Ф. М. Достоевский "Газар дороос бичсэн тэмдэглэл"

 




"Газар дороос бичсэн тэмдэглэл". Фёдор Достоевскийн 1864 онд бичсэн тууж бөгөөд анхны экзистенциалист зохиолын нэг гэж үздэг. Туужид Санкт-Петербург хотод амьдардаг, тэтгэвэрт гарсан төрийн албан хаагч болох догшин, тусгаарлагдсан, нэр нь үл мэдэгдэх (ерөнхийдөө Газар доорх хүн гэдэг) хүүрнэгчийн хэлхээ холбоогүй дурсамж үзэгдлүүдээс бүрдэнэ. Туужийн эхний хэсгийг Газар доорх хүний өдрийн тэмдэглэлээр дамжуулагдсан монолог хэлбэрээр өгүүлэгдсэн бөгөөд Оросын орчин д философич Николай Чернышевскийн "Юу хийх ёстой вэ? бүтээлийг шүүмжилдэг. Туужийн хоёрдахь хэсгийг "Нойтон цасны тухайд" гэж нэрлэх ба үүнд анти-баатар, найдваргүй хүүрнэгч, нэгдүгээр биеэс үйлдэх Газар доорх хүн дүрсэлсэн үйл явдлуудаа заримдаа шинэчлэн, бас устгаж байгаа мэт байдаг.

ҮНДСЭН САНАА. Туужийн туршид Газар доорх хүн өөрийн эрин үеийн "рационал эгоистууд" ба утопиан социалистуудыг итгэл үнэмшилтэйгээр шүүмжилдэг бөгөөд зөвхөн ухамсрыг ашиглан ертөнцийг төгс төгөлдөр болгож чадна гэж мэдэгддэг. Хөнөөлтэй зан авир нь ашгийн төлөө гэсэн буруу ойлголтоос үүдэлтэй гэж үздэг тул эдгээр онолчдын бодож буйгаар дэлхийн бүх хүмүүс өөрсдийнхөө ашиг сонирхолд нийцэж байгаа зүйлийг үнэхээр ойлгодог бол тэд хэзээ ч иррационал юмуу хөнөөлтэй зүйл хийхгүй гэж үздэг. Хэрэв зан авирыг удирддаг байгалийн хуулиудыг ухамсараар дамжуулан ойлгож чадвал утопид  үнэхээр хүрч болохуйц ажээ. Газар доорх хүн ийм санааг эсэргүүцдэг, учир нь энэ бол хүний чөлөөтэй хүсэх хүсэл эрмэлзлэлийг дутуу үнэлсэн хэрэг гэдэгт тэрээр итгэдэг. Тэрээр хүмүүс өөрсдийнхөө хүсэл зоригоо хэрэгжүүлэх чадварын үнэ цэнээ өөрсдийнхөө ашиг сонирхолд харшлах байсан ч гэсэн ухамсараас илүүд чухалчилдаг гэж үздэг ба Газар доорх хүний мазохист хандлага энэ онолыг харуулж байна. Эмч нь элэгний өвчнөө, шүдний эмч нь шүдээ анагааж чаддаг гэсэн "ухамсарын хуулийн"-г дагаж зөвшөөрөхөөсөө илүүтэй, Газар доорх хүн энэ шийдвэр өөрт нь улам их зовлон шаналал авчирч байсан ч өвчин зовлонгоо чимээгүйхэн тэвчихийг илүүд үздэг. Эл жишээ нь абсурд, бараг пародик боловч Газар доорх хүний хүмүүний мөн чанарын талаарх санааг тодотгожээ. 

