Alain Fabien Maurice Marcel Delon бол Францын жүжигчин бөгөөд бизнесмэн. Тэрээр 1960-1970-аад оны хооронд Европын хамгийн алдартай эрэгтэй жүжигчдийн нэг байсны сацуу царайлаг төрхөөрөө секс симбол хэмээгддэг байв. Rocco and His Brothers, Plein Soleil, L'Eclipse, The Leopard, The Yellow Rolls-Royce, Lost Command болон Le Samourai зэрэг кино шүүмжлэгч, судлаачдаас өндөр үнэлгээ авсан кинонуудад тоглож байсан ба мөн тэрээр Luchino Visconti, Jean-Luc Godard, Jean-Pierre Melville, Michelangelo Antonioni болон Louis Malle гэсэн алдартай кино найруулагчидтай хамтран ажиллаж байв. Delon Парисын баячуудын дүүрэг Sceaux-д 1935 оны 11-р сарын 8нд төржээ (сонирхуулахад тэрээр 1999 онд Щвейцарийн давхар иргэншилтэй болсон). Delon-г 4 настай байхад аав Fabien, ээж Edith хоёр нь салцгаасан бөгөөд аав, ээжийнхээ дахин гэрлэлтээс болж Delon нэг охин дүү, хоёр эрэгтэй дүүтэй болсон байна.
Аав, ээж нь салсны дараа түүнийг асран халамжлагч эцэг, эх рүү нь илгээв; асран халамжлагчид нь нас барсны дараа аав, ээж нь түүнийг ээлжлэн харж хандаж байсан ч үнэндээ энэ нь Delon-д хангалтгүй байлаа. Тэрээр католик шашинтнуудын дотуур байртай сургуульд орсон ч зан авирын асуудлаас болж хөөгдөв, ер нь л тэрээр сургуульд тогтдоггүй хэцүү авиртай хүүхэд байв. Тийнхүү 14 настайдаа сургуулиа орхиж, хойд эцгийнхээ махны дэлгүүрт хэсэг хугацаанд ажиллав. 3 жилийн дараа Delon Францын тэнгисийн цэргийн флотод элссэн бөгөөд 1953-1954 оны хооронд Вьетнамын 1-р дайнд оролцож байсан агаад 4 жил цэргийн алба хаахдаа "сахилгагүйтсэн" хэргээр 11 сар цэргийн шоронд хоригдож байжээ. 1956 онд цэргийн албанаас нэр төргүй халагдсаны дараа Delon Францдаа буцаж ирэв. Мөнгөгүй байсан тул олдсон бүхий л ажлыг хийж байсан буюу тэрээр зөөгч, ачигч, нарийн бичиг хүртэл хийж явсан ба энэ үеэр жүжигчин Brigitte Auber-тай найзууд болж, түүнийг даган Канны кино наадмыг үзэхээр явснаар жүжигчний замнал нь эхэлжээ. Канны наадам дээр нэрт продюсер David O. Selznick Delon-г олж хараад түүнд; хэрвээ Англи хэлээ сайжруулвал гэрээ байгуулна гэж хэлжээ. Delon Англи хэл үзэхээр Парист буцаж очсон боловч энэ үеэрээ найруулагч Yves Allegret-тэй танилцаж, Францад үлдэж энд замналаа эхлүүл гэсэн ятгалгад нь автсанаар Selznick-г орхиход хүрчээ.
1957 онд Yves түүнийг Send a Woman When the Devil
Fails кинондоо тоглуулснаар Delon кино урлагт хөл тавьсан бол дараа жил нь Marc
Allegret-ын Be Beautiful But Shut Up кинонд залуухан Jean-Paul Belmondo-той
хамтран тогложээ. Мөн тэр жилдээ романтик жанрын Christine кинонд анхны гол
дүрээ бүтээсэн бөгөөд туслах дүрд нэрт жүжигчин Romy Schneider тоглож, кино
Францад хит болов. Эндээс Delon Romy хоёрын цуутай романс эхэлсэн байдаг. 1959
онд тэрээр Women Are Weak гэх комедийн гол дүрд тоглов, кино Францад амжилт
олсон бол Америкийн үзэгчдэд хүрсэн Delon-ын анхны кино байлаа. Тэрээр Нью
Иоркт киногоо сурталчилж явахдаа Сербийн гангстер Vojislav Stanimirovic-той
танилцан нөхөрлөжээ. Delon-ын дараагийн 2 кино нь түүний олон улс дахь нэр
төрийг батжуулсан.
