Зарим киноны талаар хэдэн үг хэлэхэд

 






Hiroshima Mon Amour (1959). Alain Resnais-ын анхны бүхэн хэмжээний кино нь Францын шинэ давалгааны тулганы чулуу болсон кино гэгддэг бөгөөд мөн бүх цаг үеийн хамгийн нөлөө бүхий киноны нэгээр нэрлэгдэн хүндлэгддэг. Франц эмэгтэй (Emmanuelle Riva) Япон эрэгтэй (Eiji Okada) хоёрын дайны дараах Хирошимад өрнөх богино хийгээд хурц янаг амрагийн харилцаа тэдний өөрсдийнх нь хайраас, зовлон шаналлаас айдаг байсан дурсамжийг татан гаргаж ирнэ. Чухам Alain Resnais киногоо ухарч өнгөрсөнийг үзүүлэх бүтэцтэйгээр урласан нь шинэлэг арга байж; өнгөрсөн болоод одоод савлах агаад уг сэтгэлийн дотоод мөн чанарын шедевртээ тэрээр өөрийн зовлон хийгээд нийгмийн зовлон зүдгүүрийг давхар тусгажээ.

Уг кино бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 96-р байрт жагсаж байна. Уг кино нь шугам бус хүүрнэлтэй, богино хэмжээний дурсамжийг харуулахын тулд богино хэмжээний өнгөрсөн үеийн сцэнүүдийг ашишласан нь, мөн үсэрсэн монтаж нь тухайн цаг үедээ шинэлэг арга техник байв. Alain Resnais-ын энэ шинэлэг кино хэл нь олон улсад Францын шинэ давалгаа гэх кино урлагийн цоо шинэ хөдөлгөөн бий болсныг зарлан тунхагласан буюу Alain Resnais-ын эл киног болон Jean - Luc Godard-ын "Breathless", Francois Truffaut-ын "The 400 Blows" гэсэн 3 бүтээлийг Францын шинэ давалгааг эхлүүлсэн гэж үздэг. Alain Resnais анх атомын бөмбөгийн тухай богино хэмжээний баримтад кино хийх даалгавартай байжээ. Гэвч хэд сар эрэгцүүлсэний эцэст 1956 онд бүтээсэн холокостын тухай "Night and Fog" гэх баримтад киногоо давтан хийхийг хүссэнгүй, ингээд продюсер дээрээ очоод Marguerite Duras-г кино зохиолчоор авч хамтрахгүй бол болохгүй нь хэмээн хошигносноор Францын романч, жүжиг болон киноны зохиолч Marguerite Duras кино зохиолыг бичжээ. Уг киног Япон, Францын кино компаниуд хамтран хийсэн бөгөөд продюсерууд гол дүрийн эрэгтэй, эмэгтэйд заавал Япон, Францын жүжигчдийг тоглуулна гэсэн болзол тавьж байжээ.

 Мөн хоёр улсын кино багийнхан хамтран ажиллаж, аль аль улсад зураг авахаар тохиролцжээ. Marguerite Duras-ын кино зохиол олон улсын шүүмжлэгчдийн FIPRESCI шагнал хүртсэнээс гадна Оскарын кино наадмын шилдэг кино зохиол төрөлд нэр дэвшжээ. Уг бүтээлийн кино урлагт оруулсан хувь нэмрийг үнэлэхдээ Францын шинэ давалгааны "The Birth of a nation" хэмээх судлаачид магтаж байв. Jean - Luc Godard киноны талаар: ямар ч киноноос санаа, ишлэл аваагүй анхны, оргинал кино гээд Alain Resnais-ын шинэ урлах хэлбэрийг "Faulkner дээр нэмэх нь Stravinsky" гэж хэлжээ. Харин кино найруулагч Eric Rohmer: дараагийн 10, 20 эсхүл 30 жилд бид уг киног дайнаас хойш хамгийн чухал кино, анхны дуутай модерн кино болохыг мэдэх болно гэж байжээ. Alain Resnais уг кинондоо ашигласан шинэлэг арга техникийн туршилтаа дараагийнхаа "The War is over" болон "Last Year at Marienbad" зэрэг кинонууддаа ашиглажээ. Намтар бичигч James Monaco номондоо Alain Resnais уг киноныхоо санааг 1942 оны классик "Casablanca" киноноос санаа авсан гэсэн байдаг. 2001 онд Япончууд "H Story" нэртэйгээр киног дахин хийсэн бол Английн Ultravox хамтлаг өөрсдийн "Ha!-Ha!-Ha!" Цомогтоо киноны нэртэй дууг багтаасан байхад Alcatrazz рок хамтлаг өөрсдийн дебют цомогтоо мөн киноны нэртэй дууг оруулсан байдаг ажээ.