Достоевский өөрөө утопи социалистуудыг ихээхэн сэжиглэдэг байсан агаад тэдний хүмүүний рационал зан авирыг кодлох гэсэн хүсэл эрмэлзлэл нь хүний Байхын цогц шинж чанарыг үл тоомсорлож байгаад санаа зовж байжээ. Энэхүү утопиан социалистуудын номлосон эрх чөлөө хэтэрхий амархан олон нийтийг нэг хэвийн байдалд хүргэж болзошгүй буюу нэг хэвийн байдал нь тоталитаризмд хүргэж болзошгүй юм. 19-р зууны дунд үед Оросын нийгэм болоод оюунлаг элитүүд баруун Европын соёлыг хэдэн арван жилийн турш дуурайж байжээ. 19-р зууны Орос хүн Германы, Францын, Английн уран зохиол болон философийн уламжлалыг мэддэг бол "хөгжсөн", "боловсролтой" гэж үздэг байв. Газар доорх хүн өөрийгөө оюунлаг, ухамсартай бөгөөд "үзэсгэлэнтэй, ихэмсэг" (Кант, Эдмунд Бурк зэрэг европын философичдоос зээлсэн нэр томьёо) гэж мэдэрдэгээрээ өөрийгөө 19-р зууны хөгжсөн хүн гэж үздэг. Тэрээр бидэнд, залуу насандаа Европын философи, уран зохиолоос олж авсан идеагийнхаа дагуу амьдрахыг хичээдэг байсан гэж хэлдэг. Хэдийгээр Достоевский залуу насандаа Европын соёлын сэтгэл татам зүйлсийг хуваалцаж байсан байж болох ч "Газар дороос бичсэн тэмдэглэл" бүтээлээ бичиж байсан үедээ Европын ийм давамгайлсан нөлөө нь Орост хор хөнөөлтэй гэж үзжээ. Оросын оюунлаг сэхээтнүүд барууныханд сэтгэл татагдсанаар доод ангийн ажилчид хийгээд тариачдын жинхэнэ Орос амьдралын хэв маягийн мэдрэмжээсээ алдсан байв. 

Үндэсний эв нэгдэл, зохицлыг сэргээхийн тулд Достоевский Европын "соён гэгээрэл", шинжлэх ухааны прогрессивизм ба утопизмаас илүүтэй Оросын гэр бүл, шашин шүтлэг, хувийн хариуцлага болоод ахан дүүсэг хайр гэсэн үнэт зүйлсийг онцолжээ. Газар доорх хүний гадны үнэт зүйлсээр амьдрах гэсэн оролдлогууд нь бүтэлгүйтэл, бухимдалтай учруулсан тул Европын нөлөө түүнийг "Газар доорх" руу хөтлөхөд үлэмж үүрэгт гүйцэтгэжээ. Туужийн туршид бид Газар доорх хүн өөртөө итгэлтэйгээр шийдвэр гаргах юмуу үйлдэл хийх чадваргүй байгааг харна. Тэрээр сайхь чадваргүй байдлаа өөрийн ухамсрын өндөр түвшинөөс үүдэлтэй гэж тайлбарладаг. Газар доорх хүн үйлдэл бүрийн үр дагаврыг төрөл бүрээр төсөөлж чаддаг, тэрээр мөн мэдэгдэл бүрийн эсрэг байх боломжтой аргументуудыг мэддэг бөгөөд өөрийнхөө гаргасан шийдвэр бүрийнхээ мэдээллийн олон янзын сэдлийг ухамсарладаг. Үүний үр дүнд, хүний сонголт бүхэн харагдаж байгаагаасаа илүү түвэгтэй байдаг гэж Газар доорх хүн үздэг. Энэхүү түвэгтэй байдал нь шийдвэр бүрийг эргэлзээтэй болгодог ба хамгийн сайн үйлдлийн чиглэлийг тодорхойлох боломжгүй тул үйлдэл нь боломжгүй болж ирдэг. 

