Түүхий өндөг

 




Cul-de-sac (1966) . Хойд Английн Northumberland нутагт Lindisfame хэмээх тусгаарлагдсан, нүцгэн арал - цайз байх бөгөөд уг арал - цайз эх газартай далан дээрх замтай холбогдох ба далай түрлэг болвол далангийн зам усаар бүрхэгдэнэ. Гэнэтийн далайн түрлэг болохоос өмнө Dickey гэх аварга болхи биетэй, үзэшгүй муухай царай төрхтэй 40 гаран насны эр, мөн Albie гэх туранхай, нүдний шилтэй доожоогүй бас төдий насны эр машин нь эвдэрсэнээр арал дээр гацчихна. Тэд Америкийн дээрэмчид бөгөөд бас зэвсэглэсэн аюултай этгээдүүд. Albie нь үхлүүт шархдсан бол Dickey нь зүүн гараа битүү боожээ.

  Нар жаргаж, далайн түрлэг болсноор тэд цайз руу нууцаар нэвтрэхээс өөр аргагүйд хүрнэ. Энэхүү цайзад 30 гаран насны намхан, халзсан бас мэдрэлийн асуудалтай George хоёрдахь эхнэр болох үзэсгэлэнтэй шаргал үст Teresa-ын хамт амьдарна. Teresa нөхрөөсөө олон насаар дүү, бас тун хормой султай хүүхэн болой. Dickey цайзад ороод утсаар босс Katelbach-тай ярихад Katelbach удахгүй наад газар руу чинь залуусаа явуулъя гэж хэлэхдээ ажиллагааг бүтэлгүй болгосон Dickey болон Albie-г сүрхий загнана. Ингээд Dickey утасны холбоосыг таслаад гэрийн эзэн - хосуудыг барьцаална. Albie шархаа даалгүй үхэж, Dickey, Teresa, George нар түүнийг цайзад оршуулахдаа архидан согтуурцгаана. Teresa нөхрөө эр хүн шиг бай, намайг, гэр орноо хамгаал гэж байнга шахаж шаардахад George санаа байвч сачий нь хүрэхгүй. Маргааш өглөө нь машин ирнэ, Dickey босс нь ирлээ гэж баярлатал харин George найзууд эхнэр хүүхдүүдийн хамт гэнэт хүрч ирж буй нь энэ байв. Dickey гэрийн даамлын дүрд тоглох бол Teresa зочдын нэг Cecil гэх өндөр залуутай аальгүйтана. 

Харин George аль болох л гэнэтийн зочдыг явуулахын хүслэн болно. Зочдын хүүхэд Cecil-ын винтовоор буудаж зүггүйтсэнээр George-д зочдоо хөөж явуулах шалтаг гарах агаад Cecil явахдаа винтовоо мартаж орхино. Энэ үеэр Teresa Dickey-ын бууг хулгайлаад нөхөртөө өгнө. Харин Dickey эцсийн эцэст босс нь ирэхгүй, өөрийг нь энд орхисныг ухаарна. Ингээд тэрээр George-ын машиныг аваад буцах гэтэл George түүнтэй ноцолдож, улмаар буугаар нь буудчихна. Шархдсан Dickey тахианы саравчинд нуусан автомат буугаа гаргаж ирэн үхэх зуураа машин, байшингуудыг буудаж сүйтгэнэ. Энэ үед Cecil хүрч ирээд Teresa George хоёрыг аваад явъя гэхэд George гүн шоконд орсны улмаас түүнийг орхиод явахаас өөр аргагүйд хүрнэ. Ганцаараа үлдсэн George шокноосоо цөхрөлийн төлөв байдал руу шилжиж орон гэрээ сүйдлэн түйвээнэ. Өглөөний нар мандахад George хадан суучихсан анхныхаа эхнэрийг дуудан уйлж байлаа. 

Польш - Францын нэрт кино урлаач Roman Polanski-ын англи хэл дээрх  хоёрдахь бүрэн хэмжээний энэхүү сэтгэлзүйн комик триллер нь орчин үеийн эмх замбараагүй ертөнцийг клаустрофобик, галзуурам хөгжилтэйгөөр тод дүрсэлсэн бүтээл юм. Уг кино бол Roman Polanski-ын оргил формтой үед бүтээгдсэн 3 хүний сэтгэл болоод бие махбодийн харилцааг параной маягаар үзүүлсэн абсурд үлгэр юм. Киноны гол дүрүүдэд Donald Pleasence, Francoise Dorleac, Lionel Stander нар тоглосон. Уг киноны өнгө аяс, сэдвийг Samuel Beckett-ын бүтээлүүдтэй харьцуулдаг ба мөн киноны бэлгийн цөхрөл, хоррор, хөндийрөл зэрэг сэдэв нь Roman Polanski-ын Tenant, Repulsion зэрэг шедеврүүдэд хөндсөн сэдэвтэй ижил юм. Кино 1966 онд Берлины кино наадмаас Алтан баавгай шагнал хүртсэн бол бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 973-р байрт жагсаж байна. Dickey аяга сүү уудаг хэсгийг Roman 16 удаагийн зураг авалтаар авчээ. Мөн Jack Nicholson өөрийн дуртай киногоор уг киног нэрлэж байж 2007 онд. Далайн эрэг дээрх 7 минут 28 секундын сцэн тухайн үедээ кино урлаг дахь хамгийн удаан үргэлжилсэн хэсгийн нэг болж байжээ.

Comments