Час улаан эмэгтэй: Моника Витти

 






1960-аад оны эхээр Италийн кино найруулагч Michelangelo Antonioni гоо сайхан Monica Vitti-тэй хамтран дөрвөн кино хийсэн нь эдүгээ кино урлагийн эрдэнэс гэгдэх болсон бөгөөд артхуас тойрогт тахин шүтэгдсэн нэр хүндтэй болжээ. Antonioni-ын кинонуудын тухай асар олон зүйлс бичигдсэн байдаг боловч тэдгээр нь голдуу дүгнэлт, шүүмжлэлт үнэлгээнүүд байдаг. Энэ нь түүний Monica Vitti-тэй харилцах харилцаанд ямар нэгэн гэрэл өгдөггүй. Ямартай ч Monica Vitti түүний хувьд муза нь, бас янаг хайр нь байсан нь тодорхой билээ. Энэ утгаараа тэдний харилцаа нь Францын Jean-Luc Godard, Anna Karina хоёрын харилцааг санагдуулна. Жүжигчин Anna Karina-ын талаар хангалттай их материал байдаг бол Monica Vitti-ын талаар Англи хэл дээр нийтлэгдсэн материал хомс байдаг бөгөөд Википедиа хийгээд Британий номын сангаас хайгаад ч хангалттай үр дүнд хүрдэггүй. Үүнийг уншигч та хэрэв Итали хэлгүй л бол одоогийн байдлаар гуа үзэсгэлэн шигээ нууцлаг энэхүү жүжигчиний оньсого шиг амьдралыг төдийлөн тодорхой мэдэж чадахгүй агаад энэ бичвэрээрээ сайхь оньсогын өчүүхэн хэсгийг тайлах гэж оролдлоо. Monica Vitti бол гайхалтай авъяастай, олон талт жүжигчин бөгөөд тэрээр Antonioni-ын хүсдэг санааширсан, түгшсэн дүрээс энгийн хошин шогийн дүрд хүртэл хувиран тоглож чаддаг. Ингээд түүний замналыг өөрийнх нь нүдээр тольдохуй. 1931 онд Италийн нийслэлд Maria Luisa Ceciarelli-ын охин болж төрсөн Monica-ын хүүхэд нас аз жаргалгүй өнгөрсөн гэдэг. Ээжтэйгээ хөндий хүйтэн харилцаатай өсөж, гэрийнхнээсээ хайр халамж хүртэж чадаагүй Monica дээрээ хоёр ахтай, айлын ганц охин байсан агаад өөртэй нь ах нараас нь тэс өөрөөр харьцдагийг хурцаар мэдэрч өсчээ. 
Monica: "эцэг эх маань маш хатуу хүмүүс байсан. Миний хоёр ах эрх мэдэлтэй, эрх чөлөөтэй байсан бол би ганцаардсан, эрх мэдэлгүй байлаа". Хүүхэд насандаа үзэж туулсан бүхэн нь түүний амьдралд ул мөрөө тод үлдээсэн буюу тэрээр хэзээ ч гэр бүлтэй болохыг хүссэнгүй, мөн гэрлэлтээс болгоомжилдог байв. Тэрээр 14 настайдаа тайзны дебютээ хийсэн бөгөөд түүнд жүжиглэх нь бодит байдлаасаа түр ч гэсэн холдох арга болж байжээ. Monica: "би 14 настай байхдаа өөрийгөө хангалттай амьдрал үзэж туулсан гэж үзээд өөр хэн нэгний дүрд хувираад тайз болон дэлгэцэн дээрээс хүмүүсийг аль болох инээлгэж чадна гэдгээ ойлгосон, үүнийг амьдрал дээр хийхэд амаргүй шүүдээ". Түүнийг 18 настай байхад эцэг эх болон ах нар Америк руу цагаачилжээ. Monica Италидаа үлдсэн бөгөөд 1953 онд Ромын драмын урлагийн үндэсний академийг төгсөөд удалгүй Monica Vitti гэх тайзныхаа нэрийг авчээ. Түүний замналын эхэн үе үл анзаарагдам өнгөрчээ. Итали жүжигчдийн хамтаар Германаар аялан тоглолт хийдэг байсан агаад Ром хотноо Niccolo Machiavelli-ын La Mandragola-аар хийсэн жүжигт тоглож байв. Хэдэн жилийн турш тэрээр телевизийн цувралууд болон театрын жүжигчний ажлын хослуулан жүжигчиний хувьд шаргуу хөдөлмөрлөж байлаа. 