Рэй Брэдбёри "Фаренхайтын 451 хэм"

 



 

"Фаренхайтын 451 хэм". Америкийн зохиолч Рэй Брэдбёригийн бичсэн дистопиан роман бөгөөд зохиолчийн оргил ажлын нэг гэж үздэг. Романд номыг хууль бус гэж үзэж, эрж олоод шатаадаг "гал сөнөөгчидтэй" ирээдүйн Америкийн нийгмийг толилуулна. Романы гол баатар Гай Монтэг нь уран зохиолыг цензурдах, мэдлэгийг устгах ажил үүргээ гүйцэтгэж яваад сэтгэлээр унах ба эцэстээ ажлаа хаяад уран зохиол болоод соёлын бичвэрүүдийг хадгалж үлдээх үүрэг хүлээх болдог ном шатаагч буюу гал сөнөөгч юм. Энэхүү романд өөрчлөлт хийх гэсэн ялгаатай идеаг дарахад номыг шатаах нь чухал гэсэн түүхэн үүргийг онцлон тайлбарлажээ. 1956 онд радиод өгсөн ярилцлагдаа Брэдбёри; тухайн цаг үед (Маккартигийн эрин) Америкт ном шатаах аюул занал нүүрлээд байсан болохоор уг романаа бичсэн гэж тайлбарлаж байсан ч хожим олон жилийн дараа хэвлэл мэдээллийн хэрэгсэл уран зохиол унших хүсэл сонирхолыг хэрхэн үгүй хийж байгаа тухай гэж номоо тайлбарласан байдаг ажээ.

ҮНДСЭН САНАА. "Фаренхайтын 451 хэм" романд, ирээдүйд номыг яагаад хориглох болсон талаар тодорхой тайлбар өгдөггүй ба оронд энэхүү үр дүнг бий болгохын тулд олон янзын хүчин зүйлийг хольж болохыг харуулдаг. Эдгээр хүчин зүйлсийг хоёр бүлэгт хуваана; ном унших сонирхолгүй болгох хүчин зүйл, номонд идэвхтэйгээр дайсагнаж үзэх хүчин зүйлүүд болно. Романд сайхь хоёр хувьслыг тодорхой ялгаж салгадаггүй ба эдгээр нь зүгээр л нэг нэгнээ дэмжиж байгаа мэт байна. Эхний бүлэг хүчин зүйлсэд телевиз, радио гэх мэт өрсөлдөөнт зугаа цэнгэлийн хэлбэрүүд түгээмэл байдаг. Илүү өргөн утгаар, хурдан машин, чанга хөгжим, зар сурталчилгаа нь төвлөрөх цаг үгүй хүний хэт их сэрэл таашаалдаа автсан амьдралын хэв маягийг бий болгодог гэж Брэдбёри боджээ. Мөн түүнчлэн, хэвлэгдсэн асар их номын талаар бодох нь тун их дарамт болдог буюу ингэснээр бодит биш харин илүү хураангуйлсан ном уншдаг нийгмийг бий болгодог ба Брэдбёрийг романаа бичиж байх үед энэ нь тун түгээмэл байв. Хүмүүсийг номонд дайсагнуулагч хоёрдахь бүлэн хүчин зүйл бол атаархал юм. Хүмүүс өөрөөс нь илүү их уншсан хүмүүсээс доогуур үнэлэгдэхийг хүсдэггүй. Гэхдээ романы утга санаа нь цензурыг бий болгоход хүргэсэн хамгийн чухал хүчин зүйл бол тусгай сонирхлын бүлгүүдийг хийгээд "цөөнхүүд"ийг доромжилсон номыг эсэргүүцэх явдал юм . Брэдбёри ялгаварлагдсан цөөнхийн талаар дурдахаас болгоомжилдог; жишээлбэл, Битти нохой болон мууранд дурлагчдын талаар дурдаад өнгөрдөг. 