The Hours (2002). 1998 оны Pulitzer-ын шагналт Michael Cunningham-ын ижил нэрт романаас сэдэвлэн бүтээсэн сэтгэлзүйн уг драмыг сайн романыг сайн кино зохиол болгоод сайн кино болгон дэлгэцнээ толилуулсан нь шүүмжлэгчдээс онц үнэлгээ аваад зогсохгүй романы утгыг алдагдуулаагүй, кино зохиол болгохдоо төвөгтэй ч энгийн бүтэцтэй урлаж, гол амин үндэс болох гол дүрийн 3 эмэгтэй жүжигчдийн тоглолт киногоо илтгэж мөн киногоо авч гарсан гэж магтсан байдаг ба мөн кино нь номноосоо илүү гүн, баялаг гэж үзэгсэд ч байдаг аж... цаг үеийнхээ холливуудын нүүр царай болж явсан Meryl Streep, Nicole Kidman болон Julianne Moore (бүгд Оскартай) нар бүгд гайхамшигтай тоглосноос шүүмжлэгчид Nicole Kidman-ын тоглолтод малгай аван мэхийн ёсолсон агаад тэрээр Virginia Woolf-ын дүрээр Оскараас шилдэг эмэгтэй гол дүр шагналыг хүртжээ. 
Эмэгтэй хүний түгжигдсэн, амиа бодсон, сэтгэл санааны ойлгомжгүй гүн рүү орох гэж уг кино оролдсон ба энэ кино бол золиослогдсон эмэгтэй хүнийг хайрласан бүтээл юм.. 3 өөр үед амьдрах 3 өөр нийгмийн эмэгтэйн амьдралыг киноны хөгжим буюу Phillip Glass-ын сансарын мэт минималист ажил гайхалтайгаар холбож нэгтгэж өгөх бөгөөд киноны дарамттай, сэтгэл хөдөлгөм уур амьсгалыг улам тодруулна.. Nicole Kidman солгой боловч дүрдээ хувирахын тулд баруун гараараа бичиж сурсан байдаг ба мөн тэрээр Virginia Woolf-ын хувийн захидалуудыг уншсан нь романыг уншсанаас илүү дүрээ гарахад тус болсон гэдэг.. мөн түүнчлэн тэрээр Virginia Woolf-г хоолойн өнгө, ярих хэлбэр маягийг дуурайхыг хүсээгүй гэдэг, учир нь шоглол шиг болчихно гэж айсан байдаг ажээ..
 

Boys Don't Cry (1999). Америкийн кино найруулагч Kimberly Peirce-н (эмэгтэй) найруулан мөн зохиолын бичсэн уг бүтээл нь хувь хүний эрх чөлөө хийгээд хүн ер нь ямар ч засаглал, ямар ч үед өөрийнхөөрөө байх боломжтой юу гэсэн том, чухал асуудал хөндсөн бүтээл болно.. өөрөөр хэлбэл бэлгийн зүй бус чиг хандлагтай хүмүүсийн эрхийг “асуусан” бүтээл ба нөгөөтээгүүр хүн ер нь яг өөрөөрөө байх боломжтой юмуу? Тийм нийгэм ер нь байдаг уу? Гэсэн томоохон асуудлыг бодуулна.. мөн хүн өөрөөрөө байхын хажуугаар яг өөрөөрөө, цэвэр сэтгэлээрээ дурлаж хайрлахад, нийгэм хийгээд эсрэг талын дур татах хүний ардах, урдах амьдрал тийм чухал уу? Гэсэн, маш олон бодууштай сэдвийг хөндсөн бүтээл болно. Мэдээж энэ бүтээл бол ижил хүйстэний талаарх кино бөгөөд энэ нарийн мэдрэмж юм.. кино маань бодит явдалаас сэдэвлэсэн болно.. мэдрэмжийн шүүгчийг бид хийхгүй. Энэ бол үүрдийн, төгс, мөнхийн асуулт байна биз.. үзэж ойлгох бүтээл юм.. Brandon Teena эмэгтэй хүн болж төрсөн ч эрэгтэй хүн болохыг хүсдэг, түүндээ ч хүрсэн хачирхалтай хүний эмгэнэлт түүхийн эзэн болно.. Brandon Teena нэгэн өдөр сахилгагүйтэн эрэгтэй зүсэнд хувирч өөрийг нь мэдэх хотоос гарна.. 

