Вольтер "Кандид"

 

 




"Кандид". Соён гэгээрлийн эриний Францын философич Вольтерийн анх 1759 онд хэвлэн нийтлүүлж байсан хошин зохиол буюу тууж. Уг бүтээлийг Кандид: оптимист эсхүл бүх зүйл сайн сайханд зориулагдсан гэх зэргээр орчуулан нэрлэж иржээ. Туужид Эденик диваажинд толгой хорогдох Кандид гэх Лейбницийн оптимист философийг өөрийн багш, профессор Панглоссоос заалгуулж, оптимист үзэлд хэт автсан залуугийн тухай өгүүлнэ.
 Кандид хорвоо ертөнцийн гашуун зовлонг биеэр туулж, бүх зүйл сайн сайханд зориулагдаагүй болохыг ухаарч ойлгож эхэлдэг. Вольтер эл бүтээлээрээ Лейбницийн оптимизмыг илэрхий дооглон, егөөдөж үгүйсгэсэн. "Кандид" бол хурдтай найруулгатай, тогтворгүй, фантааз өнгө аястай зохиол гэдгээрээ онцлог агаад адал явдалт жанрын энэхүү тууж нь нас биед хүрч буй нухцтай хүүрнэлтэй учир "Bildungsroman) зохиолын шинж чанарыг мөн агуулдаг.

Мөн улиг болсон адал явдалт болон романтик хэв маягийг элэглэдэг бөгөөд шоглох өнгө аяс нь гашуун бас шулуухан хэллэгтэй байдаг. Туужийн үйл явдал Долоон жилийн дайн болон 1755 оны Лиссабоны газар хөдлөлт зэрэг бодит явдлаас сэдэвлэсэн бөгөөд Вольтерийн үеийн философичид "чөтгөртэй" тэмцэж байсан тул Вольтер уг бүтээлээрээ шулуухан агаад хошин байдлаар шашинтай тэмцжээ. Вольтер шашин шүтлэг, засгийн газар, Арми болон философичдыг элэглэн тохуурхадаг бөгөөд уг бүтээлээ дамжуулан Лейбниц болон түүнийг оптимизм руу дайрна. "Кандид" их амжилт олсны сацуу их шуугиан дэгдээсэн. Шашныг доромжилсон, улс төрийн үймээнтэй, оюун санаанд дайсганасан хэмээн үзэж "Кандид"-ыг өргөнөөр хориглож байв. Хүмүүний хурц ухаан хийгээд сэргэлэн байдлыг дүрслэн харуулснаараа уг бүтээл хожмын олон зохиолчдод санаа өгч, бас сэдэл төрүүлж байв. Энэ тууж Вольтерийн шедеврээс гадна Барууны уран зохиолын суурь бүтээл гэж явдаг. Уг бүтээлийг Францын уран зохиолд хамгийн их заадаг ба Их Британий яруу найрагч бас шүүмжлэгч Мартин Сеймур-Смит "Кандид"-г өнөөг хүртэл бичигдсэн хамгийн нөлөө бүхий 100 номын жагсаалтдаа багтаажээ. 

