Пиво уухыг хүсдэг залуу

 


Saturday Night and Sunday Morning (1960). Английн Ноттингэм хотод дугуйны үйлдвэрт ажилладаг Arthur хэмээх ганган хувцасладаг, дэгжин 20 гаран насны залуу долоо хоногийн ихэнхэд шаргуу ажиллаад амралтаараа цалингаа пиво, хүүхнээс өгдөг амьдралын зуршилтай болно. Яаж бүх мөнгөөрөө уухав, ээждээ цалингаасаа "амсуулахаа" хэзээд мартахгүй ч ууж идэхдээ харин даанч нэг задгай хандана. Тэрээр үргэлж шахуу уур уцаартай явж, эргэн тойрныхондоо аашлах бөгөөд үүнийгээ зөвтгөх шалтгаанаа; жижиг хотод амьдрах эдгээр хүмүүсийн амьдрал ямар ч утгагүй, яг л гахай, нохой шиг идэж, идсэнээ шингээж л амьдардаг хэмээн үзэн ядахдаа эцэг эхээс авхуулаад таньж мэддэг бүх хүмүүсээ оролцуулж хэлнэ. Arthur тэднээс өөрөөр амьдрахыг хүснэ, бас зорино, гэхдээ яг яах учраа төдийлөн мэдэхгүй бөгөөд ингэж эсэргүү, зөрүүд хийгээд хайнга амьдрах нь л тэднээс ялгаатай гэдгийг нь өөрт нь мэдрүүлж, бас үнэмшүүлнэ. Arthur өөрөөсөө бараг арван насаар эгч нөхөр хүүхэдтэй Brenda гэгч хүүхэнтэй нууцаар явалдана. Brenda-ын нөхөр Jack гэгч маанагдуу залуу Arthur-тай хамт ажилладаг агаад маанаг, тэнэгийг нь Arthur Brenda хоёр дэндүү сайн ашиглана. Brenda залуу эрийн сексийн амтанд орсон нь илэрхий байхад Arthur хүүхнээр бэлгийн болон бусдаас илүү гэсэн хорон санаагаа цэнгүүлэн тэжээнэ. Шартсан нэг өдөр бааранд пиво ууж байгаад Arthur Doreen гэх үе тэнгийнхээ хөөрхөн хүүхэнтэй танилцаж, үе үе болзох болсноор хүүхэнд дурлана. Doreen харин ёс журамтай хүүхэн байсан тул шууд ор, хөнжил гэсэнгүй уламжлалт маягаар үерхэж, Arthur-ыг ирээдүйн нөхрөө гэж харан их л ёс дүрмийг баримтлана. Энэ нь ч Arthur-д таалагдах агаад хажуугаар нь Brenda-тай нууцаар уулзсаар л байлаа. Arthur Doreen хоёрын харилцаа улам гүнзгий болж байтал Brenda жирэмсэн болчихно. Одоогоос 60-70-аад жилийн өмнө Их Британид үр хөндүүлэх хориотой байсан бөгөөд хэрэв үр хөндүүллээ гэхэд нэлээд үнэтэй бас асар эрсдэлтэй байв. Тиймээс Arthur Brenda-г хүүхдээ гаргачих, гэр бүлийнхээ гишүүн гээд л үзчих, би тусалъя энэ тэр гэхэд хүүхэн татгалзах буюу хүүхэд тээж төрүүлэх чиний бодож байгаа шиг хялбар биш гэж хэлнэ. Ингээд Arthur түүнийг хамаатны эгчийндээ аваачна; эгч нь үр хөндөж байна гээд Brenda-г олон цагаар халуун устай онгоцонд суулгаж, мөн архи уулгах ч амжилт үл олно. Нөгөө талд Doreen бид хоёр дандаа олны нүднээс далд болздог, кино үзсэн ч оройны үзвэр үздэг, чи асуудалгүй бол ингэж нуугдаж болзохоо болъё гэж Arthur-д хэлэхэд Arthur хүссэн хүсээгүй саналыг нь хүлээж авна. Arthur албан ёсны найз охиноо дагуулан парк явах бөгөөд гай газар дороос, галзуу нохой салхин дороос гэгчээр гэр бүлээрээ явж буй Brenda-тай таарчихна. Brenda сүүлийн үед Arthur-ыг нэг л өөр болоод байгааг эмэгтэй хүний зөнгөөрөө мэдрэх болсноос гадна Arthur-г хөөрхөн хүүхэнтэй уулзаад байна гэсэн хүмүүсийн хов жив түүний чихэнд хүрчээ. Ер нь хотынхон тэдний харилцааг мэддэг ч чимээгүй байж, Jack өөрөө учрыг нь олно биз хүлээсээр удаж байгаа бөгөөд Jack-ын дүү цэргээс ирээд байгаа нь удахгүй нэг том зодоон болно гэдгийг илтгэх мэт. Парк дээр Arthur Brenda хоёр сэмхэн уулзахад Brenda уурлаж гомдсондоо хүүхдийг нь гаргана, ер нь шавар хааж амьдарна гэдгээ эрсхэн хэлнэ. Шөнө болж парк хаагдахад Arthur-ыг хоёр цэрэг зодохоор хүлээж байсан бол Brenda-д алганы амт үзүүлэхээр