Хоёрдахь эхнэр

 


 Rebecca (1940).  Амьдралд дөнгөж хөл тавьж байгаа шаргал үстэй бүсгүйг Английн язгууртан Maxim de Winter гэх 40 орчим насны сайхан эр гэргийгээ болгож байгаагаар кино маань эхэлнэ. Тэд Францад танилцангуутаа төд удалгүй хуримлаад Maxim-ын Английн далайн эрэг дээр орших Manderley гэх эдлэн газар дахь тансаг бөгөөд сүрлэг харшид хүрэлцэн ирнэ. Maxim баян хүнд байх дээрэнгүй, өөртөө итгэлтэй хүн бол залуу эхнэр нь буюу одоо түүний хоёрдахь эхнэр болоод буй хатагтай Winter бол даруухан, бараг хүүхдээрээ шахуу бүсгүй юм. Уншигч та анзаарсан бол, юуны өмнө бүсгүйн нэрийг би огт дурдахгүй, харин шууд нөхрийнх нь овог Winter гэдгээр нэрлэж байгааг, удаад нь, бүсгүйг Maxim-ын хоёрдахь эхнэр гэснийг тодотгох аваас Maxim-ын анхны эхнэр Rebecca саяхан усан онгоцоор явж байгаад амиа хорлож үхсэн болой. Шинэхэн хосуудыг Manderley харшийн даамал хатагтай Danvers угтаж авна, 40 гаран настай Danvers анхнаасаа л хүйтэн хөндий хандлагаараа хатагтай Winter-д дургүй байгаагаа илтгэнэ.

Хадмууд болон харшийн үйлчлэгчид цөм өмнөх амиа хорлож үхсэн анхны Wniter хатагтайг дурсан ярьж, түүний гоо үзэсгэлэн хийгээд ухаалаг чанарыг боломж л олдвол магтах нь хоёрдахь Winter хатагтайд ямаршуу дарамт болохыг асуултгүй билээ. Тэр байтугай Danvers хуучин эзэгтэйнхээ өрөө, өрөөний эд хогшил, хувцас хэрэглэлийг хэвээр нь хадгалан үлдсэн болохыг хатагтай Winter олж мэдэн сэтгэлээр улам л унана. Rebecca-ын талаар ярих гэхээр Maxim үргэлж уурлаж, уцаарлан хүлээн авах нь угийн зөөлөн, номхон бүсгүйн жаахан зоригийг мохооно. Хатагтай Winter аажмаар аль хэдийн нас барчихсан Rebecca-д атаархаж, түүн шиг болохыг хүсэж эхлэх бөгөөд нэгэн удаагийн үдэшлэг дээр Danvers-ын зөвлөж ятгаснаар Rebecca шиг хувцаслаад үдэшлэгт оролцсоноор Maxim-ын гайхаш, уурыг эцэст нь тулгаж орхино. Яахаа мэдэхээ байж цөхөрсөн хатагтай Winter амиа хорлохоор завдаж байтал далайн эрэг дээр манангаас болж онгоц сүйдэж, аврах багийнхан онгоцыг гаргаж авах гэж байгаад бас нэг живсэн онгоц олсон ба тус онгоцноос Rebecca-ын цогцсыг оллоо гэсэн аймшигт мэдээ ирнэ. Rebecca амиа хорлож үхсэн, Maxim цогцсыг нь таньж, одоо Rebecca-ын цогцос оршуулгын газарт байгаа гэж хатагтай Winter ойлгож ирсэн нь орвонгоороо эргэв. Maxim одоо хоёрдахь эхнэртээ бүх үнэнээ хэлэхээс өөр аргагүйд хүрэх ба жинхэнэ үнэн таны бодож, төсөөлж байгаагаас увайгүй, муухай байлаа.

