Full Metal Jacket (1987). Домогт кино найруулагч Stanley Kubrick-ын кино. Дайны сэдэвт уг бүтээлийнхээ кино зохиол дээр Kubrick өөрөө, Michael Herr болон Gustav Hashford нартай хамтран ажилласан бөгөөд киног Gustav Hashford-ын 1979 онд нийтлүүлж байсан The Short-Timers хэмээх хагас намтарчилсан романаас сэдэвлэжээ. Гол дүрүүдэд: Matthew Modine, Lee Ermey, Vincent D'Onofrio нар тоглосон. Киноы үйл явдал хоёр түүхээс бүтнэ; нэгдүгээр хэсэгт, хойт Carolina дахь арал дээр орших Америкийн тэнгисийн явган цэргийн шинэ цэргүүд бэлтгэх хуаранд сургагдаж буй салаа цэрэгт, ингэхдээ хатуу ширүүн жагсаал сургагч түрүүч Hartman-ын удирдлага дор үйлээ үзэх Pyle, Joker гэсэн хоёр байлдагч дээр төвлөрнө. Хоёрдугаар хагаст, киноны өгүүлэмж Joker ба түүний салааг даган Вьетнамын хотын гудамжны дайн байлдааныг дүрслэнэ. Кино 16 саяын өртгөөр бүтээд дэлхийн даяар 1998 оны байдлаар нийт 120 саяын ашиг олсон бөгөөд олон улсын 11 кино наадамд ямар нэгэн шагналд нэр дэвшиж байсны дотор Оскарын наадмын шилдэг кино зохиол хөрвүүлэлт багтаж байв.
1980-аад оны эхээр Kubrick Вьетнамын дайны тухай Dispatches (1977) хэмээх номын
зохиолч Michael Herr-тэй холбоо тогтоож, Холокостын талаарх кино хийхээр
ярилцан төлөвлөөд байсан боловч Kubrick Вьетнамын дайны талаар өгүүлсэн кино
хийвэл илүү ашиг тустай гэж үзээд санаагаа өөрчилжээ. Kubrick Herr хоёр Англид
уулзаад Kubrick түүнд дайны сэдэвтэй кино хиймээр байгаагаа боловч олигтой кино
болгочих зохиол олдохгүй байна гэж хэлжээ. Ингээд Kubrick сонингоос Gustav
Hashford-ын The Short~Timers номыг олж мэдэв. Herr тус романыг уншаад
гайхамшигтай бүтээл гэж дүгнэв. 1982 онд Kubrick романыг хоёр удаа уншаад
"өвөрмөц, үнэхээр хосгүй ном" гэж эцэслэн үзээд дараагийнхаа киноны
зохиолоор сонгожээ. Түүний хэлснээр романы "сийлсэн мэт яруу найраглаг,
хурц тод чанартай" харилцан яриа сэтгэлийг нь маш их татжээ. 1983 оноос
Kubrick киноныхоо талаар судалгаа хийж эхэлжээ, үүнд архивын бичиг баримт
судлах, баримтат кинонууд үзэх, Конгрессын номын санд Вьетнамын дайнтай
холбоотой сонин сэтгүүл уншиж, мөн тухайн үеийн олон зуун гэрэл зургийг
судалжээ.
Эхэндээ Herr Вьетнамын дайнд үзэж туулсан сэтгэл мэдрэмжээ эргэж
харах сонирхолгүй байсан ба Kubrick түүнийг 3 жил ятгасны эцэст нэг юм
зөвшөөрүүлэн гэдэг. 1985 онд Kubrick кино багтаа Hashford-г урьсан; тэд долоо
хоногт 3-4 удаа утсаар олон цагаар ярьдаг байж. Kubrick романы дэлгэрэнгүй
боловсруулалтыг аль хэдийн биччихсэн байсан ба Kubrick гэртээ Herr-тэй өдөр
болгон уулзаж боловсруулалтыг сцэн болгон хувааж, Herr дараа нь кино зохиолын
анхны гар бичмэлийг бичжээ. Киноныхоо нэрийг Kubrick бууны каталоги дотрох
өгүүлбэрээр авсан ба энэ нь цэвэр төмрөн хонгио гэж ойлгож болохуйц ажээ. Анхны
гар бичмэл дууссаны дараа Kubrick өөрийнхөө захиалгаа Herr, Hashford хоёр руу
утсаар илгээж, тэд танилцуулга түүн рүү шуудангаар илгээжээ. Kubrick тэдний
танилцуулгыг уншиж, завсарлаж, тэд энэ үйл явцыг давтан хийдэг байв. Herr,
Hashford нарын аль аль нь кино зохиолд хичнээн хэмжээний хувь нэмэр оруулснаа
мэдэхгүй байсан нь төгсгөлийн кредит дээр маргаан үүсгэхэд хүргэжээ. Hashford
"бид машины үйлдвэрийн угсралтын шугам дээрх залуус шиг л байсан. Би нэг
багажтай, Herr нэг багажтай, гэхдээ чухам ямар машин болохыг Kubrick л мэдэж
байлаа" хэмээжээ. Herr "Kubrick дайны эсрэг кино хийх сонирхолгүй
байсан, гэхдээ тэр дайн ямар байдгийг харуулахыг хүссэн" гэжээ. Тухайн цаг
үедээ Kubrick Hashford-той биечлэн уулзахын хүсэхэд Herr үүнийг сайшаагаагүй
бөгөөд Hashford-г том биетэй, тэнгисийн цэргээр өвчилсөн, айдас хүргэм хүн гэж
анхааруулжээ. Тэгсэн хэдий ч Kubrick гэртээ Hashford-г урьж, тэд уулзалдаж,
Herr-ын сануулсан ёсоор уулзалт таагүй болсон ба Hashford Kubrick хоёр дахиж
хэзээ ч уулзаагүй гэдэг. Warner bros-оор дамжуулан Kubrick Канад болон нэгдсэн
улсад киноныхоо жүжигчдийн сонгон шалгаруулалтын ажлыг эхлүүлсэн.
