Оскар Уайлд "Дориан Грэйн хөрөг"

 




"Дориан Грэйн хөрөг". Ирландын зохиолч, яруу найрагч, жүжгийн зохиолч Оскар Уайлдын философийн роман. Романы богино хувилбар Америкийн сар тутмын Lippincott's Monthly сэтгүүлд 1890 оны 7-р сарын дугаарт бүрэн нийтлэгдэж байжээ. 1891 оны 4-р сард илүү урт хувилбар нь ном болж хэвлэгдсэн ба "Дориан Грэйн хөрөг" бол Уайлдын цорын ганц роман юм. Lippincott's сэтгүүлийн редактор Ж. М. Стоддарт романы үйл явдлыг зүй зохисгүй гэж эмээж, роман хэвлэгдэхээс өмнө таван зуун орчим үгийг Уайлдад мэдэгдэлгүйгээр устгажээ. Хэдийгээр "Дориан Грэйн хөрөг"-д хасалт хийсэн ч гэсэн Их Британий номын шүүмжлэгчдийн ёс суртахууны мэдрэмжийг доромжилсон, зарим тохиолдолд Уайлд олон нийтийн ёс суртахууныг хамгаалсан хуулийг зөрсөн хэмээгдэн яллагдагчаар татагдаж байв. Уайлд Их Британий хэвлэлүүдтэй харилцсан захидалдаа романаа, урлагийн ариун нандин эрхээ хүчтэйгээр хамгаалсан. Тэрээр дараа жил нь номынхоо үйл явдлыг уртасгаж, мөн шинэчлэн хэвлүүлэхдээ хамгийн мөргаантай зарим хэсгүүдэд өөрөө гар хүрчээ. 1891 онд уран бүтээлчийн эрх хийгээд урлаг урлагийнхаа төлөө байдаг гэсэн афоризм өмнөх үгтэй шинэчлэгдсэн, бас уртасгасан "Дориан Грэйн хөрөг" романы хувилбар хэвлэгджээ. Өмнөх үгийн агуулга, хэв маяг хийгээд танилцуулга нь өөрөө дангаараа уран зохиол, уран сайхны тунхаг болж алдаршсан байдаг. 

Уран зохиолын баатрын тухай Оскар Уайлд "Зохиолчийн анхны романы баатар болгон Христ юмуу Фауст байдаг" хэлж байжээ. "Фаустын домог" бүтээл лугаа адилаар "Дориан Грэйн хөрөг" романд гол дүрийн баатар нь юуны өмнө дур хүслээ (мөнхийн гоо үзэсгэлэн) тавьдаг бөгөөд уг хоёр бүтээлийн баатрууд нь үзэсгэлэнтэй бүсгүйг өөртөө дурлуулж, дараа нь бүсгүйн амьдралыг сүйтгэдэг. Романы өмнөх үгтээ Уайлд үлгэрийнхээ цаад санааны талаар "уран зохиолын түүхэнд хуучирсан хэдий ч шинэ хэлбэрт оруулсан санаагаар сэдэвчилэн бүтээлээ" гэжээ. Академич Фаустаас ялгаатай нь жентелмэн Дориан нь чөтгөртэй наймаалцдаггүй ба харин романы эхэн хэсэгт Дорианы цэвэр ариун хийгээд ёс суртахууныг завхруулагч амин хувийн ашгаа бодогч, зугаа цэнгэлийн араас хөөцөлдөгч Лорд Хенритэй биднийг танилцуулна. Лорд Хенри үргэлж өөрийнх нь үйл хөдлөл залуу хүнд хэрхэн нөлөөлж буйг мэдээгүй мэт байдаг; "дур хүслээс татгалзах цорын ганц арга бол түүнд бууж өгөх явдал юм" хэмээн тэрээр Дорианд зөвлөдөг ба цааш нь "үүнийг эсэргүүцвэл таны зүрх сэтгэл хүсэл тачаалаар өвдөнө" гэж хэлдэг. Тиймээс, чөтгөрлөг Лорд Хенри Дорианы цэвэр ариун чанар, өөртөө итгэлгүй байдалд нөлөөлснөөр түүнтэй ариун бус гэрээ байгуулж байна. 

