Уран зохиолын талаар жаахан ярихад ~ 5

 










18-р зууны Францад үйл явдал нь өрнөх тус романд 16 настай, ухаалаг бөгөөд мэдрэмтгий Сюзанна өөрийн хүсэл зоригоор бус, эцэг эхийн тулгалт шаардлагаар гэлэнмаа нарын сүмд гэлэнмаа болохоор ирнэ. Охины эцэг, эх сайндаа биш, охиноо хадамд гаргах инжгүй учир сүмд оруулах нь санхүүгийн хувьд ашигтай байснаар охиныхоо хүслийн эсрэг ийм шийдвэр гаргажээ. Сюзанна сүмд ороод шашны нийгэмлэгт орохоос татгалзсаны улмаас 6 сарыг ганцаараа тусгаарлагдан өнгөрүүлэхээс гадна бие махбодийн, сэтгэл санааны доромжлол, хүчирхийллийг амсаж зовно. Гэхдээ дан зовсонгүй сүмд найзтай болж, ахлах гэлэнмаагийн хамгийн хайртай гэлэнмаа ч болно. Ахлах гэлэнмаагийн ивээлд багтах болсон Сюзанна-д атаархагчид гарч ирэхийн дотор түүнийг сүмд ирэхээс өмнө ахлах гэлэнмаагийн хайр энэрэлд байсан ч одоо хэн ч биш болсон өөр гэлэнмаа тэднийг хардаж зовооно. Харин ахлах гэлэнмаагийн Сюзанна-д тавих халамж хайр бэлгийн чиг хандлагатай болж ирэх нь хэцүү. Хөөрхий охины зовлон зүдгүүр ингээд зогссонгүй; тэрээр сүмд орсоноор эх нь өөр эртэй явалдаж байгаад өөрийг нь олсон буюу өөрийгөө хууль ёсны хүүхэд нь биш болохыг мэдэх ба сүмд хүчээр оруулсан бас нэг шалтгаан энэ байжээ. Францын философич, урлаг шүүмжлэгч, зохиолч, нэвтрэхийн толь буюу Encyclopedia бүтээлээрээ алдартай, соён гэгээрлийн үеийг авчирсан гол хүмүүсийн нэг Д. Дидрогийн "Гэлэнмаа" (Гэлэнмаагийн дурсамж ч гэдэг) романд сүм хийд, шашин хүний эрх чөлөө, хүсэл сонирхлыг хавчиж үгүй хийж байгааг харуулахаас гадна мухар сүсэгт баригдсан харанхуй газарт хүний хэрхэн хүчирхийлж, тарчлаан тамлаж буйг хурцаар дүрсэлсэн заавал унших ёстой романы нэг юм. Роман 1780-д оны орчимд бэлэн болж анхны хэвлэл нь 1792 онд гарсан ба Дидрог нас барсанаас 6 жилийн дараа хэвлэгджээ. Энэхүү роман нь анхандаа уран зохиолын зориулттайгаар бичигдээгүй ба Дидро өөрийн дотно нөхөр Маркиз дө Кроймарыг Парист буцааж авчрахын тулд нарийн зохион бичсэн хошигнол төдий байв.. 