1960 онд тэрээр зохиолч Patricia Highsmith-ын The Talented
Mr. Ripley романаас сэдэвлэсэн Rene Clement-ын найруулсан Plein Soleil кинонд Tom
Ripley-ын дүрийг бүтээв. Patricia түүний тоглолтыг үзээд биширснээ нуугаагүй
бол кино Франц болон Англи хэлээр ярьдаг улсуудын арт кино сонирхогчдын дунд
алдаршжээ. Дараа нь Delon алдарт Luchino Visconti-ын Rocco and His Brother
кинонд гол дүр бүтээж дахин судлаачдын сайшаалыг хүртсэн ба The New York Times
түүний тоглолтыг "сэтгэл хөдлөм уян налархай" гэж дүгнэж байв. 1961
онд тэрээр театрын тайзны дебютээ домогт John Ford-ын 'Tis Pity She's a Whore
жүжгээр хийсэн агаад Romy мөн тус жүжигт тогложээ. Мөн ондоо тэрээр The Joy of
Living гэх фашизмын тухай комедид Clement-тэй дахин хамтарсан ч кино амжилт
олсонгүй. Гэвч оддын чуулга болсон Famous Love Affair антологи кинонд Баварийн
хунтайжийн дүрд амжилттай тоглож, кино ч хит болов. Тухайн үед түүнийг домогт
Lawrence of Arabia кинонд тоглоно гэж цуурч байсан ч оронд нь Peter O'Toole
тоглосон. Delon Seven Arts кино компанитай 4 кино хийх гэрээ байгуулав; үүн
дотор Marco Polo, Alexander Dumas нарын намтар кино багтаж байсан ч харамсалтай
нь аль ч төсөл хэрэгжээгүй байдаг.
Гэвч тэрээр 1962 онд суут Michelangelo
Antonioni-ын алдарт L'Eclipse кинонд Monica Vitti-ын хамтаар тоглож, кино
шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авлаа. Дараа жил нь дахин нэг оддын чуулга болсон
The Devil and the Ten Commandments гэх антологи кинонд тоглоод амжив. 1963 онд
Jean Gabin-ын тусламжтайгаар Any Number Can Win гэсэн heist жанрын кинонд
тоглосон бөгөөд Delon цалингийн оронд киноны олон улсад түгээх эрхийг авсан нь
Францад урд хожид байгаагүй шинэ зүйл болсон ба өдгөө үүнийг "Delon-ын
арга" гэж нэрлэдэг ажээ. Уг аз туршсан хэрэг Delon-д асар их орлого
оруулсан байдаг. Продакшны ажил Delon-д таалагдаж ирэв, тэрээр MGM-тэй 5 киноны
гэрээ байгуулав. Тэрээр Visconti-той дахин хамтран The Leopard кинонд Burt Lancaster
болон Claudia Cardinale нарын хамтаар тоглов, кино үлэмж хит болов. 1964 он
гэхэд Delon Францын хамгийн том од жүжигчин болоод байсан агаад тэр ондоо The
Black Tulip болон Rene Clement-ын Les Felins зэрэг кинонд тоглосон нь мөн л
амжилттай боллоо. Энэ үеэс Delon холливуудыг байлдан дагуулахыг хүсэх болсон
агаад 1965 онд "миний мөрөөдөл бол жил болгон Америкт нэг, Европт нэг кино
хийх, гэхдээ Америк хамгийн гол зорилго, сүүлчийн зогсоол бөгөөд чи олон улсын
од байхыг хүсвэл заавал Америкт өөрийгөө бататгах ёстой, чи зөвхөн Америкаар
дамжин од болно" гэж хэлж байжээ.