тэрээр алс холын хотод очиж өөрийгөө эрэгтэй гэж мэдрүүлж, өөрөө ч тэгж мэдрэхийг хүснэ. Тэгж тэгж , согтуу яваад бөөн зодоонд орчих ба түүнийг өмөөрсөн залуустай нэгдэж, тэдэнтэй сайн найзууд болно.. нийлсэн улс нь даанч муу гарууд байна. Харин гол дүр маань тиймэрхүү муу амьдрал буюу байнга ууж идсэн, хулгай дээрэм хийсэн, эх захгүй амьдралд уруу татагдаж, нэг мөсөн живж орно. Энэхүү явцдаа болж бүтэхгүй бүлгэмийн тэргүүлэгч залуугийн охин дүүд сайн болох ба охин ч түүнд сайн болсноор кино маань “дундаа” орно.. ингээд эрэгтэй хүнд хайртай боллоо гэж бодсон чинь ижил хүйстэндээ татагдсан нэгний бодрол, эргэцүүлэл: эр эм нь мэдэгдэхгүй хүнд дүү охиноо өгөхгүй гэсэн тэмцэл. Харин нөгөө талд цэвэр ариунаар дурласан гол дүр маань.. гол дүрд тоглосон Hilary Swank-н тоглолттой юу ярихав. Тэр жилдээ оскарын шилдэг эмэгтэй дүрийг авсан дүр. Мөн бүх цаг үеийн хамгийн шилдэг тоглолтодуудын нэг, Hilary Swank-н хамгийн шилдэг кино бас дүр болно. ..
 

Last Year at Marienbad (1961). Аливаа зүйлс цаг үеийнхээ мөн жам ёсны дагуу шинэчлэгдэж, өсөж дэвшин байдаг, тэгэх ч ёстой байдаг.. шинэчлэх ухааны хөгжил дэвшил юун түрүүнд цараг арми дээрээ туршигддаг бол урлагийн салбарт ном дээр явагддаг.. эхлээд бузар булай гэж нийгмийн дасаагүй сэтгэл шүүмжлэх бол яваандаа дассанаар сүүлдээ моод болж, нэгэн эрин байсан гэж яригдаж, бүр сүүлдээ шүтэгддэг.. гаж байлаа гээд муу юм биш, тэр гаж юм чинь шинэ юм байх тохиолдолтой. Гэхдээ мэдээж бүх гаж юм сүүлдээ моод болохгүйн тодорхой.. энийг харин ухамсар, туршлага харуулчихна байх.. постмодерны үеийг францын зохиолчид үгүйгээр төсөөлөмгүй. Франц төдийгүй дэлхийн шилдэг зохиолч, авангард зохиолын мастер, хожмоо кино урлагт хүч үзсэн Alain Robbe-Grillet-н Last Year at Marienbad зохиол дээрээс сэдэвлэж, мөн л дэлхийн кино урлагт онцгой, содон кинонуудаарай алдаршсан Alain Resnais найруулан өдгөө төгс авангард бүрэн хэмжээний кино, хамгийн нууцлаг, ойлгомжгүй кино, хамгийн үл ойлгогдом, оньсого кино гэх мэтээр шагшигддаг юм.. Alain Resnais нь францын киноны шинэ давалгааны манлайлагчдын нэг гэж явдаг болно.. түүний бүтээлүүд цаг хугацаа хийгээд орон зайг хольчихдог ба үүндээ ч чадварлагаар толгой эргүүлнэ.. 

