Тоо юу, Сүлд үү?

 


Only Angels Have Wings (1939).  Төв америкийн Barranca хэмээх хот (зохиомол) үргэлжийн мананд хучигдаастай, ихэнхдээ бороо, шуургатай байдаг. Уг хот өндөр уулархаг газарт орших ба Андын уулсыг даван агаарын шуудан хийх нисэх онгоцны нэгэн компанийг Dutchy гэх хөгшин эр эрхлэн явуулах бол компаний менежерээр Geoff гэх хатуу сэтгэлтэй, ажил болон ашгаас өөрийг мэддэггүй эр ажиллана. Нэгэн манантай шөнө нисэх онгоцны компани дээр гадил жимсний онгоцоор шаргал үстэй, үзэсгэлэнтэй Bonnie гэх хүүхэн хүрэлцэн ирнэ. Хүүхэн төгөлдөр хуурчин бөгөөд Joe гэгч нисгэгчтэй танилцсанаар Dutchy-ын компанийхантай мөн танилцаж амжина. Харамсалтай нь, дөнгөж маргааш нь Joe манангаас болж онгоцоо буулгаж чадалгүй осолдож үхнэ.

Хүүхэн айж бас гайхахад компанийхан огт тоохгүй буюу энд нисгэгч осолдож үхэх нь энгийн зүйл агаад харин ч үхсэн нэгнийхээ юмсыг хувааж аваад цааш ажилладаг дүрэмтэй, үгүй бол гуниглаад ажил урагшлахгүй билээ. Geoff үүнийг тэргүүлэн дуулж бас ууж юу ч болоогүй байх нь Bonnie-д аймшигтай санагдана. Гэхдээ удсангүй хүүхэн энэ бүхэнд дасаад зогсохгүй Barranca-д үлдэнэ; үлдэх болсон шалтгаан нь Geoff байв, Bonnie түүнд ухаанаа алдтал дурлачихсан байлаа. Муу нэртэй нисгэгч Bat эхнэр Judy-ын хамт хотод ирснээр нөхцөл байдал түвэгтэй болж ирнэ. Энэ Bat гэгч бол өөрийн хамтран нисгэгч, Geoff-ын сайн найз, мөн компаний хөгшин нисгэгч Kid-ын төрсөн дүүтэй хамт нисэж яваад ослоос болж онгоцоо орхин үсэрснээр Geoff-ын найз нас барсан ба талийгаачийн үхэлд Bat-г хүмүүс буруутгах болжээ. Шазруун Bat-г ажлаас өөр юм боддоггүй Geoff ажилд авч, хамгийн хүнд нислэгүүд хийлгэх гэрээ байгуулна. Засгийн газраас 6 сарын сорилтын шуудан зөөх гэрээ компанид ирнэ, хэрэв сорилт амжилттай болвол компани засгийн газартай маш ашигтай гэрээ хийх нөхцөл бүрдэх байв. Ингээд сорилгын өдрийн сүүлчийн өдөр ирнэ. Уулсыг даван нисэхэд цаг агаарын нөхцөл байдал тун таагүй байв. Geoff шинэ бөгөөд хамгийн сайн онгоцоороо өөрөө нисэхээр шийднэ. Үүнд Bonnie дургүйцэж, яаж ч эсэргүүцээд зөрүүд эрийг үгэндээ оруулж чадахгүй бөгөөд аргаа барсандаа буу тулган сүрдүүлнэ. Bonnie айсандаа гал алдчихна, азаар сум Geoff-ын гарыг шархдуулна. 

Ингээд Bat, Kid хоёр түүний оронд ниснэ. Тэд тун аюултай нисэх учир Geoff буцахыг тушаах болов ч тэд ажлаа үргэлжлүүлэхээр шийднэ. Тэд нисэж яваад баахан Тас шувуутай учирч, улмаар нэг тас онгоцны салхины шилийг хагалан Kid-г бэртээх бол өөр нэг нь онгоцны моторыг гэмтээнэ. Bat ослын буулт хийж, ажлаа бүтээх хэдий ч Kid ослын үеэр авсан бэртлээсээ болж амь эрсдэнэ, гэхдээ тэрээр үхэхээсээ өмнө Bat-ын гавъяаг шударгаар хэлж амжина. компанийхан бүгд Bat-г хүлээн зөвшөөрдөг. Bonnie үлдэх үү, явах уу гэдэг шийдвэрийн дунд тарчилна. Тэрээр Geoff өөрийг нь үлдээч гэж гуйгаасай гэж хүсэх ч Geoff явбал яв гэсэн байдлаар хандана. Энэ үед цаг агаар цэлмэж Geoff бусад гэрээнүүдээ баталгаажуулах чухал ажилдаа яаран орно. Geoff ажилдаа явахаасаа өмнө Bonnie-д хандаж; би зоос шиднэ, хэрэв сүлд буувал чи үлдээрэй, харин тоо буувал яваарай гэж хэлээд зоосоо шидэх бөгөөд Bonnie-д энэ шийдвэр таалагдсангүй, тэр сэтгэлээр унана. Харин Geoff хэдийнээ зоосоо шидчихээд яваад өгсөн байлаа.  Зоос аль талаараа буусан бол?. 

