Алтан барималтай хамгийн муу кинонууд

 


Манай гаригийн хамгийн алдартай кино наадам бол Оскарын кино наадам буюу Америкийн кино академаас зохион байгуулдаг тус наадмыг дэлхий даяараа хүсэн хүлээж, наадамд оролцсон кинонуудаар тухайн жилийнхээ тэргүүн бүтээлүүдийг олж мэдэхийн сацуу өөр өөрсдийн дуртай кино найруулагч, жүжигчид, кино бүтээлийг сойдог уламжлалтай билээ. Товчхондоо бол ихэнх хүн тус наадмаар кино урлагийг ойлгож, чиг баримжаагаа авч байдаг билээ. Наадмын хамгийн чухал шагнал Оскарын шилдэг кино шагнал нь тухай шагнал хүртсэн киноныхоо өвийг үүрд бэхжүүлдэг ба The Godfather, Lawrence of Arabia, On the Waterfront зэрэг гайхамшигтай кинонуудыг классик статустай болгосон гэж хэлэхэд нээх хилсдэхгүй гэж бодох. Гэвч, хүн төгс төгөлдөр бишийн яруу тод жишээ бол наадмын шүүгчдийн гаргадаг муу (буруу) кинондоо алтан барималаа өгчихөөд авах ёстойг нь хоосон буцаасан хамгийн "хар" тохиолдлуудыг энд бичье гэж бодлоо. Тэд (шүүгчид) юу хийчихэв ээ? Ямар юмаа бодож байсан юм бол? Гэж халаглам шийдвэрүүдийн цаана хүн л болсон хойно сэтгэл хөдлөл, тухайн үеийн улс төр, нийгмийн нөхцөл байдал болоод хувийн асуудлууд байдаг нь дамжиггүй ба энд би эцсийн дүгнэлтийг гаргахгүй, зүгээр ийм байх боломжтой, эсхүл ёстой байсан гэдгийг л санал болгож байна. Мөн энд, эхлээд шагнал авсан ч авах ёсгүй байсан киног бичээд ард нь авах хамгийн боломжтой, эсхүл ёстой байсан (тухайн төрөлдөө бас нэр дэвшсэн) киног бичлээ.

 

Шагнал хүртсэн кино; Around the world in 80 Days (1956). Jules Verne-ын алдарт шинжлэн ухааны уран зөгнөлт романаас сэдэвлэн хийгдсэн уг кино нь тэр жилдээ үлэмж хэмжээний ашиг олсон. Үйл явдлыг бүгд мэдэх учир бичихээс зайлсхийлээ. Энэ кино бол Оскарын түүхэн дэх хамгийн том "хулгай" нарын нэг мөн юм. Шагнал хүртэх ёстой байсан кино; The Ten commandments (1956). Нэрт найруулагч Cecil B. DeMille-ын сүүлчийн найруулгын ажил өнөөдөр ч нэр хүндтэй хэвээрээ байна. Уг киноны жүжигчдийн бүрэлдэхүүн бүх оддоос бүрдэж, Moses-ын дүрийг бүтээсэн Charlton Heston-ын тоглолт гайхагдсан хэвээр (түүний шилдэг эрэгтэй гол дүрийн шагналд ч өрсөлдүүлээгүй) ба уг кино холливуудын тэргүүн шагналыг хүртэх ёстой байсан гэж ихэнх хүн үздэг.


Шагнал хүртсэн кино: Ordinary People (1980). 1970 оны сүүл 1980 оны эхээр мелодрам жанрын кино хамгийн их үзэгчтэй жанр байв. Тус кино нь зөв цагтаа,  зөв газраа гарч ирсэн гэж үздэг. Кино Оскарын наадмын шилдэг болоод зогсохгүй найруулагч Robert Redford-г шилдэг найруулагч болгож, мөн Timothy Hutton-д шилдэг гол дүрийн алтан баримал авчруулсан. Эдгээр хүмүүсийн хүчин чармайлт, тоглолт сайн байсан ч шагнал авахуйц илүү сайн өөр кино байсан юм. Шагнал хүртэх ёстой байсан кино: Raging Bull (1980). Martin Scorsese-ын энэхүү шедевр бүтээлд Robert De Niro замналынхаа нэгэн оргил дүрийг бүтээсэн билээ. Paul Schrader-ын зохиол, Thelma Schoonmaker-ын эвлүүлэг болоод хосгүй хар-цагаан зураглаачийн ажлын үр дүнд бий болсон уг кино шилдэг болоогүй нь одоо ч маргааны сэдэв болсоор байдаг.