Эрт цагт шашин болон ёс суртахуун шаардлагатай байсан үед хүмүүс үйлдэл болоод шийдвэр гаргахад нь амар байдаг байсан тул эдгээр үнэмлэхүй шаардлагуудыг итгэл үнэмшилтэйгээр дагадаг байв. Орчин цагт эдгээр үнэмлэхүй зүйлсийн ихэнх нь хүчингүй болжээ. Газар доорх хүнийхээр бол өөртөө итгэлтэйгээр үйлдэж чаддаг цорын ганц хүмүүс бол өөрсдөдөө асуулт тавихад хэтэрхий тэнэг, явцуу бодолтой хүмүүс байдаг ажээ. Газар доорх хүний хэлснээр үнэмлэхүй үлдсэн ганц зүйл бол ухамсар ажээ. Боловсролтой эрчүүд ч гэсэн шинжлэх ухааны хуулиуд болон тэдгээрийг ухамсартайгаар асууж мөрддөггүй. Достоевский, Газар доорх хүний хамтаар ухамсарын хуулийг ийм ухаангүйгээр дагаж мөрдөх нь буруу гэдэгт итгэдэг. Достоевский бүрэн идэвхгүй байх нь ухамсартай хүмүүсийн хамгийн сайн стратеги гэдэгт заавал итгэдэггүй. Тэрээр оюун ухаан нь шилжиж, өөрчлөгддөг идэвхгүй хүнээс олон янзын боломжуудад нээлттэй биш, бүрэн тогтсон ухаантай идэвхтэй хүн илүү аюултай гэдэгт итгэдэг. 

МОТИФ. Газар доорх хүний амьдардаг ертөнцөд үргэлж цас орж байх шиг байдаг бөгөөд нойтон хаялах цас нь орчины энгийн элементээс илүү буюу цаг уурын нэг хэвийн байдал, цасны уйтгартай байдал нь Газар доорх хүний тусгаарлагдсан уйтгар гунигтай хийгээд өөрчлөгддөггүй амьдралыг цуурайтуулдаг. Мөн нойтон цас нь туужийн 1860-аад оны үйл явдлын хэсгийг 1840-өөд оны үйл явдлын хэсгүүдтэй холбогдоход тусалдаг. Газар доорх хүн Зверковтой хамт оройн хоол идсэнээ болон Лизатай уулзаж байсан түүхээ дурсан ярьдаг агаад учир нь сайхь өдрүүдэд тэрээр "Газар дороос бичсэн тэмдэглэл"-ээ бичиж байхад нойтон цас орж байжээ. Газар доорх хүн "байгаль ба үнэний хүн" гэсэн санаанд автдаг. Энэ бол 18-р зууны Францын философич Ж. Ж. Руссогийн "Наманчлал" зохиолын өгүүлбэрийг гажуудуулсан хэллэг юм. "Газар дороос бичсэн тэмдэглэл" бүтээлд "байгаль ба үнэний хүн" нь "ухамсаргүй хүн" болдог бөгөөд Газар доорх хүн өөрийгөө эсэргүүцдэг эсрэг үйлдлийн хүн болж хувирдаг. Энэхүү идэвхтэй хүн нь Газар доорх хүнийхээр шударга шулуун бөгөөд явцуу бодолтой ба ухамсарын болон байгалийн хуулиудын дагуу үйлддэг ажээ. 

