Хөх өнгө шиг гуниг

 


Floating Weeds - Ukikusa (1959). 1958 оны зун Японы дотоод далайн эрэг дээр орших хотод Komajuro гэх 50 орчим насны царай муутай жүжиг бөгөөд бас аяллын театрын эзэн өөрийн театрын бие бүрэлдэхүүний хамтаар ээлжит хуваарийн дагуу хүрэлцэн ирнэ. Komajuro-ын театрын жүжигчид 10 гаруй хүнээс бүрдэх ба тэдгээр нь үсчин, худалдагч, биеэ үнэлэгч хийж явсан хүмүүсээс бүрдэж, Komajuro тэднийг "хүний" дайтай авч яваа ачтан гэж хүндлэгдэнэ. Komajuro тус хотод үе үе ирдэг бөгөөд Oyoshi гэх хоолны газар ажиллуулдаг үеийнхээ хүүхэнтэй дотно харилцаатай агаад тэд дундаасаа Kiyoshi гэх 18 орчим насны хүүтэй. Kiyoshi эрдэм мэдлэгтэй хүн болох ирээдүйтэй сайн хүү, тэрээр шуудангийн газарт ажиллаж их сургуульд сурах төлбөрөө хуримтлуулна. Kiyoshi Komajuro-г ааваа гэж мэдэхгүй харин авга ахаа гэж бодох буюу ээж нь түүнд үнэнийг одоо хүртэл хэлдэггүй нь Komajuro-ын хүсэл юм, гэхдээ Komajuro нэг ирэхдээ Kiyoshi-тойгоо хамт цагийг өнгөрүүлэхийг эрмэлзэнэ. Komajuro-ын театрын гол жүжигчин бас түүний залуухан амраг Sumiko Komajuro-г байнга нэг тийшээ яваад алга болоод байгааг гайхаад эрж сурсны эзэнд экс амраг руугаа гүйгээд байгааг олж мэдээд хардаж хилэгнэнэ. Komajuro нэг үдэш Oyoshi-ын хоолны газарт буюу мөн орон гэр нь болж байдаг байшинд байж Kiyoshi-тойгоо шатар тоглож байхад Sumiko давхиж очоод Kiyoshi л мэдэхгүй болохоос хотоороо шахуу мэдэх Komajuro түүний аав гэдгийг хэлээд Oyoshi Komajuro хоёрын өмнө баахан шуугиан дэгдээнэ. Komajuro түүнийг хөөж гаргаад улаан хэрүүл болно. Хэрүүлээр Sumiko Komajuro-г шалиг завхайг илчлэх бол Komajuro бүсгүйг янхны амьдралаас гаргаж хүн шиг амьдрахад нь тусалсан болохоо илчилдэг. Хорсолдоо дэлбэрэх шахсан Sumiko өшөөгөө авахын тулд театрынхаа жүжигчин, өөрийнхөө найз, мөн янхан байсан Kayo гэгч хүүхэнд мөнгө өгөөд Kiyoshi-ын толгойг эргүүлээд өгөхийг хүснэ. Kayo эхэндээ татгалзаж байсан ч эцэст нь яагаад гэж асуулгүй зөвшөөрч орхино. Тун хөөрхөн Kayo туршлагагүй Kiyoshi-ын толгойг ядах юмгүй эргүүлж, өвөртөө оруулна, гэвч энэ үеэрээ хүүхэн өөрөө залууд бас дурлачихна. Тэдний харилцаа нэлээд нухацтай болж ирэх үед Kayo түүнд бүх үнэнээ буюу яагаад өөрт нь сээтэгнэх болсноо хэлэхэд Kiyoshi-ын хувьд галт тэрэг нэгэнт хөдөлсөн байсан агаад энэ бүхэн яаж эхэлсэн хамаагүй, хамт амьдарна гэж зүтгэнэ. Тэднийг хамт явж байхыг Komajuro нэгэн үдэш олж харах ба Sumiko-ын хүсэж байснаар бухимдан уурлана; учир нь ирээдүйд чухал хүн болох ёстой хүү нь өөрийнх нь театрын янхантай явж байгаа нь хамгийн хүсэшгүй зүйл байлаа. Komajuro дараа нь Kayo-той уулзаад хүүхнийг баахан загнаж бас зодно. Kayo Sumiko-ын башир аргыг хэлээд мөн хүүд нь чин сэтгэлээсээ хайртай болсноо хэлнэ. Komajuro Sumiko дээр яаж бууж орсон нь тодорхой; Sumiko яаж ч уучлалт гуйж царай алдсан ч Komajuro түүнийг хөөж орхино. Энэ зуурт, ядаж байхад яр гэгчээр Komajuro-ын театрын хуучинсаг кабуки хэв маягийн жүжгүүдийг үзэгчид үзэхээ больсон учир орлого ашиг үгүй болж, жаахан байсан хуримтлалыг нь менежер нь аваад зугтчихсан болохоор Komajuro театраа тарааж, дампуурлаа зарлахаас өөр аргагүйд хүрнэ. Тэрээр Oyoshi дээр очоод дампуурснаа хэлэхэд Oyoshi одоо авга ах байхаа больж аав болох буюу үнэнээ Kiyoshi-д хэлээд гэр бүл болж амьдрахыг хүсээд Komajuro ч зөвшөөрнө. Kiyoshi Kayo-г дагуулсаар гэртээ ирснээр Komajuro, Oyoshi, Kayo, Kiyoshi 4 уулзана. Ээж нь Komajuro чиний төрсөн эцэг гэж Kiyoshi-д хэлэхэд тэрээр гадарлаж байсан, гэхдээ аав хүсэхгүй байна гээд гэв гэнэт л гарч ирэнгүүтээ аав чинь байна гэж амьдралд минь оролцох хэрэггүй, эндээс явж үз гэж уурлана. Komajuro энэ гэрт байх аргагүйгээ ойлгоод өөр газраас замналаа дахин эхлүүлэхээр шийдэн явахаар болох ба Kayo өөрийг нь дагуулаад явахыг хүснэ, харин Komajuro түүнийг энэ гэрт үлдээд хүүг нь харж хандаж байхыг хүснэ. Kiyoshi аавыгаа явсны дараа ухаан орж аав руугаа явахыг завдахад ээж нь түүнд хандаж; аав чинь ийм л хүн, ирж л байдаг, явж л байдаг хүн, мөрөөр нь орхи гэж хэлдэг. Галт тэрэгний буудал дээр Komajuro тамхи татах гээд асуугаараа олохгүй мунгинаж байхад хажууд нь холоос харж байсан Sumiko түүн дээр ирээд тамхийг нь асааж өгөөд хамт явъя, дагуулаад яваач гэж гуйхад Komajuro зөвшөөрч тэд Kuwana руу замналаа шинээр  эхлүүлэхээр хамт явдаг

