Тамд орших хайр

 


Wild at Heart (1990) . Elvis Presley-г (Nicolas Cage) санагдуулам төрх байдалтай Sailor, түүний найз охин болох Marilyn Monroe (Laura Dern) шиг дур булаам хэв маягтай Lula нарыг Lula-ын ээж Marietta барьж авхуулахаар найз залуу Johnnie-г араас нь явуулна. Юуны учир, яав ийв гэвэл Sailor хүн амины хэргээр (аргагүй эрхэнд биеэ хамгаалсан гэж үзээд тэнсэнтэй байгаа) шоронгоос саяхан гарч ирүүтээ Marietta-ын ганц охиныг аваад зугтаасан буюу эх хүн болсон хойно охиноо алуурчны савраас салгах гэж хүн явуулаад зогсохгүй угийн гэмт хэрэгтнүүдтэй сүлбээтэй Marietta мафийн толгойлогч Santos-д нууцаар охиныг нь олж өгөхийг гуйна. Энэ Marietta гэгч өөрөө Sailor-д санаатай байгаад өөрийг нь биш охиныг нь сонгосонд өширхөн ийнхүү авирлаж байгаа нь киног үзэгч хэн бүхэнд тодорхой буй. Sailor Lula хоёр буудлаас буудал дамжин гал халуун секс хийж, шөнө нь рок хамтлагийн тоглолтууд үзэж баясна. Тэнсэнтэй Sailor хууль зөрчин California-г Lula-ын хамт орхин гарч, Marietta-ын бохир бүхнээс зугтаж бас шинэ амьдрал эрэлхийлэн Texas руу хөлгийн жолоо барина. Ерөөсөө барьж чадахгүй байгаадаа Marietta бараг л галзуурна. Sailor Lula хоёр замдаа нэгэн осолтой таарна, машины осолд орсон бүх хүн үхсэн байх бөгөөд Lula үүнийг муу ёрын дохио гэж үзнэ. Тэд мөнгөгүй болж байсан учир Sailor эртний найз, гэмт хэргийн ертөнцөд зартай Perdita гэгч хүүхэн дээр очих ба Perdita Lula-ын ээж юу хүсэж байгааг нууцхан мэдэж байв. Sailor гангстер Peru гэгчтэй танилцан хамтран дэлгүүр ухахаар болно. Нэг өдөр Sailor-г эзгүйд Peru тэдний буусан буудалд хүрч ирээд Lula-г бараг л "хүчиндэнэ", энэ явдал хүүхэнд багадаа хүчиндүүлж байсан сэтгэлийн шархыг нь дахин сэдрээж шаналалд автуулна. Lula энэ үед Sailor-оос хүүхэд олоод байлаа. Дэлгүүр дээрэмдэх нь бүтэлгүйтэнэ; яг дээрмийн үеэр Peru Sailor-г алахыг завдах буюу тэрээр аль хэдийн Sailor-г алах тушаалтай байжээ. Гэвч Peru санасандаа хүрэхгүй, учир нь түүнийг амжиж цагдаа нар ална. Ингээд Sailor 6 жилийг шоронд өнгөрүүлэх ёстой болж, Lula гэртээ, ээж дээрээ очно. 6 жил өнгөрчээ. Lula Sailor-ын хүүхдийг төрүүлсэн байх бөгөөд энэ удаа ээжийгээ эсэргүүцэх, номхотгох эрх мэдэлтэй болсон байлаа. Marietta ямар хөөрхийлөлтэй байдалд үлдсэнийг асуух хэрэггүй, харин Sailor-г эхнэр хүүхэд нь шоронгоос тосохоор явж байлаа.
 Та Elvis Presley-ын дуунуудыг The Wizard of Oz кинотой, мөн road movie жанрыг нэмж холиод, тэгснээ энэ тэр зуурмагийг David Lynch өөрийнхөөрөө бүтээн босгож байна гэж төсөөлвөл ерөөсөө там доторх эротик хайрын түүх л санаанд чинь буух болов уу. Бараан, романтик, комеди болон гэмт хэргийн жанрын уг киног David Lynch Barry Gifford-ын ижил нэрт романыг кино зохиол болгоод найруулан бүтээжээ. Киноны гол дүрүүдэд Nicolas Cage, Laura Dern, Diane Ladd, Willem Dafoe, Harry Dean Stanton болон Isabella Rossellini нар тоглосон. 1989 оны зун Италийн нэрт продюсер Dino De Laurentiis-ын кино компани дампуурсанаар David Lynch-ын хоёр ч төсөл хүнд байдалд оржээ. Аз болж Propaganda Films түүнд 1940-өөд оны нуар жанрын суурьтай шинэчилсэн кино бүтээх ажил өгөв. Энэ үеэр Lynch-ын найз, продюсер Monty Montgomery зохиолч Barry Gifford-оос ямар бүтээл дээр ажиллаж байгаагийн асуужээ; Gifford "Wild at Heart гэх зохиол дээр ажиллаж байгаа, гэхдээ хоёр бүлэг дутуу байгаагаа хэлжээ. Montgomery зохиолыг гуйж уншаад хоёр хоногийн дараа кино болгох хүсэлтэй байгаагаа Gifford-д хэлжээ. Montgomery зохиолыг Lynch-д өгч уншуулаад кино болговол түүнээс продюсерээр ажиллахыг хүсчээ, харин Lynch-д зохиол маш их таалагдсан тул шууд л би үүнийг кино болгоё гэж хэлсэн агаад Montgomery Lynch-г ийм юм сонирхохгүй гэж бодож байсан учир тун гайхсан гэдэг. "Энэ бол зөв цагтаа, зөв үед гарч ирсэн зохиол байсан" гэж дурсдаг. Америкт байдаг хүчирхийлэл болон маш олон юмс энэ номонд байдаг нь миний боддогтой таарч байсан гэж Lynch хэлээд цааш нь тамд орших хайрыг хайж байгаа буюу орчин үеийн хүчирхийллийн ертөнцөд орших жинхэнэ романтик хайрыг дүрслэхийг хүссэн гэжээ. Мөн ингэхдээ зүүд болон айдсыг ихээхэн хэмжээгээр оруулж, үнэн кино хийхийг хүссэн гэдэг. Кино компани Lynch-д киногоо бэлэн болгоход маш богино хугацаа өгсөн байдаг ба Lynch кино зохиол дээрээ Cage, Dern хоёрын оролцоог багагүй авсан байдаг. Lynch-ын анхны кино зохиолын хувилбар аз жаргалгүй, сэтгэл унагамаар байсан буюу кино багийнханд огт таалагдаагүй ажээ. Lynch Gifford-ын роман дахь хосууд сайны төлөө салж байгааг таашаагаагүй бөгөөд Lynch-ынхээр хоёр хүн бие биедээ хайртай байхад салж байгаа нь бодит биш, хэдий энэ нь зэвүүн харагдаж болох ч огт тийм биш гэж хэлсэн буй. 