ҮНДСЭН САНАА. Дээр дурдсанчлан романы өмнөх үгийн цуврал эпиграммуудын дагуу урлаг ямар ч зорилгогүй байх ёстой. Энэхүү мэдэгдлийг бүрэн ойлгохын тулд Уайлдын амьдарч байсан цаг үеийн ёс суртахууны уур амьсгал ба Викториан урлаг, ёс суртахууны мэдрэмжийг анхаарч үзэх ёстой. Викторианчууд урлагийг нийгмийн боловсрол ба ёс суртахууны соён гэгээрлийн хэрэгсэл болгож ашиглаж болно гэж үздэг байсан бөгөөд Чарльз Диккенс, Жорж Гиссинг зэрэг зохиолчдын бүтээлд мөн ингэж дүрсэлсэн байдаг ажээ. Уайлдын үндсэн тэргүүлэгч нь байсан Эстетизмын хөдөлгөөн нь урлагийг дээрх хариуцлагаас чөлөөлөхийг эрмэлзэж байв. Эстетикчууд хөрөнгөтний ёс суртахууныг зэвүүцэх сэдэл төрүүлж, "Дориан Грэйн хөрөг" романд Лорд Хенригийн хэлсэн үг бүр дундаж ангийн хөрөнгөтний ёс зүйн тодорхой байдлыг цочирдуулахаар загварчлагдсан юм шиг мэдрэмж төрүүлж, мөн урлаг нь гоо үзэсгэлэнтэй байхаас өөр зорилгогүй байх ёстой гэсэн итгэл үнэмшилтэй байна. Хэрвээ энэ философи Уайлдын амьдралын мэдлэгийг өгч байгаа бол бид түүний цорын ганц роман санаагаа баталж чадах эсэхийг бодох хэрэгтэй юм. Романд давамгайлах хоёр урлагийн бүтээл болох Базилийн зураг болон Лорд Хенригийн Дорианд өгдөг нууцлаг шар ном зэрэг нь гоо зүй гэхээсээ илүү Викториан үеийн мэдрэмжийг агуулна. 

Өөрөөр хэлбэл, хөрөг зураг болон Франц роман хоёулаа нэг зорилгод үйлчилнэ; эхнийх нь, Дорианы бие махбодид тархасан завхайрлын толин тусгал болдог бол хоёрдахь нь, залуу хүнийг гутамшигт зам руу хөтлөн буй газрын зургийн үүрэг гүйцэтгэж байна. Шар номын найруулгийн нөхцлийн талаар бид юу ч мэдэхгүй ч Дорианы хөргийг зурж буй Базилийн ухааны төлөв байдал тодорхой байна. Романы сүүл хэсэгт, тэрээр бүх урлагийг "ухамсаргүй, идеал, алслагдсан" байхыг дэмжиж байна. Түүний Дорианы хөрөг гэхдээ юу ч биш юм. Тиймээс, Базил анх бүтээлээ дэлгэн үзүүлэхээс татгалзаж байгаа нь түүний субьект болсон шүтээн үүнээс нь урвасан гэсэн түүний итгэл үнэмшлээс үүдэлтэй юм. Мэдээжээр, эдгээр эстетикийн философийн зөрчлүүд уг романыг ямар нэгэн анхааруулга маягийн үлгэр гэж үзэж болно; эдгээр нь урлаг бол уран бүтээлч эсхүл ёс суртахууны сургамжийг илчлэгч хэмээн зүтгэхийн төлөөх төлөх ёстой үнэ юм. Гэхдээ энэ анхааруулга өөрөө ёс суртахууны сургамж агаад магадгүй Уайлдын төслийн бүтэшгүй зүйлээс урвасан байж болох. Романы сүүлээр Дорианы ажигласнаар төсөөлөл бол амьдралын эмх замбараагүйг эмхэлж, утга учрыг дүүргэснээр урлаг бол төсөөллийн үр жимсийн хувьд ямар нэгэн юмыг заавал утгатай болгодог ажээ. Уайлд уран бүтээлээ Викториан үеийн ёс суртахууны хязгаарлалтаас ангид байлгаж чадсан байж магадгүй боловч тэр сайхь сургаалийг өөрийнхөөрөө яг тэр хэмжээний хязгаарлалтаар сольсон гэдэг ажээ. Оскар Уайлдын амьдарч байсан үеийн урлагийн философи буюу эстетикийн анхны зарчим бол урлаг гоо үзэсгэлэнг санал болгохоос өөр зорилгогүй ажээ. Романы туршид гоо үзэсгэлэн ноёрходог. 

