High Noon (1952) . Шинэ Мексикт орших Hadleyville гэх бяцхан хотод үдийн арван хоёр цаг болоход цаг гаран дутуу байлаа. Гурван морьтой эр хотод хүрэлцэн ирэх бөгөөд тэднийг харсан хотынхны сандарч, үймэлдсэн гэж жигтэйхэн. Морьтой эрс явсаар шууд галт тэрэгний өртөөн дээр ирж, яг арван хоёр цагт галт тэргээр ирэх өөрсдийн толгойлогч галзуу хочит Miller-г хүлээж эхэлнэ. Дээрмийн бүлэглэл ирсэн, удахгүй толгойлогч нь ирж аймшигтай өшөө авах нь гэсэн мэдээг хотын нэг иргэн хотын дарга, хотын маршал зэрэг чухал хүмүүс цугласан хурим болж байх үеэр дуулгана. Энэ бол хотын маршал буюу цагдаагийн дарга Kane-ын хурим ба 40 орчим насны сайхан эр тэрээр өөрөөсөө олон дүү үзэсгэлэнт Amy-тай гэрлэж буй нь энэ агаад маршалын албан тушаалаасаа бууж, өрхийн тэргүүний тайван амьдралаар амьдрахаар зэхэж байсан нь энэ юм. Таван жилийн өмнө Kane зартай алуурчин Miller-г барьж аваад шүүхэд өгөхөд шүүх Miller-д алах ял өгсөнгүй, харин өөр хот руу цөлсөнөөр өшөө авах тангараг тавьж байсан Miller-д дахин энд ирэх боломжийг олгосон буюу тэрээр маршалыг алахаар ирсэн нь хэн бүхэнд тодорхой юм.
Австри-д төрсөн Америкийн кино найруулагч Fred Zinnemann-ын найруулсан Вестерн жанрын энэхүү бүтээл нь тэр жилийнхээ Оскарын наадамд долоон төрөлд нэр дэвшсэнээс шилдэг эрэгтэй гол дүр, шилдэг хөгжим, шилдэг эвлүүлгийн шагнал хүртсэн. Кино зохиолыг Carl Foreman бичсэн бол Stanley Kramer продюсерлэсэн бол Dimitri Tiomkin хөгжмийн зохиолыг нь бичиж Оскар авсан. Харин гол дүрүүдэд: алдарт Gary Cooper дэлгэцийн хамгийн шилдэг хууль сахиулагчийн дүрийн нэгийг гаргасанаараа Оскарын эзэн болсон бол өөрийгөө ядан дийлж буй эхнэрийн дүрийг Grace Kelly гаргасныг Alfred Hitchcock "модон", амьгүй, энэ киноноосоо хойш Grace Kelly жинхэнэ жүжигчин болсон гэж хэлсэн байдаг. Киног бүтээх болон дэлгэцнээ гарах үйл явц коммунизмаас айх, Солонгосын дайнтай давхцаж улмаар киног нэлээн улс төрийн шинж чанартай болгож байжээ. Киноны зохиолыг бичсэн Foreman Америкийн коммунист намд байсан, намын гишүүдтэй холбоотой байдаг гэсэн үндэслэлээр киног бүтээх явцад холливуудын зүгээс багагүй шахалтад орж, коммунист үзэл суртал түгээгч гэгдэн мөрдөн шалгагдаж байжээ. Үүний үр дүнд тэрээр хар жагсаалтад орох хүнд байдалд орсон ба продюсер Kramer хамтран ажиллахаа зогсоохоор шийдтэл Foreman продакшны зээлд гарын үсэг зурсанаар төсөлд үлдэж чаджээ.
Гэвч кино нээлтээ хийхээс өмнө тэрээр өөрийн түншлэлийн хувиа Kramer-д зараад нэгдсэн улсад цаашид ажиллах аргагүй гэж үзээд Их Британи руу нүүсэн байдаг. Хожим нь Kramer зориуд Foreman-ын кинонд үзүүлсэн үүргийг шударга бусаар буруулсан, Foreman-ын кино зохиол John W. Cunningham-ын "The Tin Star" богино өгүүллэгийг худалдаж аваад кино зохиол болгосон гэсэн мэдээллүүд түгэх болсон. Маршалын дүрд анх John Wayne-г тоглуулахаар яригдаж байсан боловч Wayne Foreman-ын түүх хар жагсаалтын эсрэг илт зүйрлэл байсан тул дүрээс татгалзсан гэж хэлсэн байдаг, яагаад гэвэл Wayne Foreman-г буруушаагчдын нэг байсан гэдэг. Хожим тэрээр "Foreman-г энэ улсаас гаргахад тусалсандаа хэзээ ч харамсдаггүй" гэж хэлж байв. Gary Cooper John Wayne хоёр эртний найзууд байсан бөгөөд Cooper-г онц биш ч ерөнхийдөө коммунист байж магад хэмээх ажиглаж байсан агаад хожим хар жагсаалтад оруулах хүчтэй нэр дэвшигч болгосон байдаг. Хоржоонтой нь, Cooper Оскарын наадмын үеэр Европт ажлаар явж байсан тул өөрийнхөө өмнөөс найз Wayne-г очоод авчих гэж гуйсан байдаг. Wayne алтан баримал гардах үеэрээ киног эсэргүүцэж байгаагаа ил тод хэлсэн ч найзаараа бахархаж, нүдээ олсон шагнал гэж хэлэхээ мартаагүй байдаг.
