Atom Heart Mother

 


Atom Heart Mother. Английн алдарт Pink Floyd хамтлагийн студийн 5 дахь цомог бөгөөд 1970 онд Англи болон Америкт анх худалдаанд гарчээ. Цомгийг Abbey road studios-д бичсэн ба энэ бол хамтлагийн анхны Их Британий цомгийн чаартыг тэргүүлсэн бүтээл бол Америкт харин 55-р байрт бичигдсэн ч тэр дороо алтан цомгийн болзол хангасан байна. Уг цомогт хэдийнээ Roger Waters-д нөлөөлж бас хамтран ажиллаад байсан хөгжмийн зохиолч Ron Geesin-ын хувь нэмэр үлэмж байжээ. Цомгийн коверийг алдарт Hipgnosis хийсэн агаад энэ цомог бол хамтлагийн анхны ковер дээрээ хамтлагийнхаа нэр болоод өөрсдийнхөө зураг гэх мэт мэдээллийг өгөөгүй бүтээл бөгөөд тэд цаашдын цомгийнхоо коверийг энэ аргаараа хийх болсон. Цомог худалдаанд гарсан дороо ашиг орлоготой байсан ч он жил өнгөрөх тусам David Gilmour, Waters нар энэхүү бүтээлээ сөргөөр дүгнэх болсон. Pink Floyd Ромд Zabriskie Point киноны саундтракийг хийснийхээ дараа уг цомгийнхоо ажилд орсон ба тэд 1970 оны эхээр Лондон руу буцаж бэлтгэлээ хийжээ. Бэлтгэлийн үеэр шинэ материал бий болгохын тулд Ромд ашигласан хэсгээсээ авчээ. Цомгийн нэр буюу Atom Heart Mother дууг олон хөгжмийн зэмсэг ашиглаж бүтээсэн агаад Gilmour "барууныг төсөөлөх сэдэвтэй" гэж нэрлэж байж. Ингээд 3 сард Atom Heart Mother-ын бичлэг дууссан ч хамтлагынханд нэг л юм дутуу, төвлөөргүй мэт санагдсан учраас Sam Cutler-ээр дамжуулан Ron Geesin-тэй холбогджээ. Ron гайхамшигтай найруулга, засвар хийдэг хүн байсан тул хамтлаг Америкаар аялан тоглолт хийх үеэрээ бичлэгээ түүнд даатган орхисон ба Ron мөн бичлэгт оркестрын найруулга хийх ёстой байв. Ron "хийх ажил маш их байсан, хэн ч юу хүсч байгаагаа мэдэхгүй байсан, тэд хөгжим уншиж чаддаггүй байв". Дууны аялгуулга зарим хэсгийг Gilmour хийсэн бол Richard Wright даралтад хөгжимтэй найрал дууны хэсгийг хийжээ.
 Бэлтгэлийн үеэр сонгодог хөгжимчид Ron-г классик хөгжмөөс илүү авангард хөгжмийг илүүд үзэж буйг хараад гайхацгаагүй гэдэг. Atom Heart Mother дуу цомгийн нэг талыг дангаараа эзэлдэг буюу тусдаа нэртэй 6 хэсэгт хуваагддаг. 1960-аад оны поп хөгжимд оркестрыг арын дэвсгэр болгоод рок хамтлагийн хөгжим нь наана нь явдаг байсан бол Pink Floyd сайхь аргыг эсрэгээр нь хийжээ. Уг цомог хамтлагийн өмнөх цомог болох Ummagumma шиг концепт бүтээл бөгөөд эхний хагаст хамтлагаараа ажилласан дуунууд багтсан бол хоёрдахь хагаст гишүүдийн тус бүрийн бүтээлд төвлөрдөг. If дууг Waters зохиосон ба хамтлаг энэ дууг амьдаар бараг тоглодоггүй; харин Wright-ын Summer "68" бол энэ цомгийн цорын ганц амьдаар тоглож байгаагүй дуу юм. Mason-ын хэлснээр, тухайн үед дуу зохиох