"Шүүх ажиллагаа". Франц Кафкагийн 1914-1915 оны хооронд бичсэн роман бөгөөд түүний нас барсны дараа 1925 оны 4-р сарын 26нд хэвлэгдсэн. Түүний энэхүү хамгийн алдартай бүтээлийн нэгд; алс холын, хүрэшгүй эрх мэдэлтнүүдэд баригдаж, яллагдагчаар татагдсан Жозеф К гэгчийн тухай өгүүлэх бөгөөд К-ын үйлдсэн гэмт хэргийн шинж чанар түүнд өөрт нь ч, уншигчдад ч ил болохгүй. Достоевскийн "Гэм Зэм" ба "Ах дүү Карамазов" романуудын нөлөөнд хүчтэй автсан Кафкаг Достоевскийн цусан төрлийн хамаатан гэж хүртэл нэрлэж байв.
Кафкагийн бусад
бүтээлийн нэгэн адилаар "Шүүх ажиллагаа" бүрэн дуусаагүй байсан
боловч романыг зориудаар гэнэт төгсгөлд хүргэсэн мэт бүлэг багтсан байдаг. 1924
онд Кафкаг нас барсны дараа түүний найз, уран зохиолын гүйцэтгэгч Макс Брод
текстийг засварлаж Verlag Die Schmiede компанид хэвлэн нийтлүүлжээ. Харин гар
бичмэлийн эх хувийг Германы орчин үеийн уран зохиолын музейд хадгалдаг. Анхны
Англи хэл дээрх орчуулга 1937 онд хэвлэгдсэн ба 1999 онд эл роман Le Monde-ын
зууны 100 ном жагсаалтад орсон бол 20-р зууны Герман хэл дээрх хамгийн шилдэг
романы 2-р байрт эрэмбэлэгджээ. Ингээд "Шүүх ажиллагаа" романд
агуулагдсан сэдвүүдийг товчхон хүргэж байна. ЭРХ МЭДЭЛ. Кафкагийн романыг өдөр
тутмын амьдралын бүхий л талыг бүхэлд нь засгийн газар хянах замаар
тодорхойлогдсон төрийн эрх мэдлийн хэлбэр болох тоталитаризмын шүүмж гэж үздэг
бөгөөд түүнчлэн хувь иргэн бүрийн өмнө хариуцлага хүлээдэггүй, хуулинд заасныг
огоорон хүссэн бүхнээ хийх боломжтой төрийн байгууллага буюу авторитаризмыг
шүүмжилдэг ажээ. Кафкагийн романд шударга бус эрх мэдлээр толгой эргэм зохиомол
хэрэг үүсгэн хувь хүнийг хавчин гадуурхаж байгаагаар Нацист Герман, Фашист
Итали болон Зөвлөлт холбоот улс зэрэг орчин үеийн тоталитар засгийн газруудын
зүйрлэжээ. Кафкагийн сайхь зүйрлэл маш оновчтой байсан тул "Кафкаеск"
гэсэн нэр томьёо бидний үгсийн санд орж ирсэн буюу энэ үг нь асар том, хүнд
суртлын сүлжээ давамгайлсан, хууль эрх зүйн хүрээнээс давсан эрх мэдэлтэй
төрийг мөн хөршүүд харилцан бие биенээ засгийн газарт ховлосон, жирийн
иргэдийнхээ эсрэг түүврийн маягаар хүчирхийлэл үйлддэг параной ерөнхий төлвийг
илэрхийлдэг ажээ. Кафка "Шүүх ажиллагаа" романаараа олон нийтийн өмнө
хариуцлага хүлээдэггүй цөөн хэдэн хүний гарт эрх мэдэл төвлөрсөн тоталитар
нийгмийг шинжилдэг. Кафкагийн "Шүүх ажиллагаа" роман дахь шүүх
танхимын аймшигтай төсөөлөл нь шударга ёс ба тэгш эрхийг үл тоомсорлож, өөрийн
хүнд суртлын ашиг тусыг хэрэгжүүлэх дүрэм, журмыг л хадгалан үлдэхэд л чиглэдэг
болохыг судалдаг.
ШУДАРГА ЁС БА ШИЙТГЭЛ. Мөн тэрээр бүтээлдээ хууль ба шударга ёсын харилцааны талаар
асуултууд тавьдаг. Хуулийн чухал нь шударга ёс байх ёстой билээ. Хэрэв шударга
бус юмуу шударга ёсонд харшилсан хууль гарсан бол бид шударга ёсны дээд зарчимд
хандаж тухайн хуулийг хүчингүй болгохын төлөө ажиллах боломжинд найдах ёстой.