Мөн маршалын дүрээс Gregory Peck, Marlon Brando, Montgomery Clift нар татгалзаж байжээ. Kramer Grace Kelly-г off-broadway тайзнаа тоглож байхын хараад Kane-ын эхнэрийн дүрд сонгон авчээ. Тухайн үед Grace 21, Cooper 50 настай байсан ба кино хийх үеэр тэдний дунд янаг амрагийн харилцаа үүссэн гэсэн батлагдаагүй цуурхал бий болсон. Зарим нь ямар ч романс байгаагүй, бүхэлдээ хов жив гэж байхад нөгөө нэг нь ганц хоёр зэргийн ойртолт бол байсан гэж нотолж байлаа. Харин Grace-ын эгч дүү нь Cooper-д дурласан байсан гэсэн хоёрдмол утгатай үг хэлсэн байдаг. Кино нээлтээ хийхэд үзэгчид болон шүүмжлэгчид Вестерн жанрт түгээмэл байдаг хөөцөлдөөн, буудалцаан, сэтгэл хөдөлгөм сцэнүүдийг хүлээж байтал уг кино төгсгөлийн оргил хэсэг хүртлээ сэтгэл хөдлөл, ёс суртахууны харилцан яриагаар голлосонд сэтгэл дундуур байв. Зарим шүүмжлэгчид бүр гол баатар эмэгтэй хүнээр амиа аврагдаж байгааг шоолж байлаа. Уг киног Америкийн олон ерөхийлөгчид дуртай киногоороо нэрлэсэн байдаг; Bill Clinton уг киног цагаан ордонд 17 удаа үзүүлсэн байдаг ба "улс төрчид өөрийгөө энэ киноны Gary Cooper шиг хардаг нь санамсаргүй хэрэг биш юм" гээд цааш нь "зөвхөн улс төрчид ч биш, олон нийтийн хүсэл зоригийн эсрэг явахаас өөр аргагүй байдалд орсон хэн ч байсан, танд хэн ч туслахгүй, ганцаардсан мэт үед Cooper-ын Kane нь төгс зүйрлэл болдог" хэмээжээ.
Киноны гол баатар хуулийг бас үүргээ тууштай баримталдаг учир Ronald Reagan уг
киног дээдэлдэгээ хэлж байв. Харин John Wayne "энэ бол миний амьдралдаа
харж байсан хамгийн Америк бус кино" гэж хэлж байсан ба энэ киноны эсрэг
хариу болгож Howard Hawks найруулагчтай хамтран Rio Bravo киногоо хийснээ
хүлээж байв. Найруулагч Hawks ч мөн Zimmermann-г шүүмжилж, Вестерн жанр ийм
байж болохгүй гэж уурлаж байж. Харин Zinnemann хариуд нь "би Hawks-г маш
их биширдэг, миний ганц хүсэл бол намайг кинонуудтай минь зүгээр орхиод өгөөч!"
Хэмээжээ. Эл бүтээлийг анти-вестерн жанрын анхны жишээ болсон кино гэж үздэг.
Энэ кино нь Вестерн жанрыг харах нийгмийн ойлголтыг өөрчилсөн гэж үздэг ба
уламжлалт Вестерн кинонд хүчтэй эрэгтэй гол дүр соёлжоогүй хүмүүсийн эсрэг
соёлжсон хүмүүсээ хамгаалдаг бол уг кинонд соёлжсон иргэд нь баатраасаа урваж
байна. Мөн бусад Вестерн киноны эмэгтэй дүрүүдтэй харьцуулахад уг киноны
эмэгтэй дүрүүд өргөн, чухлаар гардан. Энэ бол Вестерн жанрт эмэгтэй дүрийг
өөрчилсөн кино юм
Comments
Post a Comment