Шагнал хүртсэн кино: Titanic (1997). James Cameron-ын сүйрч буй хөлөг онгоц дээрх хайрын түүх бокс оффист шуугиан тарьж, Leonardo DiCaprio, Kate Winslet хоёрыг од болгосон боловч үнэхээр тэр жилийнхээ шилдэг кино нь байсан уу?. Наадмын шүүгчид заримдаа үзэгчдийн дуртай киног дэмжих үе байдаг бөгөөд чухам үзэгчдийн буюу массын нөлөөгөөр энэ кино шилдэг болсон гэж үзэх тал бий. Шагнал хүртэх ёстой байсан кино: L.A. Confidential (1997). James Ellroy-ын романыг найруулагч Curtis Hanson амжилттай кино болгон хөрвүүлсэн бөгөөд кинонд Los Angeles хотын авилгалд идэгдсэн цагдаа нарын тухай өгүүлнэ. Kevin Spacey, Russell Crowe болон Guy Pearce нар оногдсон дүрүүдээ төгс гаргасан ба уг кино Titanic-аас хавь илүү түгшүүртэй бас адал явдалтай бүтээл юм. 


Шагнал хүртсэн кино: Chicago (2002). 2000-аад оны эхэн үеэр мюзикл жанр дахиад хит болсон үед тус кино Оскарын 6 шагнал хүртсэний дотор шилдэг кино шагнал байсан. Гэвч та мюзикл жанрын улаан фен л биш бол өдгөө энэ киног санах хүн ховор болжээ. Шагнал хүртэх ёстой байсан кино: The Pianist (2002). Дэлхийн хоёрдугаар дайны үеэр Польш-д амьд гарах гэж тэмцэж буй еврей хөгжимчиний түүхийг алдарт Roman Polanski хосгүй тод үзүүлсэн. Кино хэдийгээр шилдэг кино болоогүй ч найруулагчдаа шилдэг кино найруулагч шагнал, Adrien Brody-д шилдэг эрэгтэй гол дүрийн шагналыг тус тус авчирсан.


Шагнал хүртсэн кино: Argo (2012). Тегеран дахь Америкчуудыг аварч буй үйл явдлыг харуулсан уг киног Ben Affleck найруулж бас өөрөө гол дүрд нь тоглосон. Дундаж продакшны ажилтай, дундаж драмыг ойлгоход наадмын шүүгчдэд хялбар байсан гэлтэй. Шагнал хүртэх ёстой байсан кино: Amour (2012). Хөгшин настай хосын хайрын түүхийг өгүүлэх уг кино тэр жилийнхээ Канны кино наадмын дээд шагнал хүртэж оны үнэмлэхүй сор бүтээл болохоо харуулчихаад байхад Оскарын наадмын шүүгчид тоож үзсэнгүй.  Киног алдарт Michael Haneke найруулсан ба амьдрал, үхлийн дундах бүхний тухай кино юм.


Шагнал хүртсэн кино: The King's Speech (2010). Colin Firth Оскарын шилдэг эрэгтэй гол дүрийн шагнал авахуйц тоглосон байж болно, бас Geoffrey Rush тун сайн байсан байж болно, уг кинонд, гэвч 6-р Жорж Хааны олон нийтийн өмнөх галзуу яриа шилдэг болох хэмжээнийх байсан гэдэгт эргэлзэж байна. Шагнал хүртэх ёстой байсан кино: Black Swan (2010). Darren Aronofsky-ын энэхүү сэтгэлзүйн хоррорыг өнөөдөр орчин үеийн шедевр гэж үнэлж, Natalie Portman-ын замналыг чухам уг киногоор илүүтэй төсөөлөх болжээ. Найруулагч киноныхоо санааг Ф. М. Достоевскийн "The Double" зохиолоос авсан бол Natalie Portman Оскарын шилдэг эмэгтэй гол дүрийн эзэн болсон.