найруулгын сонин, сюрреал, барагалж гаж гэмээр шийдэл хожим хойно энэхүү салбартаа үр өгөөжөө өгч, кино урлагтаа шинэ боломжийг мэдрүүлж, ахуй хийгээд бодлын хязгаарлагдмал орчинд баригддаггүй найруулагч байжээ. Alain Resnais, ер нь тэр энэ гэхийн тэмдэггүй, ойлгоход бэрх, барьцгүй хэрнээ нэг үзсэн байхад санаанаас гарж мартагдана гэж байхгүй.. өөрөөр хэлбэл заримдаа бид ойлгохгүй хэрнээ уран зураг юмуу яруу найрагт (дээд түвшиний) ихээр татагдаж сонирхдог. Тэгсэнээ, нууцыг нь мэдэх гэж, ойлгох гэж улайран оролддогтой дүйх юм даа.. нэн тодорхой, шулуун илхэн юм хэзээ л арааны шүлс асгаруулж байлаа.. харин ч далд, яах гээд байгаа нь мэдэгдэхгүй мөртлөө сэмхэн сэрэл өдөөж, чимээгүйхэн дуудах тэр юмсад бид хачин их татагддаг.. тийм л чанартай кино. Киноны талаар болсон болоогүй хагас дутуу бичихгүй. Би өөрөө ч сайн “ойлгоогүй” юм чинь.. уран зохиолын салбарын нэг “гажгийн” романыг кино урлагийн нөгөө нэг “гажиг нь “ кино болгосон гэхээр ямаршуу “гаж” бүтээл болох нь илэрхий.. цэвэр урлагийн бүтээл.. цэвэр кино.. маш хүйтэн кино.. аймаар ч байж болзошгүй, гэхдээ тун ч амттай.. ойлгох гэж биш мэдэрч, таашаах кино. киног өндөр түвшинд үздэг үзэгчдийн кино.. гол дүрд сюрреал кинонуудад тоглосоноороо алдаршсан, үзэсгэлэнтэй, франц-америкийн жүжигчин Delphine Seyrig тоглосон.. Бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 83-р байрт хийгээд Sight & Sound сэтгүүлийн хамгийн аугаа кино жагсаалтад 23-р байрт эрэмбэлэгдэх уг кино нь Alain Resnais-ын хамгийн оргил ажлын гэгддэг билээ. 

Орчин тойрны хоёрдмал байдал болон киноны бүрхэг сэдэл нь сюрреалист кино хэлийг бүрэн дүүрэн илтгэсэн гэж үздэг бөгөөд сюрреалист уран бүтээлч Jackues Brunius уг киног хамгийн аугаа кино хэмээн тунхагласан байдаг бол зарим шүүмжлэгч дэндүү загварлаг Экспериментал кино гэсэн буй. Уг киноны тайлбар, утгыг тайлах гэсэн оролдлого түм бум бий. Сэтгэлзүйч, түүний өвчтөн хоёрын харилцааг харуулсан гэдгээс гадна; энэ бүх явдал эмэгтэй хүний оюунд өрнөж байгаа, эсхүл энэ бүхэн нь эрэгтэй хүний оюунд өрнөж байгаа гэсэн олон тайлбар бий. Мөн хайртай хүүхнээ алчихаад үүнийгээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа хүнийг ч илтгэнэ гэдэг агаад энэ бүхнийг лимбод буй хий үзэгдэл юмуу сүнс гэж үздэг. Киноны уур амьсгал болон зүүдний хэлбэр нь киног дахин дахин давтагдах зүүдний аналоги бүтэцтэй болгох юмуу зүүд юмуу дурсамжаа эргэн санах байдлыг бий болгожээ. Уг кино Agnes Varda, Jackues Rivette, Ingmer Bergman, Federico Fellini болон Stanley Kubrick нарт нөлөалсөн байдаг юм. Ингээд зогсохгүй уг киноны загварын ертөнцөд, хувцас загварт нөлөөлсөн асуудал тусдаа бөлгөө.
 