уг роман нь сүмийн амьдралыг тэвчиж чадахаа больж, тангарагаасаа түдгэлзэхэд туслахыг Маркизаас гуйсан нэгэн гэлэнмаагийн цуврал захидлуудаас бий болжээ. 1758 онд, Маркиз нэгэн гэлэнмаагийн тун ярвигтай хэрэгт "хутгалдан" орсон агаад сайхь гэлэнмааг нь Маргарите Деламмаре гэдэг байсан бөгөөд тангарагаасаа түдгэлзээд буцаад нийгэм рүүгээ орохыг оролдож байсан аж. Маркиз гэлэнмааг өрөвдөөд улс төрийн нөлөөгөө ашиглан түүнийг чөлөөлөх гэж оролдсон ч амжилт үл олжээ. 1758 онд, шүүх дээр ялагдсан Маргарите үлдсэн бүх амьдралаа сүмд өнгөрүүлэх шийдвэр гарсан байдаг. Дидро өөрийн романы баатар Сюзаннагаа Маргаритегээс жишээ аван бүтээсэн ба Сюзаннаг сүмийн зовлонтой амьдралаас салгахаар Маркизыг Парист ирнэ гэж бодсон нь энэ ажээ. Дидрогийн найзаараа даажигнах гэсэн тоглоом нь гэнэт өөрийгөө эмэгтэй хүнээр төсөөлөх боломж олгосон төсөл болж хувирсан ба хожим тэрээр захидалдаа уг романаараа шашны байгууллагууд болон санваартан нарын ялзрал, ёс бус байдлыг дүрслэхийг хүссэн гэсэн буй. Дидро эл бүтээлээрээ католик шашны байгууллага руу довтолсон нь түүнийг шашингүй үзэлтэн байсан гэсэн дүгнэлт рүү аваачдаг. Мөн Дидро уг романдаа сүмийн доторх бэлгийн дарамт, доромжлол болон тэсэхүйеэ бэрх амьдралыг дүрсэлсэн. Романы үйл явдал өрнөж буй цаг үе бол Францын засгийн газрын албадлагаар шашинд тангараг өргөдөг байжээ. Романыг хэд хэдэн удаа дэлгэцнээ тавьсан байдгаас Jacques Rivette-ын найруулж, Anna Karina-ын гол дүрд тоглосон 1966 оны ижил нэрт кино хамгийн алдартай нь билээ.



"Клим Самгины амьдрал" бол Максим Горькийн 1925 оноос 1936 онд нас барах хүртлээ бичсэн 4 боть роман. Энэ бол бүх ангиуд, бүх чиг хандлагууд, бүх хөдөлгөөн болсон 20-р зууны там шиг үймээн самууныг дүрсэлсэн Горькийн хамгийн амбицтай бүтээл юм. 1870-аад оны эхэн үеийн Оросын сэхээтнүүдийн доройтлоос 1917 оны хувьсгал хүртэл үйл явдлыг хөрөнгөтний сэхээтэн Клим Самгины нүдээр өгүүлнэ. Дөрөв дэх буюу сүүлчийн хэсэг дуусаагүй байсан ба хоёрдугаар сарын хувьсгалын эхэн үед гэнэт дуусдаг хэдий ч Горькийн ноорог, тасархайнаас харахад 1917 онд Ленин Орост буцаж ирж, Самгины нас баралт төгсгөлийн хэсэг байж магадгүй гэж үздэг. Горький энэ бүтээлээ өөрийн цорын ганц шилдэг туурвил гэж хэлснээс гадна номынх нь захиас хөгшчүүлд таалагдахгүй, харин залуучууд ойлгохгүй гэж дүгнэсэн буй. Шүүмжлэгчид Оросын уран зохиолын хамгийн маргаантай зохиолын нэг гэж үздэг; харин зарим нь соцреалист элэглэлийн харуулсан ердийн бүтээл гэж дүгнэхдээ дүрүүд нь хоёр хэмжээстэй, уйтгартай гэжээ. Оросын пролетар зохиолчдын холбоо: "Горький өөрийгөө Климээс ялгаж чаддаггүй... учир нь бидний харсанчлан Горький Самгинтай олон талаар санал нийлдэг. "Хүмүүнлэг үзэлд", ерөнхий соёлд, Ромен