Хотын хайр

 




Chungking Express (1994). Кино хоорондоо холбоогүй ч ижил төстэй хоёр түүхийг өгүүлнэ. Нэгдүгээр хэсэг буюу арван мянган жил болсон ч чамайг хайрлана. Тайваньд төрсөн цагдаа Qiwu 4 сарын 1нд May гэх найз охиндоо хаягджээ. Qiwu энэ салалтаа үнэхээр баттай эсэхийг бататгахаар нэг сар тэвчээртэй хүлээнэ. 
Тэрээр өдөр бүр 5-р сарын 1нд хугацаа нь дууссан лаазласан хан боргоцой худалдан авч идэх бөгөөд учир нь экс May нь хан боргоцойд дуртай байв. Энэ зуур бид хиймэл шар үс, хар нүдний шилтэй бүсгүйн хар тамхины ертөнцөд амьд үлдэхийн төлөөх тэмцлийг үзнэ. 5-р сарын 1нд Bottoms Up бааранд Qiwu хиймэл шаргал үсттэй учран, яриа өдсөнөөр хамт ууцгаана. Баар хаах болж, бүсгүй ч ядран, тэд хамт буудал орох агаад бүсгүй шууд унтаад өгөх бол цагдаа маань шөнөжин хуучны кино үзэнгээ хоол эргүүлнэ. Qiwu үүрээр гарч явахдаа бүсгүйн өндөр өсгийтийг тайлж бас цэвэрлэчихээд яваад өгдөг. Өглөө нь бүсгүй хар тамхины толгойлогчоо буудаж хөнөөнө. Qiwu хөлсөө гартал гүйх дуртай бөгөөд өнөөдөр түүний төрсөн өдөр; түүний пейжэрт төрсөн өдрийн мэндчилгээ ирэх ч хүлээсэн хүн нь биш байлаа. Qiwu байнга ордог түргэн хоолны газраараа орж явахдаа шинэхэн ажилтан Faye-тэй мөргөлдөнө. Хоёрдугаар хэсэг буюу түүвэр бодлууд. Авгынхаа түргэн хоолны газарт ажиллах Faye  байнгын үйлчлүүлэгч цагдаагийн офицерт нууцхан дурлачихна. Цагдаа мөн л найз охиноосоо салаад байгаа агаад найз охин нь онгоцны үйлчлэгч. Нэг өдөр онгоцны үйлчлэгч бүсгүй сайхь түргэн хоолны газарт ирээд цагдаа найз залуугаа асуугаад түүнд өгчихөөрөө гээд захиа бас түлхүүр үлдээнэ. 

Дараа нь цагдааг ирэхэд Faye түүнд захианы талаар дурдахад цагдаа үл ойшоож, захиан дотор юу бичигдсэн байгааг бараг мэдсэн мэт байж, захиагаа дараа авъя гээд Faye-д үлдээнэ. Сахилгагүй Faye түлхүүрийг ашиглан цагдаагийн гэрт нууцаар орон гэр орныг нь цэвэрлэж, эд хогшлыг нь шинэчлэх буюу нэг үгээр цагдаагийн хаягдсан сэтгэлийг засах бүхнийг хийнэ. Цагдаа хэсэг гайхаж бас горьдож байгаад эцэст нь Faye_г гэртээ ирдэг болохыг олж мэдэх бөгөөд бүсгүйг California нэртэй ресторанд болзоонд урина. Гэвч Faye болзоондоо ирэхгүй, авга ах нь оронд нь хүрч ирээд дүү нь Америкийн California муж руу явсан гэж хэлнэ. Faye цагдаад жилийн дараа уулзах болзооны тов бичиж үлдээсэн байлаа. Бүсгүй Хонг Конгт онгоцны үйлчлэгчийн хувиар ирнэ. Харин цагдаа түргэн хоолны газрыг худалдаж авсан байлаа. Бүсгүй залуугаас хаашаа явахыг хүсэж байгааг асуухад залуу хариуд нь "чи намайг хаашаа аваачмаар байна, тийшээ" гэж хариулдаг. 
Романтик, гэмт хэрэгт, комеди драм жанрын уг бүтээл найруулагч Wong Kar-wai-г домог статустай болгосноос гадна 1990-ээд оны хамгийн алдартай киноны нэг юм. Энэ кино бол амьдралд дуртай хүмүүст биш кинонд дуртай хүмүүст зориулагдсан кино юм. Wong Kar-wai-ын дүрслэлийн мэдрэмж гайхалтай; түүний энгийн кино хэмнэлээс удаашруулсан, мансуурсан мэт хэмнэл киноны дүрүүдийн бодол, мэдрэмжийг үзэгчдэд халдаахаас илүүтэй орчин үеийн хэт хурдтай амьдралыг зориуд удаашруулан үзэгчдэд бодох боломж олгоно. Энэ кино бол жинхэнэ модерн, хотын кино. Хиймэл үс, нүдний шил, шөнийн амьдрал, баар, поп хөгжим, ганцаардал бол модерн бас хот. Хотын амьдрал, хотын залуусыг харъя, үзье гэвэл энэ кино хангалттай. Киноны зохиолыг, хүүрнэлийг заавал ойлгох шаардлагагүй буюу энэ бол цэвэр харах модерн яруу найраг болсон дүрслэлийн мэдрэмж бүтээл юм. 

