Завхайрлын төрх

 


Faces (1968). Америкийн independent киноны эцэг John Cassavetes-ын найруулж бас зохиолыг нь бичсэн cinema-verite буюу баримтад хэлбэрээр хийсэн драм кино. Киноны гол дүрүүдэд; John Marley, Gena Rowlands (Cassavetes-ын эхнэр), Fred Draper, Seymour Cassel, Val Avery болон Lynn Carlin (түүний анхны дүр байсан ба Cassavetes түүнийг нарийн бичиг байхад нь кинондоо тоглуулахыг хүссэн) нар тогложээ. 
Кино 29 дахь Венецийн кино наадмаас таван шагнал хүртэж, 41 дэх Оскарын наадмын гурван төрөлд нэр дэвшиж байсан бөгөөд TSPDT сайт уг киног бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 262-р байрт эрэмбэлээд байна. Киноны ихэнх хэсэг харилцан яриагаар өрнөх учир үйл явдал багатай бөгөөд голдуу ойроос татаж зурагласан нь уур амьсгалыг хүндрүүлж, голдуу согтуу гарах дүрүүдийн галзуу мэт авирлахыг хоёр цаг үзэх түвэгтэй. Энэ киног нэг суултаар үзэж дуусгах хэцүү бас амаргүй. Киноны үйл явдлыг товч тодорхой бөгөөд богинохон базаад өгүүлье. Кино дундаж насны, мөн нийгмийн дунд ангийн нэгэн гэр бүлийн салалтын сүүлчийн шатны гэрч болно. Forst ажлаа тараад янхны газарт очоод найзууд болон янхнуудын хамтаар ууж иднэ. Орой гэртээ ирээд хоолон дээрээ мөн л уух ба эхнэр Maria ч мөн ууж, тэд элдвийг ярина. Forst гэнэт салах саналыг эхнэртээ тавиад утсаар янхантай яриад гэрээс гарч одно. Forst бүлэг бизнесмэн найзууд болон янхнуудтай хамт ууж наргин өнгөрөөх агаад тэндээсээ Jeannie гэх сайхан сэтгэлтэй ч асуудал ихтэй янхны гэрт очиж хоноглоно. Нөгөө талд Maria найз хүүхнүүдтэйгээ баар орж баахан наргиж байгаад Chet гэх Playboy залуутай танилцана. Chet хөгшин эгч нарыг хөгжөөж, улмаар Maria-д таалагдаж хамт хонох эрх олж авна. Өглөө Forst гэртээ ирэхэд Playboy гэрт нь, эхнэртэй нь байж байлаа. 

Судлаачид Cassavetes-г уг киногоороо бидний амьдрах аргыг шударгаар, эелдэгээр, тууштайгаар судалж үзсэн гэж дүгнэдэг. Киноны гол дүрүүд болох дундаж насны, дундаж давхаргын хосууд ёстой л "дундаж" хүмүүсийг илэрхийлэх ба тэдэнд хайр болон хүсэл тачаалаас бусад нь байдаг. Тэдний өөрсдийгөө тодорхойлох, дүүргэх цор ганц арга бол эдийн засгийн зам буюу олох ба үрэх юм. Тэд юу ч хийхгүй, бас юуг ч бүтээхгүй харин зөвхөн хэрэглэх агаад тэд ингэж хоосон оршихуйгаа усалж, тэтгэнэ. Өөрсдийгөө сайн дураар нийгмээс тусгаарласан хосууд зөвхөн хямралд өртөөд зогсохгүй тэд хавханд унагасад бөгөөд тэд дотоод шоронгоос гарах түлхүүрийг архинаас, завхайрлаас эрж хайж, нэг өврөөс нэг өвөр руу, нэг хундагаас нөгөө хундага орсоор амьдралаа гутралын ёроолгүй нүх болгодог. Дүрүүдийн яриа хурц бөгөөд ухаалаг байдгийн сацуу садар, тэсэхийн аргагүй ёжтой үнэн байдаг. Найруулагчийн сод авъяас үнэхээр ийм юм болоод байна уу гэх сэтгэгдэл төрүүлнэ. Хүйсийн тулаан болон хоосон хөндий гэрлэлтийг хорсом үнэн ба өрөвдөм байдлыг нэг саванд багтаах амаргүй байдаг ч уг кино чаджээ.

 Cassavetes-ын кинонууд ихэнхдээ олон янзын хувилбартай байдаг, тэгвэл эл киноны хэд хэдэн хувилбар бас байдаг хэмээдэг ч үндсэн хувилбарыг хэвлүүлсний дараа Cassavetes бусад хувилбараа устгасан ч гэж үздэг. Cassavetes киногоо 130 минут болгож танахаас өмнө Торонтогийн нээлтэнд 183 минутын хугацаатайгаар гарч байжээ. Киног бүгдээрээ магтаад байсангүй; шүүмжлэгч Pauline Kael "муу жүжиглэлттэй, бүдүүлэг сцэнүүдтэй кино" гэж сөрөг шүүмж өгч байсан. Уг кино Robert Altman, Martin Scorsese, Woody Allen нарын томчуудад чухал нөлөө үзүүлсэн гэдэг агаад эрэгтэй ба эмэгтэй хүмүүсийн харилцаа, сэтгэл хөдлөлийг уламжлалт киноны арга барилаас өөрөөр үзүүлсэн гэж тодорхойлдог. Мөн энэхүү кино нь эмэгтэй хүнд аман секс хийх тухай дэлгэрэнгүй яриатай кино урлагийн анхны кинонуудын нэг ажээ. киноны зураг авалтыг Cassavetes-ын гэрт авсан бол энэхүү бүтээл нь найруулагчийн хар-цагаанаар хийсэн сүүлчийн кино байлаа. Найруулагчийн эхнэр Gena Rowlands-ын хамтаар энэ киног оруулаад 11 кино бүтээсэн байдаг. Cassavetes-ын анхны ноорог зохиол 250 хуудас байж, гэвч энэ нь киноны хагас нь ч биш байсан гэдэг бөгөөд киноны зураг авалтыг 6 сар орчим авчээ.

Comments