Шагнал хүртсэн кино: Green Book (2018). Арьс өнгөний ялгаварлал, нийгмийн давхаргын ялгаатай байдлыг алдартай хар арьстай хөгжимчин, түүний цагаан арьстай жолоочоор харуулсан тус кино нь сайн бүтээл хэдий ч тэртээх Driving Miss Daisy кинонд оргил шагналаа өгсөнтэй ижил алдаа байсан гэж үзэж байна. Шагнал хүртэх ёстой байсан кино: The Favourite (2018). Бараан комедийн мастер Yorgos Lanthimos энэхүү түүхэн бараан комедигоороо яагаад тэргүүлж болохгүй гэж? Зохиол, зураглал, мөн Rachel Weisz, Emma Stone, Olivia Colman (тэрээр Оскарын шилдэг эмэгтэй гол дүрийн шагнал хүртсэн) нарын тоглолтыг магтахгүй байж болохгүй. Энэ бол эмэгтэй хүн удирдагч байдгийг хошиноор, жихүүцэлтэйгээр бас эротикоор харуулсан кино.


Шагнал хүртсэн кино: Dances with Wolves (1990). Kevin Costner уг киноныхоо гол дүрд өөрөө тоглож бас найруулсан агаад иргэний дайны үед уугуул Америкчуудтай нөхөрлөж буй хилийн цэргийн тухай өгүүлэх уг киног харин индианчууд өөрсдийнх нь соёлыг алдаатай харуулсан гэж зэмлэж байж. Шагнал хүртэх ёстой байсан кино: Goodfellas (1990). Martin Scorsese энэхүү мафийн тухай өгүүлэх киногоороо АКА-ынханд дахин удаа "нулимуулсан". Энэ кино бол түүний хамгийн алдартай бүтээлийн нэг ба яаж зүгээр байхав гээд түүнд шилдэг найруулагчийн шагнал өгсөн буй.


Шагнал хүртсэн кино: Crash (2005). Оддын чуулга болсон энэ кинонд Los Angeles хотод амьдрах хэд хэдэн хүмүүсийн түүхийг зангидаж, сүлжилдүүлж өгүүлдэг. Шүүмжлэгчдийн зарим нь 2000-аад оны эхэн үеийн хамгийн муу киноны тоонд оруулсан байхад Roger Ebert харин магтсан байдаг. Шагнал хүртэх ёстой байсан кино:. Brokeback Mountain (2005). Ковбой эрчүүдийн нууц янаг хайрын тухай өгүүлэх киног шилдэгээр шалгаруулах нь шүүгчдэд эвгүй байсан гэсэн цуурхал бий. Найруулагч Ang Lee ямартай ч шилдэг найруулагч болсон байдаг энэ киногоороо.


Шагнал хүртсэн кино: How Green Was My Valley (1941). Нүүрсний уурхай дээр ажилладаг нэгэн гэр бүлийн түүхийг алдарт John Ford өгүүлснээрээ Оскар авсан. Классик кино, алдартай эрхэм, яачихаад байгаа юм гэж үү, тэгвэл түр хүлээгээрэй. Шагнал хүртэх ёстой байсан кино: Citizen Kane (1941). Аугаа Orson Welles энэхүү шедеврээ бүтээхдээ 30 нас ч хүрээгүй байлаа. Кино яагаад шилдэг болоогүй нь кинонд өгүүлэх түүхтэй холбоотой гэж цуурдаг, үнэн ч байх. Энэ бол бүх цаг үеийн хамгийн шилдэг киноны нэг билээ.


Шагнал хүртсэн кино: Shakespeare in Love (1998). Залуухан Шекспир "Ромео & Жульетта"-гаа хэрхэн бичсэн түүхийг уран сайхнаар өгүүлэх энэ киног эдүгээ санаж дурсдаг амьтан хүн байхгүй, энэ кино шагнал авсан нь үнэхээр абсурд хэрэг юм. Шагнал хүртэх ёстой байсан кино: Saving Private Ryan (1998). Дайны талаарх хамгийн шилдэг киноны нэг болох уг киног хэн ч гэсэн Shakespeare in Love-оос илүү олон үзэж, аль ч талаараа илүү гэдэгтэй санал нийлнэ. Steven Spielberg дэлхийн хоёрдугаар дайны аймшгийг сэтгэлд хоногшим харуулсанаараа алтан баримал хүртэхэд буруудах зүйлгүй байлаа.

 

 

 

 

 

 







































































Comments