Хайч, Чулуу, Даавуу

 


If.... (1968). Их Британий кино найруулагч Lindsay Anderson-ын Английн нийтийн сургуулийн амьдралыг элэглэсэн уг бүтээлд хэсэг бүлэг оюутнууд хөвгүүдийн дотуур байрныхаа сургуульд бослого гаргаж байгаа тухай өгүүлнэ. Кино нээлтээ хийсэн даруй сэдэв, агуулгаасаа болж маргаан дагуулж байсан бөгөөд хүчирхийллийг дүрсэлсэн гэдгээрээ X гэрчилгээ авч байжээ. Эл бүтээл 1969 оны Канны кино наадмын дээд шагнал буюу Palma d'Or-г хүртсэн бол 1999 онд Их Британий кино хүрээлэнгээс 20-р  зууны Их Британий хамгийн шилдэг кино жагсаалтынхаа 12-р байрт нэрлэж байв. 2017 онд Total Film сэтгүүл Их Британий хамгийн шилдэг 16 дахь киногоор, Time Out сэтгүүл мөн дээрхтэй адил жагсаалтдаа 9-р байрт тус бүр эрэмбэлсэн ба бараан хошигнолтой, өдөөн хатгасан, хөнөөлт уг киног уламжлалт соёлыг эсрэгүүцсэн Их Британий кино урлагийн хамгийн чухал бүтээл гэж үзэн, TSPDT сайт уг киног бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 395-р байрт жагсаажээ. Киноны гол дүрүүдэд; Malcolm McDowell (түүний анхны кино), Richard Warwick, Christine Noonan, David Wood болон Robert Swann нар тогложээ.

Кино маань 1960-аад оны уламжлалт Их Британий хөвгүүдийн сурдаг нийтийн дотуур байртай сургуулийн шинэ жилдээ төгсөх ангийн сурагч Mick Travis нүүрээ халхласан байдалтайгаар ирж буйгаар эхэлнэ. Mick-ын энэ байдал шууд л түүний эсэргүү бөгөөд тэрслүү нэгэн болохыг илтгэнэ. Mick, Wallace болон Knightly нар бол тэрслүү, сургуулийн дүрэм журмыг үл сахигчил гэдгээрээ ангийн дарга нар болох "Ташуурчид" хочтой сургуулийн эрх мэдэлтнүүдийн "ивээлд" байдаг "дээд ангийнхныхаа" хараанд өртөнө. "Ташуурчид" бага ангийнхныг зарцлах буюу бид киноны эхэн хэсгээс сургуулийн уламжлал болон багш нар, дотуур байрны эрхлэгчид ямаршуу эрх мэдэлтэй байж бусад сурагчдаа дураараа шийтгэж, хатуу гараар барьдаг болохыг харуулна. Нэг өдөр Mick болон Knightly хоёр мотоцикл хулгайлаад сургуулиасаа оргох бөгөөд тэд нэгэн кафед очиж нэргүй хөөрхөн охинтой танилцана. Mick нэргүй охинтой нүцгэн бөх барилдаж байна гэж төсөөлнө (бодит ч байж магадгүй). Бусад сурагчид сурж байхад Mick, Knightly, Wallace нар өрөөндөө архи уунгаа ганц хүн зөв газраа байж чадвал бууны сумаар ертөнцийг өөрчилж чадах эсэх талаар ярилцаж байлаа. Цэргийн ангитай хамтран хийсэн хээрийн сургуулилтын үеэр манай тэрслүү гурав бусад сурагчидаа, багш нараа үхтэл нь айлгах агаад энэ үеэр Mick хэдэн сум хадгалж амжина. 

Сургуулийн шинэ жилийн эхний өдрөөс л багш нарын анхаарлыг зэвүүнээр татах болсон манай "шадар гурван цэргийг" шийтгэх цаг мөч ирэх бөгөөд тэднийг сургуулийн танхимд бусад сурагчдын өмнө ташуурдахаар болно. Ингээд Wallace, Knightly хоёрыг зохих ёсоор нь шийтгэх бол Mick-г давуулан шийтгэнэ, учир нь тэр ахлагч нь билээ. Сюрреалист үзэгдэл дээр "шадар гурван цэрэг" маань гар бөмбөг, автомат буу зэрэг зэвсгийг сургуулийн ойролцоох бунхнаас олж байгаа гарна. Ийнхүү тэд олсон зэвсгээрээ бослого гаргахаар шийдэхэд, кафены нэргүй охин тэдэнтэй нэгдэнэ. Үүсгэн байгуулагчдын өдөр бол сургуулийн хамгийн чухал өдөр буюу энэ арга хэмжээнд сургуультай холбоотой хүн бүхэн ирэхийн дотор сурагчдын эцэг эрчүүд ч мөн ирнэ. Сургуулийн танхимд бүгд цуглан эрх мэдэлтнүүд ээлжээр сүрлэг яриа өрнүүлж байхад гэнэт хаанаас ч юм утаа олгоидон гарч хүмүүс тэсэхүйеэ бэрх болсноор сургуулийн хаалгаар жихэлдэн, шамбааралдан гарч эхлэх үед Mick бусад нөхдийн хамт дээвэр дээрээс автомат буугаар тухтайхан шүршиж эхэллээ. 