1957 онд Michelangelo Antonioni түүнийг Feydeau-ын хошин жүжигт тоглож байхыг нь хараад удахгүй нээлтээ хийх Il Grido кинонд жүжигчин Dorian Gray-ын амыг барьж дуу оруулахыг хүсчээ. Нэг өдөр, Monica студид хоолойны бичлэгт орж байхад Antonioni түүнд мэдэгдэлгүйгээр ард нь зогсоод сүрхий ажиглаж байсан гэдэг ба хэсэг хугацааны дараа Antonioni: "та их сайхан хүзүүтэй юм байна. Та кинонд тоглож болох юм" гэж түүнд хэлснээр Monica-ын амьдрал орвонгоороо эргэсэн байдаг. Antonioni-ын бага нас, нөхцөл байдал Monica-ынхаас эрс ялгаатай байлаа. Antonioni хүүхэд насныхаа дурсамжийг нандигнаж, кино зохиол бичих, баримтад кино хийх зэргээр найруулагчийн замналаа босгож байлаа. Antonioni оюунлаг, нийтэч бус, нягт нямбай хүн байв. 
Monica, Michelangelo хоёр хоёулаа ажилдаа зүрх сэтгэлээсээ ханддаг хүмүүс байсан нь бие биедээ мэргэжлийн хувиар ч, хувь хүний хувиар ч сэтгэл алдрах шалтгаан болжээ. Тэдний анхны хамтын ажиллагаа хоёр жилийн дотор үр дүнгээ өгөн алдарт L'avventura кино бий болов. 1960 оны Канны олон улсын наадмаар уг кино анх үзэгчдэд хүрч, Monica, Michelangelo хоёрын замналыг эгнэгт өөрчилсөн юм. L'avventura анх дэлгэцнээ гарахад үзэгчид уйтгартай байна хэмээн шүгэлдэж, орилж эсэргүүцлээ илэрхийлж байсан хэдий ч  маргааш өглөө гэхэд л нөхцөл байдал тэдэн руу эргэсэн байдаг. Roberto Rossellini тэргүүтэй алдартай кино найруулагчид эл бүтээлийг өндрөөр үнэлсэн буй. L'avventura кино наадмын шүүгчдийн тусгай шагнал хүртсэн. Дараагийн жилүүдэд киноны нэр хүнд улам өсч; Их Британий Sight & Sound сэтгүүлээс явуулсан санал асуулгаар домогт Citizen Kane бүтээлийн дараа бүх цаг үеийн хамгийн шилдэг киноны хоёрдугаар байрт эрэмбэлэгджээ. 1961 онд Monica өөрийн тоглолтоороо Алтан бөмбөрцөг наадмаас шилдэг шинэ жүжигчин шагнал хүртжээ. Энэ бүхэн яагаад тийм шуугиантай байв?, L'avventura бол маргаангүй Antonioni-ын анхны шедевр бөгөөд тэрээр үзэгчиддээ; бодит хүүрнэлгүй, маш бага адал явдалтай, бараг хөлдчихсөн хэмнэлтэй болоод бие махбодь ба сэтгэл хөдлөлийн хувьд эх газраасаа хаягдсан уур амьсгал, өнгө аясыг шууд тулгадаг. Түүний дүрүүд өөртөө хүлэгдсэн, харилцаа холбоо тогтоох чадваргүй, амьдралаараа аиьдрахаасаа илүүтэй уй гунигаасаа болж үхдэг. Энэ орчин үеийн нийгмийн аз жаргалгүй баян, утга учиргүй амьдардаг хүмүүсийн тухай өргөтгөсөн бясалгал юм. L'avventura киноны төвд Monica байдаг. Ихэнхдээ тэрээр Сфинкстэй төстэй буюу өөрийнхөө мэдрэмж, оюун ухаанд нь юу болж байгааг олж мэдэхийг бидэнд уриалдаг. Гэхдээ тэр бас хувирмтгай байж чаддаг; түүний сэтгэлийн байдал гэрэлтэх юмуу харанхуйлахад үе үе нүүрэнд нь сэтгэл хөдлөл нь илэрч байдаг. 