мөн нөхөр нь хүлээж байлаа. Үр дүнд нь Arthur мэдээжээр Jack-ын дүүгээр үсгүй арчуулж, Brenda нөхрөөсөө сайн эхнэр байхын сургаалийг хангалттай сонссон болно. Азаар энэ бүхнийг Doreen мэдээгүй ч гэртээ хэвтэж байгаа Arthur-г эргэж очихдоо өөрийнх нь амнаас олж мэдээд хайрын сэтгэлийн улмаас уучилж өршөөнө. Тэдний анхны секс удалгүй гэрлэлтийг араасаа дагуулна. Киноны төгсгөлд Arthur Doreen хоёр нэгэн толгод дээр гараад ирээдүйн амьдрал, шинэ гэр оронтой болох талаараа ярихад Arthur чулуу аваад хотын зүг шиднэ, шинэ эхнэр уурлаж, чи өөрсдийнхөө гэр рүү ч чулуу шидэж байж магадгүй шүүдээ гэж зэмлэхэд Arthur-ын царайд энгийн, гэр бүлийн амьдралд эргэлзэж байгаагийн төрх байдал илхэн харагдана. 
Чехэд төрсөн Их Британий кино найруулагч Karel Reisz энэхүү "kitchen sink" жанрын бүтээлээ Alan Sililitoe-ын 1958 онд нийтлэгдсэн ижил нэрт романаас сэдэвлэсэн буюу кино зохиол дээр нь Alan Sililitoe өөрөө ажилласан ажээ. Их Британий кино урлагийн шинэ давалгааны гол найруулагчид болох Karel Reisz, Jack Clayton, Lindsay Anderson, John Schlesinger болон Tony Richardson нар Alan Sililitoe, John Braine, John Osborne нарын зохиолчдын бүтээлийг кино болгож байсан 1950-1960 оны үеийг "kitchen sink drama" жанрын цуврал үе гэж үздэгээс гадна энэ нь Их Британий шинэ давалгааны нэг хэсэг гэж тооцогддог. Уг жанрын нийтлэг сэдэв бол хуучин үеийнхээ системийн дарангуйллыг эсэргүүцсэн ажилчин ангийн залуухан уур уцаартай дүр буюу энэ киногоор бол Arthur юм. Их Британий кино хүрээлэн уг киног Их Британий хамгийн шилдэг 100 киног жагсаалтынхаа 14-р байрт жагсаасан бол TSPDT сайт уг киног бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 773-р байрт эрэмбэлсэн байна. Киноны гол дүрүүдэд; Albert Finney, Shirley Anne Field, Rachel Roberts болон Bryan Pringle гэсэн Англи, Уэльсийн жүжигчид тоглосон. Гол баатар Arthur-ын дүрийг бүтээсэн Albert Finney-ын хувьд энэ кино түүний замналын оргил ажлаас гадна амьдрал нь хэзээ ч өөрчлөгдөхгүй гэдгийг мэддэг ухаантай хэрнээ энэ талаараа огт юу ч хийдэггүй ажилчин ангийн нэг гишүүний архетип хэлбэрийг үүсгэсэн гэж магтдаг буюу түүний гайхамшигтай тоглолтыг одоо ч хүндэлсээр буй. Энэ кино бол баялаг бас ухаалаг өгүүлэмжээрээ бид цаг үеийнхээ "боол" нь, энд үзүүлсэн бүхэн ямар ч цаг үед хамаатай гэдгийг харуулсан болно. Секс болон үр хөндөлтийг бодитоор үзүүлсэн, мөн Их Британий ажилчин хүмүүсийн амьдралын хэв маягийг анх удаа нухцтайгаар дүрсэлсэн гэдгээрээ эл бүтээлийг Их Британий шинэ давалгааны тэргүүлэх кино гэж үздэг. BBFC киног нээлтээ хийхэд X үнэлгээ өгч байсан бол 1990 онд кино OF PG үнэлгээтэй болжээ. Кино тухайн үедээ өндөр ашиг орлого олж, Их Британид хамгийн их хит болсон 3 киноны нэг гэгдэж байжээ. Уг кино Arctic monkeys, The Strangers, The Smiths, The Kinks зэрэг рок хамтлагуудын уран бүтээлд хүчтэй нөлөөлсөн байдаг ажээ. Кинонд гарах Arthur-ын ажилладаг үйлдвэр бол зохиолч Alan Sililitoe-ын өөрөө ажиллаж байсан үйлдвэр буюу тэр нь цэргийн зэвсгийн үйлдвэр байжээ. Ням гаригийн өглөө Arthur Brenda-ын өвөрт сэрдэг хэсэг бол сексийн хувьд, бас ёс суртахууны хувьд Их Британий кино урлагт онцгой хэсэг байв. Энэ бол амьдралаа гарцаагүй бөгөөд бусдаас харж дагадаг залуу хүмүүсийг өөрийнхөө хүслээр амьдар, хүслээ битгий хязгаарлуул гэсэн дохио өгсөн кино болой.

Comments