ҮНДСЭН САНАА.  Панглосс болон түүний шавь Кандид нар "боломжит бүх ертөнцөөс хамгийн сайнд нь бүх зүйл сайн сайханд зориулагдсан" байдаг гэсэн идеаг дэмждэг. Энэ идеа бол соён гэгээрлийн олон бодогчид, нэн ялангуяа Готфрид Вильгельм фон Лейбницийн философийг хялбаршуулсан хувилбар юм. Эдгээр бодогчдийн хувьд дэлхий дээр аливаа муу муухай зүйл оршин байх нь бурхан төгс сайн юмуу эсхүл огт хүч чадалгүй гэсний дохио болох ёстой бөгөөд төгс бурхны идеа нь утгагүй юм. Эдгээр философичид бурхан байдгийг хүлээн зөвшөөрөөд бурхан төгс төгөлдөр байх ёстой, тиймээс түүний бүтээсэн ертөнц ч бас төгс төгөлдөр байх ёстой гэж дүгнэсэн. Эдгээр философичдын хэлснээр хүмүүс ертөнцийн төгс бус байдлыг ойлгодоггүй нь бурхны аугаа төлөвлөгөөг ойлгодоггүйгээс болдог ажээ. Вольтер төгс бурхан (ер нь ямар ч бурхан) байх ёстойг хүлээн зөвшөөрдөггүй тул дэлхий ертөнц бүрэн сайн сайхан байх ёстой гэсэн идеаг тохуурхаж, туужийнхаа туршид энэ идеаг өршөөлгүй ёжилдог. Панглосс, Кандид нарын оптимистууд нь ташуурдуулах, хүчиндүүлэх, дээрэмдүүлэх, зодуулах, шударга бусаар цаазлуулах хийгээд урвалт, өвчин шаналал, газар хөдлөлт зэрэг олон янзын аймшигтай нажидыг биеэр үзэж шаналдаг. 

Эдгээр аймшигт явдлууд илэрхий сайн сайханд үйлчилдэггүй, харин хүн төрөлхтний мунхаглал, харгислал ба байгаль дэлхийн хайхрамжгүй байдлыг нь харуулна. Панглосс дэлхий дээрх аймшигтай зүйлсийн зөвтгөсөн нөхцлийг олох гэж хичээдэг ч түүний аргемунтууд маш абсурд байдаг, жишээлбэл: европчууд шинэ ертөнцийн шоколад гэх мэт амтатныг таашаахын амтлахын тулд Америкаас тэмбүүг европт авчрах шаардлагатай гэж мэдэгддэг. Настай эмэгтэй, Мартин, мөн Какамбо зэрэг илүү ухаалаг, туршлагатай дүрүүд бүгдээрээ хүн төрөлхтөн хийгээд ертөнцийн талаар пессимист дүгнэлтэд хүрсэн байдаг. Туужийн төгсгөлд, Панглосс хүртэл өмнөх оптимист дүгнэлтийнхээ нэг ч үгэнд итгэхгүй гэдгээ хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүйд хүрдэг. Панглоссын оптимизмын хамгийн тод томруун алдаа бол бодитой нотолгооноос илүүтэй абстракт аргумент дээр үндэслэсэн явдал юм. Туужийн эмх замбараагүй ертөнцөд философийн эрэгцүүлэл нь ашиггүй, харин ч хор хөнөөлтэй болохыг удаа дараа нотолж байна. Цаг хугацаа өнгөрөх тусам дүрүүд эргэн тойрноо бодитоор үнэлэх болон сөрөг нөхцөл байдлыг өөрчлөх эерэг үйлдэл хийхэд нь хоосон эрэгцүүлэл саад тодотгор болдог. Панглосс нь иймэрхүү тэнэг байдалд хамгийн өртөмтгий дүр ажээ. Туужийн төгсгөлд Кандид практик ажил, хөдөлмөрийн ёс зүйн төлөө Панглоссын философиос татгалздаг. Хоосон эрэгцүүлэлд цаг зав байдаггүй тул Кандид болон бусад дүрүүд удаан хүлээсэн аз жаргалаа эцэст нь олж авдаг. "Кандид"-д тархсан философийн эсрэг энэхүү шүүмжлэл нь Вольтерийг соён гэгээрлийн хүндэтгэл хүлээсэн философич болгосон юм. Вальтер туужийнхаа туршид гарах авилгач, хоёр нүүртэй шашны удирдагчдаар зохион байгуулалттай шашныг элэглэдэг. Уншигчид, гэрлэх ёсгүй католик шашны санваартны охинтой танилцахаас гадна ижил хүйстний бэлгийн чиг хандлагатай иезуит хурандаатай ч мөн танилцдаг билээ. Туужид гарах шашны удирдагчид теологийн хамгийн жижиг асуудлаар санал зөрөлдсөн хүмүүсийн эсрэг дарамт шахалт үзүүлэн хүнлэг бус үйл ажиллагаа явуулдаг. Жишээлбэл, Панглоссыг идеагаа илэрхийлсэн, Кандидийг зүгээр л сонссон хэмээн шийтгэдэг. Хэдийгээр Вольтер шашны удирдагчдын хоёр нүүртэй бөгөөд ёс суртахуунгүй байдлын тухай олон жишээг өгүүлдэг боловч өдөр тутмын шашинд итгэгчдийг буруушаадаггүй. 