"Фаренхайтын 451 хэм" романы төгсгөлийн үгт, Брэдбёри үг хэлэх эрх чөлөөг хязгаарлах оролдлогод туйлын эмзэг ханддаг ба тэрээр ийм хөндлөнгийн оролцоог үндсэндээ дайсагнасан, тэвчихийн аргагүй шинжтэй гэж үзэж, ингэх нь ном шатаах замын эхний алхам гэж харжээ. Монтэг, Фабер болон Битти нарын тэмцэл бол мэдлэг ба мунхаглалын дундах хурцадмалтай холбоотой юм. Гал сөнөөгчийн үүрэг бол хүн ардыг тэгшитгэх, ижилхэн болгохын төлөө мэдлэгийг устгаж, мунхаглалыг сурталчлах явдал юм. Мөнтэг хөгшин эмэгтэй Кларисс ба Фабер нартай учирсанаар өөрийнхөө хандлагад эргэлзэж нь улам хүчтэй болдог. Түүний эрж хайж олсон мэдлэг нь бараг бүх хүнтэй адилхан байсан эргэлзэж асуудаггүй мунхаглалыг нь үгүй хийгээд нийгмийнхээ суурь итгэл үнэмшилтэй тэмцэхэд хүргэнэ. Технологийн инноваци нь роман дахь нийгмийн асуудлын эх сурвалж болдог ба романы туршид Брэдбёри технологийг мөн чанараараа мэдээ алдуулагч, хөнөөлт зүйл гэж үздэг. Романы өмнөх түүхэнд нийгмээрээ ном уншихаа болиход технологи чухал үүрэг гүйцэтгэсэн гэдэг. Технологи сайжирсанаар телевиз, чихний радио гэх мэт хэвлэл мэдээллийн шинэ хэлбэрийг бүтээсэн. Брэдбёригийн ирээдүйн телевизүүд нь бүхэлдээ хананы хэмжээтэй, "зочдын өрөө" гэж нэрлэгддэг гурван хэмжээст, гайхалтай, сэтгэл татам нөлөө үзүүлдэг зугаа цэнгэлийн орон зай юм. 

Номноос илүү сэтгэл татам хэдий ч телевизийн хөтөлбөрүүд нь зугаа цэнгэлд зориулагдсан хялбаршуулсан агуулгатай байдаг. Романы турш Монтэгийн ажиглалтаар эхнэр Милдэрдийн үзэж байгаа телевизийн хөтөлбөрүүд утгагүй бөгөөд голдуу хүчирхийлэл агуулдаг. Милдэрд зурагт үзээгүй үедээ чихний радиогоороо байнга хөгжим юмуу зар сурталчилгаа сонсдог билээ. Милдэрд үргэлж "холбогдсон" байгааг Монтэг тайлбарлахдаа; Милдэрд технологийн эдгээр хэлбэрүүдэд донтсоноос болж сэтгэл хөдлөлгүй, хүний ойлгох чадвараа алдсан гэдэг. Товчхондоо, Монтэгийн нийгмийн зүрх сэтгэлгүй, гүехэн байдал нь зугаа цэнгэлд донтсоноос үүдэлтэй болой. Технологийн шинэ хэвлэл мэдээллийн мэдээ алдуулах нөлөөний эсрэгцэл бол Брэдбёригийн ирээдүйд бусад технологийн хэлбэрүүд илүүтэй материаллаг сүйтгэх шинжтэй байдаг. Жишээлбэл, хотоор нэг давхих "цох" гэх автомашин нь цагт 100 гаруй миль хурдлахад ядах юмгүй байдаг бөгөөд ийм хурдтай автомашин хүн амины осол гаргах магадлал их байх агаад зориуд гэмээр ийм болгоомжгүй жолоодлогыг дэмжиж байдаг. Милдрэд уур бухимдлаа ихэвчлэн машинаар хурдтай давхих аргаар гаргадаг ба Клариссийг "цох"-д дайруулж үхсэнийг мэдсэн Монтэг маш их гашууддаг билээ. Технологийн хөнөөлийн өөр нэг жишээ бол хууль зөрчигчдийг мөрдөж, бас устгах зориулалттай төмрөөр хийгдсэн механик нохой юм. 

