Би бараг галзуу биш

 


Love Streams (1984). Кино маань хоёр гол дүртэй бөгөөд тэдний нийтлэг шинж, мөн зовлонгийн уулзвар нэгэн үйлтэй байшинд зэрэгцэн тохионо. Дунд эргэм настай Sarah (Gena Rowland) нөхрөөсөө салах түвэгтэй үйл явцад залхаж, цөхрөнгөө барна. Өсвөр насны охиноо өөр дээрээ авч үлдэх гэж чармайх боловч нөхөр нь баян, охиныг нь илүү тав тухтай амьдруулах боломж ихтэй тул шүүхийн шийдвэр Sarah-ын эсрэг гарах магадлал тун их, мөн ядаж байхад охин нь өөрт нь дургүй, аавтайгаа баймаар байна гэдгээ ил шулуухан илэрхийлэх нь нэмрээс болно. Уншигч таны таамаглаж байгаачлан Sarah шүүхэд ядагдаж, охиноо өөр дээрээ үлдээж үл чадахгүй; хорвоо дээр ганцаараа үлдсэн түүнд Европоор аялж ганцаардлын бараан үүлнээс ангжирахыг хүсэвч эсрэгээрээ ашиг тусыг эс олон улам ихээр ганцаардлын шаварт живнэ. Ингээд тэрээр хайр энэрэлийг илжрхийлж төрсөн ах Robert дээрээ очно. Robert (John Cassavetes) бол биеэ үнэлэгчдийн тухай хямдхан роман бичдэг баян зохиолч агаад тансаг харшдаа үргэлж залуухан, зугаа цэнгэл хөөцөлдсөн, нэг үгээр номондоо бичдэг шигээ охид, хүүхнүүдтэй "хөгжилдөн" аж төрнө. Эл үйлтэй байшинд архи, дарс гол горхи шиг урсаж, садар самуун амьдрал цэцэглэн мандана. Нэг өглөө Robert-ын гэрт экс эхнэр нь хэзээ ч уулзаж байгаагүй хүүгийн дагуулан ирээд ганц хоёр хоног хараад өгөхийг, эцэг хүнийхээ үүргийг хэдхэн цаг биелүүлэхийг хүсэхэд Robert аргагүй эрхэнд зөвшөөрнө. 8-9 орчим настай хүү төрсөн эцгээ анх удаа харж буй нь энэ буюу аавынхаа эрч хүчтэй чанар болоод ялзарч доройтсон ертөнцийг нь хараад айж эмээнэ. Robert хүүдээ пиво задалж уулгаад эцэг хүүгийн ёсоор "амьдрал" ярих ба согтуу Robert-д хүүгээ дагуулан Las Vegas явах чөтгөрийн санаа төрнө. Las Vegas-д очсон хойноо Robert хүүгээ харахын оронд архидан бас болоогүй хүүхэндэнэ, ганцаардаж айсан хүү ээждээ харихын түүс болно. Эцэст нь Robert хүүг гэрт нь хүргэж өгөхдөө экс эхнэрийнхээ нөхөртэй нь таарч хэмх зодуулна, хоёр аав нь зодолдохыг харсан хүү төрсөн эцгээ өмөөрөн "би танд хайртай" гэж аргагүй хүү шиг нь хэлнэ. Robert буцаад гэртээ ирэхэд дүү нь түүнийг хүлээж байлаа. Одоо тэдэнд юу юунаас илүү биесээ гэсэн хайр халамж хэрэгтэй. Sarah ахынхаа нихилист, өөрийгөө сүйтгэсэн хөнөөлт амьдралыг шүүмжилж, ахыг нь энэ байдлаас хайр болон хариуцлага л аварна гэж хэлээд ингэхдээ ямар нэгэн амьд, тэгэхдээ хүн юмуу амьтанд хайраа зориуд гэж хэлнэ, нэг үгээр хайрыг худалдаж ав гэсэн Sarah-ын энэ санаа нь түүний амьдралд, хайранд хэрхэн ханддагийн илрэл буюу тэрээр гологдсон, салж сарнисан амьдралдаа гүн гүнзгий гутарсан нэгэн ажээ. Энэ бол хайрыг орлуулах гэсэн, хайраас хагацсан, хайрыг мэдрээгүй "галзуу" хүмүүсийн тухай, тэдний солиотой амьдрах амьдралыг харуулсан кино юм. Robert бол агшин хормыг ч аз жаргалгүй өнгөрүүлчих бий гэдгээс айдаг учир үргэлж согтууран архидаж, сексийн таашаалаар өөрийнхөө хайрын орон зайг дүүргэгч зохиолч бол Sarah бүтэлгүй гэрлэлт, үүнээсээ улбаалан хүүхэдгүй хоцорч буй цөхөрсөн ээжийн дүр буюу дээрх хоёр дүр бол цөхрөл, зовлонгийнхоо гүнд орж тэмцэхийн оронд гүехэн таашаал бүхнээс аврал хайгсад ажээ. 