 "Өнгөрсөн шөнө би Manderley руу дахин очиж байна гэж зүүдэллээ" гэж эхэлдэг уг киноны дотор жихүүцэм нээлт мастер Alfred Hitchcock-ын тансаг, түгшүүртэй, романтик кино хэлний бүх чанарыг илтгэх мэт. Романтик, сэтгэлзүйн триллер жанрын уг шедевр нь Hitchcock-ын Америкт хийсэн анхны кино төсөл байсан буюу алдарт продюсерээр David O. Selznick-ын удирдлага дор хийсэн анхны кино юм. Киног Daphne du Maurier-ын 1938 онд нийтлэгдсэн ижил нэрт роман дээрээс сэдэвлэн ба кино зохиол болгон хөрвүүлэхэд 4 хүн оролцжээ. Киноны гол дүрүүдэд: Laurence Olivier, Joan Fontaine, Judith Anderson зэрэг жүжигчид тоглосон. Кино готик өгүүлэмжтэй хар-цагаан зураглалаараа алдартай бөгөөд тухайн жилийнхээ Оскарын наадмаас шилдэг зураглаач, шилдэг кино шагналыг хүртсэн буюу энэ бол Hitchcock-ын цорын ганц Оскарын наадмын шилдэг кино шагнал хүртсэн бүтээл юм. Продюсер Selznick киногоо Maurier-ын романыг үнэнчээр дагахыг хүсэж байж; романд Maxim Rebecca-г бууддаг бол кинон дээр Maxim эхнэрээ үеэлээс нь жирэмсэн болсон гэж үзэн ядахдаа зөвхөн түүнийг алах тухай бодож, Rebecca цэвэр ослоор үхдэг. Мөн Selznick шатаж байгаа Manderley-гаас аварга том Р үсэгтэй утаа суунаглан гаргахыг хүсэхэд Hitchcock уг санааг болхи гэж үзээд оронд нь шатаж байгаа орон дээр Р үсэгтэй эмэгтэй хүний хувцас хэрэгслэлээр сольжээ. Тэрээр киногоо "in camera" аргаар эвлүүлсэнээр Selznick-г кинонд хамаагүй гар хүргэх боломжгүй болгосон ч Selznick гол дүрүүдийн зарим харилцан яриаг дахин хийж, Franz Waxman-ын хөгжимд завсарлага хийж, зарим хэсэгт дахин өөрчлөлтүүдийг хийжээ. Романдаа үнэнч хандах продюсерийн хүслийг үл харгалзан Hitchcock кинондоо хэд хэдэн өөрчлөлт хийсний нэг бол Danvers роман дээр хартай ээжийн дүр шиг байж, түүний түүх бүрэн дүрслэгдсэн байдаг бол кинонд Danvers нь номынхоосоо хамаагүй залуухан, бас түүний тухай мэдээлэл бараг байдаггүй  буюу түүнийг Manderley-д ирэхэд Rebecca сүйт бүсгүй байсан гэж л гардаг. Холливуудын цензурын зөвлөлөөс Danvers, Rebecca хоёрын лесбиан харилцааны талаар ямар нэгэн тайлбар хийхийг хориглосон байдаг боловч кинонд Danvers хуучин эзэгтэйдээ хэр их хайртай байсныг дурсамж хэлбэрээр өгүүлдэг.

 Уг кино хамгийн анхны Берлины олон улсын кино наадмыг нээж байсан ба The Guardian сэтгүүл "Hitchcock-ын хамгийн жихүүцэм, дарамттай киноны нэг" гэж дүгнэж байж, харин The New York Times  сонин "түгшүүртэй, сэтгэлд хоногшим, гайхалтай бөгөөд сайн тоглолттой" кино гэж бичиж байв. Variety "энэ бол уран бүтээлч хүний амжилт, гэхдээ гоёмсог юм хүсдэг масс үзэгчдэд бол хэтэрхий эмгэнэлтэй, дэндүү сэтгэлзүйн шинжтэй санагдана" гэж хэлж байсан агаад Film Daily "киноны найруулга, жүжиглэлт, продакшн, зохиол, зураглал гээд бүх талдаа өндөр чанарыг харуулах ба энэ кино нэн ялангуяа эмэгтэй үзэгчдэд тун таалагдана" гэж бичжээ. Энэ кино Joan Fontaine-г од болгосон бол Laurence Olivier өөрийгөө хэр сайн гэдгээ харуулсан бүтээл болсон бөгөөд энэ кино бол насанд хүрэгчдэд зориулсан хүчирхэг сэтгэлзүйн драм юм. Үзэгчдийг хурц түгшүүртэй, сэтгэл хөдөлгөм нөхцөл байдалд уяж чаддаг авъяас чадвараа мастер Hitchcock уг киногоороо дахин нэг харуулсан ба TSPDT сайт уг киног бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 666-р байрт өнөөдөртөө жагсааж байгаа агаад нэгэн судалгаагаар уг киног 1940 оны хамгийн шилдэг киногоор тодруулжээ. Кинон дээр Danvers буюу. жүжигчин Judith Anderson нүдээ бараг анивчдаггүй ажээ. Хатагтай Winter-ын дүрд 20 жүжигчин шалгаруулалтад орж байсны дотор Vivien Leigh байсан бөгөөд тухайн үед тэрээр Laurence Olivier-ын найз охин байжээ.

Comments