Хэдийгээр механик нохойг агнах гэж буй хүнийх нь биометрээр тусгайлан программчлах ёстой боловч романы эхэнд нохой Монтэг руу түрэмгий дайрдаг нь энэхүү механик нохой нь технологийг муу ёрын сүйтгэлээр хялбархан удирдуулж болохыг харуулж байна. Гэсэн хэдий ч хамгийн хор хөнөөлтэй технологи бол атомын бөмбөг бөгөөд романы үйл явдалд, саяхан хоёр ч цөмийн дайн болсон тухай гардаг ба романы төгсгөлд хотод атомын бөмбөг унаснаар дуусдаг. Цөмийн бөмбөгийн технологи дайныг илүү хялбар бас хөнөөлтэй болгодог, мөн "Фаренхайтын 451 хэм" романд атомын бөмбөгийн аюул нь түгшүүртэй уур амьсгалыг бий болгосоор байдаг. Сэтгэлийн ханамжгүй байдал нь романы технологи ба цензурын сэдэвтэй нягт холбогддог. Брэдбёригийн толилуулж буй дистопиан нийгэм технологийн инновациар үүссэн. Технологийн инноваци нь телевизийг ноён болгож, номыг цензурдуулж, үнэ цэнэгүй болгожээ. Ахмадын Монтэгт тайлбарлаж буйгаар; өнөөдрийн нийгмийг бий болгосон түүх бол хүмүүсийн оюун ухааны амар амгалан байдлыг зугаа цэнгэлийн замаар хадгалах байсан ба хүн бүхэн зугаацаж л байвал жаргалтай байх ажээ. Тэгэвч, байнгын зугаа цэнгэл сэтгэл ханамжгүй байдлыг бий болгодогийг Монтэг романы эхэн үед ухамсарладаг. Жишээлбэл, Милдэрд зугаа цэнгэлгүйгээр амьдарч чадахгүй агаад тэр үргэлж "зочдынхоо өрөөнд" телевиз үзэх юмуу чихний радиогоо сонсож байдаг билээ. Түүний эдгээр зугаа цэнгэлээсээ холдох цорын ганц шалтгаан нь сэтгэл доторх бүхий л идээ бэрээ гадагшлуулдаг автомашинаар хурдтай давхих арга юм. Милдэрд өөрийгөө жаргалтай сайхан байгаа гэдэг ч романы эхэнд амиа хорлох шахсан тухай гардаг билээ. Сэтгэл ханамжгүй байдлын цөхрөл бол үүнийгээ ухамсартайгаар ойлгодоггүй хүмүүст ч байдаг зүйл ажээ. 