Ролландад, эксцентр-д итгэдэг нь, ялангуяа Горькийн сүүлийн үеийн бүтээлүүдэд "объективизм"тэй холбоотой байдаг бөгөөд үүнд мөн пессимистик хайхрамжгүй шинж байдаг". Борис Пастернак: "Би Артамоновын ажил үйлс зохиолоос илүү Клим Самгины амьдрал бүтээлд дуртай. Клим Самгины амьдралын уран сайхны давуу чанарын шалтгааныг эрэгцүүлэн бодоход Артамоновынхоос илүү уншихад хэцүү байдагтай шууд холбоотойг би олж харлаа; учир нь та энэ бүтээлийн тухай ярихдаа сонирхол ба найдварын зөрчилд ордог". Dartmouth Alumni сэтгүүд: "Хувьсгалаас хойш Оросоос гарсан цорын ганц жинхэнэ уран зохиол". Дэмжигч шүүмжлэгчид нь уг романыг олон төрлийн соёлын уламжлал, уран зохиолын хэв маягийг хослуулсан туршилтын бөгөөд өргөн хэв маягтай гэж үнэлдэг. Горькийн өмнөх бүтээлүүд болох реалист романы уламжлалт хэв маягаас уг роман нь яруу найраглаг шинжтэйгээрээ ялгаатай ба Оросын авангард үзэлтэй ойрхон болохыг онцолжээ. Горький Оросын амьдралыг; бие биенийхээ толин тусгалын дүрсийг бүтээдэг, түүхийн зохиомол хуулбарт автагдаж хэн болохыгоо хайгчид давамгайлсан шинжийг харуулсанаараа Горький Достоевскийтой ойртжээ. 



"Хөвүүн заяа" роман Орост хэвлэгдсэний дараа бүтэлгүйтсэн. Харин орчин үеийн шүүмжлэгчид Достоевскийн аугаа бүтээлүүдийн нэг, түүний хамгийн дутуу үнэлэгдсэн роман гэх болжээ. Херман Хессе романы харилцан ярианы урлагийг магтаад: "сэтгэлзүйн зөнч, Оросын ард түмний тухай илчлэлтээр дүүрэн хэсгүүдтэй" гээд цааш нь: "Егөөдөлт шинжээрээ Достоевскийн бусад бүтээлээс ялгаатай" гэжээ.
Энэхүү романд шуугиантай, хүүхэмсэг газрын эзэн Версиловын хууль бус хүүхэд, 19 настай сэхээтэн Аркадий Долгорукийн амьдралыг харуулна. 1840-д оны Оросын уламжлалт "хуучин" сэтгэлгээ болон 1860-д оны Оросын залуусын шинэ нихилист идеологи хоорондын тэмцлийг аав, хүү хоёроор төлөөлүүлнэ. Аркадийн үеийнхэн Барууны юмуу Европын соёлоос ялгарах Оросын соёлд сөргөөр ханддаг.
Өөр нэг үндсэн сэдэв бол Аркадий өөрийн "идеагаа" амьдрал дээр хөгжүүлж, хэрэгжүүлэхийн тулд их сургуульд элсэхээс татгалздаг (мөн ааваасаа) ба мөнгө олж, бие дааж амьдрах замаар нийгмийг эсэргүүцдэг бөгөөд эцэстээ эрх мэдэлтэй, туйлын баян болох зорилготой байдаг.
Барууны доройтлын нөлөөнөөс чөлөөлөгдөх, шинээр чөлөөтэй болсон хамжлагуудыг яах вэ гэсэн асуулт роман дотор эргэлдэж байдаг. Аркадийн ээж хамжлага байсан, харин Версилов бол газрын эзэн бөгөөд тэдний харилцааг ойлгох нь эцэстээ Версилов гэж хэн бэ, ээжийг нь яасан болохыг олж мэдэх хүсэл Аркадийн эрлийн төв юм. Достоевский эл романаа Лев Толстой "Анна Каренина" романаа хэвлүүлж байх үед бичиж, цувралаар хэвлүүлжээ. Достоевскийн "тохиолдлын гэр бүл"-ийн тухай бүтээл Толстойн Оросын язгууртан гэр бүлийн тухай романтай эсрэгцэнэ.