Жишээлбэл, иргэний эрхийн хөдөлгөөнийг авч үзье; арьс өнгөөр ялгаварлан
гадуурхах явдал шударга бус явдал байсан тул бид үүнийг арилгахын төлөө шударга
ёсны дээд зарчимд хандах буюу арьс өнгөний тэгш эрхийг уриалсан билээ.
Кафкагийн хуулийн талаарх төсөөлөл бол; хууль бол жирийн хүний амьдралын
Байхтай ямар ч холбоогүй тийм абстракт идеал ажээ. Үүнийг ингэж хэлж болно; бүх
хүн тэгш эрхтэй гэсэн идеа Америкийг үүсгэн байгуулсан баримт бичигт бичсэн
байдаг, гэхдээ бид Америкт, Монголд ч, ерөөсөө хаана ч тэгш эрхтэй байж чаддаг
билүү?. Та демократ үзэл баримтлалд хичнээн үнэнч байсан ч гэсэн бидний олонх
маань хөдөлмөрлөж олсон хөлс мөнгөнөөсөө хураалгахыг татгалзана.
Энэ нь өөрийн
гэсэн хувийн өмчтэй байх нь хувь хүний эрхтэй эн тэнцүү хүчин төгөлдөр зүйл юм.
Бүх хүн адил тэгш байх идеа нь шударга хэрэг боловч үүнийг бодит амьдрал дээр
хэрэгжүүлвэл ард түмний өмчийг шударга бусаар булааж авсан шударга бус нийгмийг
бий болгоно. Кафкагийн бүтээлийг илүү зүйрлэлт болгож байгаа байгаа зүйл бол
бидэнд улс төрийн тодорхой асуудал өгөхөөсөө илүүтэйгээр (эдийн засгийн тэгш
эрх гэх мэт) тодорхой болоогүй хуулийн эсрэг нүцгэн гараараа тэмцэж буй хувь
хүний тэмцлийг өгдөг. Шүүх бол шүүхийн хүн болон хүнд суртлын биелэл юм.
Шүүх цааз нь шударга бус байдлын абстракт илэрхийлэмж учраас яг л хүнлэг бус,
шударга бус мэт санагддагийн адилаар шүүхийг ч бас хүнлэг бус, шударга бус гэж
дүрсэлсэн байдаг. Тиймээс хуулийн өөр нэг парадокс бол зөвхөн абстрактаар орших
боломжгүй ба үүнд шүүх хэрэгтэй. Гэхдээ шүүх нь хүний удирддаг систем болохын
хувьд хуулийг зайлшгүй зөвхруулдаг. Кафкагийн романд шүүх танхимаар дамжуулан
ялзарсан албатууд болон шунал тачаалтай шүүгчдийн доройтлыг маш сайн харуулдаг.
Гэвч энд бас нэг хуулийн парадокс бий. Эхний парадокс бол хууль нь хувь хүний
бүхий л хэргээс давсан шударга ёсны илэрхийлэл байх ёстой гэвч энэ нь үнэндээ
шударга бус учраас дэндүү абстракт агаад тиймээс хувь хүний хэрэгт хайхрамжгүй
ханддаг.
Хоёрдахь парадокс бол хууль нь абстракт идеа бөгөөд оршин тогтнохын
тулд хүний ажиллагаагаар удирдуулсан тодорхой систем болохын хувьд заавал шүүх
хэрэгтэй ажээ. Гурав дахь парадокс бол, хэдийгээр хууль нь абстракт ба хүний бүхий
л хэргээс дээр боловч энэ нь хүний бүхий л хэргийг хангаж өгдөгт оршино. Та
хуулиас зугтааж чадахгүй; Кафкагийн баатар шүүхээс мултрах гэж оролдох тусам,
шүүхээс өөрийгөө чөлөөлөх гэж хичээх бүр л тэрээр өөрийгөө шүүхийн тор руу улам
гүн оруулсаар байдаг. Хуулийн сургаальт үлгэрт гардаг хөдөөний хүний адилаар
Кафкагийн баатрын хувь тавилан бид үргэлж хуулийн өмнө байдаг гэсэн хэрэггүй
болсон мэргэн ухааныг гэрчилнэ. Хэрэв бид өөрсдийгөө хуулийн гадуур юмуу
хуульгүй эсхүл хуулиас цаана амьдардаг гэж бодож байвал бид дэлхий дээрх
хамгийн их төөрөлдсөн хүмүүс болно.