МОТИФ. "Тулга ба Саламандр" бүлгийн эхэнд Монтэгийн унтлагын өрөөг эхлээд "хоосон биш", дараа нь "үнэндээ хоосон" гэж дүрсэлдэг; учир нь, Милдэрд бие махбодийн хувьд тэнд байдаг боловч бодол, мэдрэмж нь өөр газарт байдаг. Брэдбёри ийм парадокс мэдэгдлийг олонтоо давтдаг; ялангуяа дүр юмуу зүйлийг амьд эсхүл үхсэн, байгаа юмуу байхгүй гэх мэтээр ашигладаг ба энэ хандлагаа голдуу Милдэрд дээр ашигладаг нь түүний хоосон, хагас амьтай байгааг илтгэнэ. Брэдбёри мөн ходоодны насос "цахилгаан нүдтэй могой" болон механик нохойг дүрслэхдээ парадокс мэдэгдлээ ашигладаг. Энэхүү парадокс нь амьд мэт боловч оюун санааны хувьд үхчихсэн оршихуйнуудын бодит байдалд эргэлзээ төрүүлдэг. Эцэст нь, Милдэрд болон түүний нийгэм нь машинаас өөрцгүй санагдах агаад тэд юу хэлнэ зөвхөн тэрийг нь л бодогчид юм. "Фаренхайтын 451 хэм" романы соёл бол бодит бус, үндэслэлгүй соёл бөгөөд Монтэг нууцаар цуглуулсан номноосоо илүү үндэслэлтэй үнэнийг хайж байна. Энэхүү романд амьтан ба байгалийн дүрслэл өргөн тархасан байдаг. Байгаль нь, Клариссийн залуу нас, байгалийг шүтэх хайраар эхлээд үнэн бөгөөд ариун хүч гэж танилцуулагдана. Тэр Монтэгийг бороо амтлахыг ятгаснаар энэхүү мэдрэмжээр Монтэг эгнэгт өөрчлөгддөг. Монтэг хотоос хөдөө нутаг руу зугтсан нь түүнд илчлэлт болж, түүнд онгон дагшин байгалийн гэгээрүүлэх хүчийг харуулжээ. Романы амьтдын дүрслэлийн ихэнх нь егөөтэй байдаг. Хэдийгээр энэхүү нийгэм нь техник технологид хэт автсан, байгалийг үл тоомсорлодог боловч цахилгаан нүдтэй могой, механик нохой гэх мэт амьтдын нэрээр нэрлэж юмуу загварчилсан олон айдас төрүүлэм механик төхөөрөмж бүтээсэн байдаг.

 СИМБОЛ. Цус нь романы турш хүн байхуйн үндсэн, зөн совингийн, сэтгэлийн хавчигдсан байдлын бэлгэдэл хэлбэрээр гарч ирнэ. Монтэг ихэнх хувьсгалт бодол нь цусанд нь эргэлдэж буйг "мэдэрдэг". Милдрэдийн хордсон цусыг цахилгаан нүдтэй могой машинаар механик удирдлагатай, шинэ цусаар сольсон ч анхны мөн чанараа эгнэгт алдсан учраас огт өөрчдөгдөггүй. Цусны симбол нь могойн машинтай шууд холбоотой. Брэдбёри электрон төхөөрөмжийг ашиглан Милдэрдийн ялзарсан, зовсон, өөрийгөө үзэн ядсан байдлыг түүний доторх өтгөн тунадасаар гарган харуулжээ. Түүний хордсон, сольж болохуйц цус нь Милдрэд болон түүнтэй адилхан тоо томшгүй олон хоосон амьдралтай хүмүүсийг илэрхийлж байна. Брэдбёри "Тулга ба Саламандр" гэсэн энэхүү хосолсон дүрслэлийг романыхаа эхний бүлгийн гарчиг болгон ашигладаг. Тулга буюу гал голомт нь орон гэрийн уламжлалт симбол ба Саламандр бол гал сөнөөгчдийн албан ёсны бэлгэдлийн нэгээс гадна гал унтраах машиндаа өгсөн нэр юм. Энэ хоёр симбол Монтэгийн амьдралыг дүрслэхэд давамгай үүрэгтэй байдаг ба Тулга буюу байшин халаалагч гал агуулдаг, мөн Саламандр бол гал дотор амьдардаг, дөлөнд өөрчлөгддөггүй гэсэн эртний итгэл үнэмшлээс улбаатай ажээ. Хотыг бөмбөгдсөний дараа, хүн төрөлхтнийг өөрийгөө шатаагаад дараа нь үнснээсээ ахин дахин сэргэн гарч ирдэг галт шувуутай Гранжер зүйрлэдэг. Хүний давуу тал бол алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрөх чадвар бөгөөд ингэснээрээ тэр цаашид алдаа гаргахгүй байх болно. Өнгөрсөн үеийнхээ алдааг санаж байх нь Гранжер болон түүний бүлгийнхний өөрсөддөө тавьсан зорилго юм. Галт шувууны дахин төрөлтийн симбол нь түүхийн мөчлөгийн шинж чанар, хүн төрөлхтний хамтын дахин төрөлтийг төдийгүй мөн Монтэгийн оюун санааны дахин амилалтыг бэлгэдэж байна.

Comments