Детектив зохиолын хатан Агата Кристи

 


 Ноёгтой Агата Мари Кларисс Кристийг дүр, хуйвалдаан, түгшүүрийг зохиомжлон бүтээхүйн мастер гэж үнэлж, уран зохиолын гэмт хэрэгт жанрын Хатан хаан, нууцлаг жанрын Хатан гэх зэргээр өргөмжилдөг. Англи эмэгтэй зохиолч маань 66 детектив зохиол, 14 богино өгүүллэгийн түүвэр бичсэн бөгөөд эдгээр зохиол бүтээлийн ихэнхэд мөрдөгч Эркюль Пуаро болон Хатагтай Марпл хэмээх зохиомол дүрүүд гардаг. Агата Кристи манай гаригийн хамгийн урт удаан хугацаанд тайзнаа тавигдсан (1952-2020) "The Mousetrap"  жүжгийг бичсэн. Мөн тэрээр Мари Вестмакотт гэдэг нууц нэрээр 6 роман бичжээ. Гиннесийн номонд Кристийг бүх цаг үеийн хамгийн их ном борлуулсан уран зохиолчоор тэмдэглэсэн байдаг ба түүний зохиол бүтээл 2 тэрбум гаруй хувь борлогджээ. Өнөөдрийг хүртэл тэрээр манай гаригийн хамгийн их орчуулагдсан зохиолч хэвээр байгаа бөгөөд түүний "And Then There Were None" зохиол нь бүр цаг үеийн хамгийн их борлуулттай номын нэг буюу ойролцоогоор 100 сая хувь зарагдсан гэж үздэг. Кристигийн ихэнх роман, богино өгүүллэгүүд телевизийн цуврал, радио жүжиг, бүр видео тоглоом болсон байдаг бол 30 гаруй бүтээлийг нь бүрэн хэмжээний кино болгон хөрвүүлжээ.

 ХҮҮХЭД НАС БА ГЭР БҮЛ. Америк аав, Англи ээжийн охин Агата Кристи 1890 оны 9-р сарын 15нд Их Британий Torquay хотод мэндэлжээ. Тэднийх баян биш ч тайван сайхан амьдралтай айл байлаа. Кристи гэрээрээ боловсрол эзэмшиж, дараа нь Францын Парис хотод суралцжээ. Кристи 5 настайдаа уншиж сурсан бөгөөд тэрээр унтахынх нь өмнө ээжийнх нь ярьж өгдөг байсан аймшигтай үлгэрүүд хийгээд мөн эгчийнх нь санаанаасаа зохиодог аймаар түүхүүдээр дүүрэн гэр бүлийн орчинд өссөн байна. Тэрээр өөрийнхөө асрагч болон тэжээвэр амьтан, хүүрэлдэйн тусламжтайгаар өөрийн уран зөгнөлт түүхүүдийг зохиож эхэлсэн байдаг. 1914 онд Кристи хурандаа Арчибальд Криситэй хуримлаж, нэг охин төрүүлсэн. 

ЭХЭН ҮЕИЙН БҮТЭЭЛҮҮД. Кристи анхны ном болох "The Mysterious Affair at Styles ~ 1920" бүтээлдээ өөрийнхөө хамгийн алдартай хоёр мөрдөгчийн нэг Эркюль Пуаро-г анх танилцуулсан. Пуарогийн дүр бол Сэр Артур Конан Дойлын бүтээсэн мөрдөгч Шерлок Холмстой адилхан зохиогчийнхоо дотоод зан чанарын тусгал болдог. Холмстой адил Пуаро бол рационалаар бодож нууцыг тайлдаг (үндэслэлтэй, сэтгэл хөдлөлгүй) ажилдаа бүхнээ зориулсан өөртөө итгэлтэй төлөөлөгч юм. Пуарогийн найз, хамтрагч ахмад Хастингс гэдэг дүр мөн Холмсын найз доктор Жон Ватсонтой нийтлэг шинжтэй байдаг. Хастингс нь Ватсон шиг тэтгвэртээ гарсан цэргийн хүн бөгөөд итгэмтгий, маанагдуу боловч зарим үед өөрөөсөө илүү оюунлаг Пуарогийн учрыг нь олдоггүй ажиглалтад санаа сэдэл өгдөг. Конан Дойлыг дуурайж бичиж байхдаа Кристи нууцыг тайлах янз бүрийн мөрдлөгийн болон детектив аргуудыг туршиж үзэж байлаа. Кристигийн эхэн үеийн мөрдөгчтэй бүтээлүүдээс тагнуулчдыг агнадаг эхнэр нөхөр Бересфордуудын түүх онцлууштай.