Тэрээр
жүжигчдээ шалгахдаа видео бичлэг ашиглаж, 3 мянга орчим танилцуулга хүлээн авсан.
Түүний багийнхан бүх бичлэгийг үзээд 800 бичлэгийг хянаж үзэхээр үлдээж байж.
Нэгдсэн улсын тэнгисийн явган цэргийн жагсаалын сургагч Lee Ermey анх техникийн
зөвлөхөөр кино багт багтжээ. Ermey Kubrick-аас Hartman-ын дүрийн
шалгаруулалтад оруулж өгөхийг хүсчээ, Kubrick түүнийг 1978 оны The Boys in
Company C кинонд жагсаалын сургагч түрүүчийн дүрд тоглож байсныг нь харж байсан
тул Ermey-д чи миний дүрд тоглоход арай зөөлдөнө гэж хэлж байж. Ermey Хааны
тэнгисийн явган цэрэгт байсан туршлагаа харуулж, хэрхэн жагсаалын сургагч
доромж яриагаараа шинэ ирсэн цэргүүдийг нугасладагийг импровиацаараа харуулсан.
Kubrick түүний бэлтгэлийн бичлэгийг үзээд Ermey-д дүрээ шууд өгсөн агаад
"тэр энэ хэсэгт зориулагдсан суутан байсан" хэмээж байлаа. Ermey-ын
Вьетнамын дайнд жагсаалын сургагч байсан туршлага нь үнэлж барамгүй чухалд
тооцогдож, Kubrick 250 хуудас бүхий Ermey-ын яриаг кино зохиолдоо оруулсан ба
түүнийхээр Ermey дүрийнхээ харилцан ярианы 50 хувийг буюу доромжилсон хэсгийг
өөрөө бичсэн гэж тооцоолжээ. Ermey бэлтгэлийнхээ өрөөнд Kubrick-ын туслах Leon
Vitali-тай хамтран ажилладаг байсан бөгөөд Ermey мөрөө давтаж байхад Leon түүн
рүү бөмбөг юмуу жүрж шидэж, Ermey тэрнийг нь аль болох хурдан барьж аваад
буцааж шидэх ёстой ба ингэхдээ түгдрэх юмуу гацах ёсгүй; алдаа гаргах л юм бол
мөрөө шинээр эхлүүлэх шаардлагатай байв. Энэ дасгалыг алдалгүй 20 удаа хийх
шаардлагатай ба хожим Ermey "Leon миний жагсаалын сургагч байсан"
гэжээ. Joker-ын дүрд жүжигчин Anthony Michael Hall-г тоглуулахаар 8 сарын турш
хэлэлцээр хийсэн ч амжилтгүй болсон, мөн Val Kilmer тус дүрд яригдаж байсан бол
Bruce Willis өөр кинонд тоглож байсан болохоор Joker-оос татгалзаж байжээ.
Denzel Washington кинонд тоглохыг хүссэн боловч Kubrick түүн рүү кино зохиолоо
илгээгээгүй байдаг ажээ. Киноны хөгжмийг Kubrick-ын охин Vivian Kubrick
"Abigail Mead" гэсэн нууц нэрэн дор бичжээ.
Харин кинонд эгшиглэх
дуунуудын хувьд Kubrick 1962-1968 оны хооронд Billboard-д хит болж байсан
дуунуудыг ашиглажээ. Michael Pursell уг киноны талаарх эссэндээ: киноны бүтэц
хоёр хэсгээс бүрдсэнийг дурдаад кино нь дайн ба порнографыг адилхан систем гэж
авч үздэг болохыг онцолжээ. Ихэнх шүүмжлэгчид киноны шинэ цэрэг сургах
хуарантай эхний хэсгийг цэрэг дайны тархи угаах сэдэв дээр төвлөрсөн гэж үздэг
бол хоёрдугаар хэсгийн агуулга илүү ойлгомжгүй, эмх замбараагүй байдаг гэжээ.
