Өөр хайр

 


I Killed My Mother (2009) . Кино 16 настай Hubert Minel гэгч өсвөр насны залуугийн хар-цагаан монологоор эхлэх (киноны дундуур хар-цагаан монологтой үзэгдэл хэд хэд гарна) бөгөөд Hubert ээждээ хичнээн хайртайгаа хийгээд түүний хүү байх нь тэвчихийн аргагүй хэцүү болохыг тайлбарлаж, мөн тэрээр бага байхад ээжтэйгээ илүү сайн харилцаатай байж гэдгээ илчилдэг. Канадын Montreal мужийн Quebecois-д Hubert ганц бие ээж Chantale-ын хамт амьдарна. Хөвгүүний эцэг Richard түүнийг багад нь орхиж явсан агаад Hubert эцэгтэйгээ уулзахыг хүсэвч уулзах нь нэн ховор. Эцэггүй өссөн нь түүний ээжтэйгээ байнга хэрэлдэж муудалцахын нэг шалтгаан болдог бөгөөд Hubert ээжийгээ муухай ааштай, хүн ойлгодоггүй, өөрийнхөөрөө зүтгэгч гэж үзэхийн сацуу үүнээс нь болж ээж нь одоо хүртэл ганцаараа байгаа гэж бас бодно.

Нэг өглөө Hubert-г ээж нь машинаараа сургуульд нь хүргэж өгч байхдаа нүүрээ будсанаас болж тэдний дунд ээлжит нэгэн хэрүүл болно. Chantale уурлаад хүүгээ алхаад яв хэмээн машинаасаа хөөчихнө. Сургуульдаа уур нь гараагүй ирсэн Hubert багшдаа ээж нь үхчихсэн гэж хэлчихнэ. Мэдээжээр, багш нь удалгүй түүний худлаа хэлснийг олж мэдэх бөгөөд чи ээжийгээ алжээ гэж хэлэхэд Hubert "би ээжийгээ хөнөөсөн" гэсэн гарчигтай эссэ бичих сэдэл төрнө. Hubert-ын багш бол залуухан бас аятайхан хүүхэн ба Hubert багштайгаа сайн найзууд, хааяа уулзаж сэтгэлээ хуваалцдаг болохыг дашрамд дурдах байна. Удалгүй бид Hubert-г Antonin гэдэг найз залуутай буюу түүнийг ижил хүйстнээ сонирхогч болохыг олж мэднэ. Hubert ижил хүйстэн гэдгээ ээждээ хэлээгүй, Chantale энэ талаар Antonin-ын ээжээс олж мэднэ, хамгийн гомдмоор нь Antonin-ын ээж Chantale-аас өмнө аль хэдийнээ мэддэг байсан байв. Chantale хүүгээ байгаагаар нь хүлээж авах ч өөрөөс нь энэ тухай сонсоогүйдээ гомдож, сэтгэлээ ч илэрхийлнэ. 

Тэд дахиад л хэрэлдэнэ, хэрүүл болгон чанга дуутай, хурц хэлбэрээр өрнөнө. Энэ нь үзэхэд түвэгтэй бас бодитой. Hubert тусдаа гарахыг хүсч, хүслээ ээждээ хэлнэ. Ээж нь санааг нь дэмжих ч маргааш нь санаагаа өөрчлөн, чи дэндүү балчир байна гэдгээр татгалзана. Тэдний харилцаа хурцдмал болж, улмаар Hubert багшийндаа түр амьдрах болно, ингэхдээ багшийнхаа найз залуу юм шиг дүр эсгэнэ. Нэг өдөр Richard хүүгээ гэртээ урьж хамт кино үзэнгээ оройн хоол идье гэнэ. Hubert яаж баярласныг асуух хэрэггүй. Hubert-г давхиад очтол тэнд аав нь бас ээж нь байж байлаа. Энэ зохион байгуулалттай уулзат байсан буюу Richard Chantale хоёр хүүгээ дотуур байртай католик шашны сургуульд сургахаар болсноо мэдэгдэнэ. Hubert галзуурах шахах агаад амьдралд нь бараг байдаггүй, тэгсэнээ нэг орж ирэнгүүтээ амьдралыг нь шийдэж байна гэсээр Hubert галзуутай хилэгнэнэ. 