 Эхнэр нөхөр Бересфордуудын түүх анх "The Secret Adversary ~ 1922" номонд гарч ирсэн ба тэдний хэрэг илрүүлэх бүдүүлэг, хөгтэй арга барил нь Пуарогийнхоос эрс ялгаатай байв. Кристигийн өөр нэг мөрдөгч болох дуу муутай, нууцлаг хүн, хурандаа Расс "The Man in the Brown Suit ~ 1924" номонд анх гарч ирсэн. Рассын үндсэн үйл ажиллагааны чиглэл Английн Колони улсууд руу байсан тул Кристи энэ дүрээ хожим хааяа нэг ашигласан байдаг. Хүчтэй, найдвартай, шаргуу хөдөлмөрч байсан ахлагч Баттл-ын дүр "The Secret of Chimneys ~ 1925" номын нэгэн хэсэгт гарч ирээд дараа нь "The Seven Dials Mystery ~ 1929" зохиолд гарч ирж хэрэг илрүүлдэг. Энэ дүр нь тийм ч сэтгэл татам биш байсан тул Кристи хожим нь зөвхөн жижиг дүр болгон ашиглах болсон. Сайхь туршилтын үед анх гарсан ирсэн өөр бусад мөрдөгчид бол ухаалаг Паркер Пэйн болоод ноён Саттертвейт, Харли Куин гэсэн хос дүрүүд байлаа. Пэйн аллагыг илрүүлэх бус харин бусдын амьдралыг аз жаргалд, адал явдалтай болгоход нөлөөлөх чиглэлд мэргэшсэн нэгэн байдаг. Пэйн өөрийг нь зохион бүтээгч Кристи шиг нууцлаг зохиолч эмэгтэй Ариадне Оливер гэгчийн туслалцааг хүртэх хувьтай байдаг. 

НУУЦЛАГ ХЯМРАЛ. 1926 он Кристигийн хувьд онцгой жил болов. Тэрээр анхны томоохон амжилт олсон "The Murder of Roger Ackroyd ~ 1926" гэх алуурчин нь өөрөө зохиолын хүүрнэгч болдог зохиолоо нийтлүүлсэн. Тэр жил түүний хувийн амьдралд эмгэнэл тохиов; Кристигийн эх нь нас барж, нөхөр нь өөр хүүхэнд дурласныг олж мэдлээ. Тэрээр сэтгэцийн хямралд орж,  12-р сарын 6ний өдөр гэрээсээ сураггүй алга болсон бөгөөд машиныг нь ил уурхайн дэргэдээс хаягдсан байдалтайгаар олжээ. Арав хоногийн дараа цагдаа нар шагнал амлаж байж Кристигийн сургыг гаргасан ба тэрээр Harrogate дахь нэгэн зочид буудалд нөхөртэйгөө явалдсан хүүхний нэрээр өрөө аваад тэнд бүхий л хугацааны турш байсан нь илэрхий боллоо. Кристи ой санамжаа алдах өвчтэй байсан гэж мэдэгдсэнээр хэргийг цааш нь авч хэлэлцээгүй бөгөөд 10 жилийн дараа тэрээр нөхрөөсөө салжээ. 1930 онд Кристи Их Британий тэргүүлэх археологч сэр Макс Маллоунтай гэрлэсэн. Тэрээр нөхрөө даган Сири, Иракаар аялж,  зарим романыхаа үйл явдлыг эдгээр улсуудад болж буйгаар бичдэг байсан агаад "In Come, Tell Me How You Live ~ 1946" бүтээлдээ нөхөртэйгөө хийсэн аяллынхаа талаар хошигнож бичсэн тохиолдол хүртэл байдаг ажээ. 

АЛДАРТАЙ БҮТЭЭЛҮҮД БА ҮХЭЛ. 1930 онд Кристи хүмүүсийн үздэгээр хамгийн шилдэг бүтээл болох "Murder at the Vicarage" номоо бичжээ. Сайхь нууцлаг бүтээлд Кристи өөрийнхөө хайртай мөрдөгчийн нэг Жэйн Марплийн дүрийг анхлан танилцуулсанаар хожмынхоо номуудад байнга гаргах болсон. Хатагтай Марпл бол уншигчдын дуртай ээдрээтэй дүр бөгөөд хуучинсаг, эхийн сэтгэлээр бусдад ханддаг дүр хэдий ч түүний оюун ухаан хүн төрөлхтний сул дорой, ёс суртахуунгүй байдлыг хүйтнээр мэдрэгч ажээ. 1930-аад оны дунд үеэс Кристи өөрийнхөө өвөрмөц зан араншинг тусгасан зохиолууд гаргаж эхлэв. Үүндээ тэрээр хамгийн бодит бус, боломжгүй нөхцөл байдлын дотор хамгийн бодит ухамсартай ажилладаг дүрүүдийг байрлуулж байлаа. 

" Murder in the Calais ~ 1934" бүтээлдээ арваад хүмүүсийн төлөвлөсөн аллагын тухай өгүүлдэг бол "And Then There Were None ~ 1939" номонд нь хуучин шүүгч байсан хүн шударга ёсны үүднээс 9 алуурчныг арал дээр урьж аваачаад хөнөөдөг тухай гардаг. Харин "Easy to Kill ~ 1939" бүтээлд жижигхэн хотод дөрвөн ч хүн  амины хэрэг ямар ч сэжиг төрүүлэлгүйгээр үйлдэгдэж буй тухай гардаг. Эдгээр номуудад ажиглагддаг сонирхолтой зүйл бол үнэхээр аймшигтай гэмт хэрэг үйлдсэн бол тухайн алуурчин этгээдийг хөнөөх нь зөв гэсэн Кристигийн философи юм. 1971 онд Кристийг улс орондоо, нэн ялангуяа уран зохиолд оруулсан хувь нэмрийг үнэлж Их Британий эзэнт гүрний Ноёгтой цолоор шагнасан. Кристи таван жилийн дараа буюу 1976 оны 1-р сарын 12нд нас баржээ.

Comments