The Washington Post "өргөн хэмжээтэй төгсгөлийг хийхийн тулд дайнтай кино
болгоноос жижиг хэсгүүдийг зээлсэн мэт байна" гэж бичжээ. Roger Ebert
"роман гэхээсээ илүү богино өгүүллэгийн ном шиг санагдсан тул хэлбэр дүрсгүй
кино юм" гэж шүүмжилж байв. Julian Rice "киноны хоёрдугаар хагас бол
хүмүүний муу муухайг ойлгохыг оролдож буй Joker-ын сэтгэлзүйн аяллын үргэлжлэл
юм" гэжээ. Gilbert Adair "Kubrick-ын киноны хандлага үргэлж
багасгасан, тууштай детерминист шинж чанартай байдаг бөгөөд тэрээр үүнийг
хүрээлэн буй орчны онцгой бүтээгдэхүүн гэж үзээд субьектив, дотоод, хувийн
хүсэл тэмүүллийн нөлөөг бага илэрхийлдэг" гэжээ. Кино шүүмжлэгчид
ерөнхийдөө нааштайгаар дүгнэж байсан: хүчтэй, нягт бүтэцтэй, тухайн үеийг бараан
хошигнолоор харуулсан гэж байв.
Мөн жүжигчдийн бүрэлдэхүүнийг магтахдаа
Ermey-ын тоглолтыг онцлон үнэлж байлаа. Richard Corliss уг киног техникийн
нокаут гэж дүгнээд, зэрлэг харилцан яриатай, бухимдалтай мэдрэмжтэй; дайны утга
учиргүй байдлыг эмх замбараагүй тулаануудаар үзүүлэхээр зоригтой сонголт хийсэн
гэж магтаад, эцэст нь, Kubrick-ын кино урлах арга барилыг маш нарийн бөгөөд
Олимпын дэгжин маягтай гэжээ. Vincent Canby жүжигчин Ermey-ын тоглолтыг өндрөөр
үнэлж, үлэмж хэмжээний, маш ховор төсөөллийн кино гэж дүгнэжээ. Харин Jim Hall
хэрэв Ermey тоглоогүй бол энэ кино тийм их үр дүнтэй байж чадахгүй байсан болов
уу гэж дүгнээд кино гэнэт л дуусчихаж байгаа мэт сэтгэгдэл төрүүлж байгаа нь
найруулагчийн хортой сэтгэл ханамжаас татгалзаж байгаа алсын хараа болон
тодорхой байдлыг харуулж байна гэж төгсгөжээ.
Chicago Reader "гүн гүнзгий
сэтгэл хөдөлгөм энэхүү кино бол Dr. Strangelove-оос хойших Kubrick-ын хамгийн
нарийн нягт боловсруулсан бүтээлээс гадна түүний хамгийн аймшигтай кино
юм" гэжээ. Roger Ebert харин кино тавилт, тайз заслаараа хамгийн сайн
харагдах дайны сэдэвт киноны нэг хэдий ч The Deer Hunter, Apocalypse Now,
Platoon зэрэг кино шиг бодитой биш гээд Вьетнамын дайны сэдэвтэй бусад кинотой
харьцуулахад үзэгчдэд өгөх мессеж нь хэтэрхий бага, бас хэтэрхий оройтсон гэж
дүгнэжээ. Time Out London киног сөргөөр шүүмжилж, Kubrick-ын найруулга нь
дүрсэлж байгаа шигээ хүйтэн бөгөөд хатуу дэглэм шиг толгой эргүүлж байна гэж
бичжээ. Channel 4 суваг Full Metal jacket-г манай гаригийн хамгийн шилдэг дайны
сэдэвтэй кино жагсаалтынхаа 5-р байрт жагсаасан бол Empire сэтгүүл бүх цаг
үеийн хамгийн аугаа 500 киноны 457-р байрт эрнмбэлжээ. Харин The Guardian
сэтгүүл хамгийн шилдэг дайны тухай 25 киноны тоонд багтаасан байна. Тэнгисийн
явган цэргүүд хөлбөмбөг тоглож байгаа хэсэг байсныг киноноос хасчээ. Учир нь
цэргүүд бөмбөгөөр биш хүний толгойгоор тоглодог аж. Жүжигчин Ermey кинон дахь хамгийн
шилдэг тоглолтыг жүжигчин Vincent D' Onofrio үзүүлсэн гэж үздэг гэнэ. Зураг
авалтын үеэр туулайн гэр бүлийг санамсаргүйгээр хөнөөсөн бөгөөд Kubrick амьтанд
маш хайртай учир маш их бухимдаж, тэр өдрийн зураг авалтыг цуцалж байжээ.
Comments
Post a Comment