Дотуур байртай сургуульд ороод Hubert Eric гэх залуутай дотносох болно. Eric түүнийг шөнийн цэнгээний газруудаар авч орохоос гадна хар тамхи татуулна. Мансуурсан Hubert метрогоор гэртээ хариад унтаж байсан ээжийгээ сэрээгээд ээжийгээ энхрийлэн хайрладагаа, сайхан ярилцмаар байгаагаа сэтгэл хөдлөлтэйгөөр хэлнэ. Маргааш өглөө нь, Hubert Antonin-ын ээжийн ажлын газарт очоод Antonin-той хамт хана будна, энэ үеэр тэд хүсэл таачаалтайгаар секс хийдэг. Hubert гэртээ буцаж ирээд ээжтэйгээ дахиад л хэрэлдэж, юм хумаа эвдэлж сүйдэлж байгаад маргааш нь католик сургуульдаа явна. Тэрээр сургуульдаа буцаж очоод сургуулийнхаа хоёр залууд зодуулна. Antonin түүнийг ирж авах бөгөөд тэд аялалд гарахаар болно. Замдаа Antonin түүнийг амиа бодсон, зөвхөн өөрийгөө л хайрладаг гэж хэлээд дараа нь би чамд хайртай гэж хэлдэг. Hubert ээждээ "өөрийнхөө эзэнт гүрэн" рүү явлаа гэсэн зурвас үлдээсэн байна. Сургуулийн захирал Chantale руу залгаад хүү чинь алга болчихлоо, ээж нь юм бол хүүгээ харж ханд гэх мэтээр лекц уншихад Chantale ганц бие ээж байхыг хэцүүг хэлээд, мөн хүүгээ яаж өсгөхөө чамаар заалгуулахгүй гэхчлэн утасны цаанаас хуурай агсам тавьчихаад хүүгийнхээ араас явна. Chantale хүүгийнхээ хэлсэн "эзэнт гүрэн" гэх юу болоод хаана байдгийг сайн мэдэх буюу энэ бол Hubert-ын эцэг эх нь салаагүй байхдаа 3лаа хамт байдаг байсан зуслангийн байшин ажээ. Chantale-г яваад очиход Hubert Antonin хоёр тэнд байж байлаа. Hubert далайн эрэг дээр сууж байх агаад Chantale хүүгийнхээ дэргэд очиж сууна. 

Канадын кино найруулагч, жүжигчин Xavier Dolan-ын кино зохиолыг нь бичиж бас найруулсан хагас намтарчилсан драм жанрын энэхүү бүтээл нь Dolan-ын анхны бүрэн хэмжээний кино юм. Тэрээр өөрөө киноныхоо гол дүрд тоглосон бөгөөд кино Канны наадмын найруулагчийн хоёр долоо хоног үзвэрээс 3 шагнал хүртэж, үзвэрийн дараа үзэгчид босон алга ташин хүндэтгэл үзүүлсэн байдаг ажээ. Dolan кино зохиолоо 16 настайдаа бичжээ. Тэрээр эхлээд киногоо өөрөө санхүүжүүлж байсан ч илүү их мөнгө босгох хэрэгтэй болсон учир Telefilm болон SODEC хоёрт хандсан тус газрууд нь янз бүрийн шалтгаанаар татгалзжээ. SODEC төсөл сайн болсон байна гэсэн ч арилжааны хэлтэст илгээсэн байна гэж татгалзсанаар Dolan-д "инди" хэлтэст илгээх урам зориг өгсөнөөр кино төсөл дэмжигджээ. Канадын кино шүүмжлэгчид "энэ бүтээлийг ер бусын болгож байгаа зүйл бол гүн гүнзгий мэдрэмж бөгөөд Dolan 19 хөн настай байж ингэж жүжиглэж, ийм кино бүтээсэн нь гайхалтай" гэж байв. 

The Hollywood reporter "авъяаслаг эхлэгчийн тэгш бус хэдий ч хөгжилтэй бөгөөд зоригтой өсвөр настны комеди" хэмээжээ. Энэ кино бол ээж хүүгийн харилцааг хамгийн бодитой бас ойроос харуулсан дэлгэцийн шилдэг киноны нэг гэж дүгнэж байна. Орчин үеийн ээж хүүгийн харилцааны түвэгтэй асуудлууд, энэ харилцааны онцлог хийгээд аз жаргал, хайрыг 19 настан зурагласан нь илүү мэдрэмжтэй, илүү үнэн болгож байна. Ээжийн хайр магадгүй байж болох хамгийн "төгс", хариу нэхээгүй хайр хэдий ч хайр л болсон хойно нүх сүв байх агаад энэ нүх сүв үргэлж байсан,  байсаар ч байгаа, байх ч болно гэдгийг энэ кино харуулна. Бүх ээжүүд хүүхдүүдтэйгээ янз бүрийн асуудалтайг энэ кино бас л нэг жишээгээр үзүүлсэн ба ээжүүд хүүхдүүдтэйгээ хэрэлдэж муудалцсан ч тэдний хайр өөрчлөгдөхгүй, энэ хайр бол өөр буюу "эх" хайр болохыг батласан кино. Аавууд, ээжүүд, хүүхдүүд үзэх ёстой кино.

Comments

  1. This comment has been removed by a blog administrator.

    ReplyDelete

Post a Comment