туршлага багатай байсан Gilmour-г цомогт орох хэмжээний дуу зохиох хүртэл Abbey road студид үлдээх шийдвэр гаргаж байж. Fat Old Sun дууг тэр зохиосон ба одоо хүртэл өөрийнхөө хамгийн дуртай дуугаар нэрлэсэн агаад 1970-аад онд хамтлагийн амьд тоглолтын байнгын нэг хэсэг байв. Цомгийн төгсгөлийн Alan's Psychedelic Breakfast дуу гурван салангид хэсгээс бүрдэж, тус бүр нь өөрийн гэсэн нэртэй бөгөөд тухайн үед хамтлагийн аялан тоглолтын менежерээр ажиллаж байсан Alan Styles-ын өглөөний цай бэлтгэх, идэх, ярилцах зэрэг дууны эффектүүдийг багтаажээ. Энэ санаа Waters-ынх байсан ба Mason-ын гал тогоондоо бичсэн дууны эффектүүдийг мөн ашиглажээ. Pink Floyd-ын анхны ахлагч Syd Barrett мөн энэ үеэр өөрийнхөө бие даасан цомгийг бичүүлж байсан ба түүнд Gilmour, Wright хоёр тусалж байсан. Syd Barrett үе үе хуучин хамтлагийнхаа бэлтгэл дээр зочлон ирж юу хийж байгааг нь хардаг байв. Цомгийн анхны ковер дээр цомгийн талаар ямар ч мэдээлэл, сэжүүр бичигдээгүй зүгээр бэлчээртээ байгаа үнээний зураг байсан агаад арай хожуу үеийн хэвлэлд хамтлагийн талаарх мэдээллийг оруулах болжээ.
 Энэхүү концепт нь Pink Floyd-ын psychedelic сансрын рок төсөөлөлтэй холбогдсон хамтлагийнхны сэтгэл хөдлөлийн хариу үйлдэл байсан ба хамтлаг үүгээрээ тодорхой дүр төрх юмуу тоглолтын хэв маягт баригдалгүй хөгжмийн бүх төрлийг судална гэдгээ илэрхийлж байв. Хамтлагийнхан шинэ цомгийнхоо коверийг "энгийн" байлгахыг хүссэн, харин Hipgnosis-ын Storm Thorgerson коверийнхоо санааг Andy Warhol-ын "Cow wallpaper" бүтээлээс санаа авчээ. Тэрээр хөдөө газарт гараад анхны харагдсан үнээнийхээ Зургийг дарсан бөгөөд үнээний нэрийг "3-р Lulubelle" гэж байжээ. Хөгжим судлаачид уг цомогт эерэг, сөрөг холимог үнэлгээ өгдөг бол Gilmour хожим цомгоо бөөн дэмий хог, бид уналтынхаа үед байсан гэж ярьсан байдаг. Atom Heart Mother-ын дуугаралт ба бидний хооронд төстэй юм огт үгүй санагдаж байна, гэхдээ бид үүний дараа амжилттай ажиллаж эхэлсэн гэж тэрээр цааш нь хэлж байжээ. Харин Waters надад сая паунд өгье, гараад Atom Heart Mother-г тогло гэвэл чи ямар новшоо яриад байна даа гэж би хариулах болно гэжээ. Rolling stone "Pink Floyd энэ цомгоороо шинэ хэмжээс хайж байсан хэдий ч тэд хайсан зүйлээ олоогүй" гэж бичжээ. Сонирхуулахад, алдарт кино найруулагч Stanley Kubrick цомгийг A Clockwork Orange бүтээлдээ ашиглахыг хүссэн ч Pink Floyd татгалзсан байдаг, татгалзсан шалтгаанаа тэд, найруулагч Stanley Kubrick чухам юу хүсээд, аль хэсгийг нь кинондоо ашиглахаа мэдэхгүй байсантай холбодог ажээ. Гэсэн хэдий ч тус киноны нэг сцэн дээр Atom Heart Mother цомог үзэгддэг билээ.

Comments