Орхан Памук "Хар судар"
Романы үндсэн сэдэв бол өөрөөрөө байх тухай ба олон түвшинд энэ сэдвийг авч хэлэлцдэг. Галип хэн бэ гэдэгтээ сэтгэл дундуур байдаг. Тэр өмгөөлөгчийн ажилдаа дургүй агаад амжилттай яваа Желяль-д атаархасаар ирсэн. Үйл явдалд хэрхэн тэрээр Желяль болон хувирч буйг харуулдаг. Гэвч Желяль бас өөр хэн нэгэн болохыг хүсдэгийг бид олж мэддэг. Рюйя оньсого хэвээр үлддэг; бидний олж харсан ганц зураг Галипын субъектив нүдээр л илэрдэг. Рюйя өдрөөр унтаж, шөнөөр эрүүгийн роман уншдаг ба гэрээсээ бараг гардаггүй. Галип энэ талаар төдийлөн боддоггүй мэт боловч Рюйя бодит ертөнцөөс зугтахыг хүсэгч бололтой. Эл хачирхалтай амьдралын хэв маяг нь Рюйя-г хэн бэ гэдэгтээ сэтгэл дундуур байдгийг илтгэж магадгүй ч тэрээр үүнийг ухамсарладаггүй, эсхүл хүлээн зөвшөөрдөггүй бололтой.
Бид хэн бэ, хэн гэдгээ өөрчлөх боломжтой юу гэсэн асуулт багадаа хоёр түвшинд яригддаг; Истанбул хотын онцлог, мөн Туркийн ард түмний онцлог. Галип Истанбулын гудамжуудаар хэсүүчилж явахдаа бидэнд хотын хороолол болгон өөр өөр уур амьсгалтай болохыг мэдрүүлдэг. Энэ бол баруун, зүүн, эртний ба модерн, исламын шашинтай, исламын шашингүй, ядуу, баян, паша ба тариачид бүгд холилдсон хот. Энэ хотын жинхэнэ онцлог чанар юу вэ гэсэн асуулт үргэлж тавигддаг ба энэ орчин үеийн метрополис уу, эсхүл нэгэн цагт аугаа явсан Константинополиос үлдсэн үлдэгдэл үү?
Туркийн үндэсний онцлогтой холбоотой асуултууд, мөн Туркийн нийгмийн баруунжсан үзэл баримтлалтай холбоотой олон асуултууд тавигддаг. Туркийн ард түмэн барууны (Европын) соёлыг хүлээн зөвшөөрөх ёстой юу, эсхүл өв уламжлалдаа үнэнч үлдэх ёстой юу? Тэдний соёл, онцлог мөн чанар доройтож байна уу, эсхүл ердөө л өөрчлөгдөж байна уу?


Дайнтай холбоотой юмуу дэлхийн 2-р дайны тухай цөөнгүй ном уншиж байсан ч "Волоколамскийн их зам" роман шиг дайныг бодитой дүрсэлсэн нь цөөхөн. Оросын зохиолч Александр Бекийн 1944 онд хэвлүүлсэн баримтад уран зохиол маягийн 600 гаруй хуудас бүхий 3 дэвтрээс бүрдэх ном. 1941 оны 10-р сард Москвагийн төлөөх ширүүн тулааны бодит явдлаас сэдэвлэсэн уг зохиолд 316-р буудлагын дивизийн ганцхан батальон нацист Германы төв бүлэгтэй хэрхэн байлдаж, нацист араатнууд Москва орох замыг нь хэрхэн зориг төгөлдөр хийгээд амь хайргүй хамгаалсан тухай өгүүлдэг. 
