Presence

 


Presence. Английн домогт Led Zeppelin хамтлагийн студийн 7 дахь бөгөөд 1976 онд анх худалдаанд гарсан даруйдаа Их Британий болон Америкийн цомгийн чаартыг тэргүүлж, нэгдсэн улсад 3 удаа цагаан алтан цомог болсон хэдий ч хамтлагийн идэвхтэй байх үеийн хамгийн бага борлогдсон студийн цомог байсан нь сонирхолтой. Энэхүү цомог бол Led Zeppelin-ын түүхэнд хамгийн хүнд цаг үед бичигдсэн бүтээл гэдгээрээ алдартай ба цомог ердөө хэдхэн долоо хоногт бичигдсэн буюу Jimmy Page ихэнх ажлыг нь нугалжээ. Цомгийн нэр хамтлагийнхан хамтдаа ажиллахад төрсөн хүчтэй мэдрэмжээс үүдэлтэй ба коверийг Hipgnosis хийжээ. Энэхүү цомог тэдний бусад цомгоос юугаараа ялгаатай гэвэл ердөө ганц дууг эс тооцвол цомгийн бүх дууг Page, Plant хоёр бичсэн бөгөөд цомогт даралтад хөгжим ашиглаагүй бол акустик гитар маш бага ашигласан; энэ нь хожмын дүгнэлтээр хамтлагийн бусад цомогтой харьцуулахад илүү энгийн бас hard rock тал руугаа чиглэсэн бүтээл болжээ. 1975 оны эхээр гаргасан Physical Graffiti цомгийнхоо аялан тоглолтынхоо дараа хамтлаг түр аялан тоглолтоо завсарласан агаад төд удалгүй томоохон аялан тоглолт хийхээр төлөвлөж байжээ. Тухайн цаг үед тэд алдар нэрийнхээ оргилд байсан гэж судлаачид үздэг. Тэр үеэр дуучин Plant Грект авто осолд орсноор хамтлаг аялан тоглолтоо цуцлахаас аргагүй болжээ. Тэд татварын асуудалтай байсан болохоор Plant гадаадад эмчлүүлэхээс өөр аргагүй болсон ба түүнийг Malibu-д байхад нь Page түүн дээр очсоноор тэд даруй шинэ цомгийн ажилд оржээ. Мань хоёр эр бусад гишүүддээ танилцуулахад хангалттай байхуйц материал бэлтгэв. 
Ингээд 1975 оны сүүл гэхэд John Bonham, John Paul Jones нар тэдэнтэй нэгджээ. Plant бичлэгийн үеэр биеэ эмчлүүлсээр байсан бөгөөд хоолойнд орохдоо тэргэнцэртэй байв. Цомгийн бичлэг, найруулга хийхэд ердөө 18 хоног л болсон нь хамтлагийн дебют цомгоос хойших хамгийн хурдан бичлэгийн ажил болжээ. Бичлэгийн үеэр Page бараг л унтдаггүй байсан гэдэг, хожим тэрээр хэлэхдээ өдөрт 18-20 цагаар ажилладаг байсан ажээ. Харин бичлэгийн үе Plant-д хамгийн хүнд туссан буюу цомгийг бичих студид хуучин зочид буудлын зооринд байрладаг байсан нь түүнийг бараг галзууруулах дөхөж, бие махбодь болоод сэтгэлзүйн хүнд үеийг туулсанаа хожим хэлжээ. Hipgnosis цомгийн ковер болох хар обелиск хэлбэртэй обектийг тойрсон хүмүүс дүрсэлсэн зургийг хийжээ. Энэ нь Zeppelin-ын хүч ба оршихуйг илтгэх зорилготой агаад обелиск нь хамтлагийн хүчийг илэрхийлэх учир ковер дээр тэд өөрсдөө байх шаардлагагүй гэж Thorgerson хэлж байв. Plant, Page хоёрын хэлснээр тухайн обектийн оршихуйн зураг нь хүмүүсийг зогсоож, хөгжмийн тусгаж байгаа бодит зүйлийн талаар бодоход хүргэх ажээ. Rolling stone сэтгүүл уг цомгийг хүнд металлын оргил бүтээл гээд гитарын тоглолтыг нь цэвэрхэн бас тунгалаг гэжээ. Өөр бусад сэтгүүлүүд цомогт арай шүүмжлэлтэй хандсан буюу Led Zeppelin-ын хамгийн бүдэгхэн үе, Presence-ын дуугаралт арай яарсан сонсогдож байна гэх мэт байжээ. Мөн шулуухан, хүнд цохилттой шинжээрээ өмнөх бүтээлүүдийнх нь0 олон талт, туршилтын байдалтай байдагт нь дассан фенүүдтэйгээ холбогдох боломжгүй болгов гэж дүгнэгсэд байсан бол Plant ч зарим талаараа үүнийг хүлээн зөвшөөрч, яаруу тэвдүү ажилласны үр дүн гэсэн буй. Гэхдээ энэ цомгийг Led Zeppelin-г хямралд орохоос нь татаж чадсан бүтээл гэж болно.

Comments