Найруулагч маань тухайн үед  The Wizard of Oz кинонд автаад байсан нь уг кинонд нь хүчтэй нөлөөлсөн бөгөөд энэ бол аймшигтай хатуу ертөнц байсан, энд Sailor-г эсэргүү байх ямар нэг зүйл байдаг, гэвч The Wizard of Oz-ын мөрөөдөлд эсэргүү байх нь нэг төрлийн үзэсгэлэнтэй хэрэг юм гэж тэрээр хэлж байжээ. Кино компанийн удирдлагад эх кино зохиол таалагдаагүй учраас өөрчлөхийг шаардсан агаад Lynch өөрчлөлтөндөө кино нь хэтэрхий арилжааны болчихлоо гэж санаа зовж байжээ. Lynch кинондоо хэд хэдэн дүр шинээр нэмсэн байдаг. Бэлтгэлийн үеэр Lynch Elvis Presley ба Marilyn Monroe нарын тухай Cage Dern хоёртой маш их ярилцдаг байсан ба Lynch Elvis Presley-ын дуунуудыг байнга сонсож, нэг үдэш Cage руу залгаад чи кинон дээр заавал Elvis Presley-ын хоёр ч дууг дуулах ёстой гэж хэлэхэд Cage ч зөвшөөрсөнөөр кинон дээр Cage үнэхээр өөрөө дуулжээ. Мөн Cage кинон дээрээ могойны арьсан хүрэм өмсөж болох уу гэж найруулагчаасаа асуухад Lynch үүнийг нь кино зохиолдоо багтаажээ. Тэгвэл киноны зураг авалт эхлэхээс өмнө дүрүүдийнхэн харилцааг холбохын төлөө Dern Cage-тэй хамт амралтын өдрийг Las Vegas-д өнгөрүүлээд ирье гэсэн саналыг гаргаж байсан агаад "би сексий, зэрлэг, мөрөөдөмтгий, байнга бохь зажилсан, Marilyn Monroe маягийн эмэгтэйлэг дүр бол Cage-ынх Elvis Presley маягийн, түргэн ууртай, харгис, эршүүд талын дүр ба бид дүрүүдээ нэгтэх ёстой байсан" гэж Dern хэлж байжээ. Кинонд Sailor Lula хоёрын секс хийж байгаа сцэн олон ч үнэндээ өөр олон, тэгэхдээ бүр илэн далангүй хэсгүүд байсныг устгасан байдаг ажээ. Lynch-ын хэлснээр киноны сэдэв нь тамаас хайрыг олох ба хар бараан, инээдтэй, эротик гэсэн олон санааны эмхэтгэл түүний ухаанд аяндаа л бий болжээ. Хүчирхийлэлд өртөмтгий хүмүүс аз жаргал хайж байгаа тухай кино гэж шүүмжлэгчид уг кино үзэх тохиолдол бий ч Lynch өөрөө киноныхоо төгсгөлийг "аз жаргалтай" гэж хэлдэг. Киноны туршилтын үзвэр сайн байсангүй, хэтэрхий хүчирхийллээс нь болж 80 орчим хүн танхимыг орхиж гарсан байдаг агаад нэн ялангуяа Johnnie-г тамлаж алдаг хэсэг дээр үзэгчид тэсэлгүй гарч байжээ. Lynch чухам тэр хэсэг л киног нь үгүй хийнэ гэж мэдэж байсан ч киноныхоо тэр хэсэгт бараг гар хүрээгүй юм. Кино тэр жилийнхээ Канны кино наадмын тэргүүн шагнал хүртэж асар их маргаан дагуулсан байдаг. Судлаач шүүмжлэгчид хоёр талдаа гаран ёстой алалцаж өгсөн ч Cage Dern хоёрын тоглолтыг бүгдээрээ үнэлсэн байдаг ба ёс суртахууны ялзрал, муу санаа хийгээд үймээн самууны нэгдсэн бүтээл гэж дүгнэж байлаа. Rolling stone сэтгүүл уг киног хамгийн шилдэгийн жагсаалтынхаа 53-р байрт эрэмбэлсэн бол TSPDT сайт уг киног бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 787-р байрт жагсаажээ. Сонирхуулахад, уг кино нь Marilyn Manson-ын хамгийн дуртай романтик кино ажээ.

Comments