The Passenger (1975). David Locke бол телевизийн сэтгүүлч бөгөөд Африкийн колончлолын дараах үеийн тухай баримтад кино хийхээр Чад улсад ирээд Чад улсын иргэний дайнд оролцогч босогчтой ярилцлага хийхээр Сахарын цөлд үйл лайгаа үзэж буйг бид үзнэ. Босогчийг олж ярилцлага авахын тулд элсэн цөлд гацаж, элсэн цөлөөр баахан алхаж явсаар зочид буудалдаа ирэхэд буудалд хамт буусан, хажуу хөрш, овоо нөхөрлөх болсон Англи эр Robertson өрөөндөө үхсэн байдалтайгаар олдоно. Robertson өөрийгөө түүнд бизнесмэн гэж танилцуулж байсан агаад үзвээс зүрхний шигдээсээр үхсэн нь илэрхий. Locke тэр даруй өөрийгөө гаднах төрхөөрөө Robertson-той маш адилхан, танихгүй бол бараг ялгахааргүй болохыг олж мэдүүтээ өөрийнхөө бичиг баримтыг Robertson-ынхтой сольж, зарим нэг хэрэгтэй зургийг солино. Зочид буудлынхан Robertson-г үхсэнийг огт мэдээгүй тул Locke буудлын менежерт ноён Locke үхэж гэж хэлээд өөрөө ноён Robertson болж хувирч аваад явж одно. Энэ зуур, Лондонд, Locke-ын эхнэр Rachel өөр эртэй янаглан жаргаж байв. Rachel нөхөр нь үхсэн гэсэн мэдээг дуулаад гэмшин харуусаад, сэтгэлээр унах агаад нөхрийнхөө ажлын найз Martin дээр явж очоод нөхрийнх нь сүүлийн өдрүүдэд хамт байсан тэр Robertson гэгчийн талаар олж мэдээд өгөхийг гуйна. Энэ зуурт, одоо Robertson болчихсон Locke (хойшид Locke нэрээр нь бичнэ) үхсэн жинхэнэ Robertson-ын эд юмсыг ухаж байгаад маш олон уулзалтын тов тэмдэглэсэн тэмдэглэлийн дэвтэр олж, дэвтэрт заасан товийг дагаад Мюнхэн ниснэ. Дашрамд, жинхэнэ Robertson-ын тэмдэглэлийн дэвтэртэй хамт буу зэвсэг зурсан зургууд байлаа. Locke дэвтэрт заасны дагуу нэгэн хурим болж буй сүмд ирэх бөгөөд тэнд үл таних хоёр залуутай уулзана. Залуус түүнийг мэдээж Robertson гэж үзээд яагаад нисэх онгоцны буудлаас холбоо барьсангүй вэ хэмээдэг. Тэд түүнээс "бичиг баримт" хүссэн нь өнөөх буу зэвсэгтэй зургууд байх бөгөөд зургаа авчихаад тэд Locke-д их хэмжээний мөнгө өгөөд үлдсэн хагасыг нь Barcelona хотод очоод аваарай. Robertson гэгч нь үнэндээ зэвсгийн наймаачин байсан, Чад улсын босогчдод зэвсэг нийлүүлэгч байсныг эцэст нь Locke ойлгоно. Locke Barcelona нисэж очоод гай газар дороос, гахай модон дотроос гэгчээр Barcelona-д Martin өөрийг нь буюу Robertson-г хайж явааг олж мэднэ. Ингээд зугтааж яваад уран барилгын ангийн оюутан охинтой танилцаж, улмаар өөрийнхөө өмнөөс зочид буудалд нь очоод эд зүйлсийг нь авчирч өгөхийг гуйхад адал явдалд дуртай охин зөвшөөрнө. Охин Martin-г тэнэгтүүлчихээд явж байхдаа Locke-д туслах ёстой, энэ сайн хүн, аюултай зүйлтэй учирч гэж боддог бөгөөд тэд хамтдаа хотыг орхидог. Тэд бие биедээ татагдаж, янаг амрагийн харилцаатай болсон эсэхийг асуух хэрэггүй юм. Locke түүнд хачин авир гаргаж, үхсэн хүнтэй солигдсоноо учирлан ярихад охин юу ч болсон түүнтэй хамт гэдэг. Locke мөнгө аваад байгаа хэрнээ зэвсэг нийлүүлж чадахгүй байдаг боловч, нөгөө дэвтэрт заасан уулзалтын товуудыг дагахаар шийддэг. Энэ зуурт, Rachel нөхрөөсөө үлдсэн эд зүйлсийг хүлээж авдаг агаад нөхөр нь Robertson болсныг, Robertson гэж хүн одоо байхгүй, ерөөсөө нөхрөө л хайгаад л байгаагаа мэдээд аймшигтай цочирдоно. Ингээд бүх учрыг мэдсэн Rachel нөхрөө олохоор өөрийн биеэр Испани явна. Харин оюутан охин Locke-д үнэнч хэвээр байж, зугтахад нь тусалж, зөв зүйтэй зөвлөгөө өгч байсан ч Locke түүнийг явуулдаг бөгөөд удахгүй Морокко улсад уулзалдахаар төлөвлөцгөөнө.