Жишээлбэл, Анабаптистууд хэмээх радикал протестант урсгалын гишүүн Жак бол уг бүтээлийн хамгийн өгөөмөр, хүнлэг дүр юм. Кандид Элдорадод эд хөрөнгөтэй болоход түүний асуудлууд дуусч байгаа юм шиг харагдана. Түүнд тохиолдох ихэнх асуудлаас хахуулиар гарах боломжтой болсноор баривчлагдах юмуу бие махбодийн гэмтэлтэй учрах аюул заналаас айхаа больдог. Гэсэн хэдий ч Кандид баян чинээлэг боллоо гээд илүү аз жаргалтай болдоггүй. Чухамдаа Вандердендур түүнийг хуурсны дараа Кандидын оптимизм хамгийн доод түвшинд хүрч; энэ үеэр тэрээр пессимист Мартины хамтран аялагч болохоор шийддэг. Кандидын мөнгө хуурамч найзуудыг байнга даллан дууддаг. Гүн Пококуранте хэт баянаасаа залхаж, улмаар урлагийн сайхныг үнэлж чаддаггүй. Харин Жирофли, Пакет хоёрт өгсөн Кандидын бэлэн мөнгөний бэлэг тэдний зовлонгийн сүүлчийн шат руу түргэн аваачдаг. Ядуу, эрх мэдэлгүй хүмүүсийг зовоох дарамт, ядуурлын тахал хичнээн аймшигтай байж болох ч мөнгө, түүнтэй хамт явдаг эрх мэдэл олое асуудал шийддэг ч мөн төдий хэмжээний олон асуудал үүсгэдэг нь тодорхой билээ. 

МОТИФ. Кандид нь Күнегонд, Панглосс, Барон нарыг үхлийн шарх хөнөөсөн гэж итгэж байсан ч хожим тэднийг амьд үлдсэнийг олж мэддэг. Туужийн энэхүү "дахин амилалт"-ын функц нь нэлээд түвэгтэй ба нэг талаараа энэ нь туужийн ерөнхий өнгө аястай нийцэхгүй этгээд, төсөөллийн оптимизмыг санал болгоно. Хэзээ ч дахин сэргэхгүй гэж тодорхойлогддог цорын ганц гай гамшиг болох үхэл нь үнэндээ "хоёр талтай" болох нь батлагдаж байна. "Дахин амилсан" дүрүүд бол ерөнхийдөө оршин байх нь ашиг тустай гэхээсээ илүү хор хөнөөлтэй дүрүүд байдаг; Күнегонд гоо үзэсгэлэнгийн гүехэн чанар, хайр сэтгэлийн хувирамтгайг илчилдэг; Панглоссын оптимизм мунхаглалыг илэрхийлдэг бол Бароны дүр эсгэсэн байдал их зан хийгээд явцуу нийгмийн дарангуйлалыг илтгэдэг ажээ. Эдгээр дүрүүдийн гайхамшигтай дахин амилалтаар Вольтер дээрх муу муухай чанарууд хэзээ ч үхдэггүй гэдгийг уншигчдадаа хэлэхийг оролджээ. 