 
Ozu 1934 онд хийж байсан бүтээлээ өнгөтөөр дахин хийсэн энэхүү бүх цаг үеийн хамгийн шилдэг драмын нэг болох уг кино нягт нямбай, уянгалаг болоод чихэрлэг гашуун амттайгаараа түүний кино хэлний төгс танилцуулга болдог. Том бөгөөд драматик яарсан мөчүүдээс илүүтэйгээр жижигхэн сэтгэл татам байдалд бидний анхаарлыг төвлөрүүлж чаддагт Ozu-ын гайхамшигтай чанар ба сцэнээс сцэнд дүрүүдийн алхах, суух, ярих байдлыг нарийн ажиглахыг бидэнд санал болгодог. Кино шүүмжлэгчид уг киног Ozu-ын дотоод мэдрэмжийг хамгийн гүнзгий тусгасан бас дүрслэлийн хувьд гайхалтай үзэсгэлэнтэй киноны нэг гэж үздэг. Найруулагч James Mangold уг киног бүх цаг үеийн шилдэгийн нэг гээд мөн Ozu бол дэлхийн хамгийн аугаа кино найруулагч, тэр бол яруу найрагч, хуманист, шинийг бүтээгчээс гадна жүжигчдийн хувьд хамгийн сайн найруулагч гэж хэлж байсан бөгөөд эцэст нь кино найруулагчийн сэтгэл зүрхтэй хэн бүхэнд би энэ бүтээлийг санал болгож байна гэж хэлж байжээ. TSPDT сайт уг киног бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 966-р байрт жагсаагаад байгаа бол Kinema Junpo сэтгүүл Японы бүх цаг үеийн хамгийн аугаа кинонууд жагсаалтынхаа 36-р байрт эрэмбэлжээ. Эрт орой алин боловч кинонд дурлагч хэн бүхэнд Озу руу очдог гэж кино шүүмжлэгч Roger Ebert хэлсэн буй. Ozu бол хамгийн зөөлөн бөгөөд намуухан найруулагчаас гадна хамгийн хуманист, бас хамгийн амарлингуй нь болов уу. Гэхдээ түүний кинонууд сэтгэл хөдлөлийг хамгийн хүчтэй хийгээд гүн гүнзгий илэрхийлдэг. Гэр бүл, хүүхэд, гэрлэлт болоод ганцаараа амьдрах, өвчин, үхэл, мөн бусдыг анхааран үзэх зэрэг бидний хамгийн их анхаарч үздэг бүхэн Ozu-ын киноны үндсэн тусгал байдаг. Энэ бол дээд зэрэглэлийн кино бүтээл бөгөөд түүний киноны сэдэв нь ихэнхдээ хөгшин ба залуу гэсэн хоёр үеийг харуулж, тэдний зөрчил, ялгаралыг харуулдаг. Ozu яагаад кино суутан бэ гэхээр тэрээр үе хоорондын асуудлын тэнцвэрийг олдогт оршино. Ozu бол ердийн амьдралын хэмнэлийг киногоороо үзүүлэгч юм.

Comments