Ерөнхийдөө, Anderson дотуур байранд гарч байгаа бослогоор Их Британий нийгмийн анархи үзэгдлийг зоригтойгоор дүрсэлжээ. Хайхрамжгүй Mick Travis сургуулийн нөхдийн хамтаар эрх мэдэлтнүүдийг алхам тутамдаа эсэргүүцсэн харгислагч баатар юм. Хар-цагаан ба өнгөтэй зураглалууд нь киноны бодит байдал, фантааз хоёрыг хольж, үнэхээр ингэж хэлээд  байна уу, Mick-ын фантааз уу гэдгийг ялгахад ярвигтай болгоно. Эл бүтээл бол кино урлагт тохиосон хамгийн мартагдашгүй бослого, тэрслүү хашгирааны нэг юм. Кино зохиолыг David Sherwin найз John Howlett-ын хамт бичсэн бөгөөд тэд Seth Holt-р найруулуулахыг хүссэн ч Holt найруулж чадахгүй, гэхдээ киног бүтээхэд нь туслахаар болжээ. Sherwin киноныхоо зохиолд Tonbridge сургуульд сурж байсан хувийн туршлагаасаа ихээхэн оруулжээ. Ингээд Sherwin өөрийнхөө дуртай кино найруулагч Nicholas Ray-д хандахад эхэндээ Ray дуртай хүлээж авсан боловч гэнэт мэдрэлийн асуудалтай болсноор төслөөс гарч, оронд нь Lindsay Anderson найруулагчийн суудалд заларчээ. Киноны зураг авалтын эхэн хэсгийг Anderson-ын сурсан Cheltenham коллеж авч байгаад үлдсэн хэсгийг нь Aldenham сургуулийг ашиглажээ. Шийтгэлийн хэсэгт зориулж зассан газар байсан ч тэр хэсгийг Aldenham сургуулийн сургалтын өрөөнд авчээ.

 Мөн зураг авалтад зориулж сургуулийн өрөөнүүдийг засаж тохижуулж байсны дотор усанд ордог хэсэг болон жорлон нь үнэндээ сургуулийн хувцасны өрөө байжээ. Хоолны танхим дахь зураг бол Aldenham сургуулийг үүсгэгч Richard Platt гэгчийнх ба танхимын хэсгийг Aldenham болон Cheltenham сургуулиудын танхимыг нэгтгэн зураглажээ. Сургуулийн гадаах болон төгсгөлийн дээвэр дээрх хэсгийг Cheltenham коллежид авчээ. Харин мотоциклийн дэлгүүрийг Wimbledon дахь Broadway мотоциклийн компанид авчээ. Кино хар-цагаан зураглалыг хроникал хэсгүүд дээрээ ашигладаг; бунхантай хэсгийг гэрэлтүүлэхэд маш их хугацаа орох байсан тул хар-цагаанаар хийжээ, энэхүү хроникал хэсгийг хар-цагаанаар хийх нь Anderson-д таалагдсан буюу ингэж хийснээр киноных нь бүтцийг сайжруулна гэж бодсон ажээ. Anderson хүүхэд байхдаа үздэг байсан гангстер кинонуудынх нь хар-цагаан байснаа өнгөтэй болдог түүний сэтгэлийг хөдөлгөдөг байсан нь энд нөлөөлсөн гэж үздэг. Хатагтай Kemp-ын сургууль дотор нүцгэн явдаг хар-цагаан хэсгийг Их Британий кино цензурын зөвлөлөөс шүршүүр дэх эр билэг эрхтэнтэй хэсгийг хассан тохиолдолд зөвшөөрнө гэсэн нөхцөл тавьснаар кинонд багтжээ. 

Киноны сюрреалист хэсгийг Францын кино найруулагч Jean Vigo-ын классик болох Zero de conduite (1933) кинотой харьцуулдаг бөгөөд Anderson уг бүтээл өөрт нь нөлөөлснийг хүлээн зөвшөөрч, кино зохиолчидтойгоо хамтран Vigo-ын бүтээлийн өнгө төрхийг кинондоо шингээж өгчээ. Жүжигчин Malcolm McDowell энэхүү киноны жүжиглэлтээрээ найруулагч Stanley Kubrick-ын анхаарлыг татаж, алдарт A Clockwork Orange кинонд тоглох эрхтэй болжээ. Тэрээр Mick Travis-ын дүрийн онцлогоо Alexander DeLarge дүрдээ тодорхой хэмжээгээр уусгаж өгсөн гэдэг ба анх яах учраа олохгүй байхад нь Anderson үнэтэй зөвлөгөөнүүд өгч байжээ. Эл бүтээл нь O Lucky Man! (1973), Britannia Hospital (1982) кинонуудын хамтаар "Mick Travis"-ын трилогийг бүрдүүлдэг; гэвч сүүлд гарсан хоёр кино эх хувилбарын үргэлжлэл гэж үзэх боломжгүй, мөн эх хувилбарынхаа хаана ч хүрдэггүй гэдэг. Anderson үхэхээсээ өмнө киноныхоо жинхэнэ үргэлжлэлийг бичиж байсан ч энэ нь хэзээ ч кино болоогүй билээ. Mick нэргүй охин хоёрын кафе дотор нүцгэн барилддаг хэсгийн санааг McDowell гаргасан бөгөөд тухайн үед тэрээр хамтран тоглогч бүсгүйдээ дурлачихаад байжээ. Бэлтгэлийн зааланд ташуурдаж шийтгэдэг хэсгийг ямар ч урьдчилсан бэлтгэлгүй авчээ.

Comments