СЕКС. Роман нь шүүх хурлын тухай ч энд маш
их ёс бус сексийн асуудал байдаг. Гол дүрийн баатар маань шүүх хуралдаа хичнээн
их автсан байгаа хэдий ч түүнд сээтэгнэх, аальгүйтах цаг үргэлж байдаг. Жозеф К
нь энэ бүтээл дээр чухам ямар буруутай болохыг бид хэзээ ч олж мэддэггүй боловч
түүний бүхий л секс нь хүний нийгэм дэх гэм буруу ба бузар булайгийн эх
үүсвэрийн цэг болдог буюу секс хийгээд гэмт хэргийн аль аль нь хүний зан авирын
бузар булай талуудтай холбогддог ажээ. Гэхдээ сексийн харилцааны бүхий л
асуудал бидний бузар булай чанартай хамаатай учраас гэмт хэргийн шинэ чанараас
илүүтэйгээр хүн Байхын үндсэн баримт байж болох агаад учир нь, сексийн харилцаа
бол бид бүгдээрээ хуваалцдаг шинэ чанар юм. Хэрэв хүн байх нь сексийн
харилцаанд орж, сексийн харилцаанд орох нь нийгмийн өмнө гэм буруутай гэсэн үг
юм бол; тэгвэл энэ нь үнэхээр гутарсан нийгмийн тэгшитгэлийн дагуу бид
бүгдээрээ ямар ч буруу зүйл хийгээгүй ч бүгдээрээ гэм буруутай ажээ. "Шүүх
ажиллагаа" роман дээр секс нь шүүхийн ялзарлыг зүйрлэх үүрэг хүлээдэг.
Шүүхтэй холбогдсон эмэгтэйчүүд К-ын хувьд өөр ялгаатай шүүх ажиллагаа болж,
түүний гэм буруу нь бол түүний хүртэх ёсгүй шүүх гэдгийг нотлох боломж олгодог.
Харамсалтай нь тэрээр энэ шүүх хурлыг баллах бөгөөд түүний замбараагүй сексийн
харилцаа нь түүнийг буруутай болгох бас шалтгаан болж ирдэг.
НИЙГЭМ БА АНГИ.
"Шүүх ажиллагаа" романыг судлаачид орчин үеийн нийгмийн дистопик буюу
сөрөг байдлаар дүгнэдэг. Энэхүү роман нь орчин үежсэн нийгэмд эрх мэдэлтнүүдийн
үзүүлсэн дисфункцийн үр нөлөөг үзүүлсэн ба хотыг орчин үеийн амьдралын гэрлэн
дохио болгож тэмдэглэхийн оронд бидэнд хотыг ядуу бөгөөд хүнлэг бус нөхцөлтэй,
доод газар гэж харуулдаг. Хувь хүмүүс өөрсдийн хүсэл эрмэлзлэлийн хойноос явж
чаддаг нийгмийн оронд бид хүмүүсийн төвлөрөл ихээс болж эрх мэдэлтнүүдийн
тулгасан хүлцэнгүй, жирийн хүмүүстэй хотыг олж харна. Кафкагийн орчин үеийн
ертөнцөд, хүмүүс хоорондын буюу нийгмийн уламжлалт харилцаа үгүй болж (К. ба
түүний гэр бүлийн харилцаа шиг), зөвхөн шүүхийн хавчлага бас мөрдлөгийн
харилцаа л үлддэг. Шүүх танхимыг хотын хамгийн ядуу дүүрэгт байрлуулснаар шүүх
нь хувь хүний чөлөөт хүслийг албадах замаар нийгмийг хэрхэн хүлцэнгүй болгож
байгааг уг роман онцолжээ.
ТУСГААРЛАЛТ. "Шүүх ажиллагаа" романыг
хамарсан бүх зүйл тусгаарлалт, хөндийрөл болон айдас бөгөөд эдгээр Кафкагийн
төсөөлөлтэй таарч байдаг. Шүүх нь ямар ч үнээр аялдан дагаж байхыг шаарддаг
нийгмийг хүсдэг ба хувь хүн зүгээр л хувь хүн байснаараа буруутай юм. Энэ
нөхцөлд биеэ хамгаалах бүх идеа парадокс юм. Биеэ хамгаалах зорилго нь тухайн
хувь хүнд өөрийн гэм буруугүй гэдгээ хамгаалах боломжийг олгох боловч өөрийн
гэм буруугүйг хамгаалах нь өөрийнхөө эрхийг хамгаалах явдал юм. Өөрийнхөө
эрхийг хамгаалдаг, өөрийнхөө үйлдлийг дуу хоолойгоороо хамгаалах нь хувь хүний
амыг хамхиж, хүмүүсийг нэг хэвийн байлгахыг хүсдэг нийгэмд угаасаа гэмт хэрэг
болно. Энэхүү роман гол баатар болон бусад яллагдагчдын дүр төрхийг
дүрсэлсэнээрээ шүүх бол шүүгдэгчийн амьдралын бүхий л талыг нэвт шингээсэн зүйл
болох нь харагдаж байна. Шүүх хурлын сэтгэгдэл нь шүүгдэгчид өөрийгөө дорд,
найдваргүй бөгөөд параной мэдрэмжээр
өөрийгөө ухамсарлахад хүргэдэг.
Comments
Post a Comment