Disintegration. 1989 онд Fiction Records-аас худалдаанд гаргасан Английн The Cure хамтлагийн студийн 8 дахь цомог. Энэхүү цомог нь хамтлагийн 1980-аад оны эхээр бий болгосон готик рок хэв маяг руугаа эргэн харсан явдал байв. Хамтлагийн ахлагч Robert Smith 30 нас хүрэх үедээ илүү чухал, өмнөх амжилтаа үргэлжлүүлэх хүсэл бас бодолд автагдсаны үр дүнд эл цомог ерөнхийдөө бүтсэн гэдэг. Цомгийн найруулга дуусч, цомог бэлэн болсны дараа The Cure-г үүсгэн байгуулагчдын нэг Lol Tolhurst-г хамтлагаас хөөсөн байдаг. Уг цомог арилжааны хувьд хамтлагийн анхны оргил бүтээл болж, Их Британий чаартад 3-р байрт, нэгдсэн улсын чаартад 12-р байр хүртэл бичигдсэн ба Lovesong тэргүүтэй олон хит дуу цомгоос гарсан байдаг; тухайлбал Lovesong Billboard 200-ын чаартад 2-р байрт эрэмбэлэгджээ. Уг цомог өнөөдрийг хүртэл хамтлагийн хамгийн их борлуулалтай цомог хэвээр байгаа агаад дэлхий даяар 3 сая орчим хувь борлогджээ. Хөгжим шүүмжлэгчид Disintegration-г өндрөөр үнэлж, The Cure-ын 1980-аад оны хөгжмийн чиглэлийнхэн оргил үе гэж дүгнэж байсан бол Rolling Stone сэтгүүл бүх цаг үеийн хамгийн шилдэг 500 цомгийн жагсаалтынхаа 116-р байрт жагсааж байв. Хамтлагийн хоёрдахь цомог Seventeen Seconds тэднийг алдартай готик рок хамтлаг болгосноор Faith, Pornography цомгуудийг дагуулсан. 1982, 1983 онуудад гаргасан 3 сингл нь үндсэндээ поп урсгалынх байж, Их Британий чаартад ч амжилт гаргав. Үүнд буюу хамтлагийг готик рок хамтлаг гэж үзэх болсонд Smith бухимдалтай байсан гэдэг. Porl Thompson, Simon Gallup нар буцаж ирсэн болоод Boris Williams-г шинээр нэмсэн хийгээд Tolhurst Smith нарын үлэмж оролцоотойгоор гаргасан The Head on the Door гэх студийн 6 дахь цомог ерөнхийдөө поп чиглэлийнх байлаа. In-Between days, Close to Me синглүүд нь хамтлагийг Америкт алдаршуулсан.
1987
онд тэд олон улсад алдаршиж, хүч хөдөлмөрийн үр жимсийг идэж байхад хамтлагийн
дотоод зөрчил хурцадмал болж ирсэн буюу Tolhurst архинд орсноор энэ бүхэн
эхэлжээ. Smith энд тэнд Tolhurst-г яг л хүүхэд асрагч шиг харж хандаж явах
болсон нь бусад хамтлагуудын шоололтын бай болсон гэдэг. Энэ үеэр Smith
алдартай од байхын сөрөг талыг мэдэрч, хар тамхи хэрэглэн сэтгэлээр гутрах
болсон ба дараагийн цомгоо буцаад хар бараан өнгө аястай хийхээр зорьжээ. Чухам
энэ үеэрээ тэрээр 30 нас хүрэх гэж буйгаа ухаарсан буюу ихэнх домогт рокууд
чухам насанд хүрэхээсээ өмнө оргил бүтээлүүдээ туурвьсан байдгийг ухаарч, одоо
л шилдэг бүтээлээ хийхгүй бол оройтох нь гэж айсны үндсэн дээр ерөнхийдөө уг
цомог бүтжээ. Ингээд хамтлаг шаргуу ажиллаж нийт 32 дуу бэлэн болгоод эцсийн
байдлаар 12 дууг цомогтоо багтаажээ. Бичлэгийн үеэр Tolhurst-ын архины асуудал
хэрээс хэтэрч, бичлэгт оролцох чадваргүй болсон байлаа. Уур амьсгал аймшигтай
муу байсан ч замналыг нь магадгүй тодорхойлох цомгийн ажлаа Smith нураачихгүйн
тулд энхийн цагаан тагтаа шиг дүр эсгэж байсан нь үнэндээ хамтлагийнхны уур
амьсгалыг улам дордуулжээ. The Cure-ын гишүүдийн тэсвэр эцэстээ алдарч,
Tolhurst-г хамтлагаас хөөж, оронд нь O'Donnell-г Smith-ын зөвшөөрөлтэйгөөр
авчээ. Цомгийн бараг бүх дуу хит болж, 1992 он гэхэд дэлхий даяар 3 сая гаруй
хувь борлогджээ. Уг цомог нь хамтлагийн хувьд шинэ эхлэлийг тавиагүй ч тэдний
хийж буй бүтээл амжилттай сайжирч буйг харуулсан гэж Rolling stone сэтгүүл
дүгнэжээ. Smith цомгоо сорилттой, клаустрофобик, гунигтай, хоосон шинжтэй
болгосон нь гайхмаар, The Cure поп дуу хийхээ зогсов гэх мэтээр сэтгүүлүүд
бичиж байв. Шүүмжлэгчид Smith-ын дууны үгний гүн гүнзгий байдлыг магтаж, Joy
Division-ын бүтээлтэй харьцуулж байлаа. Colin Larkin уг цомгийг бүх цаг үеийн
хамгийн шилдэг 1000 цомог жагсаалтынхаа 94-р байрт, Pitchfork 80аад оны хамгийн
сайн цомгийн 38-р байрт тус тус эрэмбэлж байжээ.
Comments
Post a Comment