Энэхүү ном нь бодит дүрслэлээрээ, мөн орчин үеийн дайны явган цэргийн тактикт өгсөн практик зөвлөмжөөрөө Улаан армид ч, хожим Зөвлөлтийн армийн офицерүүдэд ч үлэмж нөлөөлсөн буюу бараг сурах бичиг нь болжээ. Мэдээжээр эл номыг Англи хэлтэнгүүд олон арван жилээр хориглож иржээ. Сайн дурын цэрэг байсан зохиолч Александр Бек дайны үеэр дайны сурвалжлагч болсон ба 1942 онд тэрээр тухайн үед батальон захирагч байсан ахмад Момыш-Ультай танилцсанаар Бек Москва орох Волоколамскийн замыг Зөвлөлтийн улаан армийн ганцхан Батальон хэрхэн яаж хамгаалсан тэр жинхэнэ түүхийг сонсох боломж бий болоод зогсохгүй түүнийгээ бичиж чаджээ. Зохиолч Бек нэг бодолд автахаараа "мангар" болчихдог хүн байж, тэгж мангартаж яваад Момыш-Улы-гийн ярьсныг тэмдэглэж авсан бүхий л нооргоо гээчихж.
 Ингээд номоо дахин бичиж эхлэхдээ аргагүй эрхэнд зарим нэгэн зүйлийг хэтрүүлж, бас мартсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Хожим Хурандаа болсон Момыш-Улы эл бүтээлийг эхэндээ шүүмжилж байсан ч уран сайхны чанарыг нь үнэлээд дайны дараа өөрийн өнцгөөс баримтад зохиол бичсэн байдаг. Бек номоо үргэлжлүүлэн дахин 2 ч дэвтэр хэвлүүлсэн байдаг, харин тэр нь Монголд гарсан эсэхийг мэдэхгүй юм. Энэ ном олон улсад алдаршиж, нэн ялангуяа цэрэг армийн гарын авлага шахуу болсны дотор Израилийн армийн "судар" болсон гэдэг. Кубын хувьсгалд нөлөөлсөн гэхэд нээх хилсдэхгүй; Кастро энэ номыг шимтэн уншдаг байсан бол Хятадын коммунист нам, ардын чөлөөлөх армид заавал унших ёстой номын жагсаалтад оруулсан байдаг ажээ. "Ялалт байлдаанаас өмнө дархлагдсан байдаг" гэдэг номонд гарах үг эх орноо хамгаалж чадсан, хайртай бүхнээ хадгалж чадсан ард түмний итгэл байсан буюу энэ бол Зөвлөлтийн армийн Генералаас байлдагч хүртэлх нягт нэвчсэн уриа, бодол юм. "Үхэж болохгүй, цэрэг үхвэл Москва үгүй, тиймээс заавал ял, ялах ёстой, өөрөөр байж болохгүй" иймэрхүү үг энэ номонд маш их гардаг; эдгээрийг уншаад би эх орноо хамгаалах гэж юу вэ? Хайртай бүхнийхээ төлөө тулалдах гэдэг ямар учиртай вэ? Ер нь цэрэг хүн гэж ямар хүнийг хэлэх вэ? зэрэг олон асуултад тодорхой хэмжээгээр хариулт өгөх бүтээл. Үйл явдал тухайн цаг үедээ хүүрнэгдэж буй учир номыг уншсан хэн ч сэтгэл нь хөдөлж, эх орноо хайрлах, хамгаалах сэтгэлээр дүүрэх болов уу. Энэ бол цэрэг армид орох хүсэлтэй юмуу энэ талаар уншдаг эх оронч хүн бүхний заавал унших ёстой ном юм. Москвагийн төлөө амь хайргүй байлдсан домогт Панфилов генералаас батальон захирагч Момыш-Ульгийн өмнө мэхийн ёсолмоор санагдаж байгаагийн учир бол эдгээр баатарлаг (дайрдаг биш хамгаалдаг хүнийг баатар гэдэг) эрчүүдийн ачаар үнэндээ одоогийн бид, Монголчуудын өдий зэрэгтэй оршин байгаа.  
 

Comments