Humanity and Paper Balloons (1937). Өгүүлэх нь, 18-р зууны Японы Edo-ын эрин буюу феодалын нийгэмд амьдарч байсан эзэнгүй самурай Unno болон түүний хөрш үсчин Shinza хоёрын амьдралын төлөөх тэмцэл хийгээд арга залийг уг бүтээлд өгүүлнэ. Ядуусын хороололд үсчин Shinza хөршүүдийнхээ нэгэн адилаар ядуувтар бөгөөд юм юм л хийж аж төрнө. Shinza үс засч амьдралаа залгуулахаасаа илүү гэрээ хууль бус мөрийтэй тоглоомын газар болгон ажиллуулж, мөн өөрийн эд зүйлсээ ломбарданд тавьж амь зууна. Харин түүний хөрш Unno бол алдартай самурайгийн хүү бөгөөд аавынхаа үхлээс хойш ажил олдохгүй ядрах болсон. Аав нь үхэхээсээ өмнө хүүдээ нэгэн захидал бичиж үлдээсэн, уг захидал хүүгийн ажилтай болгох агаад аав нь өөрийнхөө хуучин эзэн байсан Mouri-д хандан хүүг минь ажилд авахыг гуйсан хүсэлт сайхь захианд бичигджээ. Unno амьдралыг нь шийдэх ёстой захиаг Mouri-ын гарт атгуулах гэж олонтаа оролдсон ч харамсалтай нь тухайн бүрт нь эрхэм Mouri завгүй байх юмуу гэртээ эзгүй байж таарна. Ийм явдал нэг биш нэлээд тохиолдоод ирэнгүүт Unno-д Mouri гуай угаасаа хүсэхгүй байна, тиймээс шалтгаан тоочоод байна гэж хардана. Хардалт үнэн байх буюу Mouri Unno-г ажилд авах дургүй гэдгээ, ер нь ч дахиж хармааргүй байна гэдгээ шуудхан хэлж залууг сүрхий гомдооно.
Unno-ын эхнэр өдөр бүр захидлаа аваад гарах нөхрөө баяртай
мэдээтэй эргэж ирнэ гэж хүлээх ч горьдлого улам бүр багасаж байгааг эмэгтэй
хүний мэдрэмжээрээ мэдэрнэ. Бүсгүй цаасан бөмбөлөг хийж гэр бүлийнхээ
амьжаргаанд тус болох бөгөөд нөхөр нь Mouri-той юу болоод байгаа үнэнийг үл
хэлж, харин үргэлж хоосон найдлага төрүүлж, орой болгон согтуу ирж байв. Unno
сайн муу ч бардам самурай учир зээл, тусламж, бэлэг сэлтээс зайлсхийж байв.
Shinza-ын адал явдал Unno-ынхтой зэрэгцээ явна. Shinza өрнөөсөө болж, бас
нууцаар мөрийтэй тоглоом явуулдаг гэдгээрээ хотын "захирагч" Shiroko-ын
залууст үргэлж зодуулж, дарамтлуулна. Гэхдээ Shinza тэнэг зоригтой эр байв,
тэрээр эзэн Shiroko-ын өөдөөс дандаа сөрж өөртөө олон дайсан хураана.
Шантрашгүй Shinza нууцаар мөрийтэй тоглоом явуулж байгаад бүх мөнгөө алдаад
тэнэг зориг гарган Shiroko-ын ломбарданд очоод үсчнийхээ хэрэгслийг
наймаалцахыг хүснэ. Түүний гэнэт айлчлал санамсаргүй нээлт авчрах буюу
Shiroko-ын удахгүй хадамд гарах охин Okoma Shiroko-ын нарийн бичиг
Chushichi-тэй эд романтиклаж байх халуун мөч дээр явж орчихлоо.
Okoma-г
хайргүй, бараг танихгүй самурайтай суулгахаар охины аав Shiroko болон Mouri нар
аль хэдийн зохицуулаад байсныг Shinza мэдэж байсан учир энэ хэрэг түүнд
чөтгөрийн өшөө авалт хийх санаа өгнө. Энэ зуур Unno-ын эхнэр эгч дээрээ
оччихоод ирэхээр болж, явахдаа нөхрөө бага архи уугаарай, саяхан өвдсөн биеэ
хайрлаарай гэж захихад Unno дахиж архи уухгүй гэж амладаг. Shinza хадамд гарах
охиныг хулгайлчихна. Охиноо гэртээ ирэхгүй байгаа нь ямар нэгэн шалтгаанаар
зальт Shinza-тай холбоотой гэдгийг хар ухаанаараа ойлгосон Shiroko хуримын өмнө
охин нь нэр төрөө алдаж бузартах бий гэж айгаад хүмүүсээ Shinza-ын гэр рүү
явуулна. Shinza хөрш Unno-доо охиныг гэртээ нууж байхыг хүсдэг бөгөөд
Shiroko-ын хүмүүс ирээд түүнд охиныг нэр төртэйгөөр эргүүлж өгвөл мөнгө өгнө
гэхэд Shinza саналыг нь нулимаад бахаа ханатал доромжлоод тэднийг буцаана. Гэвч
Shinza-ын байрны эзэн энэ явдлаар мөнгө олж болно гэдгийг ухааараад Shiroko-той
их хэмжээний мөнгөөр наймаалцах буюу охин суллагдсаны хариуд Shinza биш байрны
эзэн мөнгө авахаар болно. Яагаад ингэх болов гэвэл Shinza энэ бүхнийг мөнгөний
төлөө хийгээгүй, олон удаа зодуулж бас доромжлуулж байсныхаа хариуг авах л гэж
ингэсэн бөгөөд аль ч замын сонгосон эцэстээ тэрээр үхэх нь ойлгомжтой байлаа.