"Кандид" нь эмэгтэйчүүдийг бэлгийн мөжлөгт ашиглаж байгаа нийтлэг бус график өгүүлэмжээр дүүрэн байдаг. Күнегонд, Пакет болон настай эмэгтэй зэрэг 3 гол дүрүүд нь бүгд хүчиндүүлсэн, бэлгийн боолчлолд өртсөн байдаг. Энэ үйл явдалд хүүрнэгч ба дүрүүдийн хандах хандлага  энгийн бөгөөд хайхрамжгүй байдаг. Вольтер эдгээр эмэгтэйчүүдийн түүхээр зөвхөн эмэгтэйчүүдэд эрсдэлтэй аюулыг харуулна. Туужийн эрэгтэй дүрүүд эмэгтэйчүүдийн бэлгийн амьдралын ариун байдлыг эрхэмлэдэг боловч эмэгтэйчүүдийг ийм ариун байдлыг сахих боломжгүй болгосноороо Вольтер Европын хоёр нүүртэй талыг илчилэхийг оролджээ. Кандид олон улс орны болон сүмийн эрх баригчдын дарангуйлалын аймшигт хэргүүдийн гэрч болдог билээ. Католик шашны эрх баригчид тэрс үзэлтнүүдийг амьдаар нь шатааж, санваартнууд хийгээд захирагчид эмэгтэйчүүдэд бэлгийн дур хүслээ тулгаж, бизнес эрхлэгчид боолуудтай зүй бус харьцаж, харин Кандид өөрөө Болгарын Хааны армид орон хүчирхийлэлд өртдөг билээ. Эрх мэдэлтэй хүчирхэг хүчирхэг байгууллагууд хамгаалалтгүй сул дорой хүмүүст сайн биш харин ч бүр их хор хөнөөл учруулдаг юм шиг эл бүтээлд гардаг. Вольтер өөрөө насан туршдаа улс төрийн шударга бус явдлын эсрэг зоригтой тэмцэж ирсэн билээ. Уг бүтээлийн дүрүүд харин өөр замыг сонгодог билээ. 

СИМБОЛ. Панглосс бол тодорхой нэг философичийн симбол гэхээсээ илүү бүрэн төгс, бодитой дүр биш юм. Түүний оптимизм ба логик алдаанууд нь Г. В. фон Лейбниц хийгээд соён гэгээрлийн бусад бодогчдийг илтгэнэ. Тэрээр сохор оптимизм ба абстракт эрэгцүүллийн мулгуу байдлын илэрхий симбол ажээ. Туужийн төгсгөлд Кандид болон түүний нөхдүүд цэцэрлэгтээ ногоо тарихдаа аз жаргалыг олдог. Цэцэрлэгийн бэлгэдлийн цуурай нь баялаг бөгөөд олон талтай юм. Панглоссын хэлсэнчлэн; Адам, Ева хоёр бурхны ивээлээс хагацахаасаа өмнө төгс жаргал эдэлж байсан Еден цэцэрлэгийг санагдуулдаг ажээ. "Кандид"-д цэцэрлэг нь дүрүүдийн сорилтыг төгсгөлийн тэмдэг болдог бол Адам, Ева хоёрын хувьд сайхь газар нь зовлон бэрхшээлийнх нь эхлэл болдог ажээ. Түүнээс гадна Еден цэцэрлэгт Адам, Ева хоёр хөдөлмөрлөлгүйгээр байгалийн үр жимсийг таашаан жаргаж байсан бол Кандидын цэцэрлэгийн үндсэн үр ашиг бол дүрүүдийг энгийн бөгөөд шаргуу хөдөлмөр хийлгэхэд хүргэдэг. Эцэст нь хэлэхэд, цэцэрлэг нь бүхий л зовлон зүдгүүрийг үл харгалзан, дүрүүдийн сонгон авсан амьдралын үржил, хөгжлийг илэрхийлдэг ажээ.

Comments