаар төгссөн билээ. Godard Karina хоёр цаг үеийнхээ хамгийн алдартай бас сайхан хос байв. Karina гоо үзэсгэлэн хийгээд авъяас чадвараараа, Godard кино урлагт шинэ өнгө аяс, хэмнэл авчирсан гэдгээрээ, тэд цаг үеэ аргагүй л эзэгнэж байв. Жүжигчин, дуучин, зохиолч Anna Karina A Woman Is A Woman (1961) киногоороо Берлины кино наадмаас шилдэг эмэгтэй жүжигчний мөнгөн баавгай шагнал хүртэж байсан ба 1970-аад оноос өөрөө кино найруулагчаар ажиллаж эхэлсэн. Тэр мөн шаггүй дуучин байснаас гадна хэд хэдэн роман бичсэн байдаг. 1960-аад оны кино дэлгэцийн домог байсан Karina-г "Францын шинэ давалгааны оргилуун чөлөөт оюун санаа" гэж тодорхойлдог.
The New York Times түүнийг "дэлгэцийн аугаа гоо үзэсгэлэнгүүдийн нэг бөгөөд Францын шинэ давалгааны мөнхийн симбол" гэж тодорхойлсон буй. Кинонд хайртай, киног үнэлж үздэг хэн бүхэн Karina-д хайртай байдаг ба Францын шинэ давалгаа гэж бодоход л түүний дүр төрх юмуу үгүйдээн түүний тоглосон аль нэг кино санаанд тань буух бий. Ингээд Anna Karina-ын намтрыг товчхон хүргэж байна. Hanne Karin Bayer 1940 оны 9-р сарын 22нд Даний Frederiksberg гэх хотод төржээ. Ээж нь хувцасны дэлгүүрийн эзэн байсан бол аав нь түүнийг төрснөөс нэг жилийн дараа гэр бүлээ орхиод явжээ. Karina ээжийнхээ аав ээжтэй 3 жил хамт амьдарсны дараа асрамжийн газарт 4 жил амьдарсны эцэст буцаад ээждээ очжээ. "Би хайрлагдахыг маш их хүсдэг байсан" гэж хожим тэрээр хүүхэд насаа тодорхойлсон байдаг ба хүүхэд байхдаа гэрээсээ зугтах гэж олонтоо оролдож байсан гэдэг. Ээж нь дахин гэрлэв, харин хойд эцэг нь болох хүн харгис муу байлаа. Тэрээр кабаре-д дуулж замналаа Дани улсдаа эхлүүлсэн агаад давхар сурталчилгаанд моделоор ажилладаг байв. 14 настайдаа тэрээр Канны наадмын шагнал хүртсэн Ib Schmedes-ын богино хэмжээний кинонд тоглосон. 1958 онд ээжтэйгээ муудалцчихаад Парис руу их мөрөөдөл тээн одсон байна. Францаар ярьж чаддаггүй, халаасандаа багахан мөнгөтэй Karina Парист 17 настайдаа иржээ. Нэг өдөр Les Deux Magots кафед сууж байтал нь зар сурталчилгааны агент бүсгүй түүн дээр ирээд зураг авхуулахыг санал болгосноор Elle зэрэг алдартай сэтгүүлүүдэд зургаа авхуулдаг амжилттай модел болж, Coco Chanel, Pierre Cardin нарын загварын томчуудтай ч танилцжээ. Anna Karina бол түүний урлагийн нэр буюу Лев Толстойн "Анна Каренина" романыг зориуд санагдуулам уг нэрийг авахад Coco Chanel түүнд санал болгосон байдаг. Karina-ын нэр хүнд гэрлийн хурдаар өсөж, Coca-Cola, Pepsodent, Palmolive зэрэг брендийг сурталчлах болов. Тэр үед Cahiers du cinema сэтгүүлийн шүүмжлэгч байсан Jean-Luc Godard нэгэн паб-д сууж байгаад Karina-ын тоглосон савангийн рекламыг үзээд өөрийнхөө Breathless (1960) дебют киноныхоо багахан хэсэгт тоглуулахыг хүсчээ. Харин Karina түүний саналаас татгалзсан байдаг, учир нь тэр нүцгэн гарах ёстой байв, кинонд. Савангийн рекламд нүцгэн тоглочихоод кинонд нүцгэн тоглохоос яагаад татгалзаад байгаа хэмээн Godard түүнээс асуухад; "та чинь галзуу юмуу? Реклам дээр би усны хувцастай байсан, бас савангийн хөөс миний биеийг халхалж байсан, таны оюун ухаанд л би нүцгэн байж" хэмээн Karina хариулсан гэдэг.