Bullet in the Head (1990). Хүүхэд насны сайхан дурсамж болсон уг акшин, адал явдалт киног би John Woo-ын хамгийн шилдэг ажил гэж боддог бөгөөд өөрийнхөө хувьд хамгийн шилдэг акшин, адал явдалт буюу "буудалцаантай" киноны нэг гэж боддог. Энэхүү бүтээлд улс төр, нийгмийн ороо бусгай байдлаас болж цэвэр нандин үерхэл нөхөрлөл хэрхэн хагаран бутарч буйг үзүүлэхийн дээр ер нь нөхөрлөл гэж бий юу? Бүхнээс давсан нөхөрлөл байх боломжтой юу? Гэсэн түгээмэл асуултыг асуусан анд нөхөрлөлийн талаарх үнэмлэхүй киноны нэг бөлгөө. Киноны гол дүрүүд болох 4 найзад Tony Leung (Ben), Jacky Cheung (Frank), Waise Lee (Paul), болон Simon Yam (Luke) нар тоглосон ба эдгээр нөхөрлөлийн бүтэц нь зарим талаараа шадар 3 цэрэг романыг санагдуулам. Уг кино нь анх A Better Tommorow киноны өмнөтгөл анги болохоор төлөвлөгдөж байсан ч John Woo болон продюсер Tsui Hark нарын үл ойлголцлоос болж уг төсөл цуцлагдсан бөгөөд John Woo тусдаа кино хийхээр Bullet in the head киноныхоо зохиолыг дахин бичиж эхэлсэн бол Tsui Hark харин тусдаа алдарт A Better Tommorow киноныхоо 3 дахь ангийг хийжээ. 

Тухайн цаг үеийн Хонг Конгийн кино урлагт Tsui Hark асар их эрх мэдэлтэй хүн байсан учраас аргүй, дэмжлэггүй болсон John Woo уг киногоо бүтээх гэж ёстой тамаа идсэн гэдэг бөгөөд киноныхоо ихэнх санхүүг өөрийнхөө хармаанаас гаргасан гэдэг. Тэрээр 1989 оны Tiananmen-ын талбайд болсон хэргээс улбаалан киноныхоо зохиолыг дахин шинэчлэн бичсэн агаад John Woo киногоо бүтээх явцын зовлон, шаналлыг F. F. Coppola-ын Apocalypse Now киногоо бүтээх үйл явцад амссан зовлон бэрхшээлтэй харьцуулсан байдаг. Кино тухайн үеийн Хонг Конгийн хамгийн өндөр өртгөөр бүтсэн кино болж байсан ба уг кино түүний өмнөх бүтээл The Killer шиг Хонг Конгийн үзэгчдийн таашаалд нийцээгүй байдаг, шалтгаан нь үзэгчид Tiananmen-ын талбай дээрх шиг тиймэрхүү үймээн самуун, бослогын сцэнийг таашаахгүй байсан ажээ. Вьетнам дахь сцэний гадаад зураглалыг Тайландад, харин дотоод зураглалыг Хонг Конгийн кино студид авчээ. Мөн нисдэг тэрэгний дайралтын хэсгийг бодит Вьетнамын дайны үеийн бичлэгтэй хослуулан бүтээснээс гадна Вьетнамын дайны талаарх өөр киноны хэсгээс авсан байдаг ажээ. 

Бослогын үймээн самууны хэсгийг зураглах үеэр үнэхээр замбараагүй байдал бий болсноос үүдэж John Woo өөрөө сандран балмагдаж байсан бөгөөд нэгэн зураглалын үеэр тэрээр толгойгоо сүрхий хагалж байсан бол жүжигчин Simon Yam бас нүүрээ айхтар түлж байсан гэдэг. Судлаачид уг киног урлагийн сонгодог бүтээлд тун дөхөж очсон бүтээл, John Woo-ын хамгийн сэтгэл хөдөлгөм кино гэж магтсанаас гадна уг кино бол бүх талаараа домогт The Deer Hunter кинотой харьцуулж, The Deer Hunter-с нөлөө авсан нь тодорхой гэж үздэг, дүгнэдэг болой. Мөн түүнчлэн киноны хөгжмийг бичсэн James Wong-ын ажлыг судлаачид шилдэг гэсэн байдаг. 2014 онд уг киног маань Time Out сэтгүүлийн үзэгчид хийгээд судлаачид хамгийн шилдэг акшин кино жагсаалтынхаа 93-р байрт эрэмбэлжээ. John Woo бүх жүжигчдийнхээ тоглолтод сэтгэл хангалуун байсан ба харин Waise Lee-ын тоглолтод үл ялиг дурамжхан байсан гэдэг. Нэрт жүжигчин Yun-Fat Chow анхлан Luke-ын дүрд тоглохоор яригдаж, өөрөө ч ихээхэн сонирхож байсан ч John Woo түүнийг болиулсан байдаг ба Luke бол чухал дүр биш, Yun-Fat Chow шиг дандаа гол дүрд тоглодог од хүнд тохирохгүй гэснээр нэрт жүжигчин маань төслөөс гарч байжээ.