Энэ нь, Базил зургаараа амиа бодогч Лорд Хенригийн ядарч, сульдсан мэдрэмжийг нь сэргээж буйг харуулж, мөн ертөнцийн харгис хэрцгий байдлаас мултрах арга хэрэгсэл болдог. Дориан хийсэн аймшигт үйлдлүүдээсээ салахын тулд хөгжим, үнэт эдлэл, ховор зүйлсэд өөрийгөө зориулж өөрөөсөө зугтдаг. Гоо үзэсгэлэнг өндрөөр үнэлдэг нийгэмд залуу нас болон бие махбодийг сэтгэл татахуйц үнэтэй бараа гэж үздэг. Лорд Хенри анхныхаа уулзалтынхаа үеэр Дорианы нандин чанаруудыг үзээд удахгүй энэ бүхнээ Дориан алдах болно гэж халагладаг. Романы төгсгөлд гоо үзэсгэлэн, залуу нас хамгийн чухал хэвээр байгаа ч хөрөг зураг, эцсийн эцэст, эх хэлбэрээрээ эргэж ирж байгаа нь үүнд төлөх ёстой үнэ хэтэрхий өндөр байгааг роман харуулдаг ба үнэндээ ч Дориан зүрх сэтгэлээсээ илүү зүйлийг өгдөг билээ. Гоо үзэсгэлэнг бүхнээс дээгүүрт тавьдаг нийгэмд хайр өнгөцхөн байх нь гайхах явдал биш юмаа. Дориан, Лорд Хенри болон тэдний найрсаг зочдын хувьд эр хүн сайхан сэтгэлтэй байхаас илүү царайлаг байх нь чухал ажээ. Дориан нийгмийн дээд ангийн хүмүүс болоод эрдэмтэн нарын төгс холимог хэлбэрийг ойлгож хөгжихийн хэрээр ёс суртахуунаа огт зэмлэлгүй чөлөөтэйгөөр орхихыг мэдэрдэг. Үнэхээр ч, Базилийн сэрэмжлүүлсэнээр нийгмийн элитүүд түүний нэр болоод алдар хүндэд эргэлздэг ч Дориан хэзээ ч гадуурхагддаггүй. 

Эсрэгээрээ, "амьдралын хэв маягаа" үл харгалзан тэрээр "ариун нандин" бөгөөд "цэвэр ариун царайгаараа" Лондонгийн нийгмийн үзэгдлийн гол цөм хэвээр байдаг. Хөрөг зураг болон шар ном Дорианд гүн гүнзгий нөлөө үзүүлж, бараг хорин жил түүний ёс суртахуунгүй амьдралд хүчтэй нөлөөлжээ. Дорианы Базилд нөлөөлж, түүнийг удирдаж буй эрх мэдлийн талаар Лорд Хенри эрэгцүүлэн бодохдоо Дорианыг яг энэ аргаар уруу татахаар шийддэг. Иймэрхүү хүчирхэг нөлөөнд автах гарцаагүй, гэвч роман эцэстээ нэг нь өөрийгөө бусдын төлөө золиослохыг хориглосон. Базилийн Дорианыг шүтэх байдал өөрийг нь үхэлд хүргэдэг бол Дорианы Лорд Хенригийн зугаа цэнгэл хөөцөлдөгч хүсэл болоод шар номыг дагах нь Дорианыг сүйрэлд хүргэж байна. Индивидуализм ба өөртөө тууштай илэрхийлэхийг роман үнэлээд өөрийгөө урлагт зориулсан юмуу бусдын төлөө байх нь хувь хүнийг хөнөөхөд хүргэдэг ажээ. 

МОТИФ. Дориан Грэйний зураг нь түүний их юм үзэж туулсан нас, мөн түүний бие махбодийн нүглийг харуулсан "хамгийн шидэт толин тусгал" болдог. Хэсэг хугацаанд Дориан ухамсарт чанараа хойш тавиад зөвхөн таашаал авах гэсэн ганцхан зорилгын дагуу амьдардаг. Гэвч түүнийг зурсан зургийг түүний ухамсар гэж үздэг ба гэмт хэргийнх нь талаарх мэдлэгийг эзэмшдэг; Сибил Вэйнд үзүүлсэн харгислал, Басилийг алахад асгарсан цус тэнд харагддаг. Эрчүүдийн хомоэротик холбоо романы бүтэцэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Басилийн зураг нь түүний Дорианы гоо үзэсгэлэнг бишрэн шүтэхээс хамаардаг; үүнтэй адилаар, Лорд Хенри  Дорианыг уруу татан нэгэн төрлийн биелсэн хэлбэрт оруулах хүсэлдээ автдаг. Эрчүүдийн энэхүү нөхөрлөл Уайлдын илүү том гоо зүйн үнэт зүйлстэй нийцдэг тул залуу нас, гоо үзэсгэлэнг үнэлэх нь зөвхөн соёлын үндэс суурь төдийгүй мөн эрчүүдийн бие махбодийн харилцаа гэж илэрхийлдэг эртний цаг үе рүү түүнийг буцааж байна. Тэвчишгүй нийгэмд амьдардаг ижил хүйстнүүдийн хувьд Уайлд өөрийнхөө амьдралын хэв маягийг зөвтгөх зорилгоор энэхүү философийг хэсэгчлэн нотолжээ. Уайлдын хувьд, ижил хүйстэнтэйгээ бэлгийн харилцаанд орох нь бузар муухай явдал биш харин сайжруулсан соёлын шинж тэмдэг ажээ. 