Италийн аугаа кино найруулагч Michelangelo Antonioni-ын энэхүү драм, нео-нуар,
арт бүтээл тэр жилийнхээ Канны кино наадмын дээд шагналд өрсөлдөж байсан ба
кино зохиолыг Antonioni өөрөө Peter Wollen, Mark Peploe нарын хамтаар бичжээ.
Уг киног өдгөө тухайн үеийнхээ хамгийн гүн гүнзгий, нягт нямбай болон хамгийн
их талархал хүлээсэн киноны нэг гэж үзэх болжээ. Энэ кино бол хүн өөрийгөө
таних тухай буюу хэн ч гэсэн ямар ч нэртэй байлаа гэсэн, юу ч хийдэг байлаа
гэсэн хамгийн чухал нь яг одоо байгаа БИ-гээ даван туулаад өөрийгөө тодорхойлох
тухай юм. Энэ бол экзистенциалист бүтээл ба мөн уг киног хэргийг судлах
аргачлал гэж үздэг нь гайхалтай. Кинонд зураглачаар ажилласан Luciano Tovoli-ын
ажлыг шүүмжлэгчид шагшин магтдаг бөгөөд та хурданд дуртай бол энэ киноноос хол
байхыг зөвлөх байна. Кино шүүмжлэгч
Roger Ebert анх уг кинонд сөрөг шүүмж өгч байсан бол хожим хойно магтсан шүүмж
бичсэн байдаг бөгөөд хүний өөрөөсөө зугтаж, бусдаас хөндийрөхийг хүссэн
мэдрэмжийг үзүүлсэн бүтээл гэж бичиж байжээ. Уг бүтээлд хоосрол энд тэндгүй
байдаг; газар оронд, хотуудад, сүмд, бас зочид буудлын өрөөг дурдаж болох ч
хамгийн ихээр киноны зохиолд хоосрол маш их байдаг гэж шүүмжлэгчид үздэг.
Харилцан ярианууд хоосон хуурамч, үйл явдал нь абсурд, бас эмх замбараагүй,
гэнэтийн байдаг бөлгөө. TSPDT сайт уг киног бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган
киноны 147-р байрт жагсааж байгаа бол Sight & Sound сэтгүүл хамгийн шилдэг
кино жагсаалтынхаа 110-р байрт уг киног 2012 онд эрэмбэлсэн бөгөөд харин Empire
сэтгүүл бүх цаг үеийн хамгийн аугаа 500 кинондоо багтаажээ. Киноны гол дүрүүдэд
Jack Nicholson, Maria Schneider нар тоглосон. Хожим Jack Nicholson Michelangelo
Antonioni-ын талаар хэлэхдээ; тэр жүжигчдээ хөдөлдөг орон зай гэж үздэг болохыг
нь ажиглаж мэдсэн гэж байв. Найруулагч болон Maria Schneider хоёрын хооронд
нүцгэн сцэн дээр маргаан болсон байдаг; Maria Schneider 1972 онд "Last
Tango in Paris" кинонд бүтээсэн дүрийнхээ шуугиан, хэл амнаас яая гэж
байхад дахин шуугиан дэгдээмээргүй байна гэснээр кинонд Maria Schneider-ын
нүцгэн биеийг холоос, хальтхан харуулаад өнгөрдөг. Киноны үйл явдал ганц л өдөрт
болох ёстой болохоор кинонд шөнийн сцэн гэж байдаггүй.
Comments
Post a Comment