Battle Royale (2000). Японы засгийн газар ирээдүйд аль нэгэн ерөнхий боловсролын сургуулийн 9-р ангийнхныг сонгож буюу олзлож аймшигт тэмцээнийг (тоглоом) жил бүр зохион байгуулна.. үүнийгээ “их тулаан” гэх бөгөөд тоглоомын дүрэм нь: тухайн ангийнхныг алслагдсан нэгэн арал дээр аваачиж өөр хооронд нь алалцуулна.. өөрөөр хэлбэл азгүйгээр шилэгдсэн тэр ангиас гурван хоногийн дотор ганцхан хүн л амьд гарах ба бусдыгаа заавал алсан байх шаардлагатай юм.. мөн хүн бүрт сугалаа маягаар гурав хоногт хэрэг болох зүйлстэй цүнх өгнө.. энэ цүнхэнд тус бүр адилгүй зэвсэг, хэрэгсэл байна.. жишээн сурагч А-д гар буу таарсан бол сурагч Б-д хутга, В-д зүгээр л дуран, Г-д гранат гэм мэт.. эдгээр өөрт оногдсон зэвсэгээр өөр хоорондоо алалцах бөгөөд хэрэв өрсөлдөгчөө энэрэх юм бол өөрөө үхэх аюултай.. том арал учир сурагчид тархан, хүчээ хавсаргаж байлдаж болно.. мөн түүнчлэн тодорхой цагуудад алалцахыг хориглож, бас хооллох, амрах цагтай.. дүрмийг зөрчвөл шууд алуулах шийтгэлтэй.. бүгдээрээ нийлж хамтдаа тэмцэх ямарч аргагүй. Яагаад гэвэл сурагч болгоны хүзүүнд тусгай мэдээллэг хүзүүвч байх ба хүсвэл удирдлагийн зүгээс хэнийг тэр хүзүүвчийн тусламжтайгаар дэлбэлж болно.. мөн арлаар дүүрэн тусгай бэлтгэгдсэн цэргүүд байна.. иймд оргох юмуу заль гаргах боломжгүй ба заавал анги хамт олноо, найзуудаа бүгдийг нь алж байж амьд үлдэх болзолтой юм... 

ингээд нэгэн 9-р ангийнхныг сонгон арал дээр аваачих ба тэд дөчин-хоёулаа.. мөн сонгогдсон энэ анги дээр онцгой тохиолдол гэж улирсан буюу өмнө нь “их тулаанаас” амьд гарсан хоёр залууг нэмж өгнө. Тэр хоёр бол арай ах хүмүүс ба юу ч мэдэхгүй хүүхдүүдийг бодвол мэргэшсэн алуурчид байна... анги хамт олон, залуу нас л болсон хойно тэнд бүх зүйл байна. Хайр дурлал (анхных шахуу) анд нөхөрлөл (ёстой жинхэнээсээ) атаа жөтөө (гэнэхэн) амьдрах хүсэл (өрөвдмөөр) гэх мэт жинхэнэ ид дэлгэрч буй цэцэг шиг насыг цусаар будна. Зарим нэг нь сайн найзаа хөнөөх бол, зальтай нь итгэмтгий нэгнээ ашиглана, харин хөөрхөн төрсөн нь биеэ ашиглаж амьд гарахын тулд хүн бүр чадах бүхнээ, өөрөөсөө гарч болох бүхнээ гаргана.. цус хүнийг хэрхэн улайран донтуулж байгааг, мөн түүнчлэн итгэлцэл яаж нуран унаж байгааг тод харж болох кино.. японы хамгийн их ашиг олсон бүтээлүүдийн нэг.. япон л болсон хойно үргэлж гаж, нийтлэг бус зүйлс хийдгийн нэгэн том жишээ.. аймшгийн кинонд оруулсан том хувь нэмэр.. сонин юманд дуртай бол үзээрэй..