Тэрээр эр хүнтэй "ёс бус харилцаанд" орсон хэргээр шүүх хуралд орж байхдаа үүнийгээ нэлээд романтик байдлаар мэдэгдэж байсан шиг хөгшин ба залуу эрчүүдийн хоорондох хайр сэтгэлийн асуудал нь Платон, Микеланжело, Шекспир нарын уламжлалд нийцдэг. Сонирхолтой нь, Дорианы цэвэр ариун дүрээс уруудан доройтсон дүр хүртэлх замыг Уайлд цагаан өнгө ашиглан тодорхойлжээ. Цагаан өнгө нь ихэвчлэн Дорианыг анх танилцуулж байх үеийнх шиг цэвэр ариун, цагаан цаас шиг чанарыг илэрхийлдэг. Чухамдаа, Дорианы залуу насны "цэвэр цагаан " байдлыг Лорд Хенри сэтгэл татам гэж үздэг. Дорианыг цэвэр ариун чанараа золиослосныг мэдсэн Базил баларч сүйрсэн хөрөг зураг руу аймшигтай ширтэж байхдаа цагаан өнгөний тухай  Библээс ийнхүү  иш татдаг "та нарын нүгэл цас улаан ч гэсэн би цас шиг цагаан болгоно". Гэвч Дорианы цэвэр ариун байсан өдрүүд дууссан бөгөөд тэр цэцэг захиалахдаа аль болох цөөн цагаан цэцэг шаарддаг билээ.

 СИМБОЛ. Лондоны алслагдсан, эзгүй хэсэгт байрлах хар тамхины нууц үүр Дорианы бузартсан оюун ухааныг илтгэх бөгөөд тэрээр чухал үед тэрээр тийшээ зугтдаг. Базилийг алсныхаа дараа Дориан аймшигт гэмт хэргээ мартахын тулд мансуурч, улмаар ухаанаа алддаг. Хэдий тэрээр гэртээ мансуурах хар тамхитай боловч аюулгүй үүрээ орхиод зүрх сэтгэлийнхээ ялзралыг харуулсан харанхуй нуувч руу аялдаг. Жэймс Вэйн бол Дорианы тарчилсан ухааны бэлгэдлээс үнэн байх магадлал багатай дүр юм. Сибилийн ахын хувьд тэрээр өшөө авагч гэхэд сонирхолгүй тохуурхам дүр ажээ. Гэсэн хэдий ч Уайлд уг дүрийг романдаа зайлшгүй шаардлагатай гэж үзсэн ба 1891 оны романыхаа шинэчилсэн хувилбарт уг дүрийг нэмж оруулжээ. Усан онгоцны зогсоол дээр, дараа нь Дорианы эдлэн газарт гарч ирэхдээ Жэймс Вэйн бараг л хий үзэгдэл шиг шинжтэй байдаг.

 Чарльз Диккенсийн "Зул сарын Керол" бүтээлд гардаг Жекоб Марлигийн хий үзэгдэл Скрүүж-д тулгарах нүглийг сэрэмжлүүлдэг шиг цагаан алчуур шиг царайтай Жэймс Вэйн гарч ирээд Дорианы үйлдсэн гэмт хэргийн хариуцлагыг хүлээлгэхээр довтолно. Лорд Хенри Дорианд шар ном бэлэг болгон өгдөг; тэрээр номын нэрийг огт хэлдэггүй ч Уайлд энэ номыг дур таашаалын араас хөөцөлдөгч гол дүрийнхээ мэдрэмж сэтгэлийг харуулсан Франц роман гэж дүрсэлдэг. Дориан сайхь номын арав гаруй хувийг худалдаж авдаг бөгөөд амьдралаа, үйл ажиллагаагаа тус ном дээрээс үндэслэж байгаа нь түүний хувьд ариун судар нь болж байна. Энэхүү ном нь урлаг хувь хүнд үзүүлэх гүнзгий бөгөөд хортой нөлөөг илэрхийлж, мөн өөрсдийгөө ийм нөлөөнд бүрэн бууж өгүүлэх гэж буй хүмүүст сэрэмжлүүлэг болж байна.



Comments