Газар доорх хүн ийм төрлийн хүн хүмүүсийг сохор итгэл найдвараас нь болж жигшдэг хэдий ч өөрийгөө "хулгана" эсхүл "шавьж"-тай харьцуулж үздэг болохоор өөрийгөө ийм хүнээс дорд байдлаар мэдэрдэг. Туужид гарах дүрүүдэас Зверков болон нэрээ нууцалсан офицер хоёр "байгаль ба үнэний хүн"-ын шинж чанарыг хуваалцдаг. Аврагдсан биеэ үнэлэгчийн сэдэв 19-р зууны дунд үеийн дэвшилтэт роман, яруу найраг, жүжгүүдэд түгээмэл байжээ. Эдгээр бүтээлүүд нь ихэвчлэн стандарт үйл явдлын хувилбарыг багтаасан байдаг; Алтруист баатар нь залуу биеэ үнэлэгчийг насан туршийн доройтлоос нь аварч, уран илтгэлээр бүсгүйн булшлагдсан ариун зөн билгийг сэрээдэг. Товчхондоо, баатар нь "үзэсгэлэнтэй, ихэмсэг" байдлаараа биеэ үнэлэгчийн мэдрэмжийг сэрээдэг. Газар доорх хүн энэхүү зохиолын уламжлалыг өөртөө шингээж, өөрийнхөө зохиосон түүхийн баатрыг өөрөө гэж төсөөлөхийг хүсч, биеэ үнэлэгч Лизаг аврах гэж оролддог. Юуны өмнө энэ оролдлого нь егөөтэй хэрэг буюу Газар доорх хүний бодит ертөнцөд уран зохиолоор "амьдрах" гэсэн хүслийн шинж тэмдэг юм. Түүнээс гадна, Газар доорх хүн нь хэн нэгнийг аврахад тохиромжтой хүн биш агаад түүний амьдрал хамгийн доод биеэ үнэлэгчтэй адил хоосон, бас өрөвдөлтэй билээ.

 СИМБОЛ. Газар доорх хүний бичиж байна гэж мэдэгддэг "харанхуй зоорь", "газар доорх" нь түүний нийгмээс бүрэн тусгаарлагдсаны симбол юм. Тэрээр өөрийгөө байх ёстой нийгмээсээ гологдож, хаягдсан гэж мэдрэх бөгөөд шалны хавтангийн хагарсан нүхээр ертөнцийг харж байна гэж төсөөлдөг. Газар доорх хүн ихэнхдээ бодит ерөнтөнцөөс илүү газар доорх ертөнцийг илүү дээр тавьж үздэг. Тэрээр өөрийнхөө эзэмшдэг цөөхөн зүйлсийг нэг болох хувь хүнийх нь шинж чанарыг илэрхийлсэн газар доорх орон зайгаа нандигнадаг. Санкт-Петербург хот нь "Газар дороос бичсэн тэмдэглэл" болон Достоевскийн бусад бүтээлүүдийн уран зохиомжийн ерөнхий зураг болж өгдөг. Газар доорх хүн хотын цаг уур, соёл болон амьжиргааны өртгийн талаар байнга сөрөг мэдээлэл өгдөг.

 Түүний голлох гомдол бол хот хиймэл буюу тэрээр хотыг "хийсвэр, зохиомол хот" гэж тодорхойлсон бөгөөд энэ бол байгалийн юм шиг, бодит юм шиг сэтгэгдэл төрүүлдэггүй хот юм. Газар доорх хүний нүдээр Санкт-Петербург  хатуу системчлэгдсэн, хүнд сурталтай, тусгаарлагдсан хот юм. Санкт-Петербург нэг талаараа "хиймэл хот юм; 1703 онд Их Петр хааны зарлигаар "Европын цонх" болно гэж найдан шинэ хот байгуулж эхэлжээ. 1713 онд Санкт-Петербург Оросын нийслэл болсон хэдий ч хиймэл хот болох гарал үүслээсээ хэзээч салаагүй гэдэг. Их Петр Европын соёлыг Оростоо илүү ихээр нутагшуулахыг хүсч байсан нь Достоевскийн байнгын шүүмжилдэг сэдэв байсан билээ. Достоевскийн хувьд Санкт-Петербург нь хоёр дахин хиймэл бүтэцтэй юм; энэ нь захиалгаар баригдсан төдийгүй Орос улсад Европын соёлыг нутагшуулах гэсэн хиймэл байдлыг бэлгэддэг. Газар доорх хүний хувьд мөнгө нь хүч чадлыг бэлгэддэг. Газар доорх хүний ядуу байдал нь өөрийгөө нийгмээс, мөн ёс суртахууны хувьд бусадтай эн тэнцүү гэж мэдрэхээс хамгаалдаг.

Comments

Post a Comment