Ингээд эцэст нь, Godard киноныхоо түүнд зориулж хадгалж байсан хэсгийг бүр хассан байдаг. Дараа нь Godard тухайн цаг үеийн Алжирийн дайны хурцадмал байдлыг хөндсөн The Little Soldier (1963 онд нээлтээ хийсэн) кинондоо Karina-г тоглуулсан ба Karina 21 нас хүрээгүй байсан учир гэрээнд ээжийнхээ гарын үсгийг зуруулах ажилтай болсон байдаг. Кино хууль бус агуулгатай хэмээн бөөн маргаан тухайн үед дэгдээж байлаа. A Woman Is Woman (1961) кинонд Karina хүүхэдтэй болохыг хүсдэг, MGM кино компаний мюзикл-д тоглох мөрөөдөлтэй тайчигчийн дүрийг бүтээсэн ба Gigi (1958) кинонд Leslie Caron-ын өмсдөг хувцсыг дуурайн өмсдөг. My Life to Live (1962), Band of Outsiders (1964), Pierrot le Fou болон Alphaville (хоёулаа 1965 оных) зэрэг нийтдээ 8 киног Karina Godard хоёр хамтран бүтээсэн бөгөөд өнөөдөр ихэнх кино нь урлагийн шедевр болжээ. Pierrot le Fou кинонд Karina экс найз залуутайгаа зугтагчийн дүр бүтээдэг бол Alphaville киног шинжлэх ухааны уран зөгнөлт Bladerunner (1982) бүтээлтэй харьцуулдаг ажээ. Шүүмжлэгч Anne Billson хэлэхдээ; "Godard өөрийнхөө Музатай хийсэн кинонуудыг харвал, Godard-ын эмэгтэй хүнийг ойлгох ойлголт нь биеэ үнэлэгч, хоёр нүүртэн юмуу хүүхэд хүсэгч гэдгээс хэтэрдэггүй бололтой" гэсэн буй. Karina өөрийгөө Godard-ын Муза гэж тодорхойлогдож байдагтаа дургүйцдэггүй ба "энэ магадгүй дэндүү их, хэтэрхий онгирсон хэрэг байх, гэхдээ хүмүүсийн ингэж ярихыг сонсоод миний сэтгэл үргэлж хөдөлдөг, яагаад гэвэл надад энэ бүхний нэг хэсэг байх боломжийг Godard өгсөн шүүдээ" гэж тэрээр хэлж байжээ. 1960-аад онд түүний замнал оргил үедээ байж Jacques Rivette-ын The Nun (1966), Luchino Visconti-ын The Stranger (1967), George Cukor п-ын Justine (1969) болон Tony Richardson-ын Laugther in the Dark (1969) зэрэг кино найруулагчдын кинонд тоглов. 1970-аад онд тэрээр Christian de Chalonge, Andre Delvaux, Franco Brusati зэрэг найруулагчидтай хамтран ажилласнаас гадна 1973 онд анхныхаа кино найруулагчийн ажил болох Living Together бүтээлээ хийв, кино Канны кино наадмын шүүмжлэгчдийн долоо хоногоор дэлгэцнээ гарчээ. 1976 онд тэрээр алдарт Rainer Werner Fassbinder-ын Chinese Roulette кинонд тоглов, Fassbinder киногоо түүнд зориулж бичсэн гэдэг яриа байдаг. Дараа нь, тэрээр Last Song (1987) киноны зохиолыг нь бичиж бас дуугийн дуулсан бол Jacques Rivette-ын Up, Down, Fragile (1995) кинонд тоглосон агаад 1963 оны Charade киноны дахин шинэчлэн бүтээсэн The Truth About Charlie (2002) кинонд дуулжээ. Karina 2008 онд гарсан Victoria кинондоо найруулагчаар ажиллаж бас өөрөө тоглосон ба кино нь "road" жанрын кино байлаа. 1960-аад оны сүүлээр Karina телевизийн комеди мюзикл Anna киноны хоёр ч дууг дуулсан нь хит болсон ба 2005 онд киноны дуунуудаасаа бүрдсэн Chansons de films цомгоо гаргажээ.
Karina 1973 оноос 1998 он хүртэл 4 роман бичсэн байдаг ажээ. The Little Soldier
киноны үеэр Karina Godard хоёрын дотно харилцаа эхэлсэн бөгөөд кино урлагийн
хувьд үлдсэн нь түүх болж үлджээ. Karina энэ харилцаагаа Бернард Шоугийн
"Pygmalion" бүтээлтэй харьцуулсан байдаг буюу өөрийгөө Eliza
Doolittle-тэй, харин Godard-г багштай адилтган зүйрлэсэн байдаг. Тухайн цаг үед
тэднийг Independent сэтгүүл 1960-аад оны хамгийн алдартай хосуудын нэг гэж
байсан бол Filmmaker; маргаангүй кино урлагт тохиосон хамгийн нөлөө бүхий
хүмүүс гэж дүгнэж байлаа. Алдар нэр, магтаал шигээ тэдний харилцаа байсангүй,
хөшигний ард хэрүүл, үл ойлголцол дэндүү их байсан агаад тэд зураг авалтын үеэр
хэрэлдэх юмуу Karina өвдлөө гэх шалтгаанаар зураг авалтыг орхиж байсан бол
ихэнхдээ Godard ямар ч тайлбаргүйгээр түүнийг орхиод явчихдаг байсан гэдэг.
1963 оны Contempt киногоороо Godard Karina-г үл тоомсорлосон буюу эндээс тэдний
харилцаанд сэв сууж, улмаар 1965 онд салсан гэдэг. Karina 2016 онд өгсөн
ярилцлагадаа Godardя-тай ярихаа больсон гэдгээ хэлсэн ба өөрсдийнхөө харилцааг;
"энэ бүхэн эхэндээ маш сэтгэл хөдөлгөм байсан, мэдээж бидэнд гайхалтай
хайрын түүх байсан ч бид дэндүү өөр хүмүүс байсан. Тэр надаас 10 ах, бас их
хачин авирладаг байсан. Тэр яваад л өгнө, тэгээд 3 долоо хоногийн дараа ирнэ,
энэ надад маш хэцүү байдаг байлаа, би 21 нас ч хүрээгүй байлаа шүүдээ. Тэр
намайг гомдоохыг хүсээгүйг би мэдэж байгаа ч энэ нь надад хэцүү байсан. Тэр
хэрэгтэй үед хамт байдаггүй байсан, тэр ерөөсөө буцаж ирдэггүй байсан, хаана
байгаагийн ч би мэддэггүй байлаа. Тэр намайг бараг галзуу хүн болгосон"
гэж хэлж байжээ. Godard-аас салсаныхаа дараа дахин 3 удаа гэрлэсэн. Karina 79
насандаа буюу 2019 оны 12 сарын 14нд Парист нас барсан.
Comments
Post a Comment