Monica-ын энэ алмайруулам тоглолт чухам Antonioni-ын түүнээс хүсч байсан тэр зүйл юм. Michelangelo Antonioni; "миний киноны дүрүүдэд юу тохиолдох нь чухал биш. Би тэднээр юу ч хийлгэж болно. Хүмүүс кинонд өрнөж буй үйл явдлыг кинонд л гарч буй үйл явдал гэж боддог. Үнэн биш гэж боддог. Кино гэдэг бол дүрүүдийн тухай, тэдний дотор болж буй өөрчлөлтийн тухай юм". L'avventura кино Antonioni, Monica хоёрыг олон улсын од болгосноос гадна тэдний богино хугацаанд хийсэн 4 киноны анхных болсон; La notte (1961), L'eclisse (1962) болон Il deserto rosso (1964) гэсэн бусад 3 кино мөн л ирээдүйд классик гэгдэх болжээ. Од болж, ашиг орлого нэмэгдсэн Monica Ром хотод байр худалдаж авсан бол Antonioni мөн тус байрт нүүж очсон буюу Monica-ын байрны дээд давхарт төвхнөжээ.  Тэдний байрыг холбосон дотуур шаттай байсан гэдэг. Anna Karina ба Jean-Luc Godard хоёр шиг тэд ч бас янаг амрагууд байсан ба тэдний харилцаа 10 жил үргэлжилжээ. Гэхдээ салалтаас өмнө Monica замналаа бүрэн өөрчилсөн эргэлт хийсэн юм. Monica-ын алдар нэр өссөөр, түүнд ирэх дүрийн саналууд цуварсаар байсан ч тэрээр холливууд явах сонирхолгүй байсны дээр мөн нэг л хэв маягтай жүжигчин болохоос эмээж байлаа. Тиймээс 1960-аад оны дундаас Antonioni-ын сэтгэл түгшсэн, зовиуртай дүрүүдээс комеди жанр руу шилжсэн. Monica: "Би Академид байхдаа эмгэнэлт жүжгийн хэсгийг уншиж найзуудаа инээлгэхдээ хошин урлагт авъяастай гэдгээ ойлгосон. Энэ ер бусын авъяас болохыг би хожим ойлгосон". 1960-аад онд Италид commedia all'italiana гэх комдеми ба нийгмийг егөөдлийг хослуулсан жанр хит болж байлаа. Уг жанрт өөрийгөө баталсан анхны эмэгтэй жүжигчин Monica болсон буюу түүнээс өмнө энэ жанрт эрчүүд давамгайлдаг байжээ. Тэрээр The Girl with a Pistol, The Pizza Triangle гэсэн 2 комедигоороо үлэмж амжилт үзүүлжээ. Тэрээр 1960-аад оны туршид Antonioni-ын хэв загварын дүрээрээ алдартай байсан бол 1970-аад онд Luis Bunuel тэргүүтэй олон улсын шилдэг найруулагчтай хамтран ажилласан байдаг, гэвч Итали бас артхаус хүрээллээс гадуур түүнийг алдаршуулсан кино бол Modesty Blaise ба уг кинонд тэрээр Antonioni-ын хүсдэг дүрээс яг эсрэгээр овжин гэмт хэрэгтэн, нууц ажилтны дүрийг бүтээсэн. 1980-аад онд Monica цөөхөн кинонд тоглосон, үүнд Antonioni-той хамтарсан сүүлчийн нэг кино ордог агаад тэрээр театр болон жүжигчний сургуульд багшлах болжээ. Monica мөн кино зохиол бичиж үзэж, мөн кино найруулж үзсэн ч амжилт үл олсон бөгөөд энэ үеэс замнал нь уруудах болжээ. 1995 онд тэрээр 10 жил хамт амьдарсан Roberto Russo-той гэрлэсэн ба төд удалгүй Альцгеймер өвчинөөр өвдөж, одоо ч энэ өвчинөө эмчлүүлсээр л байна.

Comments