Кинонд өгүүлэх хоёр түүх хоёулаа том хотод ганцаараа байдаг, ганцаардаж, тусгаарлагдсан хүмүүсийг үзүүлэх ба ингэхдээ хөгжмөөр нь, орчин тойрны зүйлсээр нь нарийвчлан тодотгосон нь Jean-Luc Godard-ын дүрслэлийг эрхгүй санагдуулж, харин харилцан ярианууд нь John Cassavetes-тэй төстэй болохыг анзаарна. Дүрүүдэд юу тохиолдох нь чухал биш; тэдний аялал нь энэ кино өөрөө болохоос хүрэх газар нь биш юм. Дүрүүд бүгд хиймэл амьдралаасаа болж галзуурлын ирмэгт зогсогчид болно. Киноны гол дүрүүдэд; Brigitte Lin, Takeshi Kaneshiro, Tony Leung болон Faye Wong нар тоглосон ба Brigitte Lin зодог тайлсан байсан ч Wong Kar-wai-тай хамтран ажиллахын тулд дахин дэлгэцнээ эргэн ирсэн байдаг. Жүжигчин Takeshi Kaneshiro уг кинонд 4 хэлээр ярьдаг ажээ. Wong Kar-wai найруулагч эд бараагаар дамжуулан хайр, салалт, дурсамжийг өгүүлэхийг хүсчээ. Киноны нэгдүгээр хэсэгт гарах Qiwu нийгэмтэй холбогдохыг хүсдэг ч тэрээр эксийнхээ дуртай лаазласан хан боргоцой болон эксийнхээ эцэг эхтэй утсаар ярих зэргээр сэтгэлийн, бие махбодийн бодит харилцаагаа хангадаг. Тэрээр дурсамжаасаа салж цааш явахын оронд дурсамжиндаа хадгалагдан үлдэхийг илүүд үздэг нь лаазлах буюу хадгаласан хүнсэнд дурлахаас харж болно. Мөн киноны хоёрдугаар хэсэгт цагдаа байнга л нэг хоолоо захиалж, экстэйгээ холбоотой болгоныг хадгалж, шинэ харилцаанд орж чадахгүй байгаагаас харж болно. Бидний хамгийн ойртолт 0.01 см буюу бид ийм зайтайгаар зөрч өнгөрч байдаг, гудамжинд. 0.01 см бол биднийг нөхөрлөлүүлэх эсхүл танихгүй болгох тэр зай юм. 