Before Sunset (2004). "Before" трилогийг алдартай, заавал үзэх романтик киноны тоонд оруулдагийг мэдэх ч ерөөсөө үзэж байсангүй, харин саяхан тохиолдлоор Before Sunset-г нь үзлээ. Надад таалагдсан учраас үзэж амжаагүй хүмүүст хандаж хэлэхэд заавал үзэхийг зөвлөе, үзэхдээ хосоороо, хайртай хүнтэйгээ хамт үзээрэй гэж захимаар байна.. маш энгийн, хялбар бүтэцтэй ч эхний минутаасаа л өөртөө уусгачих увдистай кино бөгөөд зураглал, харилцан яриа нь үнэхээр онцгой.. энгийн байдлаар сайн кино хийж болдогийн тод жишээ болсон уг киног эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн харилцаа хийгээд хайр, сексийн асуудлыг бодитой, үнэмшилтэйгээр үзүүлсэн буюу хайрыг мэдье гэвэл кино үз гэдэг үг чухам энэ кинонд л тохирсон мэт.. 

найруулагч Richard Linklater энэ ангийнхаа зохиол дээр өмнөх анги дээр хамт ажилласан Kim Krizan-тай хамтран ажилласанаас гадна гол дүрд тоглосон Ethan Hawke болон Julie Delpy хоёрыг мөн кино зохиолдоо оролцуулсан байдаг.. Before Sunrise-ын дараа Linklater, Hawke болон Delpy нар киноны үргэлжлэлийг хийхээр ярилцаж эхэлжээ.. Linklater кино бүтсэн явцын талаар: бид нэг өрөөнд суугаад 2-3 өдрөөр хамт байж ажилладаг байсан агаад бие биеэ руу санааг, зохиолыг цахим шуудангаар илгээдэг байлаа гэсэн буй.. киноны зураг авалт Парист 15 хоногийн хугацаанд авагдсан ба Steadicam ашиглаж, удаан үргэлжилсэн зураг авалтыг ашигласан агаад тасралтгүй авсан хамгийн удаан зураг авалт нь 11 минут болсон байдаг ажээ.. тэр зун маш халуун зун болсон (÷38 хүрч байж) тул кино багийнханд ихээхэн хүндрэлтэй байжээ.. кино нээлтээ хийсний дараа Hawke эхнэр Uma Thurman-аасаа салсан ба зарим нэгний үздэгээр кинонд бүтээсэн дүр нь Hawke-ын хувийн амьдралтай тохирдог гэсэн байдаг бол Hawke болон Delpy нар ер нь дүрмүүдээ бүтээхдээ хувийн амьдралынхаа хэсгээс оруулж өгсөн гэж үздэг.. 

Delpy киноны 2 ч хөгжмийг бичсэн байдаг ажээ.. судлаачид уг киног ухаалаг, онцгой романс гээд гүн гүнзгий, урлагийн үнэн байдлыг харуулсан бүтээл гэсэн бол Hawke Delpy хоёрын харилцан яриаг элдэв маяггүй, ба урлагийн талаар хийгээд эротик сэдэвтэй ярианууд нь нарийн өнгө аястай гэжээ. Нэг үгээр тэдний тоглолтод шүүмжлэгчид А үнэлгээ өгсөн байдаг.. кино шүүмжлэгч Roger Ebert уг киног эхний ангиасаа илүү сайн болсон, учир нь гол дүрүүд хөгшрөөд ухаалаг болсон, мөн Hawke болон Delpy нарын сайн тоглолт нь тэд харилцан яриагаа өөрсдөө бичсэнтэй холбоотой гэжээ..TSPDT сайт уг киног бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 598-р байрт жагсаасан байдаг бол Empire сэтгүүл хамгийн шилдэг кино жагсаалтынхаа 110-р байрт жагсаажээ. Киноны төгсгөлийг судлаачид, шүүмжлэгчид дэндүү ухаалаг гэж хэлэхдээ давхар санаа сэтгэл зовмоор гэж дүгнэсэн байдаг бөгөөд уг киног төгсгөл нь илэрхийлнэ..

























Comments