Энэ кино бол тэвчихийн аргагүй бүтээл ба үзэгч чухам хаана зогсохоо бас дараагийн хоромд юу болохыг мэдэх аргагүй. Энэ кино бол яг л галзуу хулгана тоглоомоор явахтай төстэй буюу чухам киноны хүч үүнд л оршино. Энэ кино бол баримтад юмуу сургаальт сэтгэлзүйн кино биш, энэ бүл аяндаа өрнөдөг, түүхий, хөгжилтэй амьдрал юм. Америкийн нэрт кино найруулагч John Cassavetes энэхүү маш их яриатай бас дохио зангаатай кино энгийн кинонд дассан үзэгчдэд жинхэнэ там байдаг. Эл бүтээл Cassavetes-ын сүүлчийн "independent" бүрэн хэмжээний киноноос гадна найруулагчийн хувиар сүүлээсээ хоёрдахь кино нь юм. Үзэх тусам сайжраад байдаг тийм киноны нэг бол эл бүтээл бөгөөд аргагүй Cassavetes-ын кино сонирхол, кино бүтээх хэлбэрийг харуулжээ. Кино өөрийнхөө нууцыг аажмаар бидэнд нээх буюу энэ нь зүүдний, театрын маягийн, бас сюрреал оньсого юм. Cassavetes ба түүний эхнэр Rowland хоёрын харилцан тоглолт гайхамшигтай ба хайр бол амьдрал хийгээд галзуурлын хэлбэр гэсэн тэдний бодлыг энэ кино нь хуваалцаж байна. Кино 34 дахь удаагийн Берлиний кино наадмаас Алтан арслан шагналыг хүртжээ. Уг киног 1980 оны Ted Allan-ын ижил нэрт театрын жүжгээс сэдэвлэжээ. Гэхдээ кино зохиол болон жүжгийн хооронд харилцан хамаарал бага бөгөөд жүжигтээ, Robert-ын дүрд Jon Voight тоглодог бол кинонд Cassavetes өөрөө гол дүрийг бүтээсэн. Киноны дүрслэл Cassavetes-ын бусад бүтээлээс ялгаатай буюу уг кинонд Cassavetes-ын нэрийн хуудас болсон гар дээрх камерийн зураглал байхгүй болно. Мөн киноны ихэнх зураг авалтыг Cassavetes-ын гэрт авчээ. Киноны эх хувилбар 141 минут үргэлжлэх хугацаатайгаар анх нээлтээ хийж байсан ба 1980 оны үед ийм хэмжээтэйгээр кино хуурцагт багтаах бэрхшээлтэй байсан тул түгээгчид 122 минут болтол нь хассан агаад 2014 онд л бүтэн хувилбараараа бидэнд хүрчээ. TSPDT сайт уг киног бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 278-р байрт жагсаасан байхад BBC Америкийн хамгийн шилдэг кинонууд жагсаалтынхаа 63-р байрт эрэмбэлж байв. Японы кино найруулагч Shinji Aoyama уг кино хамгийн аугаа киноны нэг гээд "би Cassavetes-ын тухай бодох болгондоо жаргалтай байдаг. Би энэ кинонд дуртай болсондоо баяртай байдаг, би үхэх хүртлээ энэ мэдрэмжийг мэдэрнэ гэдэгтэй итгэлтэй байна" гэж хэлж байжээ. Cassavetes-ын эрүүл мэндийн асуудлаас болж зарим сцэнийг найруулагч Peter Bogdanovich-ын тусламжтайгаар хийжээ. "Хайр бол урсгал, хайр зогсдоггүй, хайр бол үргэлжлэл" гэсэн харилцан яриа киноны турш хэдэнтээ дурдагддаг билээ.

Comments