Америкийн нэрт кино найруулагч Howard Hawks-ын адал явдалт драм жанрын кино. Уг киног нэрт найруулагчийн хамгийн шилдэг бүтээлийн нэг гэж тодорхойлдог ба нисгэгч хүний мэргэжлийг гайхамшигтай дүрсэлж, киноны уур амьсгал, нислэгийн үзэгдлүүдийг өндрөөр үнэлдэг ажээ. Киноны гол дүрүүдэд; Gary Grant, Jean Arthur, Thomas Mitchell, Richard Barthelmess нар тоглосноос гадна уг кино нь алдарт Rita Hayworth-ын анхны том кино байсан гэдгээрээ онцлог байдаг. Киноны эх зохиолын тойм Plane No. 4 гэсэн гарчигтайгаар Anne Wigton гэгчийнх байсан агаад Howard Hawks өөрийн Plane from Barranca зохиолоос дээрээсээ үндэслэн сцэнүүдийг дахин бичжээ. Hawks хэдэн жилийн өмнө Viva Villa! Киноны зураг авалтын газрыг хайж явахдаа Мексикт танилцсан нэгэн онгоцны нисгэгчийн бодит амьдралаас өөрийнхөө зохиолын санааг олсон байдаг. Ингээд продакшны явцад кино зохиолыг сайжруулсаар байсан ба Hawks-д гурван ч өөр зохиолч тусалсан буй. Hawks жилийн өмнө Bringing up Baby кинонд хамтран ажилласан Gary Grant-г энэ кинондоо дахин дуудсан бөгөөд тэд нийтдээ 5 кинонд хамтран ажилласан. Харин Jean Arthur-г Frank Capra-ын кинонуудад амжилттай тоглож алдартай болоод байсан учир эргэлзэх юмгүй сонгожээ. Bat-ын дүрд дуугүй кино эриний од, тухайн үед мартагдаж байсан Barthelmess-г сонгосон бөгөөд нүднийхээ дор мэс ажилбар хийлгээд байсан Barthelmess-ын сорвийг Hawks бүр зориуд кинондоо ашиглахаар шийдсэн байдаг. Bat-ын эхнэрт Dorothy Comingore-г анх Hawks сонгоод байсан ч студи арай өөр бодолтой байсан буюу тэд залуу, шинэ од Rita Hayworth-г лоббидож санал болгосноор Rita холливуудын од болох гараагаа эхлүүлжээ. Киноны зураг авалтын үеэр Hawks Jean хоёр байнга хэрэлддэг байсан агаад найруулагч жүжигчин хүүхнээр өөрийн классик архитеп эмэгтэйн дүрийг гаргахыг шаарддаг байсан нь Jean-д таалагддаггүй байж. 

Эцэстээ Jean бууж өгч, өөрийнхөө дүрийг сэтгэл ханамжгүйгээр бүтээсэн гэдэг. Гэвч Jean дараа нь Hawks-ын To Have and Have Not бүтээл дэх Lauren Bacall-ын тоглолтыг үзээд Hawks түүнээс чухам юу хүсээд байгааг ойлгож, найруулагчаасаа уучлалт гуйж байжээ. Jean 1972 онд өгсөн ярилцлагадаа; Gary Grant-ын цээжинд толгойгоо наах нь надад тун сайхан байсан гэж хэлж байжээ. Кино 1939 оны хамгийн их ашиг орлого олсон 3 дахь кино болж, Rita Hayworth-г Look Magazine-ын нүүрэнд залруулжээ. Шүүмжлэгч, судлаачид киноны агаарын сцэнүүдийг сэтгэл догдлом гэж онцлоод найруулагч чадварлаг жүжигчдийн бүрэлдэхүүнээ маш сайн ашигласан гээд ингэхдээ Barthelmess-ын тоглолтыг магтсан байдаг. Кино нээлтээ хийснээс 2 долоо хоногийн дараа радио жүжиг хэлбэрээр мөн олонд хүрсэн бөгөөд кинонд тоглосон бүх гол жүжигчид өөрсдийнхөө дүрд дуу оруулсан байна. Hайруулагч Hawks-ын 1930-аад оны кино сэдвээсээ 1940 болон 1950 оны бараан болж ирсэн сэдэвтэйгээ хольсон буюу найруулагчийн замналын тэнцвэрийн цэг гэж уг киног үздэг бөгөөд Hawks-ын кино онолыг илтгэх чухал бүтээл гэж үздэг. Hawks-ын энэхүү хувь хүний болоод мэргэжлийн ёс зүйн туульсан бүтээлийг TSPDT сайт бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 225-р байрт жагсааж байна.

Comments