Чухам энэ зай бол найруулагчийн хэлэхийг хүсэж байсан тэр их хотын завгүй хүмүүсийн хоорондох тодорхой орон зай ажээ. Ashes of Time киноныхоо эвлүүлгийг хийхээр хоёр сарын амралт аваад байхдаа Wong Kar-wai Chungking Express киноныхоо зохиолыг бичжээ. Тэр үед надад хийгээд байх юм байгаагүй, би энэ киногоо зүгээр л зөн совингоороо хийхийг хүссэн, Ashes of Time кинондоо би маш их ядарсан тул илүү хөнгөн, илүү орчин үеийн гэхдээ дүрүүд нь адилхан асуудалтай байлгахыг хүссэн гэж Wong Kar-wai хэлж байж. Тэрээр бүтцийн хувьд ялгаатай ч адилхан өгүүлэмжтэй кино хийнэ гэж бодож байсан; нэг нь Хонг Конгийн өдрийн амьдралыг, нөгөө нь шөнийн амьдралыг харуулахыг анх зорьжээ. Мөн тэрээр ерөнхий өгүүлэмж нь адилхан ч нэг нь шигүү хотод учирч буй хайрын түүх, нөгөө нь бие махбодийн холбоогүйгээр хайрын сэтгэлээ хадгалж байгаа тухай өгүүлэмжтэй байлгахын хүсчээ.
 Гэвч киноны зураг авалт эхлэхэд кино зохиол дуусаагүй байв. Найруулагч шинэ жилээр амрах үеэр зохиолоо дуусгасан агаад хоёрдугаар хэсгийн зохиолыг ганцхан өдөрт дуусгасан байна. Анх тэрээр киногоо 3 хэсэгтэй байхаар төлөвлөж байсан ч кино нь хэт урт болох гээд байсан тул хассан хэсгээ Fallen Angels бүрэн хэмжээний кино болгожээ. Wong Kar-wai киноныхоо зураг авалтыг Tsim Sha Tsui гэх Хонг Конгийн хамгийн содон бөгөөд түүний хэлснээр Хятадыг шууд баруунтай холбосон газар нутагт авахын хүссэн ба уг газарт тэрээр өссөн, түүнд чухал нөлөөтэй газар гэдэг. 

Уг газарт нутагт нь маш олон орон сууцтай, олон соёл холилдсон, гэмт хэргээрээ алдартай Chungking Mansion гэх дүүрэг байдаг ба найруулагч уг дүүргийг кинондоо ашиглахыг хүссэнээс гадна киноныхоо нэрэнд ашиглажээ. Уг газар бол түүнийхээ олон түмэн холхисон, маш идэвхтэй цэг учир Хонг Конгийг зүйрлэн үзүүлэхэд чухам тохирсон газар байжээ. Киноны хоёрдугаар хэсгийн зураг авалт Хонг Конгийн төвд байрлах Lan Kwai Fong гэх газар нутгийн Midnight Express гэдэг түргэн хоолны газарт авчээ. Энэ газар нутагт олон баар сав байдгаас гадна гадаадын компанийн захирлуудын ууж наргидаг төв бөгөөд уг кино нь тус газрыг, нэн ялангуяа түргэн хоолны газруудыг нь олон улсад алдаршуулжээ. Найруулагч маань тус газрын цахилгаан шатанд өмнө нь хэн ч кино зураг авч байгаагүй учир тэнд зураг авахыг хүссэн байдаг ажээ. Киноны хоёрдугаар хэсэг дэх цагдаагийн байр үнэндээ уг кинонд зураглаачаар ажилласан Christopher Doyle-ын гэр байжээ. Найруулагчийн түүхээ хүүрнэх арга нь салангид бүтэцтэй байдаг ч дүрүүдийн монологоороо холбож өгдөг бөгөөд энэ кино бол гарцаагүй Wong Kar-wai-ын нүдээр харсан сэтгэл хөдлөл, ганцаардлын зураг юм. 

Wong Kar-wai-ын кинонд хөгжим маш чухал үүрэгтэй байдаг; тэрээр барууны хөгжим, дууг зүгээр нэг кинондоо ашиглаагүй, харин маш бүтээлчээр ашигласнаар киногоо дахин нэг шат ахиулсан. Кинон дээр байнга эгшиглэх California Dreamin дуу Faye-ын сэтгэлзүй болон үйл хөдлөлийн өөрчлөлтийг илэрхийлдэг. Won Kar-wai-ын кинонд дүрс ба хөгжим хүүрнэлийн гол зэмсэг болдог ба түүний киноны дүрслэлийн найруулга болон өнгө нь тухайн дүр болоод үйл явдлын холбоосын симбол болдог ажээ. TSPDT сайт уг киног бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 194-р байрт жагсаагаад байгаа бол Sight & Sound сэтгүүл 2012 онд уг киног бүх цаг үеийн хамгийн шилдэг киноны 144-р байрт эрэмбэлсэн бөгөөд Time сэтгүүл хамгийн шилдэг 100 киноны тоонд багтааж, BBC гадаад хэл дээрх хамгийн шилдэг 100 кино жагсаалтадаа мөн багтаажээ.

Comments