1965 онд бас антологи оддын чуулгатай
The Yellow Rolls-Royce кинонд жижиг дүр бүтээв. Харин анхны гол дүр бүтээсэн
Англи хэл дээрх кино нь Zekial Marko-ын романаас сэдэвлэсэн Once a Thief кино
байсан боловч кино амжилт олоогүй байна. MGM түүнийг алдарт Sam Peckinpah-ын
вестерн жанрын кинонд тоглуулахыг хүссэн ч энэ төсөл зогссон ба Delon оронд нь
Columbia кино компанитай 3 киноны гэрээ байгуулж, Lost Command гэх агшин кинонд
Anthony Quinn-тэй хамт 1966 онд тогложээ. Universal studios түүнийг хоёр ч
вестерн жанрын кинонд тоглуулахыг хүссэн энэ санаа бүтээгүй ч Delon алдарт Dean
Martin-ын хамтаар Texas Across the River гэх вестерн жанрын кинонд тоглосон.
Дараа нь тэрээр Rene Clement-ын Is Paris Burning? Бүтээлд тоглосон нь Францдаа
том хит болсон боловч Америкт хог дээр үсрэв. 1960-аад оны төгсгөлд Delon
Францын хамгийн алдартай жүжигчин хэвээрээ байсан бол Японд Sean Connery тэр
хоёр ид мандаж байв, гэвч Delon Янкуудын учрыг ерөөсөө олж чадахгүй л байлаа.
Холливуудад амжилтгүй 6 кино хийсэн Delon эх орондоо буцаж очоод The Last
Adventure киногоо хийв, энэ кино түүний 1960-аад оны хамгийн оргил ажлын нэг
байсан бол хойд Америкт хэн ч сонирхохгүй байв. 1967 алдарт Jean-Pierre
Melville-ын хожмын классик гэгдэх болсон Le Samourai бүтээлд тоглов. Дараа жил
нь 4 дэх антологи оддын чуулга бүхий spirits of the Dead кинонд Brigitte
Bardot-ын хамт тоглосон бөгөөд найруулагчаар нь Louis Malle ажиллажээ.
Romy-тойгоо хамт цуутай The Swimming Pool триллертээ тоглож байх үеэр Delon-ын
бие хамгаалагч мөн найз Stevan Markovic-ын цогцос хогийн савнаас олдов. Цагдаа
нарын мөрдлөгө энэ хэрэг алдартнуудын секс үдэшлэгтэй холбоотой болох нь
тогтоосны дээр тэр үдэшлэгт Delon болон Францын ирээдүйн ерөнхий сайд Georges
Pompidou нарын олны танил хүмүүс оролцсон нь ил болов. Энэ хэрэг өдгөө
"Marcovic-ын хэрэг" гэдгээрээ алдартай. Уг явдлаас хойш Delon хэд
хэдэн гангстертай кинонд тоглов; эхнийх нь Jeff хэмээх кино байв, удаах нь The
Sicilian Clan гэх кинонд Jean Gabin-тай тоглосон нь блокбастер болсон, харин
дараа жилийнх нь Belmondo-той хамт тоглосон Borsalino бүтээл нь дутахааргүй
амжилт олжээ. Эдгээр кинонууд түүний итгэж байсан шиг Америкийг шуугиулж
чадсангүй. Melville-тэй хамтарсан бас нэг шедевр болсон The Red Circle мөн Янкуудын
сонирхолыг татсангүй. 1971 онд тэрээр имижээ өөрчлөн инээдмийн болон романтик
төрлийн 2 кинонд тоглосон боловч мөн л амжилтгүй болжээ. 1970-аад онд тэрээр
маркетингийн үүднээс илүүтэй Англи хэл дээрх кинонуудад тоглосон.