Ингээд охин гэртээ бүрэн бүтэн харихад Chushichi түүнийг аваад зугтахаар
бэлтгэж байв. Харин байрны эзэн олсон их хэмжээний мөнгөнөөсөө Shinza-д
харамгүй хувийг өгөх ба Shinza мөнгөөрөө ядуусын хорооллын бүх эрчүүдийг дааж
архидуулахаар болоход тэдэн дунд Unno байлаа.
Unno-ын эхнэр эгчийнхээсээ ирж
явахдаа нөхрөө архи уухаар баар руу орж байхыг олж харахаас гадна гэртээ ирээд
айл хөршүүд нь нөхөр нь хэрхэн ноёны охиныг хулгайлсан бусармаг явдалд оролцсон
явдлыг ярихыг сонсох ба нөхрөө самурайн нэр төрөө алдаж, дахиж хэнд ч
хүндлэгдэхгүй болсныг нь гутамшигтайгаар мэдэж авна. Мөн нөхөр нь ам тангарагаасаа
урвсан, худалч архичин болж буйд бүсгүй эмзэглэн гомдоно. Энэ үед Shinza, Unno
хоёр хөгжөөнтэйгөөр архидаж байлаа. Shinza Mouri болон түүний нөхдийг хэрхэн
чадаж доромжилсныг олж сонссон Unno бахаа ханатал баярлаж, балга балгаар нь ууж
байсан бол Shinza энэ миний эцсийн хундага архи, эцсийн зугаа цэнгэл гэж бодож
ууж байлаа. Үнэхээр ч төд удалгүй бааранд Shiroko-ын хүмүүс орж ирээд Shinza-г
аваад явах бөгөөд энэ бол гарцаагүй Shinza-ын төгсгөл юм. Unno гэртээ шал
согтуу ирлээ. Эхнэрээ хараад тэрээр улиг болсон худал үгсээ ахин дахин хэлж
гарах бөгөөд бараг л ажилд орсон, Mouri-д захидлаа өгсөн гэж ярих ч үнэндээ
эхнэр нь тэр захидлыг нь атгаж байлаа. Ингээд нөхөр нь нам унтсан хойно бүсгүй
самурайн нэр төрийн төлөө нөхрөө хороогоод дараа нь өөрийнхөө амийг бас
тасална. Маргааш нь цагдаа сэргийлэх болох хэдий ч ядуусын хороололд аллага
юмуу амиа хорлолт энгийн явдал байдаг учир бүгд тэгсгээд мартацгаана. Харин
Unno-ын эхнэрийн хийдэг байсан цаасан бөмбөлөг ус зайлуулах хоолойгоор хөвж
байлаа.
Shintar Mimura-ын жүжгээс сэдэвлэсэн уг киног суут Ozu-ын найз,
1930-аад оны Японы кино урлагийн аварга загасын нэг байсан Sadao Yamanaka
найруулсан ба энэ гайхамшигтай бүтээлийг Theyshootpictures сайт уг киног бүх цаг үеийн
хамгийн шилдэг мянган киноны 997-р байрт жагсаагаад байна. Yamanaka 19-р зууны
кабуки жүжгээс киноныхоо санааг авсан боловч Yamanaka үүнийг кино хэл рүү
хүчтэй бөгөөд гайхамшигтай бодож хувиргажээ.
Феодалын нийгмийн ядуурал, гэмт
хэргийн талаарх энэхүү гүн гүнзгий пессимистик дүрслэлээс бид ядуу хүн зөвхөн
оршуулгын ёслолоор л амь орж, хэрэгтэй болдогийг олж мэднэ. Киноны жүжигчдийн
тоглолт натуралистик, мөн "модерн" байдаг бол зураглалын найруулга нь
урдах болон ардах үйл явдлыг уялдуулсан гүнзгий байдаг. Akira Kurosawa болон
Tadao, Donald Richie зэрэг кино судлаачид уг киног магтахаас өмнө кино Японоос
өөр улсад юу ч биш байсан агаад түүнээс хойш уг киног Японы түүхэн кино буюу
"Jidaigeki" жанрт хамгийн чухал нөлөө үзүүлсэн киноны нэгээр
нэрлэдэг. Тухайн үеийн улс төр хийгээд нийгмийг шүүмжлэдээ зориуд Феодалын
нийгмийг иш татсан байдал нь одоо ч киног болон киноны санааг амьд байлгаж,
шилдэг болгож байна. Уг кино таныг зугаацуулахаас гадна үйл явдлын нягт,
уялдаатай чанар нь таны сонирхлыг эрхгүй татна.
Comments
Post a Comment