1972 онд The
Assassination of Trotsky кинонд тоглож бүтэлгүйтсэн, дараа нь Toshiro Mifune,
Charles Bronson нарын хамт Red Sun кинонд тоглосон нь сайн үнэлгээ авсан бол
мөн ондоо Melville-тэй 3 дахиа хамтран Un Flic кинонд ажилласан. 1973 онд
триллер жанрын 3 киног Америкт хийсэн хэдий ч хүссэн холливуудын сүпер од
зэрэглэлийг нь авчирсангүй. Харин Францдаа хоёр жилийн дотор The Burned Barns,
Two Men in Town зэрэг 4 кино бүтээж, 1975 онд Итали-Францын Zorro кинонд гол
дүр бүтээжээ. Түүний дараагийн 4 кино гэмт хэрэгт төрлийнх байсан бөгөөд 1976
онд Monsieur Klein кинонд тоглосон дүрээрээ Cesar Award-д нэр дэвшжээ. 1977
оноос 1978 он хүртэл 4 триллерт тоглож хэр ажилласаг жүжигчин болохоо дахин нэг
харууллаа. Delon энэ үед Европт сүпер од, Орост түүний кинонууд хамгийн их
үзэгчтэй байсан бол Америкт л даруухан жүжигчин хэвээр байлаа. Delon зөвхөн
кино урлагт ажиллаад байсангүй, тэрээр боломжит бараг бүх бизнес руу орж, орсон
бизнестээ ч шаггүй амжилт гаргаж байсан агаад жишээлбэл тэр нисдэг тэрэгний
бизнес эрхэлдэг байсан. 1979 онд тэрээр холливуудыг байлдан дагуулах сүүлчийн
оролдлогоо The Concorde... Airport '79 киногоороо хийсэн ч дахин бүтэлгүйтсэн
бөгөөд Delon Францдаа буцаж очоод "уурандаа" 2 ч кино хийжээ.
1981
онд Франц-Зөвлөлтийн хамтарсан Teheran 43 кинонд ажиллачихаад 1983 он хүртэл
гурван ч гэмт хэрэгт жанрын кинонд тогложээ. Ингээд 1984 онд Nostre histoire
кинонд тоглоод Caser Award-ын шилдэг эрэгтэй гол дүрийн шагналыг хүртлээ. Мөн
тэр жилдээ Marcel Proust-ын Swann in Love романаас сэдэвлэсэн ижил нэрт кинонд
тоглосон ба дараагийн жилүүдэд 4 триллерт тогложээ. 1990 онд алдарт Jean-Luc
Godard-ын Nouvelle vague бүтээлд тоглосон бол Delon-ын сүүлчийн гол дүр 1998
оны Une chance sur deux бүтээл байв. Delon хэдий 1997 онд кино урлагаас зодог
тайлахаар шийдээд байсан ч өөрт таалагдсан хийгээд жижиг дүрүүдийн санал
сонссон хэвээр байлаа. 2001 онд тэрээр телевизийн Fabio Montale цувралд дэгжин
мөрдөгчийн дүрээр буюу "Delon-ын хэв маягаараа" эргэн ирлээ. Цуврал
хит болов. Телевизид амжилт гаргаж болохыг ухаарсан Delon олны талархал хүртсэн
цувралаа үршэлжлүүлснээс гадна өөр хэд хэдэн телевизийн шоунд амжилттай
ажилласан билээ. 2019 онд буюу 83 настайдаа Delon шинэ синглээ гаргалаа.
Тэрээр
Франц-Египетийн дуучин Dalida-тай хамтран Paroles... paroles хит дуугаараа аль
1973 онд ямаршуу сайн дуучин болохоо харуулчихаад байсан учир энэ гайхах явдал
биш байсан. 2019 онд түүний кино замналыг үнэлж Канны кино наадмаас
хүндэтгэлийн шагналаа гардуулсан бөгөөд "миний хувьд, энэ нь замналын
төгсгөлөөс илүү зүйл, энэ бол амьдралын төгсгөл юм. Би амьддаа нас барсны
дараах хүндэтгэлийг хүлээж буй мэт санагдаж байна" хэмээн Delon шагналаа
гардахдаа хэлжээ. Delon Romy хоёр 1959 онд сүй тавьсан, гэсэн ч Delon Германы
жүжигчин Nico-той янаг амрагийн харилцаатай байж, Nico түүнд хүү төрүүлж өгсөн
байдаг. 1963 онд Delon Romy хоёр сүйгээ цуцалж салжээ. 1964 онд тэрээр Nathalie
Barthelemy гэгчтэй сууж, Anthony Delon хүү нь төрсөн бөгөөд хосууд 1969 онд
салсан байна. 1960-аад оны үед Delon найз Dalida-тайгаа богинохон хугацаанд
романс үүсгээд амжсан бол 1968 оноос 1982 он хүртэл жүжигчин Mireille Darc-тай
үерхжээ. 1987 онд Delon модел Rosalie van Breemen-тэй романс үүсгэн, хосууд
хоёр хүүхэдтэй болжээ. Гэхдээ тэд 2001 онд салсан ажээ.
Comments
Post a Comment